Халхын голын дайн
Халхын голын байлдаан (орос. Бои на Халхин-Голе, япон. ノモンハン事件 Номон-хан зикэн «Номонханы мрргөлдөөн») нь зарлагдаагүй БНМАУ болон ЗХУ-Япон хилийн дайн буюу Япон-Зөвлөлтийн дайны гол байлдаан байжээ. Энэ байлдааныг оросын түүхэнд "Бои на Халхин-Голе" гэдэг бол Японы түүхэнд Номунханы мөргөлдөөн[5] гэж нэрлэгдэж ирсэн байна. Номунхан гэж Монгол - Манжийн хилийн орчим дахь уулын нэр юм. Халх голын байлдаан 5-р сарын сүүлчээр эхэлж эцсийн шийдвэрлэх тулаан 8-р сарын сүүлчээр болж, Японы 6-р салангид армийн 23-р явган цэргийн дивиз бүрэн ялагдсанаар өндөрлөсөн юм. 1939 оны 9-р сарын 15-нд ЗСБНХУ-Японы хооронд энхийн хэлэлцээр байгуулсан байна.
Халх голын дайн | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Зөвлөлт-Японы хилийн мөргөлдөөнүүд | |||||||||
Халх голын нэгэн тулалдааны үеэр устгагдсан Зөвлөлтийн БA-10M загварын хуягт машин | |||||||||
| |||||||||
Байлдагч талууд | |||||||||
ЗХУ БНМАУ |
Японы эзэнт гүрэн Манж-Го | ||||||||
Удирдагчид | |||||||||
Георгий Жуков Григорий Штерн Хорлоогийн Чойбалсан |
Комацүбара Мичитаро | ||||||||
Цэргийн хүч | |||||||||
57,000 цэрэг, 8,700 монгол цэрэг
515 нисэх онгоц, 498 танк, 542 их буу,385 хуягт машин |
38,000 (анх), 75,000 цэрэг(дахин нэмснээр),
700 нисэх онгоц, 181 танк, 500 их буу[1] | ||||||||
Хохирол | |||||||||
Архивын судалгаагаар 9,284 амь үрэгдсэн[3], 15,251 шархадсан, монголын талаас нийт 990 хүний хохирол үзэж 280 орчим хүн амь үрэгдэжээ. Нийт хохирол 1000 орчим хүн.[4] |
Японы засгийн газрын мэдэгдэл 8,440 амь үрэгдсэн, 8,766 шархадсан ЗХУ-ын мэдэгдэл 60,000 үрэгдсэн ба шархадсан, 3,000 олзлогдсон |
Дайны урьдах нөхцөл
засварлахЯмартай ч 1939-онд Халх голд болсон энэхүү байлдааны ажиллагааг дайн, байлдаан, тулалдаан байсан уу гэдэг дээр одоо болтол судлаачид маргалддаг байна. Зарим судлаачид энэ байлдааныг Дэлхийн 2-р дайны эхлэл хэмээн үздэг юм.
Энэ нь 1927 оноос цэрэг-улс төрийн зүтгэлтэн нарын хувьд томоохон асуудал тулгарсанаар эхлэв (Токиогийн бусдын газар нутагт тэр дундаа Манжуур, Хятад, Оросын Алс Дорнод, Сибирьт өнгөлзөх бодлогоо үүнээс аль эрт 1889 оноос хэрэгжүүлж эхэлсэн). 1904-1905 оны Орос-Японы дайн, 1918 оны Дэлхийн 1 дүгээр дайны үеэр аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, гадаад худалдааны өндөр өсөлт дагуулсан бол дайны дараахь Версалийн гэрээгээр шийдвэрлэгдсэн Ази дахь Германы колонийн эзэмшлийн асуудлаар болон Өрнөдийн түнш орнуудын байр суурь, түүний бодлогын үр нөлөө, 1929 оны (худалдааны болон 2,3 талт хэлэлцээрүүдийн заалтын улбаатай нэг талаар нөлөөлсөн) дэлхийн эдийн засаг санхүүгийн хямрал Японы эдийн засагт хүндээр тусч, 1937 оноос өдүүлсэн Хятад-Японы хоёрдугаар дайн, Манжуурт цөмрөн орсон ажиллагаатай холбоотой Үндэстнүүдийн лигийн тавьсан удаа дараагийн хориг арга хэмжээнээс үүдэн гадаад ертөнц дэх байр суурийг нь үлэмж сулруулсан байна. Ялангуяа Хятадад ихээхэн хэмжээний зэвсэг-техник, байлдааны нисэх онгоц, танк , цэргийн мэргэжилтэн, зөвлөх нарыг Монгол, Дундад Ази-Дорнод Туркестаны (Шинжаан) нутгаар дамжуулан илгээх зэргээр ЗХУ тусламж үзүүлж дайн байлдаанийг ихээхэн цаг хугацаагаар сунжруулсан хийгээд байгалийн баялаг, түүхий эдийн гадаад импортоос хэт хараат байдал нь ч үүнд нэрмээс болж байлаа. Энэ байдал нь бизнесийн хүрээнийхэнд том цохилт болсон тул цэргийнхнийгээ шахаж эхлэв. Ази, Номхон далайн бүс нутаг дахь Франц, АНУ, Их Британитай ашиг сонирхолын зөрчлийн улмаас дурамжхан байгуулсан /Үүнд АНУ, Англитай байгуулсан "Японы Тэнгисийн Цэргийн Флотын хөлөг онгоцнуудын зэвсэглэлд хязгаар тогтоосон холбогдох/ тэдний зүгээс тавьсан зарим заалт, Хятадын зүүн нутагт явуулсан байлдааны ажиллагаа нь амжилтгүй болсон нь Токиогийн Цэргийн дээд командлалын удирдлагуудад энэ байдал таалагдсангүй. Геополитикийн нөлөөний хүрээгээ цэргийн хүчээр шийдэх бодлого баримталж "Аугаа Их Дорнод Азийн Хөгжил-Цэцэглэлтийн Төлөвлөгөө" хэмээх улс төрийн үзэл, суртал нэвт шингэсэн төлөвлөгөө боловсруулжээ. Хэрэгжүүлэх төлөвлөгөө нь Өмнөд ба Умард гэсэн үндсэн стратегийн 2 чиглэлтэй байв. Өмнөд чиглэл бол Номхон далай, Австрали, Индонези, Бирм, Энэтхэгийн хойгийн чиглэл рүү цохилт өгч АНУ, Английн колонуудийг булаан авах бол Умард чиглэл бол эх газраар Хятадыг буулган авах, Манжуур, Монголоор түшиц болгон ЗХУ-тай байлдаж Сибирь Алс дорнодийн чиглэлээр цохилт өгч Уралын нуруу хүртэл эзэмшлээ тогтооход оршиж байлаа. Энэ нь цэргийнхний хувьд 2 чиглэлд хуваагдах нь буруу байсан, зөвхөн аль нэгийг нь сонгох байсан гэж зарим улс төрч, судлаач, сэтгүүлчид үзэж тайлбарладаг юм. Японы цэргийн дээд командлал нь бололцоо бүрдсэн гэж үзээд 2 чиглэлийг зэрэг хэрэгжүүлэх байсан нь тодорхой. Маргаан болсон нь зөвхөн аль чиглэлд эхний ээлжинд хэрэгжүүлэх байсан гэдэг хэрэг байсан ажээ. Энэ нь хожим ЗХУ дэлхийн 2 дугаар дайнд татагдан орж Москва болон Ленинградын бүслэлт, Сталинградын тулалдааныг үр дүнг хэрхэн эргэх вэ? гэдгийг харгалзан хүлээзнэж Квантуны армийн Жанжин Штаб 1941-1943 онуудад Монголын Халх гол, ЗХУ-ын Алс дорнодийн Уссури, Амар мөрний сав газар дахин цэргийн хүч хуримтлуулж илүү няхуур Кантокуэн хэмээх цэргийн шинэ ажиллагаанд бэлтгэж, төлөвлөн зөвхөн Токиогоос ирэх дээд командлалынхаа тушаалыг хүлээж байсан байна. (Үүнд Япон улсын өөрийн ба ЗХУ-ын НКВД-ийн Алс Дорнодын Сөрөг Тагнуулын Архив, Монгол Улсын Тагнуулын Ерөнхий газрын Архивийн материал, хилийн чанадад тагнуулын үүрэг гүйцэтгэгч нарын мэдүүлэг зэрэг нь одоо нэгэнт ил болжээ). Энэ ч утгаараа Халхын голын байлдаан Токиогийн цэрэг-улс төрийн Өмнөд, умард бүлэг нь зорилго, үзэл баримтлал, зарчмын хувьд ч, геополитикийн болон улс төрийн бүлгийн ашиг сонирхол бөгөөд Стратегийн болон тактикийн талаасаа ямар ч ялгаа байсангүй. Бие биенийхээ тактикийн зорилго чиглэлийг зарчмын хувьд үгүйсгэдэггүй байв. Аль чиглэлд эхний ээлжинд цохилт өгөх вэ гэдэг асуудал ширүүн маргаан өрнүүлж байжээ. Зөвлөлт Холбоот Улсын хувьд Европ тивээсээ Нацист Герман, Балтын тэнгисээс Финланд, Кавказаас Иран, Хар тэнгист Итали, Турк болон бусад Балканы орнууд, Сибирь-Алс Дорнодоос Японы гэх геополитикийн бүслэлтэнд ороод байлаа. Коминтерний болон Иосиф Сталины болгоомжлол нь юуны түрүүнд ямар ч үнээр хамаагүй 2 фронтод зэрэг байлдах аюулаас зайлсхийх зорилгоор Монголыг бусдад алдахгүй "буфер" буюу "хавчуурга" хэлбэрээр байлгах нь чухал байсан. Өвөр Байгалын сав газар, Сибирийн төмөр замыг алдвал Сибирь, Урал дахь Цэрэг-Стратегийн Аж үйлдвэрийн түшиц орон зай үгүй болно гэдгийг тооцож Монголын талаарх ЗСБНХУ-ын бодлого гол төлөв Коминтернээр дамжин илэрч байлаа. Тухайлбал Коминтерний Дорно дахины нарийн бичгийн дарга нарын 1929 оны 1-р сарын 7-ны өдрийн зөвлөлгөөний илтгэлд: “Монголын нутаг дэвсгэр нь олон улсын тусгай ач холбогдолтой юм. Тэрхүү нутаг дэвсгэрийн хэмжээ нь Англи, Герман, Францыг нийлүүлснээс их бөгөөд хүн ам нь 800 мянга орчим цөөхөн юм. Монгол орныг империалистууд, дэлхийн хувьсгалын дайснуудын нөлөөнд оруулахгүйн тулд тэрхүү нутаг дэвсгэрт тогтоосон нөлөөгөө хадгалж байхад манай гол зорилт оршино хэмээн үзсэн. Мөргөлдөөний цаад шалтгаан: Сталины логик- Япончууд Манжгогийн тоглоомын улс байгуулснаасаа эхлээд энэ нутагт хамаарах монголчуудыг "онцгойлон дотночилж" тэдэнд тусгай эрх олгожээ. Монголчууд ч Японыг Хятадын дарлалаас чөлөөлөгч ивээн тэтгэгч гэж харж байсан юм. 1937 онд эхэлсэн Хятад-Японы дайнаар нийт Өвөр Монголыг эзэлсэн япончууд монголчуудад Хятадын талхидлаас авран чөлөөлөгчийн дүрд чадамгай тоглож, "соёлжиж гэгээрэхэд" нь туслах болжээ. Энэ байдал Гадаад Монголд халдварлахаас Сталин тэргүүтэй Зөвлөлтийн удирдагчид ихэд болгоомжилж байсан юм. БНМАУ-д коммунист намын гишүүд 10 мянга байх атал лам нарын тоо тэднээс даруй арав дахин их байлаа. Иймээс эхний ээлжинд Япон талыг баримтлах өндөр магадлалтай лам нар, язгууртнууд, сэхээтнүүдийг устгахыг Монголын удирдагчдад тулгах болсон байна. Үүнийг нь Монголын төрийн удирдлага эс хүлээн авч, арга саам гарган залилах гэж оролдох болжээ. Сталин зөвлөлтийн цэргийг Монголд байрлуулах асуудлыг ч тулгаад Монголчууд хүлээж авсангүй. Иймээс өргөн хэмжээг хамарсан их хядлага Сталин өөрөө зохион байгуулсан байна.
Монголын байр суурь
засварлахМанж-го болон БНМАУ-ын талууд аль аль нь үүссэн нөхцөл байдалд хүлээцтэй хандаж байсан тул дорнод хилд буй болсон хилийн маргааныг гэрээ хэлэлцээний журмаар зохицуулж болно гэж Монголын удирдагчид үзэж яриа хэлэлцээ хийж байсан. Манжуур өртөөнд болсон Япон-Манжго-Монголын хилийн Хэлэлцээнд Монголын тал Ерөнхий сайдын орлогчийн төвшинд идэвхитэй оролцож байлаа. Хэрэв зээ Монголчууд Манж-го улсыг хүлээн зөвшөөрвөл Япон улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хариу хүлээн зөвшөөрч болно гэсэн санаа энэ үеэр ч гарсан байна. Иймээс Монголын удирдагчид Манж-гогийн талтай хилийн маргаанаа аль болох эв эеэр зохицуулах хүсэлтэй болоод иржээ. Иймээс ч Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн (1895-1937) “Монгол улс Манж-готой байлдах ямар ч хүсэлгүй, ийм юм хүсч байгаагаараа япон, орос хоёр л байлдана биз” гэсэн утгаар санаагаа илэрхийлж байв. Тэрээр чухам ийм бодол санаатай байсан учир зөвлөлтийн цэргийг Монголын нутагт оруулж байршуулахын эсрэг байсан юм.
Сталины авсан арга хэмжээ
засварлахМонголчууд Японоор өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж улмаар тэдэнтэй ойртож магадгүй болох нь Зөвлөлтийн Алс Дорнодын бодлогод тун аюултай үзэгдэл болох байлаа. Монгол үндэстэнд хандаж байгаа япончуудын заль мэх нь тэднийг Хятадын төдийгүй Зөвлөлтийн эсрэг алхам руу чиглүүлж болох юм гэж үзэж байв. Чингэвэл Гадаад Монгол нь Барга болон Өвөр монголчуудын араас орно гэж үзсэн байна. Иймээс Сталин эрс шийдэмгий арга хэмжээ авч Манжуурын Хэлэлцээг таслан зогсоож Монголын төлөөлөгчдийг эргүүлэн татаад, Улаанбаатарт авчирч буудан хороосон түүхтэй. Үүнтэй нэгэн зэрэг Манж-гогийн төлөөлөгчдийг Япончууд баривчлан авч Мүгдэнд цаазлан хороосон ажээ. Ерөнхий сайд П.Гэндэнг огцруулж Москвад дуудан авч одлоо. Тэр даруй Зөвлөлтийн цэргийг Монголд оруулж ирэв. Лам нар болон язгууртан, сэхээтний эсрэг хандсан их хядлагыг эхлүүлэн насанд хүрсэн эрчүүдийн 20 орчим хувийг цаазлан устгажээ. Хилийн маргаан дорвитой том тулалдаан мөргөлдөөнөөр шийдэгдэхээс өөр гарцгүй болсон байна.
Үйл явдлын угтвар нөхцөл
засварлах1931-1932 онд Япончууд Манжийн нутгийг эзлэж Манж-Го нэртэй тоглоомын улс байгуулсанаар Монгол улстай хил залгах болсон байна. Манж-Го, Монголын хоорондох хилийг Япончууд Буйр нуурт цутгах Халхын гол гэж үзэж байсан боловч монголчууд Халх голоос зүүн чигт 16 км-н цаана орших Номонхан тосгон хүртэл Монгол улсын нутаг гэж үзэж байсан юм. 1938 онд Японы Эзэн Хааны Армийн Жанжин Штабт Квантуны армийн удирдлага ЗХУ-ын эсрэг “Хатиго” нууц нэртэй дайны төлөвлөгөөг боловсруулсан батлуулсан байжээ. Энэ үед Япон Манжуурт Японы эзэн хааны хуурай замын цэргийн 1,3 сая албан хаагч Монгол улс, ЗХУ-ын хилийн зүүн хязгаар орчим ирж байрласан юм. Японы “Хатиго” төлөвлөгөөний “Б” хувилбар нь Монголын зүүн хязгаарыг эзлэн авч түшиц газраа болгоод цаашлаад Байгал нуур орчмоор ЗХУ руу дайрах зорилготой байв. Энэ бол Европын фашист Герман, Итали удахгүй дэгдээх дэлхийн II дайны эхний цуурай, фашистуудын дорно зүгийн холбоотон байсан Японы армийн зүүн талд дэгдээх дайны бэлтгэл үе нь байлаа. Манж-Гогийн арми нь үндсэндээ 1939 онд Японы Квантуны Армийн командлагч генерал Комацүбара Мичитарод захирагдаж байжээ. Улаан армийн цэргүүд Сибирь-Манжуур-ын хилийг хамгаалах үүрэгтэй Өвөр-Байгалын цэргийн тойргоос ирсэн 57-р тусгай корпусын харъяанд байв. Японы цэрэг манай улсад халдан түрэмгийлж дайн өдөөсөн нь зохих арга хэмжээ авахад хүргэв. Улс орны амьдрал, бүх ажлыг “Шууд дайны байдалд захируулан” явуулсны дээр фронтод туслах хөдөлгөөн орон даяар өрнөсөн байна. Юуны өмнө Монгол Ардын Хувьсгалт Цэргийн нэгтгэл, ангиудыг бие бүрэлдэхүүн болон зүтгэх хүч, техник хэрэгсэлээр хангах яаралтай арга хэмжээ авав. Энэ зорилгоор байлдаж буй 5,6,7,8 дугаар морьт дивизийн орон тоог нөхөн хангах, бэлтгэл дарга, цэргүүдийг татаж сургуулилах, түр цэрэг татах ажлыг эхэлсэн байна. Ээлжит цэрэг татлагыг явуулснаар цэрэгт татвал зохих насны 18605 хүнээс 8405 хүнийг цэргийн албанд татаж, нэгтгэл ангиудын орон тоог нөхөн хангав. Эдгээр арга хэмжээний үр дүнд МАХЦ-ийн бие бүрэлдэхүүн 17,5 мянга болж үүнээс 8575 нь байлдаанд оролцсон байна. БНМАУ-ын цэргийн тухайд нийт хилийн ба дотоодын цэргийг оруулаад 18 000 хүн бүхий бие бүрэлдэхүүнтэй, 10 хөнгөн танк, 30-40 их буу, 40 гаруй нисэх онгоц, 50-60 хуягт машинтай байв. ЗСБНХУ, Япон улсын хооронд 1925 онд дипломат харилцаа тогтоогоон байсан юм. Япон улс ЗСБНХУ–ын эсрэг хийх дайны бэлтгэлийн үндсэн санааг 1927 оны 4-р сард Японы Засгийн газрын тэргүүн болсон ерөнхий сайд Танака Гиичи томьёолон, боловсруулснаар хожим нь “Танакагийн меморандум” гэж нэршин алдаршсан билээ. 1928 оны эхээр Япон улс түүхий эдийн баазтай болох, ЗСБНХУ, БНМАУ, Хятад руу хийх түрэмгий дайны төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд цэргийн түшиц газар эзлэх зорилгоор цэргийн түрэмгийлэлд шаргуу бэлтгэх болсон юм. Манжуурыг довтлохоос өмнө 1920–иод оны төгсгөл, 1930 оны эцэс гэхэд ЗСБНХУ-ын эсрэг “Оцу” гэсэн нууц нэртэй цэрэг-стратегийн төлөвлөгөө боловсруулагдсан байв.
1933 онд японы цэргийнхэн Манжуурыг эзэлмэгцээ нутаг дэвсгэр дээр нь цэргийн төрөл бүрийн байгууламж барихын зэрэгцээ ЗСБНХУ, Монголын хил рүү төмөр болон засмал автозам тавьж эхэлсэн байна. Энэ хугацаанд Японы Жанжин штабын тагнуулын хэлтсийн /зохиогч нь хожмоо дэслэгч генерал болсон, хошууч Канда Масатанэ/ аналитик суурь баримт бичгийг бүрдүүлэх даалгавар бүхий японы тагнуулынхан улам ажиллагаагаа идэвхжүүлэв. “Оросын эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагааг судлах материал” нэртэй нууц илтгэлд хорлон сүйтгэх үйл ажиллагаа нь ирээдүйн дайнд онцгой чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ. ”Иймээс Оросын эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагаанд багтаж буй ажил бол нилээд олон хэлбэртэй байх бөгөөд бүх дэлхий хамрах үйл ажиллагаа болох ёстой хэмээн зохиогч нь онцлон тэмдэглэж байв. ”ЗСБНХУ-ын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байсан японы тагнуул, нууц ажилтнуудад Японы жанжин штабаас сайшаагдсан зөвлөмж энэхүү илтгэлийн үндсэн дээр өгөгддөг байсан бөгөөд хожмоо энэ зөвлөмж тэдний үйл ажиллагааных нь удирдамж болсон билээ. ЗСБНХУ, Хятад, Солонгосын нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлж буй энэ тагнуулын ажиллагааны удирдах төв нь Оросын иргэний дайны үед байгуулагдсан ЯЦТГ/японы цэргийн төлөөлөгчдийн газар/ байв. Монголын нутаг дэвсгэр дээр Японы цагдаагийн улс төрийн албаны 3 дугаар тасаг, хилийн цагдаагийн отрядын онцгой тасгууд хорлон сүйтгэх идэвхтэй үйл ажиллагааг явуулж байв.
