Долоннуурын чуулган
Долоннуурын чуулган бол Халхын ноёд, Халх-Ойрадын хоорондын тэмцлийг Манжид ашигтайгаар шийдвэрлэсэн чуулган бөгөөд тус чуулганы шийдвэрээр Халх Монголын газар нутаг нь Чин улсын харъяат болжээ.
Манж улсын төрөөс чуулган хийх газрыг Долоннуурт сонгож авсан нь:
- Халхын хант улсын газар нутаг Ойрадын Галдан хааны мэдэлд байсан
- Мүгдэн, Бээжин, Халх, Өвөр Монголын нутгийн заагт орших, олны хөлийн газрыг сонгон авсан нь Манж хаан сүр хүчээ олны өмнө гайхуулах, алдаршуулахад анхаарсан хэрэг байв.
- Тус нутаг нь эртний Юань улсын Дээд нийслэлийн хүрээний нутаг байсан тул уг газар нь нилээн чухал ач холбогдолтой байсан юм.
Хааны төлөөний сайд чуулганы ажлыг тусгайлан бэлтгүүлж, ёслолын дэс дараа, дэг ямбыг маш нарийн зохион байгуулсан байжээ.
1691 оны 4-р сарын эцсээр Энх-Амгалан хаан 16 хүрээ, 23 баг цэргээр хамгаалуулж Долоннуурт ирж 5-р сарын шинийн 2-нд чуулган эхэлжээ. Тус чуулганд Манж улсын Энх-амгалан хаан тэргүүтэй дээд зиндааны ноёд, түшмэл, Халхын Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар, Сэцэн хан Өмэхэй, Засагт ханы ойр угсааныхан бүгд 550 гаруй ноёд, тайж нар, мөн өвөрлөгч 49 хошууны нөлөө бүхий том ноёд оролцжээ. Долоннуурын Асу хэмээх хаалганы өмнө их ёслолыг үйлдэж, Манжийн хааны зарлигийг уншин сонсгожээ. Зарлигийн агуулга нь 1680-аад оноос хойш Халхын талаар явуулсан төрийн бодлого, цаашид Халхыг хэрхэн захирах талаар тодорхой дурджээ.
Тус чуулганаар Халхын 5 хүнд чин ван, 6 хүнд жүн ван, 3 хүнд бэйл, 4 хүнд бэйс, 7 хүнд гүн, 6 хүнд тэргүүн зэрэг тайж олгож, 34 ноёныг хошууны засаг ноён болгож, тус 34 хошууг Түшээт ханы 16, Сэцэн ханы 11, Засагт ханы 7 ноёнд хуваан захируулжээ .
Тийнхүү Халхыг Манжийн харъяат гэж албан ёсоор тунхагласан нь нийт Монголын тусгаар тогтнолын үйл хэрэгт ихээхэн хохирол учруулсан юм. Энэ үйл явдалд их ач холбогдол өгч байсан нь юуны өмнө, Халхын хант улсыг оруулж авснаар цааш Зүүнгар, Хөх нуур, Түвэд, Хами зэрэг улс орнуудад төрийн бодлогоо явуулах боломж нээгдсэн төдийгүй тэдгээрийг байлдан эзлэхэд Өвөр Монгол, Халхын цэргийн хүчийг ашиглах боломж олж буй зэрэгтэй холбоотой байв.