1/ Япон улс Зөвлөлт Оросын эсрэг ажилдаа ЯЦТГ оросын цагаантны хөдөлгөөний дүрвэгсдийг өргөнөөр ашиглаж байлаа. Тухайлбал, 1938-1939 онуудад, 1939 оны 4-р сарын 19-нд ЗСБНХУ-ын ДЯЯ-ны АК, АБЕГ-ын өгсөн тойм танилцуулгад тэмдэглэснээр Япон, Германы "Абвер" тагнуулуудын удирдлага дор ажилладаг, тэдний хөрөнгөөр байгуулагдсан ОФХ (Оросын фашист холбоо) хэмээх байгууллага идэвхтэй ажиллаж байсан тухай тэмдэглэжээ. Энэ байгууллага нь дайсны хорлон сүйтгэгчид, алан хядагчид, нууц ажилтнуудыг ЗСБНХУ-ын нутаг дэвсгэр дээр байршуулах ажлыг зохион байгуулдаг байв. ОФХ-ны Алс Дорнодын болон европын их хурал дээрээ ЗСБНХУ-ын эсрэг явуулах дайнд фашист гүрнүүдийг дэмжих, зөвлөлтийн нутаг дэвсгэр дээр хорлон сүйтгэх–тагнуулын үйл ажиллагааг идэвхжүүлэх тухай шийдвэр гаргаж байжээ. 2/1938 онд Японы жанжин штаб өөрийн тагнуулын нууц мэдээг харгалзан “Оцу” төлөвлөгөөндөө тодотгол оруулжээ. Тухайлбал, 1938-1939 онд Алс Дорнод дахь Зөвлөлтийн хотуудыг дараагийн зорилгоо хэрэгжүүлэх зорилгоор манжуурт ихээхэн хэмжээний цэрэг оруулахаар тусгаж, түүний зэрэгцээ БНМАУ руу цөмрөн орохоор төлөвлөсөн байна.Зөвлөлт-монгол, монгол-манжуурын хил дээр ноцтой өдөөн хатгалга гарч болзошгүйг зөвлөлтийн тагнуулчид анги салбарууддаа урьдчилан анхааруулж байсан төдийгүй тэд японы тагнуулын байгууллагуудын үйл ажиллагаанд сөрөг ажиллагаа үзүүлэхээр чармайж байжээ. Хилийн отрядуудын дарга нарт илгээсэн 1939. 04. 21-ний Приморийн тойргийн ДХАК хилийн цэргийг удирдах газрын тагнуулын байгууллагын зааварт: ”Сүүлийн үед Квантуны армийн штаб болон японы тагнуулын байгууллагууд манай хилчдийг олзлох, хил дээр өдөөн хатгалгын чанартай зөрчил гаргах, манай хилийн зурвас болон бэхэлсэн цэгүүд дээр тагнуул хийх, хилийн шугамд офицерын бүлэг ажиллуулах, япончууд сонирхож буй чиглэлүүддээ нууц ажилтнууд байршуулах зэргээр тагнуулын үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна...” гэжээ. 3/Тактикийн тагнуулын төлөөлөгчдийн эх сурвалжууд ч БНМАУ-ын хил орчим болон Манжуурын нутаг дэвсгэр дээр японы цэргийнхний үйл ажиллагаа идэвхжиж байгаа тухай мэдээлж байжээ. 1939 оны 4 дүгээр сарын 22-ны Читийн хилийн тойргийн тагнуулын тасгийн тойм танилцуулгад: японы хээрийн цэргийн бүрэлдэхүүнээс сонгон татаж Манжуурт хилийн найман гарнизон байгуулах тухай Японы цэргийн сайд Итагакийн шийдвэр 1938 оны 12 дугаар сард гарсныг мэдээлжээ. Уг шийдвэрт эдгээр гарнизонууд нь Квантуны армийн командлагчид захирагдаж, бэхлэгдсэн районуудыг хамгаалах цэргийн ангиудын харилцан ажиллагааг тусгасан байна.Мөн уг баримт бичигт Хайлаарын хилийн 8 дугаар гарнизон байгуулах тухай шийдвэр туссан байжээ. 4/ Хайлаарын бэхлэлтийн районд Халхын голын үйл явдал идэвхтэй оролцсон 23 дугаар явган дивиз шилжин байрласан байв./Японы арми Манжуур болон БНМАУ-ын хил дээр хүчээ зузаатгасаар байгааг Москва мэдэлгүй өнгөрөөгүй байсан гэдгийг эдгээр баримт бичгүүд гэрчилдэг. Жанжин штабын тагнуулын удирдах газрын мэдээнд 1938 эцсээр Манжуурт хилийн гарнизонуудыг шинэчлэн зохион байгуулах, 1938 оны 11-р сард цэргийн мэргэшсэн тагнуулч, дэслэгч генерал Комацубара Мититарогоор командлуулсан 23 дугаар явган дивизийг Хайлаарт шилжүүлэн байрлуулах, 1939 оны эхний саруудад Хайлаарт японы цэргүүд хүчээ үргэлжлүүлэн хуралдуулсаар байгаа тухай дурдсан байна. 5/ Манай улсын болоод цэргийн удирдлагын хувьд Манжуурт болон БНМАУ-ын зүүн хил дээр япончуудын бэлтгэл ажлын явцын тухай хамгийн үнэ цэнэтэй мэдээллийн эх сурвалж нь зөвлөлтийн тагнуулч Рихард Зорге байсан бөгөөд тэрээр орон нутгийн мөргөлдөөнд хүргэх өдөөн хатгалга япончууд 1939 оны хавар хийхээр төлөвлөж байгааг мэдээлж байжээ. Хятадад явуулж байсан дайнаас улбаалан япончууд Зөвлөлтийн эсрэг шууд дайн эхлүүлэх боломжгүй гэж тэр үзэж байлаа. 6/ Барууны мэдээллийн эх сурвалжууд энэ үйл явдлын үнэлэхдээ өөр бусад мэдээлэл байхгүйгээсээ болж хүлээцтэй байр суурийг баримтлан япончуудын мэдээлэл дээр тулгуурлаж иш татаж байв.Ройтерс агентлагийн сурвалжлагчийн Америк руу явуулсан мэдээнд “Гадаад Монгол, ЗСБНХУ болон Манжуурын хил дээрх том хэмжээний байлдааны эхлэлийг тайлбарлахад хүндрэлтэй байна.Малын бэлчээр ихээхэн хэмжээгээр эзлэн авах гэсэн шуналтай монголчуудаас үүдэн энэ мөргөлдөөн үүсэж байна гэсэн японы цэргийнхэн нотолж байна” 7/ Энэ будлиан гарах болсон шалтгааныг тайлбарлах чин сэтгэлийн оролдлого мэдээж, байсаан. Английн “Чайна пресс” сонины 1939 оны 5, 6 дугаар сарын дугааруудад: эдгээр шалтгаан нь нэгдүгээрт, англи-зөвлөлтийн хооронд цэргийн хэлэлцээр байгуулахыг таслан зогсоох Японы сонирхол, хоёрдугаарт бүх нийтийн дайчилгааны тухай хууль үйлчлэхэд хамтран ажиллах зэрэг гэсэн байна. Түүнээс гадна тус сонинд энэхүү халдлага нь европын Оросоос азийн Сибирийг тусгаарлах зорилго өвөрлөсөн Квантуны армийн стратегийн төлөвлөгөөний нэг хэсэг нь мөн гэжээ. Тэр үед Японы арми Хятадтай дайтаж байсан бол Квантуны арми өөр томоохон дайнд бэлтгэж байлаа. /8/Халхын голын үйл явдалд зөвлөлтийн болон гадаадын хэвлэл мэдээллийнхэн маш товчхон, хүлээцтэй хандаж байв.Зөвлөлтийн хэвлэлд зөвхөн ТАСС-ын товч мэдээнүүд гарч байлаа. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр ЗХУ болон Гадаад Монголыг буруутгасан мэдээлэл цацагдаж байв. 1939 оны 5-р сарын 30-нд “Домэй” агентлаг “5-р сарын 11-д Гадаад Монголын цэргийн харьцангуй том бүлэг Халхын голыг гатлан Номон хаан руу цөмрөн орлоо. Манжуурын хилчид тэднийг буцаан хөөв” хэмээн мэдээлжээ. Өнөөгийн хилийн будлианыг Гадаад Монгол өөрийн дураар бус, Москвагийн хатгалгаар эхлүүлсэн хэмээн Токиогийн цэргийн тоймчид нотолдог байв. 9/ 1939 оны 6-р сарын “Манжуурын өдрийн мэдээ”, “Бээжингийн мэдээ” сонинуудад мөргөлдөөний шалтгааныг Хятадад туслах хүсэл эрмэлзэл бүхий Гадаад Монголыг хөдөлгөөнийг намжаах гэсэн Зөвлөлт Оросын хүсэл чармайлтаас үүдэлтэй гэжээ. 10/ ОЦТА-т хадгалагдаж буй Халхын голын үйл явдлын тухай архивын баримт бичгийг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байна. Энэ нь мөргөлдөөн үүссэн шалтгаан, зөвлөлт-монголын цэргийн байлдааны ажиллагааны явц, байлдааны бэлтгэл, японы армийн үйл ажиллагааны түүхэн он дараалал зэрэг нь тэр цаг үеийн үйл явдлын бодит дүр зургийг тогтоох боломж олгож байна. Оперативын буюу гүйцэтгэх ажлын шинж чанартай цэргийн баримт бичгүүд, юуны өмнө, АТУА-ийн Жанжин штаб болон 57 дугаар онцгой корпусын командлалын хоорондын утсаар ярьсан ярианы тайлал, радио мэдээ зэрэг нь энэ асуудлыг тодруулахад мэдээллийн үнэ цэнэтэй эх сурвалж болох юм. Барууны хэвлэлүүдээс хилийн ээлжит мөргөлдөөн эхлэх тухай Москва албан ёсоор мэдэж авсан гэдэг нь эдгээр баримт бичгүүдээс харахад тодорхой байдаг. Жанжин штабаас 57 дугаар корпус руу 1939 оны 5-р сарын 15-нд илгээсэн цахилгаан мэдээнд: “Нөхөр Третьяков Халхын голд япон монголын цэргийн хооронд байлдаан явагдаж байгаа тухай мэдээг 2 өдрийн турш гадаадын хэвлэлд тавигдлаа. Үүсээд энэ асуудлын талаар мэдээлэл өгнө үү. Хурандаа Шевченко” 11/ 1939 оны 5-р сарын 15-нд Москвагаас Жанжин штабын орлогч дарга корпус командлан захирагч Смородиновын илгээсэн ээлжит цахилгаан мэдээнд: ” Хилийн мөргөлдөөн болсон тийм үйл явдлын тухай мэдээнд байж боломгүй хойрго байдлаар хандсаныг Ардын комиссар Климент Ворошилов анхааралдаа авч байна. Третьяковын илтгэлээр анхны мөргөлдөөн бүр 5-р сарын 11-нд болсон ажээ. Дөнгөж одоо эндээс шаардсаны дагуу Ардын комиссарт илтгэж байна.” 12/ Бас 57 дугаар корпусын удирдлага мөргөлдөөн эхлэхийг тэр даруй нь мэдээгүй байсан юм. Жанжин штабт 57 дугаар онцгой корпусын илгээсэн хариу цахилгаан мэдээнд: “Халхын голын хилийн отрядтой холбоо харилцаа муу байсан учир мөргөлдөөний талаар дөнгөж 5-р сарын 14-ны 14,00 цагт олж мэдлээ” гэсэн байна. 13/ Эхний өдрүүдэд зөвлөлтийн цэргийн удирдлага “Хэрэв япон, баргууд өөрсдөө эхэлж ажиллагаа явуулаагүй тохиолдолд Ардын комиссарын тусгай зааваргүйгээр ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй байх, тагнуулын ажиллагааг хил зөрчилгүйгээр зөвхөн агаараас явуулах”. 14/ тухай захирамж өгсөн нь мөргөлдөөн шатлан өргөжихөөс болгоомжилсон нь илэрхий байна. Тиймээс японы түүхийн зарим эх сурвалжид тэмдэглэснээр Москва энэ мөргөлдөөний санаачлагч нь бишээр барахгүй мөргөлдөөн эхэлснээс хойш энэ тухай мэдсэн бөгөөд япончууд мөргөлдөөний эхний шатанд нь нилээд амжилтад хүрсэн байдаг. Манжуур дахь японы зэвсэгт хүчний байдлын тухай тийм тодорхой мэдээлэлтэй байсан зөвлөлтийн цэргийн удирдлага ягаад түрэмгийлэгчдэд хангалттай цохилт өгөх бэлтгэлгүй байсан бэ? гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Манжуур дахь японы цэргийн байлдааны хүчний чадлын талаар өөрийн тагнуулын үнэн зөв мэдээлэлтэй байсан ч зөвлөлтийн удирдлага хилийн хязгаарлагдмал сөргөлдөөнийг өргөн хэмжээний зэвсэгт мөргөлдөөн болгон хувиргах боломж гаргаагүй, хэдийгээр энэ бүс нутагт цэргийн хүчээ япон зузаатгаж байсан боловч Квантуны армийн байгаа хүч хэрэгсэл нь томоохон хэмжээний цэргийн ажиллагаа явуулахад илт хүрэлцээгүй байсанд итгэлтэй байжээ. Иймээс монголын цэргийнхэн болон 57 дугаар корпусын командлал эхнээсээ энэ өдөөн хатгалгад төдийлөн ач холбогдол өгөөгүй байна. Зөвхөн эхний хагас жилд манж-монголын хил дээр японы талаас 10 гаруй зөрчил бүртгэгдсэн байна. Үүнд:-1939. 01.16 – япон-баргын морин цэргүүдэд 7 дугаар заставын дарга болон 4 дүгээр хилийн отрядын туслах буудуулсан, 1939. 01.17 -- 7 дугаар заставын хариуцсан хэсгээс баруун тийш 2 км-т Номон хан, Бүрд-Овооны орчим хилийн харуул руу 13 япон, барга цэргүүд халдан довтолсон, 1939. 01. 28 – япон баргын нэг машинтай бүлэг цэргүүд Номон хан, Бүрд-Овооны чиглэлээр хэд хэдэн буудсан байна ...гэх мэт . 15/ 57 дугаар корпусын штабын оперативын тасгийн баримт бичигт “5-р сарын 4- 11-нд Номон хан, Бүрд-Овооны орчмоор баргууд хэсэг хэсгээр тархан шаргуу тагнуул хийв” 16/ 5-р сарын 11-ний өглөө “Ачааны машин, ПИКАП дагалдсан, гар пулемёт, миномётоор зэвсэглэсэн 200 орчим япон-баргын цэргүүд Номон хан, Бүрд-Овооны чиглэлээр монголын хилийн застав/20 хүн/ руу халдан довтолж БНМАУ-ын хилээс дотогш 200 км хүртэл цөмрөн орж Халхын гол хүрэв.” 17/ Хилийн зэвсэгт мөргөлдөөн өдөөхийн тулд гаргасан ёс төдий шалтаг нь япончуудад газрын зураг дээрээ улсын хилийг Халхын голоос баруун тийш 20 км-ээр баруун тийш болгож тэмдэглэх боломжийг өөрсдөдөө олгов. Хэдийгээр хилийн шугамыг нотлох баримт хангалтгүй байсан нь хүндрэл учруулсан ч Монгол Улс Номон ханыг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үзэн энэ газрын зургийг үл зөвшөөрөв. Харин мөргөлдөөн эхэлсний дараа монголчууд хэрэгцээтэй газрын зургийг олж чадсаныг корпус командлан захирагч Фекленко Жанжин штаб руу мэдээллээ. Корпус командлан захирагч 5-р сарын 17-нд Жанжин штаб руу илгээсэн цахилгаан мэдээндээ:”” БНМАУ-ын засгийн газраас баримт бичиг шаардлаа. Газрын зураг дээр хилийг нарийн тэмдэглэн зааж, тухайн үедээ хилийг тэмдэглэхэд оролцож байсан хүмүүсийн зарим нь амьд сэрүүн байна. Өмнө нь барга, халхын хооронд хилийн маргаан болж, түүнийг шийдвэрлэсний дараа 1887.07.05-ны өдөр үйлдсэн газрын зураг байна. Энэ маргааны шийдвэрлэсний дараа хилийн шугамыг татсан байна. Зураг дээр түүхийг манж хэлээр бичиж нааж, Манжийн династийн дарга батлан итгэмжилсэн байна. Арбитр нь Манжийн династийн төлөөлөгч байжээ.” гэж илтгэжээ. Цааш нь Фекленко илтгэхдээ энэ зураг дээрх хилийн шугам нь Зөвлөлтийн 1935 оны зураг дээр заасан хилтэй бүрэн тохирч байна гэжээ. 18/Тэгвэл цэргийн мөргөлдөөний жинхэнэ шалтгааны тухай баримт бичигт яаж өгүүлэв? Халхын голын сав газарт болсон ажиллагааны дүнгийн тухай 1-р Армийн бүлгийн командлалын илтгэл, түүнчлэн мөн адил сэдвээр 1939 оны намрын “халуун мөрөөр” хэмээн нэрлэгдэн бичигдсэн 2-р зэргийн армийн командлагч Григорий Штерний илтгэл ОЦТА-т хадгалагдаж байна. Мөн түүнчлэн 1941 оны 2-р сард бичсэн “Халхын голд япон-манжийн цэргийг бут ниргэсэн нь” хэмээх хурандаа Шишкины илтгэл байна. Цэргийн мөргөлдөөний үндсэн шалтгаан нь зохиогчийн үзэж байгаагаар японы цэргийнхэн БНМАУ-ын нутгийн дорнод хэсгийг эзлэн авахдаа Халхын голыг багтаан оруулах сонирхол байсан аж. Япончуудад том хэмжээний байлдааны ажиллагаа явуулах хангалттай хүч хэрэгсэл байгаагүй нь тэдний цэргийн үндсэн хүч Хятадтай зарлаагүй дайн хийж байсантай холбоотой. Энэ газар орон нь Монголын нутгийн дорнод хэсэг бөгөөд Солунаас Ганьжу хүртэл төмөр зам тавих учраас Японд хамгаас чухал ач холбогдолтой байлаа. Харин төмөр зам бол БНМАУ-ын хилд шууд тулж ойрхон өнгөрөх ёстой байв. Тиймээс төмөр замын аюулгүй байдлыг хангах зорилгоор хилийг Халхын голоос баруун тийш 20 км ээр холдуулах шаардлага япончуудад тулгарсан юм. Гол болон элст өндөрлөгийг эзэлсэн тохиолдолд Квантуны арми голын зүүн эрэгт Хайлаар болон Халуун рашааны бэхлэлтийн районд дөхөж халхлалтыг байгуулж чадах байв.Түүнээс гадна япончууд 1938 онд Хасан нуурын мөргөлдөөнд ялагдсаныхаа тооцоог хийх хүсэл байсан гэж зохиогч үзжээ. 19/1949 оны Японы цэргийн албан хаагчдын хэргийг шүүх Хабаровскийн шүүх хурлын бэлтгэлийн явцад бүрдүүлсэн архивын баримт бичигт үлдсэн Квантуны армийн штабын дарга, дэслэгч генерал Хата Хикосабура болон штабын даргын орлогч дэслэгч генерал Мацумура Томокацу өчиг сонирхол татдаг. Генерал Мацумура Томокацу өөрийн гараар өчгөө бичихдээ Квантуны армийн командлал япончуудын сонирхсон газар нутгийг хилийн жижиг өдөөн хатгалгаар эзлэн авах, дараа нь энэ шинэ хилээ Гадаад Монгол хүлээн зөвшөөрөхөд тулгахаар төлөвлөж байсан. Цэргийнхэн ажиллагааг хурдан дуусгавал амжилт баталгаатай байна гэж төсөөлж байсан ч хэрэг дээрээ бүтээгүй юм. Эхний болоод дараа, дараагийн ажиллагаанууд амжилтгүй болж нэмэлт нөөц хүчээ ажиллагаанд оролцуулахыг түдгэлзэхээс аргагүйд хүрсэн юм. Токиод Японы Армийн Жанжин штаб энэ төлөвлөгөөг сайшаасан гэж генерал тэмдэглэжээ. Квантуны армийн удирдлага бүтэлгүй дайралтынхаа дараа эзэлсэн нутаг дэвсгэртээ бэхлэлт байгуулахаар шийдвэрлэсэн боловч Жанжин штаб ухрахыг шаардах болов. Жанжин штаб болон Квантуны армийн удирдлага өөр хоорондоо үзэл бодлоороо зөрж эхэллээ. Зөвлөлтийн цэргийн сөрөг цохилтын дараа Квантуны армийн удирдлага өмнө нь боловсруулсан төлөвлөгөөний дагуу ажиллахаар шийдвэрлэсэн бол энэ үед Жанжин штаб сандрал мэгдэлд орчихсон байв. Генерал Мацумурагийн хэлснээр Жанжин штаб, Квантуны армийн аль ч Хасан нуурын мөргөлдөөнд Японы ялагдалд зохих дүгнэлтийг хийгээгүй юм гэжээ.
Байлдааны ажиллагаа эхэлсэн нь
засварлахЯпоны тал 1932 оноос эхлэн тагнуул туршуулын шинжтэй үйл ажиллагаа байнга явуулж байснаа 1936 оноос Япон, Манжийн цэрэг Монголын хилийн Улаан бургас, Булан дэрс, Адаг дулаан, Бүрд овоо, Хайлааст манхан, Халхын сүм зэргийн чиглэлээр хил зөрчин өдөөн хатгалаг хийж байлаа. Иймд 1937 оны хавраас ЗХУ 1936 оны ЗХУ-БНМАУ-ын "Харилцан Туслалцах Хэлэлцээр"ийн дагуу цэргийн хүчээ Монголын нутагт оруулав. Монгол Улс энэхүү цаг хугацаа, орон зайд болсон байлдааны ажиллагааг 3 үе шатанд хуваан авч үздэг.
Нэгдүгээр үе
засварлах1939 оны 5-р сарын 11-нд японы 300 явган цэрэг нисэх онгоцны тусламжтайгаар хилээс дотогш 20 км-т Хамар даваан дахь хилийн заставт халдан довтолж 15 км цөмрөн оржээ. 1939 оны эхээр Японы талаас хил хязгаарыг зөрчих явдлыг улам идэвхижүүлж хилийн цаана цэрэг зэвсгийн хүчийг хуралдуулж тус улсын дархан хил хязгаарт ойрын хугацаанд довтлох гэж байгаа нь бүх талаар мэдэгдэж байв. Японы эзэрхэг түрэмгийлэх цэрэг улс төрийн бодлого нь ЗХУ-ын дорнод хэсгийг эзлэн авахын тулд Монголын газар нутгийг урьдаар эзлэн авч дайны талбар хийх гэж байжээ. Үүнийг биелүүлэхийн тулд тавьсан стратегийн зорилго нь Монголын зүүн өнцөг Халхын голын Тамсагбулагаар довтолж улмаар Чойбалсан хотыг дайруулж гүнд нь давших байв. Энэ үүргийг биелүүлэхийн тулд Манжуурт байсан цэргийн ангиудын шилдэг хэсгээр бүрэлдсэн 6-р армийг байгуулж амьд хүч ба техникийн талаар бүрэн ханаж "туршлагатай" гэж байсан генерал Камацубара-гаар командлуулж тус улсад довтлох үүрэг тавьжээ. Монгол Зөвлөлтийн цэргийн бодлого нь дайсны төлөвлөгөөг илрүүлсний дараа тулалдаан үүсч болзошгүй газар хил хязгаарыг хамгаалах цэргийн ангиудад үүрэг тавьж хүчийг нэмэгдүүлэхийн хамт дайсныг бутцохиход хүрэлцэхүйц ангиудыг богино хугацаанд зохих чиглэлүүдэд хуралдуулах үүргийг тавьсан байна. 1939 оны 5-р сарын 11-нээс 31-нд хоёр талаас цэргийн багахан хүч оролцсон тагнан турших шинжтэй тулаан болж япончууд 2600 цэргээр Номун хан, Бүрд овооны орчмоор болон Хайлаастын голын дагуу Монголын нутагт цөмрөн ороод Монгол, Зөвлөлтийн багахан хүчинд цохигдож 400 гаруй цэрэг офицерыг алдаж, зэвсэг техникээ устгуулж улсын хилээс зугтан гарсан. Японы тал дахин довтлох төлөвлөгөөг 7-р сарын эхээр товлож, Монгол-Зөвлөлтийн цэргийг хүчээ хуралдуулаагүй байх үед давуу хүчээр дайрч нутгийн гүнд орохоор төлөвлөж явган цэргийн 7 дивиз, тусгай хороо, 2 танкийн хороо бүхий 8000 цэрэг, 310 их буу, 135 танк, 225 нисэх онгоцтой хүч хуримтлуулсан байв. Энэ үед Зөвлөлт-Монголын цэрэг ч хүч нэмэгдүүлж танкийн 1, хуягтын 3, буудлагын пулемётны 1 бригад, мотобуудлагын 2 хороо, МАХЦ-ийн 2 морьт дивиз, 109 их буу, 186 танк, 266 хуягт машин, 82 нисэх онгоцтой байв. Японы цэргийн нисэх хүчний 150-иад онгоц 1939 оны 6-р сарын 20-нд агаарын хил зөрчин орж, Монгол-Зөвлөлтийн байрлаж байсан Хамар давааг бөмбөгдөв. 1939 оны 6-р сарын 22-нд Японы 120 онгоц дахин довтлоход Монгол-Зөвлөлтийн 95 онгоц тосон тулалдаж, дайсны 31 онгоцыг сөнөөж, манай талаас 12 онгоц сүйджээ. Япончууд 6-р сарын 24-нд дахин 60 гаруй онгоцоор дайрч 25 онгоцоо алджээ. 6-р сарын 26-ны өдөр Буйр нуурын орчимд Японы 60 шахам онгоц, манай сөнөөгч онгоцтой маш ширүүн тулалдаан хийсэн бөгөөд энэ 6 хоногийн хугацаанд Япончуудагаарын тулалдаанд 64 онгоцоо алдсан юм. Гэвч Япончууд 6-р сарын сүүлчээр Тамсагбулаг, Баянтүмэнийг олон онгоцоор бөмбөгдөж чадсан юм.
Хоёрдугаар үе
засварлахМонгол-Зөвлөлтийн цэргийг бүслэн авч устгах, Халх голын баруун эрэгт бэхжих зорилгоор довтолгооны бэлтгэлийг эрчимтэй хийж эхлэн 1939 оны 7-р сарын 2-нд Японы тал 38 мянган цэргийн албан хаагч, 310 нэгж зэвсэг, 135 танк, 225 нисэх онгоц дайчлав. Квантуны армийн штаб 6-р сарын 19-ний өдөр гэхэд байлдааны ажиллагааны төлөвлөгөө боловсруулж дуусгасан бөгөөд дэслэгч генерал Ясуока Масаоми-гаар удирдуулсан бүлэглэлийг байгуулжээ. Дээрх төлөвлөгөөний дагуу хошууч генерал Кобаяши-гийн отряд Монгол, Зөвлөлтийн цэргийн хориглолтын зүүн жигүүрээр тойрон Халхын голыг гаталж Баянцагааны нурууг эзлэн цаашид фронтын төв хэсгээр давших, генерал Якуосагийн бүлэглэлтэй харилцан ажиллах, улмаар Халхын голын зүүн эрэгт байгаа манай цэргийг бүслэн авч устгах зорилт тавьж байв. Японы тал энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд Халхын голын районд 3 явган ба 1 морьт хорооноос бүрдсэн 23 дугаар дивиз ,7 явган дивизийн хоёр хороо,3,4 дүгээр танкийн хороо,Хянганы морьт дивизийн Баргын 3 морьт хороо, их бууны 1 дүгээр тусгай хороо болон 7 дугаар хүнд их бууны хороо, зенитийн их бууны хоёр дивизион болон хэд хэдэн танк эсэргүүцэх батарей бүхий 38 000 хүннтэй хүчийг гардуулжээ.Эл бүлэглэлийг дэмжих, халхлах үүргийг дэслэгч генерал Гигагийн командалсан 2 дугаар нисэх дивиз хүлээжээ.Японы цэргийн гол цохилтын бүлэглэл 7 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө Халхын голын хөвдөг гүүрээр гаталж эхэлсэн байна.Өглөөний 10 цаг гэхэд тус бүлэглэлийн гол хүч голын баруун эрэгт гарч амжжээ. Голын баруун эрэгт гарсан Япончууд Баянцагааны нурууг эзлэхээр батальон орчим хүчийг тэргүүний отрядад илгээв. Энэ үед МАХЦ-ийн 6 дугаар морьт дивизийн 15 дугаар морьт хороо Баянцагаанаар дамжин голын гарам руу явж байгаад дайсны галд гэнэт өртөж гэдрэг ухарсан байна. Японы тэргүүний отряд Баянцагааны баруун хойд талд бэхжиж өөрийн бүлэглэлийн гол хүчийг гол гаталж Баянцагаан руу гарах ажиллагааг хангаж эхэлжээ. Голын гармыг хамгаалахаар ирсэн МАХЦ-ийн 6 дугаар морьт дивизийн хуягт дивизион 15 дугаар морьт хорооны хамт дайсантай байлдаж эхэлсэн боловч Японы нисэх онгоц тэднийг хүчтэй бөмбөгдөж байлдааны талбарт хэсэгчлэн бутаргасны улмаас зохион байгуулалттай сөрөг дайралт хийх бололцоо олдсонгүй. Энэ байдлын улмаас дээрх ангиуд Улаан армийн ангиудыг иртэл дайсанд нөлөө үзүүлж чадаагүй байна.Япончууд Баянцагааны нуруунд 71 болон 72 дугаар явган хороо, нэг морьт хороо, танк эсэргүүцэх их бууны 17 батарей, 75 мм-ийн их бууны 10 батарей гаргасан байна. Японы цэрэг халхын голыг гаталж Баянцагааны нуруунд гарч ирснийг манай командлал 3-ний өдөр мэдсэн байна. Энэ өдрийн өглөө МАХЦ-ийн 6 дугаар морьт дивиз руу очихоор явж байсан МАХЦ-ийн сургагч ахмад И.М.Афонин Баянцагааны нурууг Японы цэрэг эзлэн авч байгааг мэдмэгц тэр даруй Хамар даваан дахь командын байранд ирж энэ тухай мэдэгджээ. Эл мэдээг хүлээн авсан Георгий Жуков Баянцагааны нуруунд дайсныг яаралтай барьж зогсоох, өөрийн нөөц хүчээр Японы цэргийг гурван талаас нь бүслэн устгах шийдвэр гаргасан байна. Тэрээр ЗХУ-ын 11 дүгээр танкийн бригад, 7 дугаар хуягт бригад, 24 дүгээр мотобуудлагын хороог Баянцагааны чиглэлд нэн даруй давшиж, эдгээр хүчийг иртэл дайсныг барьж байх үүргийг 175 болон 185 дугаар их бууны хороонд өгөв. Мөн бөмбөгдөгч онгоцны бүх эскадрилийг нисгэж дайсны байрлалыг бөмбөгдөх тушаал өгчээ. Бригад командлан захирагч Михаил Яковлевийн командалсан 11 дүгээр танкийн бригадын тэргүүний батальон Баянцагаанд ирэнгүүт МАХЦ-ийн 8 дугаар морьт дивизийн хуягтын дивизионтой хамтарч дайсанд анхны цохилт өгсөн байна. Дайсан энэ дайралтыг их бууны ширүүн галаар угтсан бөгөөд Монгол, Зөвлөлтийн хуягт танкийн ангиуд өөдөөс нь ирж явааг мэдээд Баянцагааны нуруунд хориглолтод шилжив. Өдрийн 11 цагийн үед 11 дүгээр танкийн бригадын гол хүч байлдааны талбарт хүрэлцэн ирж явган цэргийг хүлээлгүй дангаараа дайралтанд оржээ. Энэхүү танкийн шийдэмгий довтолгоон нь эгзэгтэй үед санаачлагыг манай талд авах бололцоог олгосон юм.Удалгүй хошууч И.И.Федюнинскийн командалсан Зөвлөлтийн 24 дүгээр мотобуудлагын хороо, хошууч А.Л.Лесовойн командалсан 7 дугаар мотохуягт бригад ирж дайсны баруун хойд, өмнөд талаас нь давшиж эхлэв. Оройн 19 цагийн үед МАХЦ-ийн 6,8 дугаар морьт дивизийн хуягт дивизионууд дээрх нэгтгэл, ангиудын хамт дайсны гурван талаас нь дайралт хийв. Байлдаан шөнөжин үргэлжилсэн боловч ямар нэг өөрчлөлт гарсангүй. Японы 23 дугаар дивизийн командлагч, генерал Комацубара Мититаро 7-р сарын 3-ны өдөр Квантуны армийн штабын орлогч Яногийн хамт Халхын голын баруун эрэгт гарч ирсэн байна. Голын баруун эрэг дэх байлдааны ажиллагааг удирдахаар ирсэн тэрбээр төлөвлөсөн зорилтыг биелүүлэх боломжгүй болсныг ойлгожээ. Иймд голын баруун эрэг дэх өөрийн цэгийг бут цохигдохоос өмнө яаралтай буцаж голын зүүн эрэгт гарах тушаал гаргажээ. Японы цэрэг 7-р сарын 4-ний өглөө 3 цагийн турш их бууны галын бэлтгэл хийсний эцэст сөрөг дайралт хийв. Мөн агаараас цохилт өгөхийг оролдсон байна. Манай цэрэг дайсны энэ дайралтыг няцаан байлдаж орой нь сөрөг дайралтанд оров. Япончууд Баянцагааны нуруунд 5 км өргөн, 2 км гүн хориглолтын зурваст бүх хүчээрээ эсэгүүцэж байлдаан шөнөжин үргэлжилжээ. Япончууд их буугаа ашиглан манай танк, хуягтын эсрэг байлдахын зэрэгцээ гранат, шилтэй шатахуунаар зэвсэглэсэн ”никухаку” буюу “үхлийн отряд”-ын цэргийг ашиглаж байв. Тэд танкийг ойртуулан гранатаар устгах буюу танкан доогуур орж өөртэйгээ хамт дэлбэлж байв. Японы тал Комацубарагийн тушаалаар 4-ний өдрөөс эхлэн ангиудаа ухрааж эхэлсэн байна. Энэ үед манай цэргийн давших ажиллагаа улам эрчимжиж дайсан ч их хохирол хүлээж байв. Япончууд өөрсдийн цэргийн ухралтыг халхалж улангасан эсэргүүцсэн байна. Монгол, Зөвлөлтийн цэрэг 7-р сарын 4-5-нд шилжих шөнө дайсанд шийдвэртэй цохилт өгч, Японы үлдэгдэл цэргүүд Халхын голын дээгүүр тавьсан гүүрээрээ голын зүүн эрэгт гарсан байна. Япончууд их хохирол үзсэн 26 явган хороогоо хамгийн сүүлд 7-р сарын 5-ны өглөө гатлуулан гүүрийг дэлбэлжээ. Баянцагааны тулалдаан нь Японы талаас Халхын голыг гатлан давших гэсэн эхний бөгөөд эцсийн оролдлого байсан бөгөөд дахин голын баруун эрэгт гарах гэж зүрхлээгүй юм. Халхын голын баруун эрэгт гарсан Японы 8000 гаруй цэрэг алагдаж, шархадсан бөгөөд уг тулалдаан нь төрөл бүрийн цэргийг их хэмжээгээр бөөгнөрүүлэн оролцуулсан ширүүн тулалдаан болсон юм. Гурван өдрийн ширүүн тулалдаанд дайсан бараг бүх танк, их буу, 45 онгоц, 5500 хүнээ алдаж ухран, Халх голын цаана хөөгдөн гарсан. Японы цэрэг фронтын төв хэсгээр 1939 оны 7-р сарын 2-ны орой давшилтаа эхэллээ.
Гурав дугаар үе буюу шийдвэрлэх тулалдааны үе
засварлах1939 оны 7-р сарын 8-наас 8-р сарын 20 хүртэл явагдсан. Баянцагааны тулалдаанаас хойш Япончууд тагнуулын чанартай агаарын довтолгоо явуулж, 7-р сарын 23-наас 8-р сарын 4 хүртэл 116 нисэх онгоцоо алдсан юм. 8 сарын эхээр Японы Квантуны арми шинэ давшилт хийжээ. Мөн сарын эхээр генерал Огису Рюхэйгийн удирдсан японы 6-р арми, мөн 7, 23-р явган цэргийн дивиз, 14-р бригад, манжуурын явган цэргийн бригад, 3 морьт цэргийн бригад хүчээ нэгтгэн БНМАУ-руу дайрчээ. Энэ удаа Японы цэргийн тоо 75 мянгад хүрсэн байна. харин 182 танк, 350 онгоц дайчилжээ. 8 сарын 17-нд Японы цэргүүд давшилт хийв. 3 өдрийн дараа Монгол Зөвлөлтийн цэргүүд японы цэргийн давшилтыг зогсоож чаджээ. Зөвлөлтийн цэргийн удирдлагууд Халх голд 82-р, 57-р буудлагийн дивиз, танкын 6-р хороо, агаарын десантын 212-р бригадыг нэмж авч ирсэн байна. Мөн байлдааны онгоцны тоог 515 болгожээ. Монголын тал маршал Хорлоогийн Чойбалсангийн удирдсан 17000 гаруй хүнтэй 4 морьт цэргийн дивизээр хүч нэмэгдүүлэв. Ингэснээр Монгол Зөвлөлтийн цэргийн тоо Японы түрэмгийлэгчдээс илүү гарсан байна. Тухайлбал явган цэргийн тоогоор 1,5 дахин, танкны тоогоор 4 дахин, артиллерийн зэвсэгийн тоогоор 2 дахин, онгоцны тоогоор 1,6 дахин илүү болжээ. Халх голын байлдааны ажиллагааг ЗХУ-ын маршал Георгий Жуков удирджээ. 8-р сарын 20-нд Монгол Зөвлөлтийн цэргүүд агаарын цохилт өгсөний дараа давшилт хийжээ. 8-р сарын 23-нд Японы 6-р армийг бүсэлж, 8-р сарын 28-нд дайсныг бут цохижээ. 1939 оны 8-р сарын 31-нд БНМАУ-ын нутаг дэвсгэр Японы түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлөгджээ. 1939 оны 9-р сарын 15-нд Москва хотод Япон-ЗХУ-ын хооронд гэрээ байгуулж 9-р сарын 16-ний өдрийн 14 цагаас дайны ажиллагаа зогсжээ. Японы тал Халх голын дайнд нийт 61 мянган цэргээ алджээ. Тэдний 25 мянга нь тулааны үед үрэгдсэн юм. Харин Японы түүхчид Халх голын тулаанд 8000 цэргээ алдсан гэж үздэг. Харин зөвлөлтийн талаас 8 мянган цэрэг амь үрэгдэж, 16 мянган цэрэг шархаджээ. Зөвлөлтийн 207 онгоц тулааны үеэр сүйрчээ.
1939 оны Халх голын тулааны үеэр амь үрэгдсэн цэргийнхээ шарилыг эх орон руугаа авч явах зөвшөөрлийг Япон улс сүүлд 2004 онд Монгол улсаас хүссэн байна.
Цэрэг стратегийн ач холбогдол
засварлах1939 онд Хаант засгийг халаад дөнгөж 18 жил шинэ тулгар хөгжиж буй Монгол улсад энэ дайн нь үндэсний аюулгүй байдалд нь тулгарсан маш ноцтой аюул байсан юм. Хэдийгээр дайны гол цэрэг стратегийн бодлого Зөвлөлт орос ба Япон улсуудын хооронд явагдсан ч төв азийн стратегийн гол байрлалтай Монгол улсын хувьд тусгаар тогтнолоо хамгаалан авч үлдэх чухал шаардлага гарсан юм. Халхын голын дайныг Дэлхийн II дайн эхлэхэд шууд нөлөө үзүүлсэн, өөрөөр хэлбэл, байлдааны ажиллагаа Алс Дорнодын театраас Европ руу шилжихэд хүргэсэн гэж үзвэл дэлхийн түүхэнд, ялангуяа Дэлхийн II дайны явцад түүнээс ч дутуугүй нөлөөг мөн Халхын голын дайн үзүүлжээ гэж үзнэ. Сүүлийн үед АНУ-ын судлаач Стюарт Голдман нарын эрдэмтэд нэгэн сонирхолтой санаа дэвшүүлэх болсон нь Халхын голын дайнд Японы хүлээсэн ялагдал, 1941 оны 12-р сарын 7-нд Сувдан арал буюу Пёрл-Харбор дахь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний бааз руу хийсэн довтолгоо хоёрын шууд холбоо хамаарлын асуудал юм. Тухайлбал, С.Голдман “... Япон 1941 оны сүүлчээр ЗХУ-ыг довтолсон бол Сталин Алс дорнод дахь армийн 18 дивиз, 1700 танк, 1500 нисэх онгоц бүхий нөөц хүчнийг Москвагийн төлөөх тулалдаанд татан оролцуулах боломжгүй байх байсан ... Хэрэг явдал ингэж эргэсэн бол Германы ялалтаар ч төгсөх боломжтой байв. Тэр тохиолдолд дайны түүх, дэлхий дахины түүх ч мөн өөрөөр бичигдэх байв” (Goldman, 2009: 5) хэмээн дүгнэсэн нь Халхын голын дайнд байгуулсан Монгол-Зөвлөлтийн ялалтын түүхэн ач холбогдлыг бодитой үнэлсэн хэрэг болжээ. С.Голдманы дээрх санаа судалгааны эргэлтэд орохоос даруй 20 жилийн өмнө, Америкийн цэргийн түүхч Жон Кийган мөн төстэй санааг илэрхийлж, “... Японы хуурай замын хүчин ирээдүйн маршал Георгий Жуковт бут цохиулсныхаа улмаас дахин сэргэлгүй, Оросуудтай тулалдах ямар ч боломжгүй юм гэсэн ганц дүгнэлт хийжээ. Энэ нь 1941 онд тэдэнд ашигтайгаар эргэсэн бол 1945 онд бүрмөсөн ялагдахад нь хүргэсэн байна. Харин Британи, Америкийн тэнгисийн цэргийн хүчин чадлыг япончууд Оросын армийнх шиг үнэлээгүйн улмаас Номхон далайн арлууд руу чиглэсэн тэнгисийн кампанит ажлаа эрчимжүүлэв” (Keegan, 1989: 243) хэмээн дүгнэсэн байдаг.
Эдгээр болон үүнтэй төстэй бусад санааг системчлэн үзвээс, Халхын голын дайны ялалтын түүхэн ач холбогдол дараах байдлаар тодорч байна. Үүнд: Нэгдүгээрт, Халхын голын дайн Зөвлөлтийн армийн болон командлагчдынх нь нэр хүндийг өсгөж өгснөөр тэнхлэгийн гишүүн орнуудын дунд нэгдмэл байдлыг нь алдагдуулж, Японы хуурай замын хүчнийг ЗХУ-ын эсрэг дайнд татагдан орохоос урьдчилан сэргийлж чадсан. Ингэснээр Эх орны дайны турш Зөвлөлтийн арми ганц фронт дээр тулалдах стратегийн харьцангуй таатай нөхцлийг бүрдүүлэв. Хоёрдугаарт, Японы Зэвсэгт хүчний дээд командлалын дунд хуурай замын цэргийнхний нэр хүндийг доройтуулж, Азийн эх газар, Сибирийг чиглэсэн кампанит ажлын төлөвлөгөөнөөс түдгэлзэн хойшлуулахад хүргэсэн ба улмаар тэнгисийн цэргийн хүчнийнхний байр суурийг бэхжүүлэв. Тэд улам бүр өсөн нэмэгдэж байсан стратегийн түүхий эдийн (нефть) хэрэгцээгээ хангахын тулд Номхон далайн арлууд дахь Британийн хүчийг сулруулах зорилгод эргэлт буцалтгүй шилжиж, үүний шууд үр дагавар болох Пёрл-Харборын довтолгоонд хүргэжээ. Энэ цаг үеийг хүртэл АНУ-ын нийгэмд амь бөхтэй оршиж байсан, Конгрессын хоёр танхимд олонхийг бүрдүүлж байсан Бүгд найрамдахчуудын баримталж байсан “Европын хэрэгт үл оролцох” бодлогоосоо татгалзан холбоотны талд дайнд орохыг уриалж байсан Ерөнхийлөгч Франклин Рүзвельтийн бодлого дэмжлэг олоход хүргэв. Ингэснээр нутаг дэвсгэр, аж үйлдвэрийн бааз суурь нь дайны хөлд нэрвэгдээгүй хөгжингүй ганц орон болох АНУ дайнд татагдан орох нөхцлийг бүрдүүлж, эцэстээ Дэлхийн II дайн холбоотны ялалтаар дуусах урьдчилсан нөхцөл болжээ.
Халхын голын дайны Монголын болон дэлхий дахины түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар бид үндсэн гурван дүгнэлт, санал дэвшүүлж байна. Нэгдүгээрт, энэхүү үйл явдлыг бид Монгол Улсын хэмжээнд, өөрийн түүхийг үзэх үзлийн үүднээс “дайн” хэмээн томъёолох нь зүйтэй байна. Хоёрдугаарт, Халхын голын дайн нь Дэлхийн II дайнд оролцогч хоёр эвслийн голлох гишүүдийн хооронд дэгдсэн анхны мөргөлдөөн бөгөөд дайн Алс Дорнодын талбараас Европын талбар руу шилжих нөхцөл болсныхоо хувьд Дэлхийн II дайны эхлэл гэж үзэх нь зүйтэй байна. Гуравдугаарт, Монгол-Зөвлөлтийн ялалт нь Японы стратегийг өөрчилж, улмаар Зөвлөлтийн арми нэг фронт дээр байлдах боломжийг бүрдүүлсэн төдийгүй АНУ-ыг холбоотны талд татан оролцуулахад хүргэсэн ач холбогдлоороо дэлхийн дайн холбоотны ялалтаар дуусахад шууд ба дам байдлаар нөлөөлжээ.
Фашист Герман ЗХУ-д халдан довтолсон 1941 оны 6-р сарын 22-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, УБХ-ын Тэргүүлэгчид, МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчидийн хамтарсан хурал болж, 1936 оны Харилцан Туслалцах протоколоор өөртөө хүлээсэн үүргээ чин үнэнчээр биелүүлнэ гэдгээ Зөвлөлт Засгийн газар, ЗХУКН-д илэрхийлж 1941 оны 9-р сараас Улаан армид тусламж хуримтлуулах хөдөлгөөнийг зохион байгуулах, фронтод бэлэг хүргэх ажлыг удирдах бэлэглэлийн төв комиссыг байгуулсан. Монголчууд ЗХУ-д амьд мал, малын мах, түүхий эд тогтмол нийлүүлж байсан бөгөөд 485 мянган морь худалдсанаас 32 мянган агт бэлэглэжээ. Хуримтлуулсан бэлгээ фронтод дөрвөн удаа хүргэж өгсөн нь мөнгөн дүнгээрээ тухайн үеийн 65 сая төгрөгт хүрчээ. (МАХН-ын түүхийн лекц, 1984: 27) Ийнхүү дайны жилүүдэд БНМАУ Зөвлөлтийн Сибирь, Дундад Ази, Алс Дорнодын нэгэн адил фронтын ар тал болж байсан төдийгүй “АНУ, Британийн зэрэгцээ Сталины бас нэг холбоотон” нь болж байв. Энэ нь ч холбоотон гүрнүүдийн зүй ёсны анхаарал, хараа сонирхолд өртөж, хожим 1945 оны Ялтын бага хурлаар тусгаар оршин ирсэн статус-квог хүлээн зөвшөөрүүлэхэд ихээхэн дэм болсон юм. Япон улс Зөвлөлтийн Алс Дорнотод дангаараа довтлохгүй гэдэг нь тодорхой болсон байжээ. Учир нь Япон өмнөд чиглэлд түрэмгийлэл явуулах сүүлийн шийдвэрээ гаргаснаар АНУ-тай дайтахад хүрсэн билээ. Пёрл-Харбор руу Японы хийсэн дайралтын түүх харьцангуй тодорхой байдаг. Гэхдээ харин АНУ-тай дайтах дайны эхлэл нь Номон ханы бүсэд япончуудын ялагдал хүлээснээс үүдэлтэй гэсэн хэсэг төдийлөн ил мэдээлэгддэггүй. Герман 1941 оны зун Зөвлөлтөд довтлон дайны эхний саруудад Улаан арми сүйрлийн ялагдал амсч байв. Японыг Зөвлөлтийн Алс Дорнодод нэвтрэн чадлынхаа хирээр Зөвлөлтийн газар нутгаас эзлэн Номонханы өшөөгөө авахыг холбоотон Герман шаардаж байв. Гэтэл 1941 оны 7-р сард АНУ ба Британи Японд нефтийн хориг тавьсан нь Японы хувьд хүндхэн нөхцөл үүсгэхээр байв. Ийм байдалд орохгүйн тулд эзэн хааны флот газрын тосоор баялаг Голландын Ост-Энэтхэгийг эзлэн авахаар шийдсэн. Голланд нь жилийн өмнө эзлэгдэж энд Британи ноёрхлоо бүрэн тогтоохоор тэмцэлдэж байлаа. Гэвч АНУ-ын Номхон далайн флот япончуудын замыг хааж байсан юм. Гэсэн хэдий ч Германы шаардлагын дагуу Зөвлөлтөд довтлох хүсэл санаа Японы цэргийн удирдлагын олон хүнд байсан юм. Германы цахилгааны дайны явцад Улаан арми сүйрлийн ялагдал амсч байсан үеэр тэд Номонханы өшөөг авах хүсэлтэй байлаа. Японы арми, тэнгисийн цэргийн удирдлага эзэн хааны оролцоотойгоор энэ асуудлыг авч хэлэлцсэн цэргийн цуврал хуралдааныг хийсэн байдаг. Хурандаа Цүжи гэгч 1941 оны зун Эзэн хааны дээд командлалын төвийн штабт байлдааны ажиллагаа төлөвлөх ахлах офицер болсон байв. Цүжи нүдэнд дулаахан, хурц илтгэгч байсан юм. Тэрээр тэнгисийн цэргийн ажиллагааг дэмжсэн армийн офицерүүдийн нэг байсан бөгөөд энэхүү эрмэлзлэл нь Сувдан арал буюу Пёрл-Харбор руу чиглүүлэх болов. Цэргийн яамны цэргийн алба хариуцсан товчоог 1941 онд толгойлсон Танака Рюкичи (япон. 田中 隆吉 Танака Рю:кичи, 1896 — 1972) дайны дараа мэдэгдэхдээ “АНУ-тай хийх дайны талд Цүжи Масанобу тууштай зогсч байсан” гэж мэдэгдэж байжээ. Цүжи нь өөрөө Номонханд биеэр очиж үзсэн хүн юм байна. Хэрэв Номонханы мөргөлдөөн гараагүй байсан бол үйл явдал хэрхэн өрнөх байв? Хэн нь ч ялаагүй, эсвэл Японы ялалтаар төгссөн бол яах байсан бол? Энэ тохиолдолд Японы өмнөд чиглэлийг сонгосон дайралт өөрчлөгдөх вэ. Зөвлөлтийн цэргийн боломжийг дутуу үнэлсэн Япон Англи-Америкийн хүчний эсрэг эсвэл Германы хамт Зөвлөлтийн эсрэг дайнд оролцох гэсэн хоёр боломжоос хойд чиглэлийг шилдэг сонголт гэж үзэх байсан болов уу.
Халхын голын байлдааныг АНУ болон баруунд судалсан нь
засварлахАлс дорнод дахь олон улсын цэргийн шүүхийн хуралдаан 1946-1948 онд Токиод болох үеэр Квантуны Арми Халхын голд түрэмгий байлдааныг эхлүүлсэн эсэхийг нотлох шүүн хэлэлцүүлэг явагдаж, зөвлөлт, монголын оролцогчид гэрчийн мэдүүлэг өгч, японы түрэмгийллийг нотлох баримтуудыг зөвлөлтийн яллагч нар гарган тавьж, японы оролцогчид, өмгөөлөгч нар эдгээрийг няцаасан мэдүүлэг, үндэслэлүүдийг сөргүүлэн тавьжээ. Ингэснээр Халхын голын байлдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өрнөдийн орнууд анхлан авчээ. Солонгосын дайн 1950 онд эхэлсэнтэй холбогдуулан АНУ-ын цэргийн командлал ЗХУ-аас БНАСАУ-д хэрхэн туслахыг судлах хүрээнд Халхын голын байлдааны үед БНМАУ-д тусалсан туршлагыг судлах чиг үүргийг цэргийн түүхчиддээ өгч байжээ. АНУ-ын цэргийн түүхийн байгууллагаас дэлхийн хоёрдугаар дайн түүний дотор Халхын голын дайнтай холбогдолтой японы баримт материалыг судлах, англи хэлнээ орчуулах ажлуудыг 1950-иад онд хийж гүйцэтгэсэн байна. Энэ бүхэн нь АНУ-ын түүхчдийн дунд Халхын голын дайныг сонирхох явдлыг эхлүүлсэн байна. АНУ-ын “Нью Йорк Таймс” сонинд 1939 онд Халхын голын байлдааны эхлэл, явц, төгсгөл, БНМАУ, Манжго-гийн хоорондын хил тогтоох комиссын хуралдаан, дүнгийн талаар Японы Домейн, Зөвлөлтийн ТАСС, Ассошейтэд Пресс, Квантуны Армийн хэвлэлийн мэдээ зэргээс иш татан байнга мэдээлж байжээ. Тус сонин 1939 оны 7-р сарын 10-ны дугаартаа Халхын голын байлдааныг “зарлаагүй дайн”, 7-р сарын 20-ны редакцийн тэргүүн өгүүлэлдээ “хачин дайн” гэж тус тус нэрэлж байжээ. Одоогоор мэдэгдэж байгаагаар Халхын голын байлдааны тухай өгүүллэгийг америкийн судлаач А.Куукс, К.Тинч нар 1951 онд хэвлүүлж байв. Зөвлөлтийн судлаач С.Н.Шишкины Халхын голын байлдааны тухай ном 1954 онд хэвлэгдсэн нь АНУ, Японы судлаачдын анхаарлыг ихэд татсан байна. Энэхүү сэдвээр эрдмийн цолыг америкийн иргэн К.Гильберт 1959 онд Жоржтауны Их Сургуульд хамгаалж байв. Халхын голын байлдааны сэдвээр АНУ-д 1960-аад онд зарим судлаачид эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлүүд гаргажээ. Улмаар 1970-аад онд уг сэдвээр судалгааны өгүүллэгүүд нилээд хэвлэгдэж байв. Номонханы хэрэг явдлыг судалсан ном бүтээлүүд 1980-аад онд АНУ-д нилээд гарсаны дотор хамгийн жинтэй нь А.Кууксын “Номонхан: Япон Зөвлөлтийн эсрэг 1939” хэмээх хоёр боть зохиол юм. Үүний зэрэгцээ мөн үед АНУ-ын батлан хамгаалах бодлого судлалын байгууллагууд, сургуулиудад Халхын голын байлдааны туршлагыг хуучин ЗХУ-ын давших, хориглох номлолтой холбогдуулан судлах, оюутнуудын дунд уг сэдвээр сэдэв боловсруулах, цэргийн урлагийн сэтгүүлд нийтлэх явдал өргөн байв. ЗХУ задарсанаар архивын материалууд нээлттэй болж, өмнөх дүгнэлт, баримтуудыг эргэн харах хэрэгтэй болсноор зөвлөлт, оросын түүхийн асуудалд өрнөдийн түүхчид хүлээцтэй хандах болсон байна. Үүний улмаас өрнөдөд Халхын голын сэдвээр бүтээл гаргах явдал нэг хэсэг завсарлажээ. Улмаар 1990-ээд оны сүүлчээс АНУ-д Халхын голын сэдвээр бүтээлүүд дахин гарах болов.Куукс Халхын голын байлдааны түүхийг японы баримт материал, дайнд оролцогчидтой хийсэн ярилцлагад тулгуурлан Квантуны армиас ЗХУ-ын талаар баримтлаж байсан бодлогын үүднээс бичжээ. Иймд түүний бүтээл нь японы үзэл бодлын үүднээс гаргалгаа хийсэн үндсэн талтай боловч эдүгээ хүртэл өрнөдөд төдийгүй бусад улсад ч үүнтэй тэнцэх жинтэй бүтээл гараагүй байна. Японы нисэх онгоцууд Сүмбэрийн заставыг бөмбөгдсөн явдал Халхын голын байлдааныг шатлан өргөжүүлэх шалтгаан болсон гэдэг дүгнэлтийг Куукс хийжээ. Тэрээр Квантуны арми цэргээ хойш татсан байтал зөвлөлтийн цэрэг яагаад 1939 оны 6 дугаар сарын дундаас Манжуурын нутгийг довтлов гэдэг асуудлыг дэвшүүлжээ. А.Кууксийг нас барсантай холбогдуулан “НьюЙорк Таймс” сонинд (1999.11.23) бичихдээ “Куукс нь арав гаруй номын зохиогч буюу хамтран зохиогч бөгөөд гэхдээ түүний түүхчийн нэр хүнд нь “Номонхан: Япон Зөвлөлтийн эсрэг 1939” зохиолд оршдог юм” гэж тодорхойлоод энэхүү байлдаанд япон, зөвлөлтийн талаас ойролцоогоор 70 мянган хүн алагдаж, шархадсан юм. Куукс Японы ялагдал нь түүнийг ЗХУ-тай байлдах төлөвлөгөөнөөсөө татгалзаж улмаар Перл Харборийг онилоход хүргэсэн гэж үзэж байв” гэжээ. Мөн “энэ нь дэлхийн хоёрдугаар дайнд фашист гүрнүүдийн баримтлах бодлогыг тодорхойлоход нөлөөлж, профессор Кууксын гавьяа нь тэрээр дэлхийн хоёрдугаар дайны босгон дээрх энэхүү шийдвэрлэх тулалдаан нь ач холбогдлоороо Сталингардтай дүйцэхүйц гэдгийг олж харсанд оршино” гэж үнэлжээ. Японы бодлогыг судлах хүрээлэнгийн захирал Ч.Жонсон Кууксын бүтээлтэй холбогдуулан “Номонхан нь дэлхийн хоёрдугаар дайны хамгийн чухал тулалдааны нэг байсан бөгөөд учир нь уг тулалдаан японы цусыг урсгаж ЗХУ-аас эмээхэд хүргэсэн бол харин АНУ-ыг хөнгөн зууш гэж үзэхэд хүргэжээ” гэж хэлсэн байна. Куукс энэхүү номоо 35 жилийн хөдөлмөр, 400 гаруй хүнтэй хийсэн ярилцлагын дүн гэж хэлж байжээ. Байлдаанд оролцсон Японы хэсэг дайчид Кууксийн номыг үнэлж хувийг нь тулалдаанд алагдсан япончуудын дурсгалд зориулан Токиод сүмд мөнхөлсөн байна. Японы милитаристуудаас Ази, Номхон далайн бүс нутагт дэлхийн хоёрдугаар дайныг эхлэн өдөөж, шатлан өргөжүүлсэнийг нарийвчлан харуулах зорилгоор АНУ-ын засгийн газраас Японы албан ёсны болон албан бус эх сурвалж, баримт материалыг орчуулах, судлах ажлыг дайны дараагаар явуулжээ. Японы засгийн газар 1945 оны 10-р сарын 12-нд дэлхийн хоёрдугаар дайны түүхийг бичихэд шаардлагатай мэдээллийг цулуулах үүрэг бүхий байгууллагыг байгуулсан байна. Японы өмнөх засгийн газруудын үлдсэн баримт бичгүүд, дайнд оролцогчдын тэмдэглэл, хувийн архивыг цуглуулах, дайнд олзлогдсон японы цэргийн эрхтнүүдийг түүхийн зорилгоор байцаах үлэмжхэн ажил хийгджээ. Эдгээр материалыг ашиглан АНУ-ын хяналтын дор 200 гаруй судалгаа хийгдсэн нь АНУ-ын цэргийн түүхийн төвд хадгалагдаж байгаа юм. Энэ хүрээнд японы судлаачдын 184 төрлийн нэгэн сэдэвт судалгаа, харин Манжуурын талаарх Японы 13 судалгаа нь зөвхөн түүхийн зорилгоор бус Солонгосын дайн явагдаж байсан тул “коммунист хятад, БНМАУ, зөвлөлтийн Алс дорнодын талаар тагнуулын суурь судалгаа” болгох зорилгоор хийгдэж байжээ. Эдгээрийг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор үлэмж сонирхолтой хэсэг болох 47 судалгааг эмхтгэн “Ази, Номхон далай дахь Дайн 1937-1949” хэмээх 15 ботийг АНУ-ын Өмнөд Иллинойс Их Сургуулийн хэсэг эрдэмтэд АНУ-ын цэргийн түүхийн төв, АНУ-ын үндэсний архивын цэргийн судалгааны бүлгээс хамтран 1980 онд гаргажээ. “Манжуурын талаарх Японы судалгаа 1945-1960” гэсэн иж бүрэн судалгаа нь газрын зураг, хавсралтын хамт хийгдсэн бөгөөд энэ нь дээрх эмхтгэлийн нэгдүгээр ботийг бүрдүүлж буй юм. Энэхүү эмхтгэлийн 11-р боть нь Халхын голын байлдаанд зориулагдсан бөгөөд “японы тал 50 мянган хүнээр хохирсон нь зөвлөлт-монголын хохиролоос даруй тав дахин их байв” хэмээн эмхтгэгч Д.Дейтвайлер оршилдоо онцлон тэмдэглэжээ. Эмхтгэлийн 10, 11 дүгээр ботиуд нь “Япон ба ЗХУ” гэсэн ерөнхий гарчигтай. 10 дугаар боть “ЗХУ-ын эсрэг Японы оперативын төлөвлөлт 1932-1945”, “ЗХУ-ын эсрэг тагнуулын төлөвлөлт 1934-1941”, “1938 оны жижиг дайн ба хилийн асуудлууд” гэсэн үндсэн бүлгүүдтэй. 11 дүгээр боть нь “Жижиг дайн ба хилийн асуудлууд 1939: Номонханы хэрэг явдал” гэсэн ерөнхий гарчигтай. Энэхүү боть Халхын голын байлдаанд зориулагдсан бөгөөд 470 талтай, заримдаа энэхүү ботийг “Манжуурын судалгааны 11 дүгээр боть” гэж нэрлэх нь бий. Энэхүү судалгаанд тусгагдсан зарим нэгэн дүгнэлт, зөвлөлтийн талаарх тоо баримт нь бодит байдлаас зөрөөтэй боловч Япон-Манжго-гийн цэргийн бүрэлдэхүүний талаарх тоо баримт нь сонирхолтой юм. Судалгааг АНУ-ын албаны бүлгээс Халхын голын байлдаанд оролцсон японы офицеруудаар бичүүлсэн, энэ ч үүднээс японы байр суурийг хамгаалах үүднээс боловсрогдсон боловч Халхын голын байлдааныг судлах чухал хэрэглэгдэхүүн болно. Халхын голын байлдааны сэдвийг сонирхон судлах хандлага АНУ-ын түүхчдийн дунд идэвхтэй байгаа нь Японы стратеги умардаас өмнөд үрүү чиглэсэн өөрчлөлтийн шалтгааныг Халхын голын байлдаанд Квантуны Арми ялагдсанаас хайдаг, Япон Перл Харборыг довтолсоны үндэс нь Японы Номонханд ялагдсантай холбоотой гэсэн дүгнэлт гаргалгаа хийдэгтэй холбоотой. Энэхүү дүгнэлтийг Куукс дэвшүүлж, Голдмэн нарийвчлан судалжээ. Гэхдээ иймэрхүү байр суурийг АНУ-ын "New York Times" сонинд 1939 оны намар илэрхийлэн бичиж байжээ. АНУ-ын цэргийн түүхч Дрий Квантуны Армийн 7 яд-ийн нэгэн батальоны Халхын голын байлдаанд оролцсон байлдааны тэмдэглэлийг ашиглан тус батальоны байлдааны ажиллагааг харуулсан тактикийн судалгаа хийсэн нь мөн л японы үзэл бодлын үүднээс хийгдсэн боловч байлдааны ажиллагаа доод түвшинд хэрхэн явагдсаныг харуулсанаараа сонирхолтой болжээ. Түүхч Голдмэн Халхын голын байлдааны түүхийн сэдвээр 1970 онд эрдмийн зэрэг хамгаалсан бөгөөд тэрээр 2009 онд Монголд ирж, байлдааны ажиллагаа явагдсан газар оронтой танилцсан байна. Түүний бичсэн “Номонхан 1939” номыг 2012 онд АНУ-ын тэнгисийн цэргийн хүрээлэнгээс ивээн тэтгэн хэвлэн гаргажээ. Тус бүтээл нь Халхын голын байлдааны үр дагавар олон улсын харилцаанд хэрхэн нөлөөлсөнийг авч үзсэн өрнөдөд гарсан томоохон бүтээл юм. АНУ-ын иргэн, түүх сонирхогч Д.Варнер “Халхын эрэг хүртэл” гэсэн нэртэй хэмжээгээр харьцангуй томоохон бүтээлийг 2008 онд гаргажээ. Гэвч энэ нь ашигласан материалын жагсаалтгүй, судалгаа гэхээс илүүтэй өөрийн үзэл бодлыг тулгасан нийтлэл болсон тул бусдын анхаарал татсангүй. Монголч эрдэмтэн Мосес Халхын голын байлдааныг нармай монголын хөдөлгөөн, монголчууд нэгдэх асуудалтай холбон судалж, уг дайнд Япон ялагдсанаар монголчуудын нэгдэх сүүлчийн боломж хаагдан, бодол нь унтарсан гэдэг сонирхолтой дүгнэлт 1966 онд хийж байжээ. Судлаач Ж.Хаслам Зөвлөлт-Японы 1933-1941 оны хоорондын харилцааг шинжилсэн өөрийн бүтээлдээ зарим эх сурвалжийг үндэслэн Артур Артузов даргатай НКВД-ийн сөрөх тагнуулын хэлтэс Японы цэргийн атташе Комацубара нь архи, эмст дуртай, санхүүгийн хувьд хүндрэлтэйг анзааран 1920-иод оны сүүлээр нэгэн удаа согтсон үед нь түүний сейфний түлхүүрийг хулгайлан авчээ. Энэ тухайгаа Токиод мэдүүлэхгүйн тулд тэрээр зөвлөлтийн “шахалтад” автжээ гэсэн асуудлыг дэвшүүлэн тавьжээ. Индианагийн их сургуулийн Түүхийн танхимын профессор Х.Куромияа 2011 онд нийтлүүлсэн “Номонханы тайлагдаагүй нууц” өгүүлэлдээ Хасламын таамаглалыг гүнзгийрүүлэн авч үзжээ. Тэрээр Квантуны Армийн 23 яд-ийн командлагч Комацубара нь 1927-1930 онд Москвад суугаа Японы цэргийн атташе байхдаа зөвлөлтийн агентаар элсэгдсэн, чухам үүнд Номонханд ялагдсаны шалтгаан оршино гэдэг таамаглалыг дэвшүүлж, зарим нөхцөл байдал, баримтаар сонирхолтойгоор үндэслэсэн байна. Ийм сэжиг, таамаглал 1960-аад оны эхнээс байсан бөгөөд Команцубара нь зөвлөлтийн талд мэдээлэл дамжуулж байсан байж болзошгүй гэж Куромияа үзжээ. Куромияа хэрэв энэхүү таамаглал нь оросын архивт буй материалаар нотлогдвол Номонханы түүхийг эргэн харж шинээр бичихэд хүрэх бөгөөд Япон сул дорой гэгдэх Хятадыг эзэлж чадахгүй гэдгийг Сталин мэдэж байсан, үүнээс үүдэн Япон ЗХУ-ын эсрэг дайн явуулах чадваргүй гэдгийг ч мэдэж байсан, иймд Номонханы хэрэг явдлыг өдөөгч нь ЗХУ байсан байх магадлалтай гэж үзжээ.АНУ-аас гадна Британид Халхын голын байлдааны сэдвээр нилээд бүтээл, өгүүллэг гарсаны дотор томоохон нь Ж.Колвиний бичсэн “Номонхан” хэмээх ном 1999 онд хэвлэгджээ. Колвин БНМАУ-д Британийн Элчин сайдаар 1971-1974 онд, Британийн гадаад тагнуулын төлөөлөгчөөр Вашингтонд 1977-1980 онд тус тус сууж байв. Тэрээр төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа цэргийн түүх сонирхон хэд хэдэн ном бичсэний дотор дээрх бүтээлийг туурвижээ. Канадын түүхийн сэтгүүл 1987 оны 8 дугаар сарын дугаартаа Ш.Винхийн бичсэн Кууксийн номын талаар дэлгэрэнгүй тайлбар, Британийн “Нью Стейтмэн” сэтгүүлийн 1999 оны дугаарт Н.Феарн Ж.Колвиний “Номонхан” номын талаар бичсэн тойм нийтлэгдсэн нь судлаачдын анхаарлыг ихэд татаж байжээ. Британид хэвлэгддэг “Цэргийн түүх” сар тутмын сэтгүүлийн 2012 оны 10 дугаар сарын дугаарт А.Мкдоналдийн бичсэн “Хилийн хяналт:Номонханы тулалдаан 1939 оны 7-8 дугаар сар” өгүүллэг нийтлэгджээ. Зохиогч япончууд оросын танкийг хүйтэн зэвсэг, гар бөмбөг, бушидо буюу “оюун санааны давуу байдлаар” угтсан бөгөөд Сталин офицерийн бүрэлдэхүүндээ цэвэрлэгээ хийсний дараа Улаан Арми нь удирдлагагүй болсон хэмээн японы цэргүүдэд ойлгуулсан байв. Японы тагнуул зөвлөлтийн талыг богино хугацаанд механикжсан үлэмжхэн хүчийг хуралдуулах чадавхитай гэдгийг дутуу үнэлсэн юм. Хэрвээ япончууд Номонханы хэрэг явдлыг ер үүсгээгүй эсвэл ялсан бол үр дагавар нь ямар байх байсан бол магадгүй Япон Гитлерийн талд дайнд оролцох байсан болов уу, магадгүй тэд Оросыг дэлхийн тавцангаас зайлуулсан байх байсан болов уу гэвч Гитлер Польшийг эзлэхээс 48 цагийн өмнө Япон эхлээгүй байсан дэлхийн хоёрдугаар дайнд нэгэнт ялагдсан байв гэж бичжээ. АНУ болон өрнөдийн судлаачдын Халхын голын талаарх бүтээлийг нэгдүгээрт, түүхийн судалгаа, хоёрдугаарт, танин мэдэхүйн зорилготой хэмээн хувааж болох юм. Эдгээрт дараах үндсэн асуудлуудыг дэвшүүлсэн байна. Үүнд:Дэлхийн бодлого, Алс дорнод, Европ дахь олон улсын харилцаанд Халхын голын байлдааны үзүүлсэн нөлөө нуугдмал байна,Японы цэрэг 5 дугаар сарын сүүлчээр болсон байлдааны талбарыг орхин буцсан байтал Зөвлөлтийн тал 1939 оны 6-р сарын дундуур Халхын голын зүүн эрэгт цэргээ байрлууж, Манжуурын хот тосгодыг агаараас довтолсоны зорилго юу байв, Халхын голын байлдаанд оролцогч талууд хохиролын тоо хэмжээг өсгөн мэдээлж байсан бөгөөд одоо ч эргэлзээтэй байна, Халхын голын агаарын байлдаанд японы нисэх хүчин тоогоор цөөн боловч ур чадвар, техникийн давуу байдлын ачаар Халхын голын байлдааны хугацаанд агаарт үндсэндээ ноёлж, идэвхтэй байсан зэрэг болно. Энэхүү номонд АНУ-д хэвлэгдсэн 24, Британид гол төлөв хэвлэгдсэн 10 нийт 34 бүтээлийн жагсаалтыг хавсаргасан болно. Жагсаалтад АНУ-д гарсан судалгааны бүтээлүүд үндсэндээ орсон боловч бүрэн гүйцэд гэж үзэж болохгүй, дээр нь өрнөдийн бусад оронд англи бус хэлээр хэвлэгдсэн бүтээлүүд ороогүй болно. Эдгээр бүтээлийг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор тэдгээрээс сонирхол татах хорин гурван бүтээлийг энэхүү эмхтгэлд оруулав. Гэхдээ эдгээрийг бүрэн биш, чухал гэж үзсэн зарим хэсгүүдийг нь зөвхөн орчуулан буулгасан бөгөөд ингэхдээ хөндлөнгийн тайлбар, дүгнэлт хавчуула
Агаарын тулалдаан
засварлах1939 оны 5-р сарын эхэн гэхэд Халх голд Японы, Зөвлөлт-Монголын цэргийн ихээхэн хүч хуримтлагдаад байлаа. 5-р сарын 1-ний өдөр гэхэд Японы цэргийн нисэх хүчний 355 онгоц, Зөвлөлтийн ажилчин тариачны улаан армийн авиабригадын 82 онгоц очоод байлаа. Харин 5-р сарын сүүл гэхэд энэ тоог Өвөр байгалийн 23 дугаар авиабригадаас нэмэн хангаж 203 болгосон юм. 1939 оны 5-р сарын сүүлчээр эхний агаарын тулаанууд эхэлсэн бөгөөд энд японы нисэх онгоцууд агаарт давамгайлж байжээ. 5-р сарын эхний тулаанд Монголд байрлаж байсан зөвлөлтийн нисэх хүчний удирдагчид, нисгэгчид агаарын тулааны туршлага муутай, дайсны арга тактикийг сайн мэдэхгүй байснаас болж эхний тулаанд нэг дор 17 онгоцоо алджээ. Иймээс Москва дахь цэргийн удирдлага нь энэ цэргийн анги нэгтгэлүүдийн дээд удирдах бүрэлдэхүүнийг туршлагатай хүмүүсээр яаралтай солих шийдвэр гаргаж удирдагчаар нь Григорий Штернийг томилсон байна. Тэдний онгоцууд багахан өндрөөс хориглолтын шугам, байгууламжуудыг бөмбөгдөж орос, монголын талд хүн хүч, материал, морьдын их гарц хохирол учруулж байсан учир зөвлөлтийн удирдлага Испани, Хятадад агаарын тулаанд гарамгай байлдаж байсан нисэхийн туршлагатай сургагчид мөн туршлагатай нисгэгчдийг Монгол уруу илгээхээр шийдсэн байна. 1939 оны 5-р сарын 28-нд Монголд ирсэн зөвлөлтийн нисгэгчдийн 8 нь ЗХУ-ын баатар цолтой байсан ба тэднийг нисэх хүчний корпус командлагч, ЗХУ-ын баатар Яков Владимирович Смушкевич удирдаж байсан юм. 6-р сард Халх голын тэнгэр харьцангуй тайван байснаа 6-р сарын 22-нд Зөвлөлтийн 95 сөнөөгч онгоц Японы 120 онгоцтой нэгэн зэрэг гурван газарт тулалдлаа. Япончууд энд шинэ сөнөөгч И-97-гоо агаарт гаргаж тулаанд оруулсан. Дайсан энэ удаа 30 гаруй онгоцоо алдсан бол Зөвлөлтийн тал 14 сөнөөгч онгоцоо алджээ. 6-р сарын 26-нд болсон тулааны үеэр Зөвлөлтийн 3 сөнөөгч онгоц Японы 10 онгоцтой үхэл сөрөн тулалдаж хошууч В.М.Забалуевын онгоц гэмтэж дайсны нутагт шүхрээр буухад нь ЗХУ-ын баатар Сергей Грицевец ганц хүний суудалтай онгоцоор дайсны нутагт бууж нөхрөө аварсан байна.
27-ны өдөр Зөвлөлтийн 23 бөмбөгдөгч дайсны 70 орчим сөнөөгчтэй тулалдсан. Энэ тулаанаар онгоц нь унасан ЗХУ-ын баатар Г.П.Кравченко гурав хоногийн дараа шумуулд баригдчихсан явган эргэж ирж байжээ. 7-р сар гараад Зөвлөлтийн тал ялж эхэлжээ. 7-р сарын 4, 5-нд Баянцагааны тэнгэрт Зөвлөлтинй тал дайсны 24 сөнөөгчийг унагаасан бол өөрийнхөө ганц онгоцыг алджээ. 8-ны өдөр бас дайсны 21 онгоцыг устгав. Хоёр хоногийн дараа Халх голын баруун эрэг рүү дайсны 100 орчим И-97 онгоц дайрсан. Зөвлөлтийн талаас эхлээд 30 машин, араас нь бас 50 нэмэгдэж үндсэндээ агаарт хоёр талаас 180 орчим онгоц тулалдсан байна. Энэ тулалдаанаар Япончууд 11 онгоцоо алдсан юм. 7-р сард Зөвлөлтийн бөмбөгдөгч онгоцууд агаарт гарч дайсанд цохилт өгч эхэлсэн байна. Энэ өдрүүдэд 150 болон 38 дугаар бөмбөгдөгч хорооны 108 ширхэг бөмбөгдөгч онгоц Янху нуур, Үзүүр нуур, Номун хан, Бүрд овоо зэрэг газар дахь дайсны байрлалыг бөмбөгдлөө. 7-р сарын 20-ны агаарын тулааны үеэр залуу нисгэгч В.Вуссагийн онгоцыг Японы хоёр сөнөөгч хөөж явахыг ахлах дэслэгч В.Ф.Скобарихин ажигласан байна. Ер нь, яг гүйцэх гэж байхад тэр огцом эргэлтээр дайсны онгоцны сүүлийг онгоцоороо дайрч мөргөсөн байна. Түүнийг унаад ухаангүй байхад нь нисэх буудалд авчирсан байна. Түүний энэ гавьяаг ахмад В.П. Кустов бас давтаж агаарын тарааны хоёр дахийг Халхголд хийсэн байна. 8-р сарын 4-нд сөнөөгч онгоцны нисэгч А.Ф.Мошин бас тарааныг давтсан байна. Тэрээр хамаг сумаа дуусгаад байтал дайсны онгоц мөрдөж эхэлсэн. Тэр гэнэт эргэж дайсны онгоцыг мөргөж унагаад буудалдаа эргэж ирсэн. 8-р сарын 4-нд батальоны комиссар М.А.Ююкин байгаа бөмбөгдөөд буцаж явахдаа агаарын их бууны суманд өртөх нь тэр. Онгоцоо дээш хөөргөх гэсэн ч улам унасаар байлаа. Тэр галд автсан онгоцоо Японы агаарын их бууны батарей дээр эгц дээрээс нь унагах нь тэр. 8-р сарын 20-нд Зөвлөлт монголын дайчдын их давшилтын үеэр Зөвлөлт монголын нисгэгчид 144 сөнөөгч онгоцоор хамгаалуулсан 153 бөмбөгдөгч онгоцоор дайсны талд цохилт өгсөн байна. Үүнтэй нэгэн зэрэг дайрагч хэсгийн 44 онгоц дайсны агаарын их бууны цэгүүдийг довтолсон. Энэ өдрийн турш дайсны байрлалд нийтдээ 166 тонн бөмбөг хаясан юм.
1939 оны 8-р сарын 21-нд Японы нисэх хүчин 88 сөнөөгч онгоцоор халхавчилсан 41 бөмбөгдөгч агаарт гаргалаа. Тамсагбулгийн чиглэлд болсон энэ тулаанд Зөвлөлтийн талаас 184 онгоц орж агаарт хоёр талаас нийтдээ 300 гаруй онгоц гарч тулалдсан байна.
Ингээд 1936 оны 5-р сарын 22-ноос 9-р сарын 15 хүртэл Халхгол орчимд Зөвлөлтийн нисгэгчид 20 мянга 524 удаагийн нислэг үйлдэсний 18,5 мянга нь сөнөөгч онгоцны 2015 нь бөмбөгдөгч онгоцны нислэг байсан байна. Халхын голд Японы тал 646 онгоцоо алдсан бол Зөвлөлтийн тал 258 онгоцоо алджээ.
Халхын голд болсон агаарын тулалдаанд эр зориг гарган баатарласан Зөвлөлтийн 28 нисгэгчид ЗХУ-ын баатар цол, Сергей Грицевец, Григорий Кравченко нарт ЗХУ-ын баатар цолыг хоёр дахь удаагаа өгсөн. Хожим нь Яков Смушкевич мөн ЗХУ-ын баатарын Алтан таван хошууг хоёр дахь удаагаа өгсөн юм. Халх гол дахь агаарын тулааныг цэргийн түүхэн дэх хамгийн том агарын тулалдаан, дэлхийн хоёр дугаар дайны өмнө цэргийн нисэх хүчний чадавхийг шалгасан том шалгуур гэж үздэг билээ.Тэд нисэх бүрэлдэхүүнийг агаарын тулаанд сургаж удалгүй И-16 онгоцууд ирснээр Халхын гол дээрхи фронтын байдал нааштайгаар эрс өөрчлөгдсөн байна. Мөн 9-р сарын 2,4,14,15-нд Японы тал агаараас довтлох гэж оролдсон ч Зөвлөлтийн нисэх хүчин агаарт ялалт байгуулжээ. Энэ үед Зөвлөлтийн И-16 загварын 5 онгоц дэлхийд анх удаа РС-82 маркийн реактивийн зэвсэг хэрэглэж Японы 13 онгоцыг сөнөөжээ. Халхын голын дайны үеэр японы нийт 660 нисэх онгоцыг агаарт болон газартустгасан ажээ. Энэ үед цэрэг-дайны түүхэнд анх удаа 2 талаас нэгэн зэрэг олон онгоц оролцсон тулалдаан болсоноороо онцлогтой юм. Британийн “Эйр Ентузиаст” сэтгүүл Е.Секигава-гийн бичсэн “Халхын гол дахь агаарын зарлаагүй дайн” цуврал өгүүллэгийг 1973 оны гурван дугаартаа дараалан нийтэлжээ. Секигава Зөвлөлт, Япон хоёр агаарын байлдаанд тус тусын хохиролыг хэрхэн өсгөж байсан болон агаарын байлдаанд японы хохиролыг баримтаар тооцон гаргажээ. Энэхүү тоо баримтыг хэдийгээр нягтлах шаардлагатай гэх боловч оросын судлаачид хүртэл эдүгээ ашиглах болжээ. Секигава Халхын голын агаарын байлдаанд Японы нисгэгчид “үндсэндээ ялсан” гэдэг дүгнэлт хийжээ. “Эйр Ентузиаст” сэтгүүл 1996-1997 оны дугаартаа А.Валгийн бичсэн “Талын дээрх Жигүүр: 1930-1945 онд Монголд явагдсан агаарын байлдаан” хэмээх мөн цуврал гурван өгүүллэг нийтлүүлжээ. Хенри Сакайда “Мандах нарны шилдэг нисэгчид” номныхоо “Халхин Гол” гэсэн хэсэгт Номонханы агаарын тулалдааны талаар бичжээ. Тэрээр зөвлөлтийн тал японы 650 онгоцыг устгасан гэдэг боловч баримтаар нотлогдсон хохирол нь 162, японы тал зөвлөлтийн 1162 онгоцыг агаарт, 98 онгоцыг газарт устгасан гэдэг боловч байлдааны хүлээн зөвшөөрсөн хохирол нь 207 онгоц тус тус байсан. Японы нисгэгч Хиромичи Шинохара агаарт 58 ялалт, зөвлөлтийн нисгэгч С.Грицевец 40 илүү ялалт тус тус байгуулж шилдэг нисгэгч (дайсны олон онгоцыг устгасан нисгэгчийг "ace" буюу "ас" гэдэг)болсон гэжээ. Японы нисгэгч Б.Ёошияама 20 ялалт, И.Сакай 15 ялалт, Ж.Ивахаши 20 ялалт, М.Масузава 12 ялалт, Ш.Сайто 25 ялалт, К.Шимада 27 ялалт тус тус Номонханд байгуулсан гэнэ. Чингэвэл эдгээр долоон нисгэгчдэд зөвлөлтийн нийт хохиролын 77 хувь ногдож байгаа юм. Энэ нь японы ас-уудын дээрх ялалтын тоо эргэлзээтэй, хэтрүүлсэн байх үндэслэлтэйг харуулна. Оросын судлаач М.Масловын бичиж Британид хэвлүүлсэн “Поликарпов И-15, И-16 болон И-153-ын ас-ууд” номны Халхын Гол бүлэгт Улаан Армийн цэргийн нисэх хүчин Халхын голд дайсны 589 онгоцыг устгасан гэж үзсэн бөгөөд харин өөрсдөө 207 онгоц (үүнээс 160 нь сөнөөгч онгоц) 211 хүнээ алдсан гэж бичжээ. Британийн “Оспрей Паблишинг” хэмээх цэргийн түүхийн сэдвээр дагнасан хэвлэлийн газраас 2012 онд дээрх Г.Сакайдагийн эмхтгэсэн “Номонхан 1939”хэмээх зурагт хялбаршуулсан түүхийн товхимолыг хэвлэн гаргасан бөгөөд эрэлт хэрэгцээтэй тул 2013 онд дахин хэвлэжээ. Г.Сакайда нь Халхын голын байлдааны газар орноор гэрэл зурагчны хамт аялсан юм. Секигавагийн судалгаанаас хойш Халхын голын агаарын байлдааны талаар дагнасан судалгаа, бүтээлүүд өрнөд, зүүн Европт цөөнгүй гарах болсон байна. Эдгээр бүтээлд Халхын голын байлдаанд Японы нисэх хүчин тоогоор цөөн байсан боловч нисгэгчдийн ур чадвар, нисэх онгоцны тактик техникийн өгөгдөхүүний давуу байдлын ачаар байлдааны туршид эсвэл бүхэлдээ биш юм гэхэд 1939 оны 8 дугаар сарын эхэн хүртэл агаарт тус тус ноёлж байсан, зөвлөлтийн нисэх онгоцны хохирол японыхоос их байжээ гэдэг дүгнэлтүүд хийжээ. Халхын голд явагдсан агаарын байлдаан нь оролцсон техник, хэрэглэсэн тактик болон бусад үзүүлэлтээрээ судлаачдын анхаарлыг татсан хэвээр байгаа сэдэв юм. АНУ, өрнөдийн судлаачдын бүтээлд Токиогийн олон улсын цэргийн шүүхийн хуралдааны материал, японы эх сурвалжууд, Жуковын дурдатгал, Шишкин, Кууксийн ном, зөвлөлт, монголын зарим хэвлэлийг ашиглаж иржээ. Орос, монголын архивын материал болон монголын бүтээлийг ашиглаж чадахгүй байгаа нь өрнөдийн бүтээлийн үндсэн өрөөсгөл тал юм. АНУ-ын судлаачдын бүтээлд Квантуны Арми Халхын голын байлдааныг эхэлж Монголын нутагт дэвсгэрт довтолсон, Японы засгийн газар Квантуны Армийн энэхүү түрэмгийллийг зогсоох талаар нөлөөлж чадаагүй, зөнд нь орхисон нь буруу байсан, энэ нь цэргийн байгууллагад тавих иргэний хяналт бүрэн алдагдсантай холбоотой, Улаан Арми Японы цэрэгт Халхын голд мартагдахааргүй сургамж өгсөн, Халхын голын байлдаан нь Жуковыг “төрүүлсэн”, Японы тал Улаан Армийн чадавхийг дутуу үнэлэхийн зэрэгцээ Японы номлол, зэвсэглэл хоцрогдсон байв гэсэн гаргалгаа нийтлэг байдаг болно. Чингэхдээ АНУ, өрнөдийн судлаачид өмнө нь “Номонханы хэрэг явдал” гэсэн нэр томьёог хэрэглэж байсан бол эдүгээ “Халхын голын байлдаан”, “Халхын голын агаарын дайн” эсвэл “Халхын гол-Номонханы хэрэг явдал” хэмээн зэрэг хэрэглэх болжээ.
Ахмад дайчдын дурсамжаас
засварлахАТУА-ийн анхны ангиуд 1936 оны 6-р сараас БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр байрлаж, 1938 он гэхэд Талын ХӨНДЛӨНхөндийн? гийн аэродром үндсэндээ төвхнөж, тэнд байрлаж байсан сөнөөгч онгоцны хороо, цөөхөн тооны бөмбөгдөгч онгоцнууд бэлтгэл сургуулилтандаа оржээ. ЗСБНХУ-ын Дотоод хэргийн Ардын комиссарын орлогч Фриновский /”Хуйвалдаан” нэртэй хэрэгт холбогдуулан баривчлах БНМАУ-ын нам, төр, цэргийн зүтгэлтэн 115+1 хүний нэрсийг 1937.08.25-нд ДЯЯ-нд гардуулж, 1937.09.10-нд их хэлмэгдүүлэлт эхэлсэн/, Ажилчин-Тариачны Улаан Армийн /АТУА/ Улс төрийн газрын дарга Смирнов нарын 1937 оны 10-р сарын 31-ний өдөр “Монголын байлдааны ажиллагааны театрын байдлын тухай болон Монгол дахь түшиц газар бэлтгэх арга хэмжээний тухай” гэсэн маш нууц илтгэлд /Монгол-Оросын цэргийн хамтын ажиллагаа. Баримтын эмхтгэл, II боть, 114-р тал, УБ, 2011/ “... одоогийн байдлаар Дорнод Монгол даяар ажиллагаатай зөвхөн 5 аэродром байна: Улаанбаатарт, Өндөрхаанд, Баян-Овоо суманд болон Баянтүмэнд /2/” гэж дурьдаад, “...Баянтүмэн аэродром ... хилд хэт ойрхон /60-70 км/ байрладаг тул япончуудын агаарын гэнэтийн довтолгоонд өртөж, устгагдаж болох...” гэж илтгэсэн, 1 метр хүртэл зузаан ханатай том, жижиг 30 орчим/гаруй капитал чулуун байшин барилгатай, байнгын байрлалтай, ялангуяа зүүн талаасаа дайсны болзошгүй довтолгооноос маш сайн хамгаалагдсан, газар доорх төмөр бетон, чулуун байгууламжид зенитын 1-2 дивизионы /24-48 зенитын их буутай/ бие бүрэлдэхүүн байрлаж, сөнөөгч онгоцны хороо аэродромыг халхавчилж, иймэрхүү хэмжээний объектын орчныг бие даасан батальон /300-500 хүн/ хүртэл цэрэг хамгаалдаг жишигээс үзэхэд Баян-Овоо сумын нутгийн Талын хөндлөн гэдэг газар байрлаж байсан аэродромыг тэр үеийн хамгийн том аэродром, стратегийн чухал объект гэж үзэх үндэстэй. Халхголын дайн эхлэхэд АТУА-ийн Нисэх хүчний 100-р бөмбөгдөгч онгоцны бригадын 150-р бөмбөгдөгч онгоцны хороо /СБ бөмбөгдөгч онгоц 59 ширхэг/, 1930-аад оны дэлхийн хамгийн том бөмбөгдөгч онгоц ТБ-3 /24 ширхэг/ тус аэродром дээр байрлаж байв. ТБ-3 онгоцнууд эхэндээ Чита-Тамсагбулаг чиглэлээр хүн хүч, зэвсэг, галт хэрэгсэл, эм тариа, бусад чухал ачаа, буцахдаа нэг онгоц 15-20 хүнд, хөнгөн шархдагсад тээвэрлэх үүрэг гүйцэтгэж байв. ТБ-3 стратегийн бөмбөгдөгч онгоц: экипаж – 6-8 хүн, урт – 24 м, далавчны өргөн – 39,5 м, далавчны талбай – 230 м2, хоосон жин – 11000 кг, нислэгийн жин – 17200-19500 кг, түлшний савын багтаамж – 7960 литр, сэнсний диамерт – 3,5 м, тээвэрлэх бөмбөгийн жин – 2000-5000 кг, 1932-1938 онд 818 ширхэг үйлдвэрлэсэн Дайны явцад ТБ-3 онгоцнууд 500 гаруй нислэг үйлдэж, бүх тохиолдолд хүмүүс, ачаа тээшийг зохих газар нь хүргэжээ. Ерөнхий давшилт эхлэхийн өмнө ТБ-3 онгоцнууд шөнийн бөмбөгдөлтөнд нисдэг болжээ. Анхны нислэг 8-р сарын 19-20-ны шөнө болж, байндаа отряд отрядаар ойртож, зүг чигийг тэргүүн шугамаас 8 км-т байрлуулсан гар чийдэнгээр эвлүүлсэн 50 метр том сум, газрын багцааг тэргүүн шугамаас 3-7 км-т байрлуулсан гар чийдэнгүүдэр эвлүүлсэн шугамаар авдаг байжээ. Бөмбөгдөлт дайсанд сэтгэл санааны дарамт үзүүлэх, унтаж амруулахгүй зутраах, манай цэргийн байршил сэлгэлт, хөдөлгөөнийг халхлах зорилготой, нэг удаад 6-20 онгоц хөөрч, 25 тонн бөмбөг хаядаг байв. Японы зенитын артиллери гал нээсэн ч, ганцхан онгоцны хөдөлгүүр эвдсэнийг эс тооцвол нисэгчид хохирол амсаагүй бөгөөд нийтдээ байлдааны 160 нислэг хийжээ. Энэ тухай Армийн 1-р бүлгийн Нисэх хүчний тайланд “... дайсанд шөнийн сөнөөгч онгоц болон прожектор байгаагүй тул шөнөөр хүнд бөмбөгдөгч онгоц хэрэглэсэн туршлага амжилттай болж, дайсанд сэтгэл санааны, материалын хохирол учруулсан” гэжээ. Харин 150-р бөмбөгдөгч онгоцны хорооны үйл ажиллагааны тухай Халхголын дайнд тус хороонд штурманаар дайтаж явсан Николай Ганин 2005 онд ийнхүү дурсжээ: ... Би дээд сургуулиа төгсөөд дунд сургуульд түүхийн хичээл заана гэсэн бодолтой байсан ч амьдрал маань нэгэн мөчид эрс эргэв: би цэрэгт татагдаж, Байгалийн Чанадад СБ хурдан бөмбөгдөгч онгоцны сургалтын хороонд дадлагажигч штурманаар томилогдов. Анхандаа бид байлдааны нөхцөлд суралцах болно гэж төсөөлөөгүй юм да... Халхголын дайн 1939 оны 5-р сард эхэлж, 6-р сарын эхээр хэсэг нисгэгч, штурман, техник нарыг цэргийн тээврийн онгоцонд сууцгаааж, Монгол руу илгээв. Хил давсны даруйд бид шахцалдан онгоцны цонхоор харахад доор хэмжээ хязгааргүй тал нутаг, намхандуу довцог, толгой, хаа нэгтээ нүүдэлчдийн гэр, мал сүрэг харагдаж байв. Бид Баян-Овоо гэдэг жижиг тосгоны /санахад, тэнд хэдхэн жижиг шавар байшин, 10-20 гэр байсан/ ойролцоо аэродромд газардаж, майханд байрлах болов. Энд бага зэргийн байлдааны туршлага хуримтлуулсан хурдан бөмбөгдөгч онгоцны 150-р хороо байрлаж, хорооны даргаар гайгүй сайн нисгэгч, хошууч Бурмистров, комиссараар Ююкин нар ажилладаг байв. Хамгийн түрүүнд “шинэков” биднийг бодит байдалтай танилцуулахад л бид жижиг сөргөлдөөн, хилийн мөргөлдөөн ч биш, жинхэнэ дайнд оролцох болсноо ухаарч билээ. Ингэхдээ командлал байдал маш түгшүүртэй байгааг нуулгүй хэлж, анхандаа япончууд агаарт ноёрхлоо тогтоож, манай ар талд ганц автомашин байтугай ганц хүний араас элдэж хөөж, бууддаг байсныг хэлсэн. Хорооны бүрэлдэхүүн ирж байрласныхаа даруй шууд байлдааны ажиллагаанд оролцоогүй бөгөөд нэг сарын хугацаанд нислэг-тактикийн сургууль, бүлгээр бөмбөгдөх, газар оронд дасан зохицох дадлагад гол анхаарлаа хандуулж байв, яагаад гэвэл тал газар ямар нэгэн хот, тосгон, холбоо, зам харилцаа байхгүй, мөн нүд сохломоор маш хурц нар, бодит байдлыг гажуулсан гэрлийн хугарал зэргээс болж тул зүг чигээ олоход тун түвэгтэй байсан. Ар талд байсан манай аэродром орчим 6-р сард японы онгоц үзэгдээгүй боловч шөнөдөө тэр хавьдаа маш том, хатгуулсны дараа маш их загатнадаг шумуул гэдэг яггүй “дайсан” биднийг хайр найргүй довтолж билээ. Хатгуулсан газар том хавдана, маш их загатнаж, шөнөдөө унтаж амарч чаддагүй байв. Гэхдээ хамгийн хэцүү нь ундны усны гачигдал, 1939 оны 6-р сар маш их халуун бөгчим, агаарын хэм сүүдэрт +40-д хүрч, хэдэн арван километрээс зөөвөрлөх ус дутагдсаар л, тэгсэн нэгэн байлдагч хэлэхнээ, Суворовын дайчид бөгчим халуунд зэс товчоо тасдан авч, амандаа үнхдэг байсан, ингэснээр маш их шүлс ялгарч, цангаа тэсвэрлэхэд дөхөмтэй, харин бидэнд зэс товч байхгүй тул зэс зоос амандаа үнхдэг байв. 6-р сарын сүүл гэхэд бид газар орон болон бие биедээ дасан зохицож, экипажууд үндсэндээ бүрэлдсэн. Манай экипаж 3 хүнтэй – нисгэгч, буудагч болон миний бие штурманаас бүрдсэн, штурманы суудал шилэн урд бүхээгт байрладаг, удирдлага хосолсон учраас шаардлагатай үед би даргад онгоц жолоодоход туслаж болох ч, миний үндсэн үүрэг нислэгийн зүгээ чиглүүлэх, бөмбөгдөхөд оршдог байв. Удирдлагын төхөөрөмж, хянах хэрэгсэл, хамгаалах бөгжтэй бөмбөг хаягчийн товчлуураас гадна бүхээгт 2 хошуутай пулемет суурилуулсан бөгөөд түүгээр агаарын болон газрын бай буудах боломжтой. СБ онгоц 600 кг хүртэл бөмбөг тээвэрлэх, 420 км/цаг хүртэл хурдтай, өндөршил 10000 метр, хэдийгээр цоо шинэ японы сөнөөгч онгоцнууд бидний гүйцэх боломжтой ч, тэр үедээ хурдтай, сайн онгоц тул бөмбөгдөлтөнд бид сөнөөгч онгоцны халхавчтай, харин тагнуулд ганц нэгээр нисдэг байв. Ингэхэд бид өөрийгөө хамгаалах өндөр хүрдтай бууддаг ШКАС 7,62 мм-ийн 4 пулеметтой боловч СБ-ийн ганцхан дутагдал бол радиостанцгүй, иймээс бүлгээр нисэхдээ бид далавчаараа дохих, эсвэл урьдаас тохирсон хөдөлгөөнөөр гараар даллах маягаар хэлээ ололцдогсон. 7-р сарын 3-ны үүрээр түгшүүрийн дохиогоор хороо анхны байлдааны даалгавар гүйцэтгэхээр хөөрсөн. Миний хувьд ч байлдааны анхны даалгавар, тэгээд ч Баянцагааны орчим юу болж байгааг харж, эхэндээ сандарч л байлаа. Дээрээс харахад байлдааны талбар буцалж байгаа тогоо ч юмуу галт уул дэлбэрч байгаа ч юм шиг, уулын тэгш өндөрлөгөөс дэлбэрсэн сум, дарийн утаа, дүрэлзсэн галаас бүрдсэн томоос том хар үүл мандан босож, “шинэков” бидэнд естой там гэж үүнийг л хэлдэг байх гэж өөрийн эрхгүй бодогдсон. Агаарт мөн ширүүн тулалдаан өрнөж, Баянцагааны дээр хэдэн зуун онгоц эргэлдэж, агаарт мөргөлдөхгүйгээр эргэх боломжгүй шахуу, хашаа ч харсан пулеметын сумны трасс, манай болон японы сөнөсөн онгоцны утаат мөр энд тэндгүй харагдсаар. Хошууч Бурмистров хорооны ихэнх онгоцыг шууд японы гүүр лүү чиглүүлж, японы сөнөөгч онгоцнууд, зенитын галаас хамгаалан байж гүүрийг устгаснаар японы командлал түшиц газар луу нэмэлт хүч илгээх болон тэндээс удахгүй ялагдах цэргээ буцаан татаж авах боломжгүй болж, ялагдсан билээ. Харин манай эскадрильд Баянцагааны оройд бүгсэн япончуудын байрлалыг бөмбөгдөх үүрэгтэй дайралт хийхэд японы сөнөөгч онгоцнууд нарны зүгээс биднийг дээрээс дайрав. Эхний дайралт яасныг ухаарагүй яав, юу болов гээд дээш харсан чинь ялаа шиг олон япон онгоц нөөцөнд байж байгаад биднийг дайрсан юмсанж. Бид ч тэднийг ойртуулахгүй гэж байдаг бүх зэвсгээрээ халхавч гал нээж, тэгтэл манай халхавч сөнөөгч онгоцнууд ирж, тэднийг хөөн зайлуулснаар бид үндсэн үүрэг болсон бөмбөгдөлтөө хийв. Анхны дайралт надад хэзээ ч мартагдашгүй сэтгэлдэл үлдээж билээ – урд бүхээгт “тахианы хөндлөвч” дээр сууж байхад хичнээн зуун буугаар ганц над руу галлаад байгаа, бас тэгээд дадшаагүй учраас агаарт бүх сум над руу чиглэж байгаа юм шиг санагдаж билээ. Бөмбөгдөгч бүр мэддэг: байнд ойртоход дайсны сөнөөгч онгоц саад болдог бол бай дээр дайсны зенитын гал хамгийн их аюултай – аадарын үүлэн дунд нисч байгаа шиг агаарт энд тэнд дэлбэрээд, дайсны хүчийг хөнөөхийн тулд байлдааны чигээс ямар нэгэн маневр хийж хазайх боломжгүй бөгөөд өөрөө ийм юм туулж үзээгүй хүнд биднийг ойлгоход бэрх юм да. Хойшид ийм зүйлд дадаж, тоохоо больдог юм билээ. Анхны даалгавар биелүүлээд аэродром дээр буусны дараа маш их ядарсан, цангаснаа мэдэрч, жаахан амарч байгаад 3 цагийн дараа дахин Баянцагааны зүг хөөрч, тэр оройдоо японы нөөц хүч бөмбөгдөхөөр бас дахин хөөрсөн. Тэр өдөр манай хэдэн онгоц унаж, харин бид ядарсандаа болоод майхандаа оронгуут монголын шумуулын дайралтыг эс ажран нам унтаж билээ. Өглөөгүүр түгшүүрийн дохиогоор хөөрч, Баянцагааны тулалдаан дуустал 3 хоног даалгавар биелүүлэв. Одоо цагт зарим нэгэн их мэдэгч “түүхчид” Жуковыг “маш их хохиролын буруутан” гэж цоллодог, гэвч япончууд Баянцагааны өндөрлөгийг эзэлж, Халхголын баруун эрэг дээрх манай цэрэг буслэлтэнд орж, бутцохигдох аюул тулгарахад Жуков хамгийн эгзэгтэй мөчид бүх бөмбөгдөгч онгоцоор дасныг бөмбөгдөх тушаал өгөж, 11-р танкийн бригадыг явган цэргийн дэмжлэггүй шууд давшилтанд оруулснаар танкчдын тал нь амь үрэгдсэн ч тэд өөрийн алтан амиар дайны ялалтын эхийг тавьж өгсөн билээ. Манай хороо ч гэсэн тэр байлдаанд хүнд хохирол хүлээсэн. Даалгавар биелүүлэхээр хөөрсөн комиссар Ююкины онгоц зенитын галд өртөхөд комиссар экипажийг шүхрээр буухыг тушааж, шатаж байгаа бөмбөгдөгч онгоцоо японы амьд хүч, баргын морин цэргийн бөөгнөрөлийн зүгт залуурдан, түүхэнд анхны “галт дайралт” хийсэн. Бид дайснаас түүнийг өшөөг авах болно гэж андгайлж билээ. 8-р сарын дунд хүртэл газрын томоохон байлдаан болоогүй боловч агаарын ширүүн тулалдаануудын явцад японы нисэх хүчин агаарт ноёрхолоо бүрэн алдаж, хожим Г.К.Жуков, “...Эх Орны дайны жилүүдэд ч тийм олон тооны онгоц оролцсон тулаан үзээгүй” гэж дурссан байдаг. 8-р сарын 20-нд манай ерөнхий давшилт эхэлж, давшилтын өмнө 150 бөмбөгдөгч онгоц, 100 гаруй сөнөөгч онгоцоор халхавчлуулан хүчтэй цохилт хийж, бид өдөрт 2-3 удаа бөмбөгдөлтөнд нисдэг байв. Харин хамгийн хэцүү даалгаварт “өвгөчүүл” нисэж, “шинэковуудыг” үлдээж, 8-р сарын 25-нд хорооны дарга Михаил Федорович Бурмистров Халуун Аршаан өртөөнд бөөгнөрсөн дайсны цуваа устгах даалгавараас эргэж ирээгүй юм. (... япончуудтай тулалдахдаа тэрээр эр зоригийн үлгэр жишээ үзүүлж, түүний удирдлаган доор хороо даалгаварыг маш сайн биелүүлж байсан бөгөөд операцын явцад аймшиггүй агаарын туулаанч гэдгээ харуулсан. Хороог 22 удаа тулалдаанд удирдаж оролцсон. Агаарын тулаанд баатарлагаар амь үрэгдсэн. Халхголын орчим байлдаанд гавъяа байгуулсны төлөө Байлдааны улаан тугийн одонгоор шагнагдсан... гэж ЗХУ-ын баатар цолоор нэхэн шагнах тодорхойлолтонд дурьдаж, 1939 оны 11-р сарын 17-нд ЗХУ-ын баатар цолыг нэхэн олгожээ-РБ). Халхголын дайнд манай хорооны бие бүрэлдэхүүний гуравны нэг амь үрэгдсэн. Сүүлийн үед 70х30 км энэ өчүүхэн цөлөрхөг газрын төлөө ингэж их хохирол үзэх ямар хэрэг байсан юм гэдэг асуулт олонтаа сонссон. Би хариулахдаа, япончууд Хасан нуурын дэргэд, хамгийн гол нь Халхголд бутцохигдсон учраас 1941 оны намрын хамгийн хэцүү цагт ЗХУ руу довтлож зүрхлээгүй юм да. Харин Халхголын дайны дараа биднийг оны эцэс хүртэл тэндээс хөдөлгөөгүй юм. Естой уйдаж үхмээр, чөлөөт цагаар хийх юм огт үгүй, бидэнд “Волга-Волга”, “I Петр” гэдэг хоёрхон кино үлдээсэн тул бараг 100 удаа үзсэн байх, киноны үг бүрийг цээжилж, сүүлдээ дуугүй, бадгуудыг сольж, сүүлээс эх хүртэл янз янзаар гаргаж, одоо болтол мартдаггүй юм”. СБ-3 фронтын бөмбөгдөгч онгоц: экипаж 3 хүн, урт 12,27 м, далавчны өргөн 20,33 м, өндөр 4,73 м, хоосон жин 4060 кг, нислэгийн жин 5732 кг, хурд 360-424 км.цаг, алслалт 1000 км, өндөржилт 9560 м, 1934-1941 онд 6656 ширхэг үйлдвэрлэсэн Халхголын дайнд тус хороонд алба хааж байсан ахмад Н.Ф.Гастелло Эх Орны дайнд комиссар Ююкины баатарлаг үйлсийг давтаж, 1941 оны 6-р сарын 26-ны өдөр байлдааны даалгавар биелүүлэхдээ дайсны зенитын суманд өртөж, шатаж байгаа онгоцоо танк, бензин тээвэрлэгч бүхий фашистын цэргийн бөөгнөрөл рүү чиглүүлж, устгасан тул мөн өдрийн ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар түүнд ЗХУ-ын баатар цолыг нэхэн олгожээ.
Чойбалсан хот өртсөн нь
засварлахЧойбалсан хотыг бөмбөгдөж цөөн тооны барилга байшинг устгасан байсан ба одоо тухайн бөмбөгдсөн газарт нь дэлбэрч буй бөмбөгний хэлбэртэй хөшөө байдаг юм.Чойбалсан хотыг Монголын баатар хот гэж ярилцдаг. Учир нь энэ хот бөмбөгдөлтөд өртөсөн Монголын цорын ганц хот юм. Одоогийн Чойбалсан хот Манжийн захиргааны үеэс Халхын Сэцэн хан аймгийн Ачит бэйс Сансрайдоржийн хошууны төв Санбэйсийн хүрээ нэртэй байснаа Богд хаант Монгол улсын үеэс 1922 оныг хүртэл Ачит бэйс Тогтохын хошууны төв болж дорнод Монголын шашин, худалдаа, аж ахуйн томоохон төвүүдийн нэг байжээ. Монголын Ардын хувьсгалын дараа 1922 оноос Хан Хэнтий уулын аймгийн Баянтүмэн хан уулын хошууны төв Баянтүмэн хот, 1931 оноос Дорнод аймгийн төв Баянтүмэн хот, 1941 оноос Чойбалсан хот гэж нэрлэсэн байна. 1930, 1940-өөд онд тэр үеийн нэрээр Баянтүмэн хот бараг цэргийн хот байж манай эх орны үндэсний тусгаар тогтнол,нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад чухал түшиц газар болж байсан билээ. Баянтүмэн хотод Монгол Ардын Хувьсгалт Цэргийн хоёрдугаар морьт корпусын командлал, 5-р морин дивиз, түүний ангиуд, ЗХУ-ын Улаан цэргийн 17-р армийн штаб, түүний харьяа зарим ангиуд,нисэх онгоцны төв буудал, цэргийн төв эмнэлэг, зэвсэг, техникийн агуулахууд зэрэг цэргийн чухал объект байрлаж байсны дээр 19З9 оноос Соловъёвск-Баянтүмэний өргөн төмөр зам, Баянтүмэн-Тамсагийн нарийн төмөр замын төв зангилаа зэрэг онцгой объект байсан учир япончуудын сонирхлыг ихэд татдаг газар байжээ.Иймээс 1930-аад оны эхний жилүүдээс эхлэн япончууд энэ чиглэлд тагнуул туршуулаа олон тоогоор идэвхтэй явуулж байжээ. 1939 оны Халхын голын байлдааны үед Монгол-Зөвлөлтийн фронт руу очиж байгаа цэргийн хүч,байлдааны зэвсэг техник Баянтүмэн хотоор дамжин өнгөрч байсан билээ. Энэ бүхэн болон бусад хүчин зүйлээс шалтаг болгон Квантуны армийн удирдлага,дээд байгууллагуудаас зөвшөөрөл авалгүй Баянтүмэн, Тамсагбулаг орчим байгаа Монгол-Зөвлөлтийн цэргийн нисэх буудлуудыг бөмбөгдөж тэнд байгаа байлдааны онгоцуудыг устгахаар шийдвэрлэжээ. Энэ тухай 19З9 оны зургадугаар сарын 26-нд болсон зөвлөлгөөнд Квантуны цэргийн дэд штабын дарга, хошууч генерал Яно Отосабаро оролцож,нисэхийн 2-р армийн командлагчид 6-р сарын 27-ны өглөө гадаад Монголын нутагт байгаа нисэх буудлуудыг бөмбөгдөх тушаал өгчээ. Гэтэл энэ тухай Дорнод аймгийн удирдлага мэдэж, Баянтүмэн хотыг агаараас өнгөлөн далдлах арг хэмжээ авчээ. 6-р сарын 25-ны өглөө Хэрлэнгийн отрядын дарга Г.Лувсанванчиг, комиссар Г.Сандав нар ангиа түгшүүрийн дохиогоор босгож 70 шахам км-т байгаа Баянтүмэнд морин жагсаалаар ирж, МАХЦ-ийн хангалт үйлчилгээний батальон, Зөвлөлтийн армийн зарим салбарын хамт 6-р сарын 25,26-нд Баянтүмэн хотын бүх байшинг гарын дорхи шарилж, лууль, өвс ногоо зэргээр өнгөлөн далдалж, хотын айлуудын ихэнх нь Хэрлэн голын захаар зусланд гарсан байсан ч хотын төвд буюу ойролцоо байгаа айлуудыг хотоос 25 км-ээс цааш нүүлгэн шилжүүлсэн байна.Японы нисэх хүчний 2-р армийн командлагч авсан үүргийнхээ дагуу дор дурдсан зохион байгуулалт хийжээ. Үүнд 7-р нисэх бригадын захирагч, хошууч генерал Такаракура Тира хүнд бөмбөгдөгч онгоц 30, 9-р нисэх бригадын захирагч, хошууч генерал Шитано хүнд бөмбөгдөгч онгоц 27, хөнгөн бөмбөгдөгч онгоц 10, 12-р нисэх бригадын захирагч, хошууч генерал Хигаши байлдааны онгоц 80-ыг бүгд 147 онгоцоор Зөвлөлт-Монголын нисэх буудлуудыг бөмбөгдөхөөр шийдвэрлэжээ. “1939 оны зургадугаар сарын 27-ны өглөө үүр гэгээрэхээс өмнөхөн Хайлар хотын нисэх буудлаас Японы нисэх хүчний 1ОО гаруй онгоц агаарт хөөрч баруун зүг чиг авч явсаар О6 цаг 2О минутад Тамсагбулагийн хээрийн нислэгийн талбайнуудыг бөмбөгдөж эхлэхэд Зөвлөлт-Монголын байлдааны онгоцууд агаарт гарч агаарын байлдаан эхлэв” хэмээн Хөлөнбуйрын харьяат Ц.Авид “Номон ханы дайн” гэдэг номынхоо 85-86-р талд бичжээ. Хошууч генерал Такаракурагийн удирдсан 30 хүнд бөмбөгдөгч онгоц, 10 гаруй хөнгөн бөмбөгдөгч онгоцоор хамгаалуулан бүгд 42 онгоц Тамсагийн нислэгийн талбайнууд дээгүүр өнгөрөн баруун зүг нислэгээ үргэлжлүүлэн Баянтүмэн хотыг ололгүй Хэрлэн голыг даган нисч хуучин Хэрлэн Бар хотын хоёр цамхаг хүрээд эргэх замдаа Баянтүмэн хотыг олж бөмбөгджээ. Хотын байшингуудыг сайн өнгөлөн далдалсан учир гол чухал газруудыг олж хохирол учруулж чадаагүй байна.Зөвлөлтийн армийн ангиудын болон МАХЦ-ийн 5-р дивизийн сургуулийн талбай,түлшний хураасан мод, Хорихын байр зэргийг бөмбөгдөж, пулемётоор шүршжээ. Энэ үед Баянтүмэнд байсан нисэхийн ангиуд фронт руу явсан тул хотын хамгаалалтад үлдсэн Зөвлөлтийн гурван дайрагч онгоц агаарт гарч тулалдан Японы гурван онгоцыг устгасан гэдэг. Тэдгээрээс нэг нь Цантын хүрд, хоёрдох нь Хэрлэн голын урд, гурав дахь нь Гурванзагал сумын нутаг Яхи нуурын өмнө Гүнсаваагийн балгасны орчимд унажээ. Амь үрэгдсэн нисгэгчид нь онгоцондоо хүлээтэй үлдэж яс, бугуйн цаг гэх мэт хатуу зүйлийн үлдэгдэл нь 1987 оны үед онгоцныхоо сэгэн дээр байсныг хошууч Ш.Адъяасүрэн олж ирж байсан билээ. Япончууд Баянтүмэн хотыг бөмбөгдөхөд тэнд цэргийн албан хааж байсан улсын аюулаас хамгаалах байгууллагын ахмад ажилтан, дэд хурандаа Шархүүгийн Бадрах хожим дурсан бичихдээ: “Би Баянтүмэн хотоос зүүн тийш 5,6 км-т Бунхан толгойн баруун талд Монголын нисэх хороонд цэргийн алба хааж байсан юм.Тэр өдөр хорооны комиссар Шагдарсүрэн лагерийн сүүдрэвчинд хичээл зааж байтал өдрийн 12 цагийн үед хахир муухай дуутай нэг онгоц зүүн хойноос баруун урагш явж далд ороод удаагүй байтал баруун өмнөөс 5О-иад онгоц гарч ирж Баянтүмэнийг бөмбөгдөж, пулемётоор буудсан.Манай нислэгийн талбайгаас И-15,И-16 онгоцууд хөөрч агаарт хүч тэнцвэргүй байлдаан болж дайсны хэд,хэдэн онгоц унасаны дараа онгоцууд зүүн зүг нисч далд орсон юм. Бөмбөгдөлтийн дараа нисэх хорооны тусгай ангийн дарга, сүүлд ДЯЯ-ны сайд,хошууч генерал болсон Бат-Очирын Шагдаржав намайг корпусын тусгай хэлтэст мэдээ хүргүүлэхээр явуулахад хотын дотор бөмбөгдөлтөд нэрвэгдсэн хашаа байшингуудаас утаа манарч,хотын дотор тоос босч байсан”гэжээ. /Эх нь Улсын хилийн музейн фондод бий./ Бөмбөгдөлтөд 4 хүн амь эрсэдсэнээс гадна учирсан хохирлын талаар 1939 оны долдугаар сарын 1-ний өдөр бичсэн актанд үзвэл “Эмнэлгийн болон сууцны 4 барилгын цонх хагарч, ханын шавар нурсанаас 1500 төгрөг, суудлын форд машин гараажийн хамт сүйрсэнээс 6000 төгрөг, банзан хашаа эвдэрч, тэрэгний морь 2 алагдсан, бас бус эд аж ахуйн зүйлүүд хэрэгцээгүй болсоноос 1300 төгрөг, бүгд 8800 төгрөгийн хохирол учирсан” гэжээ. /Эх нь Дорнод аймгийн улсын архив Ф-1,Д-1,Х-46/ Үүнтэй холбогдуулан Дорнод аймгийн даргаас 1939 оны 6 дугаар сарын 27-нд тушаал гаргаж дор дурдсан журам тогтоожээ. Үүнд: 1.”АГААР” дохио өгмөгц хэн боловч нуувчинд орж биеэ хамгаалах, ийм үед эмнэлгийн эмч сувилагч,гал сөнөөгчид, агаараас хамгаалах ангийн хүмүүсээс бусад хүн гадуур явахыг хориглоно. 2.Албан газар,ардын байр, конторуудын дэргэд ба олон хүнтэй зах газруудад бие хамгаалах нуувчуудыг энэ шөнийн дотор ухуулахыг цагдан сэргийлэх,хотын захиргааны дарга нарт даалгажээ. З.Албан газруудыг 24 цагийн жижүүртэй байлгах,эрүүлийг хамгаалах ба эмийн сангууд энэ үед эмнэлгийн тусламж үзүүлэх, мөн цэргийн эмнэлгүүд ардуудад нэгэн адил эмнэлгийн тусламж үзүүлнэ. 4.Шөнийн цагт албан байгууллагууд ба ардууд цонхыг хар хөшигтөй байлгах, машинуудыг гэрэлгүй явуулах, цахилгаан станцыг унтраах. 5.Утасны хороо агаарын дайсны мэдээ авмагц МАХН-ын хороо, аймгийн яам, дотоод яамны хэлтэс, сэргийлэхэд “Агаар” мэдээ өгөх, түргэн тусламжийн машиныг бэлэн байлгах, бусад газрын машинуудыг дайчлах, ”Агаар” мэдээ авмагц хонх цохиж байхыг цагдан сэргийлэх ба Хотын захиргаанд тус тус даалгаж журамласан байна. /Эх нь Дорнод аймгийн намын хорооны намын архив. ф-1.д-1.т-132-133/ Квантуны цэргийн командлал Баянтүмэн, Тамсагбулагийг бөмбөгдсөн явдлаа туйлын амжилттай нүүр бардам боллоо гэж баярлацгааж байлаа. Гэтэл Японы цэргийн төв штаб тэдэнтэй хамт баярласангүй. Анхнаас нь эсэргүүцэж Баянтүмэн, Тамсагбулагийг бөмбөгдөх байлдааны ажиллагааг зогсоох үүрэгтэйгээр Токиогоос дэд хурандаа Аримацуг томилон явуулсан боловч Квантуны цэргийнхэн замд нь саатуулж байж гадаад Монголын нутгийн гүнд бөмбөгдсөн байна. Энэ нь буруудаж Квантуны цэргийн удирдлага Төв штабаасаа зэмлэл хүлээсэн ажээ. Үүнээс шалтгаалан Халхын голын байлдааны саруудад Японы тал дахин Баянтүмэн хотод агаараас халдан довтлоогүй билээ.
Халхын голын дайнд тодорсон баатрууд
засварлахМорьт хорооны захирагч дэслэгч Дандар нь олон удаагийн тулалдааныг удирдаж цэргүүдээ баатарлагаар удирдаж гавьяа байгуулсан. Мөн Олзвой, Хаянхярваа, Нянтайсүрэн, Экей, Самдан болон олон эрэлхэг захирагч, цэргүүд баатарлаг гавьяа байгуулж, баатар болжээ
Японы цэргийн гэмт хэрэг
засварлахМөн үзэх өгүүллэг: Хятад-Японы хоёрдугаар дайн
Квантуны армийн хурандаа Цүжи Масанобү (辻 政信中佐)гэгч Монголын газар нутагт халдан довтлох халх голын дайны төлөвлөгөөг боловсруулж, квантуны армийн жанжин штаб баталсан байдаг. Уг төлөвлөгөөг 1945 онд Япон улс АНУ-д бууж өгөх үед Цүжи ялаас мултарч гарахад ашиглаж, амьд үлдсэн байдаг. Цүжи хурандаагийн үр сад нь түүний архивыг одоо хэр нь өвлөн хамгаалдаг бөгөөд Ишикава мужийн Каназава хотод хуучин гэрт нь олон материал хадгалж байдаг. Ямар зорилгоор халх голын дайныг хийх болсон бэ гэдэг асуултын хариулт тэнд байгаа болов уу. Монгол улсад халдан довтолсон 1939 оны халх голын дайны төлөвлөгөөг судлахад олон нууц материалыг илрүүлэх ажлын нэг нь яах аргагүй Японы квантуны армийн тагнуулын газрын хурандаа Цүжи Масанобү гэж хүнтэй холбогдож байдаг.Квантуны Армийн бүрэлдэхүүнд байсан 731-р анги бактериологийн зэвсэг үйлдвэрлэн туршиж байсан. 731-р ангийн үүрэг нь тэргүүн шугамд байлдаж шархдагсдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх үүргийг хүлээн армийн эрүүлийг хамгаалах байсан гэх боловч тэр үед дайн байлдаанд хэрэглэхийг хориглодог байсан бактериологийн зэвсэг хийж байсан, Халх голын дайны дараа ангийн дарга Ишии Широо нь "Алтан Шонхор одон" хэмээх том шагнал хүртсэн, өөрөө тэргүүн эгнээнд тулалдсан зэргээс нь харахад бактериологийн зэвсэг хэрэглэчихсэн гэж үзэх бүрэн үндэстэй. Бас монгол цэргүүдийн дунд өвчнөөр үхэх тохиолдол элбэг байсан. Арван мянган оготно дээр туршилт хийгээд зогссонгүй амьд хүн дээр туршилт хийж байлаа. Тэрхүү вирусыг хөгжүүлэх үүднээс эрүүл хүн дээр хийн, амь тасраагүй байхад нь задлан шинжилгээ хийдэг. Дэлхийн хоёрдугаар дайн дуусч Японы эзэнт гүрэн бууж өгөхтэй хамт уг ангийн байрлаж байсан байрыг шатаан, ажилтан ажиллагсад 3000 гаруй хүнийг дуугүй болгосон байна. Энэхүү ангийн талаарх мэдээллийг дайны дараа АНУ эрчимтэйгээр эрэлхийлэх болсон бөгөөд тухайн үеийн шилдэг технилоги байсан нь гарцаагүй. Ямар нэг аргаар АНУ уг материалыг гартаа оруулан дархлалын олдмол хомсдолын вирусыг хийхдээ хэрэглэсэн гэж үзэх хүмүүс ч бий. Японы тал бактерлогийн зэвсэг болох шавар бөмбөлөгтэй нисдэг шавьжийг онгоцноос олон тоогоор унагаж цусан суулга зэрэг аюултай тахал өвчнийг олноор тарааж байлаа.АНУ-гаар ар талаа хийсэн гэж үзэгдэх уг ангийн үйлдсэн хэргийн талаар дайны шүүх дээр дурдагдсангүй. Цэргүүдээ 100% алдсан гэж зэмлэл ч хүртсэнгүй. Саявтар энэ хэргийг судалж байсан АНУ-ын баг "Харгислал үйлдэж байсан гэх үндэслэл алга" гэж мэдэгджээ. Япончуудын зарим нь "Манай улсын эрүүлийг хамгаалах салбар нь дэлхий дээр тэргүүлэх эгнээнд яваа нь тэдний гавьяа" гэж үздэг.Японы бактериологийн дайралтаар Монгол улсын нутагт хэд хэдэн төрлийн бактерийн бөмбөг хаясан бөгөөд үүнд тахал, булчин задрах тахал, өөр бусад төрлийн бактерийн зэвсэгийг хэрэглэжээ. Монгол улсын зүүн бүс нутагт өнөөг хүртэл идэвхтэй тахал ба булчин задрах тахлын өвчлөл гарч байгаа нь Японы дайны үлдээсэн хор нөлөө гэж үзэх үндэслэл байдаг.[баримт хэрэгтэй] Хэдий дээд зэргийн зардал багатай ч хүн төрөлхтнийг үй түмээр нь хөнөөж чадах аймшигт зэвсэг болох бактерлогийн зэвсгийг Япончууд сонгон авчээ. Энэ отряд жирийн биш харин эрдэмтэд, эрдэм мэдлэгтэй хүмүүсээс бүрдэж байлаа. 731-р отряд нь маш нууц байдлаар үйл ажилгаагаа явуулж байснаас гадна Японд биш Манжуурт анх байгуулагдсан байв. Учир нь ямарваа нэгэн халдвар тарлаа гэхэд зөвхөн Хятадын иргэд л хохироохоор байв. Уг отряд туршилтандаа амьд олзны хүмүүсийг ашигладаг байсан юм. Олзны хүмүүс нь хятад, монгол, орос, солонгосууд байв. Манжуурт октябрийн хувьсгалын үеээр зугтааж гарсан орос үндэстнүүд олон байлаа. Бактериологийн зэвсгээс гадна химийн болон хүний амьдрах чадварыг шалгасан олон санаанд багтамгүй аймшигтайгаар тарчлаасан зүйлсээр хүмүүсийг туршиж алдаг байв.Хүнийг эхлэж нянгаар халдварлуулаад мэдээ алдуулалгүй задлан хийж эрхтнүүдийг нь гарган ирээд задгай чигээр нь эрхтнүүдийг нь нян яаж халдварлан өвчлүүлж байгааг үхтэл нь ажигладаг байв. Мөн цахилгаанаар цохиулж, янз бүрийн хийгээр хордуулж, хорт туяагаар шарж аль зэрэг тэсэхийг нь шалгаж байлаа. Үе мөч эрхтнүүдийг нь салган авч сольж шилжүүлэн суулгаж, цусыг нь юүлж оронд нь адгуус амьтны цус судсанд шахдаг байснаас гадна тархи дотор эрхтнүүдийг нь нэг нэгээр салган авч аль зэрэг амь тэсэхийг нь шалгаж сүүлд нь зөвхөн хөндий хоосон зүйл болгодог байв. Салгаж авсан эрхтнүүдийг бас туршин ашигладаг байсан. Бас хүний дотор эрхтэнүүд рүү янз бүрийн гадны зүйл оруулж туршдаг байв. Эмэгтэйчүүд, хүүхдүүд бүр дөнгөж төрсөн хүүхэд болон жирэмсэн эмэгтэй хүн дээрч гэсэн туршдаг байсан байна.Мөн хүнийг даралтын камерт хийж биеийн дотор гадна даралтыг зөрүү үүсгэснээр хүний эрхтнүүд хөөж нүд нь бүлтэрч гаран дараа гэдэс ходоод цус нь ам сүвээрээ нь цувж судас нь могой шиг бүдүүн болтлоо бүдүүрч толгой нь том бөмбөг мэт зүйл болон эцэстээ хүн дэлбэрдэг байна.Эрэгтэй хүнийг бодоход эмэгтэй хүн туршилтанд илүү тохиромжтой байдаг. Учир нь илүү амьд үлдэх тэсвэр сайн өвдөлтөнд ухаан алддаггүй туршилт даадаг байна.Маш халуун хуурай агаартай камерт хүнийг хийж шингэн зүйл өгөхгүйгээр хатааж занданшуулан алдаг байв. Эцэсдээ хүнээс зөвхөн хатаж хорчийсон зүйл үлддэг байлаа. Эндээс хүний биеийн 70 хувь нь уснаас бүрддэгийг нээсэн гэдэг. Хүнийг хүйтэнд хөл гарыг норгон хиймлээр үлээлгэн савхаар цохиход хатуу мөсийг цохих мэт дуу гартал хөлдөөдөг байв. Дараа нь гэсгээж эд эс нь хэрхэн үхжихийг ажигладаг байлаа. Энэхүү чөтгөрийн лабораториос ямарч хүн орсон л бол амьд эргэж гардаггүй байсан ба хэдэн мянган хүнийг туршиж тамлан алсан байна. Мөн нутгийн хүүхдүүдэд нянгаар халдварлуулсан амттанаар дайлж халдвар тарааж байв.Дайны сүүл үед 731-р отрядад дэлхийг ч сүйд хийхээр их хэмжээний нянгийн идэвхжүүлсэн өсгөвөр байсан ч хэрэглээгүй болно. Учир нь гэвэл Япон дайнд ялагдах нь тодорхой болсноос гадна хэрвээ үй олноор нь устгасан ийм зүйл хийвэл эргээд Японы ард түмнийг өршөөлгүй хядаж хариу барих болно гэдгийг мэдэж байв.1945 онд Зөвлөлтийн цэрэг Манжуурт давшин орж ирсэн тул отрядын бүх гэмт хэргийн баримт болох зүйлийг устгаж булсан байна. Амьд байсан туршилтын хүмүүс болон хүмүүсийн эд эрхтнүүдийг устгасан байдаг. Чухал баримт материалуудыг Широ Иши болон бусад эрдэмтэд, отрядын толгойлогчид америкчуудад эрч чөлөө амь насаараа худалдсан байна. Отрядын бүх л эрдэмтэд америкчуудын ачаар ялнаас мултарч эх орондоо очиж их сургууль, анагаах эмнэлэг, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах болсон байна.Харин баримт судалгааны материалуудыг авсан америкууд 731-р отрядын үйлсийг идэвхтэйгээр үргэлжлүүлсэн гэдэг. Мөн л амьд хүмүүс дээр хорлонтой туршилтууд хийж байсан бөгөөд ялгаа нь хоригдлууд болон өнчин хүүхдүүд дээр хийж байсан байна. Одоо ч гэсэн нууцаар явадаж л байгаа гэгддэг юм байна лээ. Одоо үед Японд тэрхүү дайны түүхийг бичихдээ хэт мөлийлгөж өөрсдийн үүсгэсэн дайны хариуцлагыг хүлээхгүй, эзэн хааны төлөө үйлдсэн хэргийг гэмт хэрэг гэж үзэхгүй байгаа билээ. Мөн энд жишээ болгож үндсээр нь ялгаварлан гадуурхах бодлого байна. Япончуудын соёлд бусад үндэстэн, Азийн бусад арьстныг доогуур тавьдаг үзэл нэвт шингэсэн. Ямато арьстан буюу Япон үндэстэн нь хамгийн дээд хэмээн ухуулж байжээ. Ямато гэдэг нь япон үндэстний анхны нэр. Энэхүү арьстан бол дэлхийн бусад арьстан ба соёлоос дээгүүр, бусдаас цэвэр гэж үздэг хэмээн Жонн Даудер бичжээ. Өнөө үед ч үндэстнээ цэвэр байлгахын тулд Вьетнамаас завиар цагаачлан очигсдыг Японд огт хүлээж авдаггүй. Зөвхөн дээрх отрядын үйлдсэн гэмт хэргийг эс тооцоод цэргийн албан хаагчдийн үйлдсэн яргалал-харгислаар жишээ татахад Германы нацист дайнаас бүүр өмнө нь Япончууд Хятадыг эзлэх нийтийн дайнд мордсон. Нанкинийг 1937 онд бөмбөгдөж буудсаны дараа эзэн хааны арми хятадын эрэгтэй, эмэгтэйчүүдийг үй олноор нь цаазалж устгасан билээ. Алагдсан хятадуудын тоог янз бүрээр хэлдэг боловч нийтдээ 200 мянган хүн алагдсан гэдэг. Энэ нь 8 жилийн дараа Японы Хирошима, Нагасаки хотуудад АНУ-ын хаясан атомын бөмбөгт алагдсан хүний тоотой ойр очиж байгаа юм.
Хожим нь 1941-1942 онуудад Мао Зэдуны цэргийн ангиуд байрласан мужуудад “коммунизмийг номхотгох “Гурван бүгд” буюу Бүгдийг ал, Бүгдийг шатаа, бүгдийг устга” гэсэн бодлогын дүнд нийт 19 сая хүн амиа алджээ.Олзлогдогсод болон эзлэгдсэн орны энгийн номхон оршин суугчдаар буудлагын бай болгох, цэргүүддээ охид бүсгүйчүүдийг нь хүчээр биеийг нь үнэлүүлэх, хөхүүл эхийн хөхийг огтлох, нялх нярай хүүхдүүдийг жадлан шорлож өлгөх,жирэмсэн эмэгтэйчүүдийн гэдсийг хүүлэн ургийг нь нохойд хаяж өгөх, гүүрний тулгуурыг амьд хүмүүсээр орлуулан гараар нь өргүүлэн дээгүүр хүнд ачааны автомашин, танкаар гарах гэрэг хүний ой тоонд багтамгүй, араатнаас дор авир гаргадаг байлаа.Энэ үед мөн Хятадын зүүн, зүүн хойд хэсгийг эзлэн авсан Японы эзэн хааны армийн бусад бүлэглэлүүдийн эзлэгдсэн газруудын хүмүүст аймшигтай харгис, хэрцгий хүнлэг бус хандаж байсан. (Нарны цаадах хүн, Хүчиндүүлсэн хот, Үхлийн конвейр: 731-р анги гэх мэт баримтат кинонуудыг үзээрэй)Тэр дайнд оролцсон япон цэрэг Уно Шинторо “Япон дайн: Аман түүх” гэсэн номонд өгсөн ярилцлагандаа “Би хувьдаа 40 хүний толгойг авсан. өнөө үед хүн гайхаж магадгүй, гэвч хүний толгойг авахгүй 2 долоо хоног өнгөрөхөд л эвгүй оргиод байдаг болсон байв гэжээ. Булчин шөрмөсөө чангалмаар санагдаад болдоггүй.Ингэмэгц би саравч руу очоод нэгийг нь суллан гаргаж ирээд голын захад аваачиж цавчдаг байлаа. Зарим үед алдаад мөр лүү нь цавччихдаг. Нэг удаа уушиг нь бөмбөг мэт бүлт үсрэн гараад ирэхэд нь ой гутсан. Эзэгнэгч Японы арми Малайз, Бирм, Индонез, Хятад, Энэтхэг зэрэг улс үндэстнийг боолчилсноор тэдний эв нэгдэл алга болсон. Эдгээр орны хэдэн зуун мянган хүн дайны хөлд үрэгдсэнээс гадна дор хаяад 100 мянган ази эмэгтэйчүүд /ихэнх нь Солонгос болох/ Япон цэргийн зугаа болж ашиглагджээ. Дэлхийн II дайны үед цэргүүдийг тайвшруулах, сэтгэлийг нь сэргээх хүүхнүүд маш чухал байжээ.
Энэ талаар Японы алдартай улс төрч, Осака хотын дарга Хашимото Дэлхийн II дайны үед эмэгтэйчүүдийг хүчээр цэргүүдэд биеийг нь үнэлүүлдэг байсан хэмээн ярьж байна. Энэ нь хүнд хэцүү байдалд орсон цэргүүдэд цаашид амьдрах урам зориг, боломж олгодог байжээ. Гэвч эмэгтэйчүүд үүнийг албан хүчээр хийдэг байсан байна. Хашимото үүнийг “Comfort women system” буюу зугаацуулагч эмэгтэйн арга хэмээн нэрлээд байгаа юм.
Зөвхөн Японоос гэхэд 200 000 гаруй эмэгтэй Дэлхийн II дайны үед цэргүүдийн сексийн боол болж байжээ. Мөн түүнчлэн Хятад, Өмнөд Солонгос, Филиппин, Индонез, Тайванаас эмэгтэйчүүдийг авч байсан аж.
Японы Үндэсний Сэргээн Босголтын намыг хамтран үүсгэн байгуулагч Хашимото Осака хотын дарга болохоос өмнө Японы түүхэн дэх хамгийн залуу удирдагч байжээ. Тэрээр өнгөрсөн жил Японд диктатур хэрэгтэй байна гэж хэлж байсан юм. Өнгөрсөн жилийн нэгэн ярилцлагадаа тэрээр “Сум бидний дээгүүр салхи бороо мэт шунгинан ниссэн цагт цэргүүд амь насаа алдах өндөр эрсдэлтэй байна. Яг ийм нөхцөл байдалд цэргүүдийг зугаацуулах “Comfort women system” ажиллагаа бидэнд маш чухал. Үүнийг хүн бүр ойлгоно” хэмээн хэлжээ.
Японы цэргийн хүчний нисгэгч Харада Фумиогийн нэгэн хүсэлт архивт хадгалагдан үлджээ.
„Намайг Японы хилээр давуулах юм бол би тэнд өчиггүй буудуулна. Надад хэзээ ч японд очих хүсэл алга. Надад ч, миний гэр бүлд ч ялгаагүй“
хэмээн тэр мэдүүлсэн байдаг.
Түрэмгий дайн хийж, эзлэх авах санаархалын үр үндэс нь жирийн япон хүний сэтгэлд ийнхүү өөрийн эх орноос айсан айдас, үл итгэлцлийг бий болгож орхисон нь эндээс харагдана.
Хохирол
засварлахХалхын голын дайны дайтагч талуудын хохирлын хэмжээ одоо ч эцэслэн тогтоогдоогүй, цаашдын судалгаа нээлттэй хэвээр байна. Одоогоор хэвлэл, мэдээлэлд ил байгаа өгөгдөхүүнээс үзвэл, Зөвлөлт-Монголын нийт бие бүрэлдэхүүн (амьд хүч)-ий хохирол 18 500 (амь үрэгдсэн болон сураггүй алга болсон, хүнд шархадсан), үүнээс Зөвлөлтийн албан ёсны дүгнэлтээр, Монголын талын бие бүрэлдэхүүний хохирол 566 (амь үрэгдсэн 165, шархадсан 401) гэдэг ч манай цэргийн түүхч, доктор, хурандаа С.Ганболд, монголын талын хохирлыг 990 гаруй (амь үрэгдсэн 280, шархадсан, сураггүй болсон 710) хүн гэж үздэг. Харин Японы судлаач А.Наканиси Зөвлөлт-Монголын бие бүрэлдэхүүний нийт хохирлыг 23,000-24,889 гэж багцаалжээ. Зөвлөлтийн мэдээгээр, Японы талын амьд хүчний хохирол 61 мянга (амь үрэгдсэн, сураггүй алга болсон, хүнд шархадсан), онгоц 162-660 (маш их зөрүүтэй өгөгдөхүүн) гэсэн бол Японы түүхч С.Хаяаси Японы амьд хүчний хохирлыг 55 мянга гэж үзжээ.
Цэргийн олзлогдогсод
засварлахХалхын голын дайны үед Зөвлөлт-Монголын тал болон Япон-Баргын талуудын олзлогдсон цэргүүдийн тухай тоо баримтууд хомс байдаг байна. Халхын голын дайны дараа Зөвлөлт Японы талын гал зогсоох хэлэлцээрийн үед олзлогдогсодын асуудлыг хэлэлцэн "Нэгийг нэгээр" гэсэн зарчмаар харилцан солилцохоор шийдсэн байна. Үүний дагуу 1939 оны 9 дүгээр сарын 27 -ны өдөр талууд олзлогдогсодоо солилцсон бөгөөд 1940 оны 4 дүгээр сард мөн олзлогдсодоо солилцсон байна. Нийтдээ Зөвлөлт-Монголын тал Японы 204 олзлогдсон цэргийг/1939 оны 9 дүгээр сарын 27-нд 88 хүн, 1940 оны 4 дүгээр сарын 27 гэхэд 116 хүн/ Японы талаас Зөвлөлт-Монголын олзлогдсон 89 цэргийн албан хаагчийг /1939 оны 9 дүгээр сарын 27-нд 88 хүн, 1940 оны 4 дүгээр сарын 27 гэхэд 2 хүн/ солилцжээ. Зөвлөлтийн талаас анхны олзлогдсон хүн нь 11 танкийн бригадын 335 дугаар тусгай авто тээврийн батальоны эмнэлэгийн зааварлагч ахлагч Хаим Дроб юм. Тэрээр 175 дугаар буудлага-пулемётын тусгай моторжуулсан батальонд томилогдон ажиллаж байхдаа 1939 оны 5 дугаар сарын 20-21-ний шилжих шөнийн тулалдааны үед ангиаасаа төөрч элсэн манхан дунд зүг чигээ алдан явж байх үед нь баргын морин цэргүүд олзолсон байна. Хоер дах олзлогдсон цэргийн албан хаагч нь 70 дугаар сөнөөгч хорооны 3 дугаар эскадрилийн холбооны дарга дэслэгч Дмитрий Гусаров бөгөөд 1939 оны 5 дугаар сарын 27-ны агаарын тулалдааны үед сураггүй алга болсон байсан гэж үзэж байжээ. Гусаров тухайн нислэгийн үед чиг зүгээ алдан төөрч ниссээр онгоцны түлш дуусах үед аргагүй буулт хийж буусаны дараа бүлэг Японы цэрэгт бүслэгдэн сумаа дуустал буудалцаад эцэст нь олзлогдсон байна. Түүний буусан газар нь Японы талын нутаг дэвсгэр байсан бөгөөд түүнтэй хамт "И-15бис" маркийн № 3816 дугаартай онгоц бүрэн бүтнээрээ олзлогдсон байна. Зөвлөлтийн талаас олзлогдсон цэргийн хамгийн том цолтой хүн нь Баянцагааны тулалдааны үеэр буюу 1939 оны 7 дугаар сарын 3-ы өдрийн туладаанд хуягь нь шатахад бэртэж ухаангүй байх үедээ олзлогдсон 8 дугаар мотохуягт бртгадын 234 дугаар автохуягт батальоны дарга хошууч Владимир Стрекалов юм. Зөвлөлтийн цэргийн талаас бөөнөөрөө сайн дураараа бууж өгөх тохиолдол гарч байсаны хамгийн том хэмжээтэй тохиолдол нь 5 дугаар буудлага-пулемётын бригадын 169 дүгээр моторжуулсан онцгой буудлаг-пулемётын батальоны дарга ахмад Николай Казаков өөрийн 13 цэргийн хамт бууж өгсөн байна.
Тулалдаанаар 1939 оны 8 сарын 27 гэхэд япон-манжийн 200 гаруй цэргийн албан хаагч Зөвлөлт-Монголын талд олзлогдсон бөгөөд энэ тоонд сайн дураар зугтаж ирсэн 270 манжийн цэрэг ороогүй байна. Японы тал өөрийн олзлогдогсодыг 1000 аас 4000 хүн гэж үзэж байсан бөгөөд хамгийн найдвартай тоог 3000 хүн гэж тооцож байжээ. ЗХУ-ын Батлан хамгаалах Ардын комиссар Ворошиловт 1939 онд бэлтгэж өгсөн мэдээллээр японы 566 цэргийн албан хаагч олзлогдсон бөгөөд үүнээс 88 хүнийг японы талд буцаан өгсөн гэж мэдээллэсэн байна. 1939 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Зөвлөлт-Монголын тал Японы талд 64 цжргийн олзлогдсон албан хаагчийг хүлээлгэн өгсөн (үндэстэний хувьд: япон 54, барга 10; цэргийн цолоор: офицер 1, унтер-офицер 3, ефрейтор 7, цэрэг 53).Харин 9 сарын 29-ний өдөр 20 япон, 4 барга цэргийг өгсөн байна. Японы тал 1939 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Зөвлөлт-Монголын талд 87 хүн буюу Зөвлөлтийн 77, монголын 10 олзлогдсон цэргийн албан хаагчийг шилжүүлэн өгчээ.
Монголын талын олзлогдсон цэргийн тухай тоо баримт бүрхэг байдаг. Монголын талаас 1939 оны 1 сараас эхлэн хилийн тулгаралтын үед сураагүй алга болсон эсвэл олзлогдсон тохиолдолууд гарч байсан байна. Монголын 6 дугаар дивизийн 5 цэрэг 1939 оны 5 дугаар сарын тулалдааны үед олзлогдсон тухай японы тал мэдээлж энэ тухай гэрэл зургийг сонинд нийтэлсэн байдаг. Японы талын мэдээгээр 1939 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Довдон зэрэг 2 цэрэг бууц өгсөн тухай мэдээлсэн байдаг бол 8 дугаар сарын 1-д 6 дугаар дивизийн 15 дугаар морьт хорооны цэрэг Намхай олзлогдсон байна. Зөвлөлтийн талын бүрэн бус мэдээллээр 1939 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар Монголын 14 цэрэг сураагүй алга болсон байдаг байна. Харин Монгол цэргийн олзлогдсон тухай сүүлийн мэдээ нь 1939 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн тулалдаанд Сонголын 8 дугаар дивизийн 22 дугаар морьт хороо бут цохигдон ухрах үед японы талд 2 монгол цэргийн албан хаагч олзлогдсон тухай Японы 71 дүгээр хорооны мэдээлэлд дурдсан байна. Олзлогдсон цэрэг нь хорооны нууцын эрхлэгч Жамбал, штабын бичээч Санжит нар бөгөөд тэд нартай хамт хорооны нууцын бүх материал, шуудан алга болсон байна. Монголын Ардын армийн Улс төрийн газрын зөвлөх бригадын комиссар Воронины 1939 оны намар хийсэн мэдээлэлд Монголын ардын арми 1939 оны 1 сараас 9 сар хүртэл 30 орчим хүнээ сураагүй алдсан бөгөөд тэдгээрээс9 хүнийг японы талаас шилжүүлэн өгсөн. Шилжүүлэн агсан олзлогдсон цэргүүдэд Намхай байна гэж мэдээлсэн байжээ. Японы тал олзлогдсон зөвлөлт-монголын цэргүүдийг байнга зодож, тамлан зовоож, хэрцгийгээр харьцаж байсан тухай олзолгооноос ирсэн цэргийн албан хаагч нар мэдүүлсэн байдаг.[6] [7]
Дайны үр дагавар ба түүхийг мушгин гуйвуулахыг оролдсон нь
засварлахМонголын ард түмний хувьд энэ үед эх орон уруу нь халдан довтолсон эзэрхэг (империалист) түрэмгий үндэстнээс эх орноо хамгаалах дайн байсан. Манжууд бол манай улсад нэгдэн орсон Барга-Монголчуудын нутагладаг нутаг бол манай газар хэмээн үзэж байсан. Зарим судлаачдын үзэж байгаагаар ЗХУ аль 1905 оны Орос-Японы дайнд ялагдсан хонзонгоо авах боломж хайж байсан. Япончууд бол БНМАУ-ыг үл хайхран ЗХУ-ыг басамжлан хялбархан эзэнт гүрнээ гүрнээ тэлнэ хэмээн итгэж байсан. Манж улс газрын зурагнаас арчигдан, социализм бараг бүхлээрээ сүйрэн унан, ЗХУ задарснаас хойш далд нууцлагдмал байдалд байсан мэдээллүүд ганц нэгээрээ гарч ирсээр л байна. Хасан нуурт болсон хэрэг явдлын 70 жилийн ойг энэ өдрүүдэд ОХУ-д тэмдэглэсэн байдаг. 1938 оны зургаа-наймдугаар сард Хасан нуурт болсон хэрэг явдлын шалтгааныг 1946-1948 онд японы цэргийн гол гэмт хэрэгтнуудыг шүүсэн Токиогийн онц шүүхээр хэлэлцжээ. Тэр үед хэрэгтнуудийн өмгөөлөгчид Хасан нуурын хавьд болсон хэрэг явдлыг хилийн шугам тод биш байсан газарт болсон хилийн ялигүй будлиан болгон харуулах талаар багагүй чармайж, үүнийг ЗХУ-ын эсрэг турэмгийлэл гэж үзэж болохгүй гэж нотолж байв. Японы армийн ажиллагааг зөвтгөхийг өнөөдөр ч оролдсоор буй түүхч ургах нарны оронд цөөнгүй бий. 1936 оны 11-р сард Япон Улс Германи Улстай ЗХУ-ын эсрэг чиглэсэн «коминтерний эсрэг» гэрээ байгуулж, зөвлөлтийн хилийн дэргэд байрласан Японы Квантуны армийн хүчийг түргэн нэмэгдүүлэх болжээ. ЗХУ-тай «том дайнд» бэлтгэх зорилгоор төсвийн зардлаа эрс нэмэгдүүлэх шаардлагаа үндэстэй болгохын тулд хуурай замын хүчний командлал «зөвлөлтийн аюул нэмэгдэж буйгаар» халхавчлан суртал нэвтрүүлгийн кампани дэгдээв. Япон генералууд хоосон тоо дурдаж, Алс дорнодод улаан армийн цэргийн тоо нэмэгдсэн мэтээр ярьж, энэ нь Японы батлан хамгаалалтад хямрал учруулав гэж нотолж байлаа. Энэхүү зохиомол сэдвийг нотлохын тулд армийн командлал хилийн олон будлианыг зориуд өдөөжээ. Үл довтлолцох тухай гэрээ байгуулах тухай ЗХУ-ын саналыг Японы засгийн газар мугуйдлан няцааж, зөвлөлт-японы зэвсэгт мөргөлдөөний аюул улам бодитой болсон нөхцөлд Зөвлөлтийн удирдлага улсын зүүн нутагт батлан хамгаалах чадвараа бэхжүүлэх талаар санаа тавихад арга буюу хүрэв. Цэргийн тоо нэмэгдэж, Алс дорнодод танкийн болон нисэх онгоцны ангиуд бий болж, Номхон далайн флот хүчтэй болж, бэхлэлт барьж байв. Эдгээр арга хэмжээ хориглолтын шинжтэй байсан бөгөөд хил хамгаалахад шаардлагатай түвшингээс давсангүй. Зөвлөлтийн цэргийн бүлгийг хүчтэй болгосоны сацуу зөвлөлт-манжуурын хилийн урьд бэхлээгүй хэсгийг инженерийн хувьд тоноглож байв. Хилийн тийм хэсгийн нэг нь Хасан нуураас баруун тийш орших Заозерная болон Нэргүй өндөрлөг байв. «Текохо өндөрлөг дэх зөвлөлтийн цэрэг рүү довтолж, үүнд ЗХУ хэрхэн хандахыг тодруулах. Үүнийг ашиглан энэ нутагт зөвлөлүүдийн хүчийг тандах» санаа Японы жанжин штабт бий болжээ. Хасан нуурын хавьд гарсан хилийн будлианыг ашиглах талаар Японы командлалын сэдсэн санааг шинжлэхдээ тэр үед Хятадад болж байсан байлдааны байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. 1938 оны зун Японы хуурай замын бүх хүчний гуравны хоёр, чухамхуу 23 дивиз Хятадын фронтод байжээ. Манжуур болон Солонгост ЗХУ-ын эсрэг чиглэсэн 9 дивиз байв. Ийм нөхцөлд ЗХУ-тай дайтаж эхлэх нь зүрхэлсэн ажиллагаа байв. Токиогийн онц шүүхийн ялын тогтоолд заасан нь «Халдан довтолсон нь нэг бол энэ нутагт ЗХУ-ын хүчийг тандах, эсвэл Владивосток, Приморьт хүрэх замын дагуух стратегийн хувьд чухал нутгийг эзлэх зорилготой байв… Цэргийн ажиллагааг япончууд эхлүүлсэн гэж онц шүүх үзэж байна. .. Японы цэргийн ажиллагаа илэрхий түрэмгий шинжтэй гэж онц шүүх узэж байна». Энэ дүгнэлтийг «няцаах», токиогийн шүүх хурлыг «ялагчдын буруу шүүх» гэж нэрлэх гэсэн оролдлогыг дэлхийн хоёр дугаар дайны түүхийг хянаж үзэх, Японыг дэлхийн яргалал өдөөгчдийн нэг биш, харин том гүрнүүд, түүний дотор ЗХУ-ын бодлогын золиос болсон мэтээр харуулах талаар Японд дэгдсэн ажиллагааны хүрээнд явуулж байна. Гэвч орчин цагийн ихэнх япон хүн улсынхаа өнгөрсөн милитарист үеийг буруушааж, японы түрэмгийллийг зөвтгөсөн сурах бичгээр сургуулиудад хичээл заах, олон улсын шүүхийн шийдвэрээр цаазлагдсан японы цэргийн гэмт хэрэгтнүүдийн сүнсэд Ясукуни сүмд албан ёсоор шүтэхийг эсэргүүцэж байна. Тэднийг өс хонзон авах гэсэндээ биш, харин 70 жилийн өмнө Хасаны будлиан, Халхын голын дайнд олон хүний амь үрсэн зэрэг тодорхой үйлдлийн төлөөнөө цаазаар авсан нь тодорхой билээ. Японы эзэнт улс Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолд ноцтой аюул учруулах байсан бөгөөд дайныг үүсгэх гол шалтаг нь 1934 оны үеэс эхэлсэн Монгол, Баргын газар нутгийн маргалдааныг овжин ашигласантай холбоотой байдаг. Токиод цэрэг улс төрийн умард,өмнөд гэсэн 2 бүлэглэл байв. Хасан нуур, Халхын голын бүс нутагт ялагдал хүлээснээр Япон доор өгүүлэх төлөвлөгөөнөөс татгалзаагүй харин ч цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн түр татгалзжээ. Оролцогч талууд болох Зөвлөлт Холбоот Улсын хувьд 2 фронтод нэгэн зэрэг байлдах явдлаас урьдчилан сэргийлэх түүний дотор байгалийн баялаг, ашигт малтмал, түүхий эдийн гол бааз Сибирь, Алс Дорнодыг Японы өнгөлзлөгөөс хамгаалах жийргэвч бий болгох, Япон өөрийн Европын холбоотон Нацист Герман, Фашист Италитай байгуулсан холбоотны хэлэлцээр, Ази тивийг бүхэлд булаан эзлэх цэрэг-стратеги геополитикийн ашиг сонирхлын үүднээс явуулсан бодлого үйл ажиллагааны хэрэгжилт гэдэг нь тодорхой байна. Халхын голын байлдааны төгсгөлд хандах хандлага, үнэлэлт дүгнэлт уг дайнд оролцсон улсуудын хувьд харилцан өөр байна Дэлхийн II их дайнд Герман, Итали, Испанитай холбоотон болон орж, ялагдал хүлээсэн Япон улс 1939 оны Халхголд байлдаан болоогүй, хилийн будлиан байсан гэж үзэж байхад, Японы эзэн хааны шилдэг цэрэг Квантуны армитай хамт байлдсан Барга, Манжуурын морьт хороодын тал өнөөдөр 1939 оны Халхголын байлдаан бол хилийн будлиан байгаагүй, алс дорнодыг бүхэлд эзлэн түрэмгийлэхээр сайтар бэлтгэсэн томоохон дайны эхлэл байсан гэж үзэж байна. Үүний бодит баримт нотолгоо нь манай дорнод хилийн чанадад, БНХАУ-ын ӨМӨЗОрны шинэ барга зүүн хошууны Номуунхан бүрдийн музей, Хөлөнбуйр аймгийн нийслэл Хайлар хотод японы түрэмгийлэгчдийн харгислалыг харуулсан музейг 17,5 м газрыг гүн ухсан, 500 м урт хонгилд байгуулсан музейн үзмэрүүд юм.
22-р хорооны хэрэг явдал
засварлахГурав дахь цохилтоо авсны дараа сэтгэл түгшсэн Токиогийн дээд Командлал цаг хожихоор тушаал өгч стратегийн амин судас болсон Манжуур-Хайлаарын төмөр замын зангилаанд 15 хан км зайтай Халх гол, Нөмрөгийн голын бэлчир дэх Мана уулын орчим япончууд 9 дүгээр сарын 12-нд нэлээд хүчээр довтлон 8 дугаар дивизийн 22-р хороог түрж голын зүүн эргийг эзлэн авчээ. Хариу цохилт хийх гээд бэлтгэж байтал 9 дүгээр сарын 15-нд эзэлсэн байр байран дээрээ яг таг зогсон дайны ажиллагааг зогсоох Японы талаас санал болгосноор шийдвэр Москвагаас ирлээ.Москвад Зөвлөлт-Японы хэлэлцээ эхэлсэн аж.Ийнхүү БНМАУ Халх голын байлдааны үр дүнд Зөвлөлт, Японы буруугаас Нөмрөгийн голын зүүн эрэг, Мана уул зэргийг хожмын Хятадад алдсан ба цаашид тэр чигээрээ асуудал шийдэгджээ.Нөмрөгийн гол нь Манжго-Монголын маргаантай асуудал байгаагүй, Номунханы асуудал ч энэ районыг хамраагүй, ерөөс энэ хавьд байлдаан болох ёсгүй байтал япончууд Москвад эвлэрэх хэлэлцээ эхлүүлчихээд хэлэлцээрт гарын үсэг зурахын өмнө 9-р сарын 12-нд зориуд ийшээ довтлон газар эзэлж “дүрмээс гадуур” зүйл үйлджээ.Энэ Хасан нуурын мөргөлдөөнд Токиогийнхон бэхлэлт яаралтай барьж байсан Заозерная болон Нэргүй өндөрлөгийг өөртөө үлдээн өндөрлөгтөө бэхжих амжихын тулд хийсэн шиг алхам байжээ. Энэхүү үйл явдалтай холбоотойгоор түүхэнд 22-р хорооны хэрэг явдал гэдэг үйл явдал болсон байна.
Халхын голын дайны үед Японы хийсэн бактерлогийн дайн
засварлахЯпоны бактериологийн цэргийн анги хоёр бүлэгт хуваагдаж, нэг бүлгийг нь хошууч Сасак удирдав. Гуравдугаар бүлэгт эрүүлийг хамгааллын цэрэг, бага тушаалын цэргээр голлосон залуу цэргүүд оролцсон бөгөөд японы цэргийн өмнө фронтод ус хангах үйлчилгээ хийх, хижгээс сэргийлэх анги болон бэлтгэл ангийг зохион байгуулжээ. 100 гаруй цэргээ 10 гаруй тасагт хуваагдаж, тасаг бүрт 10 хүн байв. Нөгөө хэсэг цэрэг нь арга тактик боловсруулах, хорлон сүйтгэх анги байгуулж, дотор нь амиа золиослох бүлгийг бий болгов. Тус ангийн үүрэг нь гол усны эх булагт бактери тараах зорилготой. Энэ анги нь хоёрдугаар ангийн цэргээр голлох үүргээ гүйцэтгүүлж, Шигэрү хариуцан удирдаж байв. Тус бүлэгт тусгай цэргийн боловсрол эзэмшсэн цэргүүдийг сонгон, амиа золиослох бүлэг байгуулсан. Амиа золиослох бүлэгт хоёр ахлагч, 20 цэрэг байв. Тэд дайнд оролцохоос өмнө нэрийн хуудсандаа өөрийн цусаараа гарын үсэг зуржээ. Нэн түрүүнд амиа золиослох бүлгийн дарга Шигэрү гарын үсэг зурж, цусаараа бичсэн гарын үсэгтэй хуудсаа Иши Ширид гардуулав. Бүх бэлтгэлээ дуусгасны дараа зургадугаар сарын дундуур 731 дүгээр отрядын 200 гаруй цэрэг дайны талбарт мордов. Тухайн үед 731 дүгээр отряд хоёр замд хуваагдан, дайны талбарт орсон. Нэгдүгээр зам нь галт тэргэнд сууж, Харбин хотоос хөдөлж, Хайлаар хотод хүрч, цааш машин тэргэнд сууж, Номун ханы дайны талбарт хүрчээ. Бүхий л замд бактериологийн зэвсэг тоног хэрэглэлээ машин тэргэнд тээвэрлэн Харбинаас гарч, Байчинз, Жанжин сүм, Рашаан зэрэг газрыг өнгөрч, Номун ханы дайны талбарт хүрэв. Иши Широг Номун ханы дайны талбарт маш яаралтай хүрч, өөрийн биеэр бактериологийн дайныг хариуцан удирдахыг тушаав. Квантуны армийн ерөнхий штабын тушаал долдугаар сарын 07-ны өдрийн 12.00 цагт хуурай замын цэргийн эмч Иши Широ түүнийг долдугаар сарын 08-ны өдрөөс эхлэн арав хоногийн хугацаанд Хайлаар хотод хүрч, Жанжин сүмийн талаар Хижиг сэргийлэх, ус хангах ангийг удирдах тушаал өгчээ. Нэр бүхий хошууч цолтой 15 офицерыг түүнтэй хамт явуулахаар тушаал буулгажээ. Зэвсэг техник, тоног хэрэгслээр хангах ба цаг тухай бүрт мэдээлэл хийх үүргийг хариуцна. Квантуны армийн ерөнхий захирагч Үэда Хиромаса Иши Широ Номун ханы дайны талбарт хүрэх үед Номун ханы дайн нэгэнт хоёр сар үргэлжилж байв. Японы цэрэг шөнийн дайралт, агаарын байлдаан ба агаарын дайралт хийж, Монголын хил дэр Тамсагбулаг дахь ЗХУ-ын нисэх онгоцны буудлыг дайрав. Гэтэл Монгол ба ЗХУ-ын цэргийн хүчтэй эсэргүүцэл, дайралтаас японы цэрэг арга буюу ялагдан ухарсан юм. Энэ байдалд яаралтай өөрчлөлт хийж, дайны ялалтыг хурдавчлах зорилгоор японы цэрэг бактериологийн дайныг хийхээр шийдэв. Өмнө фронтын удирдагч Кумацүвара Мичитару шийдвэрээр амиа золиослох бүлгийг Халх голд бактер цутгахаар томилов. Ингээд 731 дүгээр отрядын амиа золиослох бүлэг, ангийнхан Квантуны армийн штабын дарга Шигэрү ба цэргийн ангийн дарга Ямамото Ёштару нарын удирдлага дор Жанжин сүмийн хавь дэх хуучин газраа нүүлгэж, өмнө зүг арван хэдэн км газарт шилжүүлэв. Дундад Монголын хил дэр “Таван мод” гэдэг элстэй газар суурьшиж, Монголын хилийг давж, Халх голд бактер цутгах бэлтгэл хийв. Долдугаар сарын 12-ны өдөр амиа золиослох бүлэг машин тэргэнд сууж, дундадын таван модоос Монголын хилд нууцаар орж, Халх голын эрэг дэх “Нарст” гэдэг газарт хүрэв. Тэд Халх голын эрэгт хүрэхээс өмнө нарсан ойг даган урагшлав. Учир нь: Зөвлөлтийн нисэх онгоцны бөмбөгдөлтөөс сэргийлж, гүн ой дотор биеэ далдлан урагшилж байлаа. Бүх байлдааны талбарт нарсан ой нь халх голын эрэг хавиар үргэлжилж байв. Тэд квантуны армийн жинхэнэ цэрэг гэж мэдэгдэхээс сэргийлэн малгай ба цэргийн мөрдөст тэмдэггүй, шар өнгөтэй хувцас өмсч, машин тэрэгнээсээ хийлдэг хоёр завь арав гаруй том төмөр торх, хэдэн шил сав, төмөр усны хувин, урт бариултай шанага, олс татлага болон нунтаг бодис бүхий том ширэн цүнх зэргийг буулган авч, амиа золиослох бүлгийнхэн эдгээр онцгой зэвсэг тоноглолоо хүн бүрт үүрүүлж, Ямамото ёштарү, Шигэрү нарын удирдлага дор нарсан модны дундуур нууцаар халх голын эрэгт ойртов. Тухайн үе бол Монголын өндөрлөгийн хамгийн халуун улирал тохиосон тул амиа золиослох бүлгийн цэргүүдийн бүх биеийн хөлс цутгаж, амьсгал давхцан байж, нягт ургасан өвсний дотор нууцаар завиа хийлж, төмөр торх, шилэн савтай бактер, төмөр хувин, урт бариултай шанага зэрэг бодисыг завиндаа ачиж, завиа халх голд түлхэн оруулж, маш хурднаар голын дунд эрэгт сэлүүрдэж хүрэв. Нэг хэсэг цэрэг нь голын эрэгт зогсож, завиас уясан олс татлага татагдах үед онгоцонд суугаа цэргүүд бактераа голд цутгах бэлтгэлээ хангаж, өөрсдийн биедээ бактер халдахаас сэргийлжээ. Тэд голын урсгал сөрөн урагшилж бактераа Халх голд цутгах үед голын эрэг дэх цэргүүд завины олсоо татаж, цэргүүд завиа сэлүүрдэж, голын дунд хүрч зарим цэргүүд нь бактертай савны бөглөөг маш түргэн нээж, бактерыг савтай нь хамт голд татан оруулав. 1 км тутамд 22.5 кг бактерийг голд цутгасан байна Бактертай сав голын ёроолд тулж, бүх төрлийн бактер савнаасаа аажмаар урсан гарч, урсгал даган уусах үед хоёр цэргийн эмч урт бариултай шанагаар усны дээжийг авч, урсгалын хурд, усны дулаан зэргийг шалгана. Амиа золиослох бүлгийнхэн халх голд бактер цутгахаас гадна 100 гаруй цэргээр бүрэлдсэн хижиг сэргийлэх ус хангах анги байгуулж, өмнө фронтын бүхий л цэрэг ангиудад ус хангах үйлчилгээ хийв. Иши Широ ангидаа хүрсний дараа бүхий л цэргүүдэд бактериологийн дайныг нууцыг чандлан хадгалах тухай тушаал буулгав. Гэтэл дайн дууссаны хойно зарим цэрэг өчиг өгснөөр 731 дүгээр отряд Номун ханы дайнд бактер хэрэглэсэн ялт үйлийг илрүүлсэн.
Сонирхолтой баримтууд
засварлахЗөвлөлтийн тал Халхын голын дайнд цэргийн олон техникийг туршсан байна.
- Зөвлөлтийн арми агаарын тулалдаанд тийрэлтэт сум, явган цэргийн байлдаанд Симоновын 7,62 мм-ийн автомат винтов “АВС- 36", 82 мм-ийн миномёт зэрэг тэр үеийн хэд хэдэн шинэ загварын зэвсэг, техникээ туршсаны дотор химийн цэргийн огнемётын “Т-26”, “ХТ-130” загварын 41 нэгж танк, утаат халхлалтын 4 нэгж “БХМ-1” автомашиныг бүрэн хэмжээгээр туршсан. Химийн танкнууд давшилтад дэмжлэг үзүүлж, ялангуяа хориглолт, хоргодох байр, нуувчинд байгаа дайсантай тэмцэхэд маш үр дүнтэй, юугаар ч сольшгүй зэвсэг болох нь тоггоогдсон тухай Халхын голын дайны тайлан мэдээнд дурдсан байдаг. Халхын голын дайны дараахнаас химийн танкнуудыг дахин сайжруулж “ТХ-131”, “ХТ-132” загварыг шинээр бий болгон химийн танкийн 4 батальон 1939-1940 оны Зөвлөлт-Финляндын дайнд оролцож чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
- И-153 буюу И-15 сөнөөгч онгоцны сайжруулсан хувилбарыг агаарын тулалдаанд туршсан байна.
- Дэлхийн хоёрдугаар дайнд "Катюша" нэрээр алдаршсан пуужин харвагчийн нэг хувилбар болох РС агаарын тийрэлтэт сумыг сөнөөгч онгоцод байрлуулан тулалдаанд туршжээ.
- 1932 онд Токиогоос Манж-Год шилжин байрлаж, Хятад, Орос, Солонгос, Монголын олзны амьд хүмүүс дээр биологи (бакгериологи)-ийн зэвсгийн аймшигт туршилтыг явуулж байсан Японы Эзэн хааны армийн, тусгай, маш нууц “731 дүгээр отряд Халхын голын дайны үед “Амьсгал боогдуулах, хорт болон бусад хий, бактериологийн хэрэгслийг дайнд хэрэглэхийг хориглох тухай 1925 оны Женевийн протокол”-ыг ноцтой зөрчиж, Зөвлөлт-Монголын цэргийн эсрэг 1939 оны 6-7 дугаар сард тахал, гэдэсний хижиг, цусан суулга зэрэг гоц халдварт өвчин үүсгэгчдээр Халхын гол, түүнд цутгадаг Хулстайн болон Аргун Эргүүн) голуудын эх болон худаг, цөөрмүүдийг удаа дараа хордуулан олон хүний аминд хүрсэн нь тогтоогдсон боловч дайны үй дараа энэ хэрэгт Японоос хэн ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн.
- Халхын голын дайны явцад 100 гаруй том, жижиг тулалдаанууд болсон байна.
- Зөвлөлтийн армид 1936 онд явган цэргийн шинэ төмөр дуулга хэрэглэж эхэлсэн бөгөөд энэ нь “Халхын голка” нэрээр түүхэнд бичигдэн үлдсэн байдаг. Гэхдээ энэ малгайг өмсөхөд тохиромжгүй байсныг Халхын голд нотолж, эх орны дайн эхлэхээс өмнө сольж сайжруулсан байна. 1936 оноос өмнө оросын цэргүүд Францад үйлдвэрлэсэн дуулга хэрэглэдэг байжээ.
Халхын голын дайнтай холбоотой архивын материал
засварлахКвантуны армийн тагнуулын газрын хурандаа Цүжи Масанобү гэгч 1939 оны халх голд довтлон орох дайны төлөвлөгөөг боловсруулж, Квантуны армийн жанжин штаб баталсан байдаг. Энэхүү төлөвлөгөө нь 1945 онд япон улс бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан тул Америкийн нэгдсэн улсад нууц материал болж хадгалагдаж байдаг. Цүжи Масанобү гэгч цэргийн гэмт хэргээс өршөөгдөн мултарч чадсан тул халх голд ямар төлөвлөгөө боловсруулсан тухайгаа америкийн цэргийнхэнд нэг бүрчлэн шалгуулж, нууц материалыг шилжүүлж өгсөн байдаг. Цүжи хурандаагийн хуучин гэрийг түүний үр хойчис нь хувийн архив байдлаар хадгалж байгаа. Хувийн архивтаа халх голын дайныг ямар зорилгоор хийх болсон тухай мэдээлэл үлдээсэн байх боломжтой. Цүжи Масанобү хурандаагийн гэр архив Япон улсын Ишикава мужийн Каназава хотод байдаг. Монголын түүхтэй холбоотой чухал нууцтай хамаарал бүхий материалыг судлахад бэрхшээл үүсдэг гол шалтгаан нь хувийн архивт хандах зөвшөөрлийг тэдний үр сад олгодоггүйтэй шууд холбоотой. Япон улсын архивт шилжүүлж өгдөггүй учраас албан ёсоор судалгаа хийх боломжгүй гэж япон талын судлаач нар ярьдаг.
Халхын голын дайны түүхийн судалгаа
засварлахХалхын голын дайны түүхийн судалгаа өнөөдөр Монгол улсад бараг явцгүй шахам байгаа нь олон нийтийг төөрөгдүүлж талцахад хүргэж байна. Энэ чиглэлийн судлаачид ч огт байргүй болжээ гэхэд болно. Судлаач доктор Р.Болдыг тооцвол өөр шинжлэх ухааны судалгаа хийдэг хүнгүй болжээ. Бусад эрдэмтэд гэвэл С.Ганболд, Г.Мягмарсамбуу, Ц.Батбаяр нарыг дурдаж болно.
Урлагийн бүтээлүүд
засварлах- Дайсны цэргүүдээ сонсоцгоо! УСК
- Хүний мөр УСК
- Хүн чулууны нулимс УСК
- Зарлаагүй дайны оршил УСК
- Нар хиртсэн жил УСК
- Хар цас найраглал
- Дайн ба хүн төрөлхтөн Японы УСК III анги (1970 он)
- Миний зам БНСУ-ын УСК I анги (2011 он)
- Гурван танкчин дуу 1939 Б.Ласкин, Д.Покрасс
- "Халхын голд байгуулсан гавьяа" 4 ангит Баримтат кино 2019 он.
Түүнчлэн үзэх
засварлахЭшлэл
засварлах- ↑ Glantz, David M.; and House, Jonathan. When Titans Clashed: How the Red Army Stopped Hitler. Lawrence, KS: UP of Kansas, 1995. ISBN 0-7006-0899-0 p. 14.
- ↑ "Nomonhan: Japanese-Soviet Tactical Combat, 1939. Leavenworth Papers №2. by Edward J. Rea""Nomonhan: Japanese-Soviet Tactical Combat, 1939. Leavenworth Papers №2. by Edward J. Rea" Combat Studies Institute, fort Leavenworth, Kansas, 1981
- ↑ ""Nomonhan: Japanese-Soviet Tactical Combat, 1939. Leavenworth Papers №2. by Edward J. Rea"" (англи хэлээр). Combat Studies Institute, fort Leavenworth, Kansas, 1981. Archived from the original on 2010-05-05. Татаж авсан: 2010-06-20.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (help) - ↑ Baabar (1999), p. 389
- ↑ Drea, Edward J. "Leavenworth Papers No. 2 Nomonhan: Japanese Soviet Tactical Combat, 1939 – MAPS" (Memento 7. Тавдугаар сар 2011 цахим архивт) – Retrieved: 13 May 2007.
- ↑ http://iknigi.net/avtor-yuriy-svoyskiy/132726-voennoplennye-halhin-gola-istoriya-boycov-i-komandirov-rkka-proshedshih-cherez-yaponskiy-plen-yuriy-svoyskiy/read/page-9.html
- ↑ https://mihalchuk-1974.livejournal.com/247427.html
Холбоотой материалууд
засварлах- Baabar, B. (1999). From world power to Soviet satellite: History of Mongolia. University of Cambridge Press. OCLC 318985384
- Coox, Alvin D.: Nomonhan: Japan Against Russia, 1939. Two volumes; 1985, Stanford University Press. ISBN 0-8047-1160-7
- Drea, Edward: Nomonhan: Japanese-Soviet Tactical Combat, 1939. Leavenworth Papers study for the Combat Studies Institute of the U.S. Army.
- Drea, Edward J. (1998). "Tradition and Circumstances: The Imperial Japanese Army's Tactical Response to Khalkhin-Gol, 1939". In the Service of the Emperor: Essays on the Imperial Japanese Army. Nebraska: University of Nebraska Press. ISBN 0-8032-1708-0.
- Erickson, John: The Soviet High Command: A Military-Political History, 1918–1941. Routledge, 2001. ISBN 0-7146-5178-8.
- Goldman, Stuart D. Nomonhan, 1939; The Red Army's Victory That Shaped World War II. 2012, Naval Institute Press. ISBN 978-1-59114-329-1. online review
- Kotelnikov, Vladimir R. Air War Over Khalkhin Gol, The Nomonhan Incident. 2010; SAM publications. ISBN 978-1-906959-23-4.
- Kuromiya, Hiroaki. "The Mystery of Nomonhan, 1939," Journal of Slavic Military Studies (2011) 24#4 pp. 659–677
- Moses, Larry W. "Soviet-Japanese Confrontation in Outer Mongolia: The Battle of Nomonhan-Khalkin Gol," Journal of Asian History (1967) 1#1 pp. 64–85.
- Nedialkov, Dimitar. In The Skies of Nomonhan, Japan vs Russia, May–September 1939. (2nd edition, 2011) Crecy Publishing Limited. ISBN 978-0-859791-52-6.
- Neeno, Timothy: Nomonhan: The Second Russo-Japanese War. MilitaryHistoryOnline.com essay. Uses the Coox book and Drea paper as sources.
- Sella, Amnon. "Khalkhin-Gol: The Forgotten War," Journal of Contemporary History (1983) 18#4 pp. 651–687 in JSTOR
- Snow, Philip. "Nomonhan – the unknown victory," History Today (1990) 40#7 pp. 22–28
- Snyder, Timothy (2010). "Final Solution". Bloodlands: Europe between Hitler and Stalin. New York: Basic Books. ISBN 9780465002399.
- Young, Katsu H. "The Nomonhan Incident: Imperial Japan and the Soviet Union," Monumenta Nipponica (1967) Vol. 22, No. 1/2 (1967), pp. 82–102 in JSTOR
- Zaloga, Steven J. Japanese Tanks 1939–45. (2007) Osprey. ISBN 978-1-84603-091-8.
- БХЭШХ. "Халхын голын дайн-80 жил" олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. УБ.2019 он
- Р.Болд. "Зарлаагүй дайн" УБ.2014 он
Гадаад холбоос
засварлах- Номонхан: Япон-ЗХУ-ын тактикийн байлдаан, 1939
- Халхын голын байлдааны газрын зураг
- "LIFE" magazine article on combat at Khalkhin Gol, 7 August 1939
- Videos of the Nomonhan War Museum
- Warbird Forum – Japan vs. Russia, 1939
- "On the Road to Khalkhin Gol", Part 1 and Part 2, by Henry Sakaida