Вирус нь бие даан өсч үржих чадваргүй, зөвхөн амьд эзэн эсийн уургийн нийлэгшлийн аппарат, ферментийг ашиглан репликац нь явагддаг бичил биетэн юм. Одоогийн вирусийн ангиллын түгээмэл системд овог, төрөл, зүйл ордог. Вирусийн овог, дэд овогууд нэршлийнхээ төгсгөлд –viridae, -virinae гэсэн төгсгөлтэй байдаг. Овгууд нь вирусүүдийн төрлийн эволюцийн нэгдмэл байдлыг илэрхийлдэг. Төрлүүд нэршлийнхээ төгсгөлд –virus гэсэн төгсгөлтэй байдаг. Овог хоорондын ялгаа нь төрлийн шалгуур болдог. Вирусийн ангилал нь нуклейн хүчил, уургийн бүрэлдэхүүн, вирионы морфологи, репликацийн стратеги, физик химийн шинж чанар энгийнээс комплекс руу шилжсэн өөрчлөлт дээр тулгуурлан ангилдаг. Хүн ба амьтны вирусийн 25 орчим овгийн 60 гаруй төрөл мэдэгдээд байна.

Вирус нь үржихдээ эхлээд вирусийн биетийн уургийн бүрхүүл нь өөр эсийн гадаргууд бэхлэгдэж авна. Ингэхдээ вирус хаа таарсан эсүүд дээр очиж наалдаад байдаггүй, өөрийн онцлогоосоо хамаарч зөвхөн тодорхой эсүүд дээр наалддаг. Жишээнь: томууны вирус нь салст бүрхүүл, ялангуяа мөгөөрсөн хоолойн салст бүрхүүлийн хучуур эсүүдэд бэхлэгддэг, хомхойны вирус нь мэдрэлийн эс, дархлалын олдмол хомсдолын вирус нь дархлаа ны эсүүдэд очиж бэхлэгддэг. Үүнийхээ дараа өөрийн генийн материалыг эзэн эсийн дотогш оруулна. Тэндээ вирусийн ДНХ, эсвэл РНХ нь эзэн эсийн фермент системийг өөртөө тохируулан өөрчлөнө. Ингэсний дараа эс нь өөрөө вирусийн уургийг шинээр үйлдвэрлэж эхэлдэг байна. Эзэн эсийн нуклеины хүчил болон уургийг ашиглан "угсрагдсан" шинэ вирусүүд нь эзэн эсийг үхэж задрахад цааш тархан шинэ шинэ эсүүдийг гэмтээдэг. Вирусээр үүсгэгддэг хамгийн түгээмэл халдваруудаас тоочвол: томуу, хомхой, дархлалын олдмол хомсдол, улаан бурхан, улаан эсэргэнэ, гахайн хавдар, цагаан цэцэг, гепатит гэх мэт.

Вирус нь эсийн бүтэцгүй. Удмын материаллаг үндэс нуклейн хүчил, гадуур нь хүрээлэн тогтсон уурган бүтэц капсидаас бүрдэнэ. Үүнийг энгийн бүтэцтэй вирус гэдэг.

Зарим вирусийн уурган капсидын гадна талаар эсийн мембранаас гаралтай липид, вирус өвөрмөц уургаас бүрдэх суперкапсид байх ба ийм вирусийг нийлмэл бүтэцтэй вирус гэнэ.

Вирусийн хэмжээ нь нанометрээр хэмжигдэх тул бактерийн шүүрээр нэвтэрдэг. Зөвхөн амьд эсийн дотор үрждэг. Иймээс туйлын паразит. Вирусийн репродукц эзэн эсийн метаболизмаас хамаардаг. Удмын мэдээллийг дезоксирибонуклейн хүчил ба рибонуклейн хүчлийн аль нэг нь л хадгалдаг. ДНХ-тэй вирусийг дезосивирус, РНХ-тэй вирусийг рибоксивирус гэдэг.

Вирусийн удмын мэдээллийг дезоксирибонуклейн хүчил (ДНХ) ба рибонуклейн хүчлийн (РНХ) аль нэг нь хадгалдаг. Өнөөг хүртэл ДНХ, РНХ-ийг зэрэг агуулсан вирус хараахан тогтоогдоогүй байна.

Вирусийн ДНХ хоёр утаслаг, 106-108 молекул жинтэй, шугаман болоод цагираг тогтоцтой байдаг.

Нэг ба хоёр утаслаг РНХ нь шугаман, хэсэгчилсэн тогтоцтой байна. Удмын мэдээллийг хадгалж байгаа РНХ вирусийн уургийн нийлэгжлийн үед РНХ-ийн үүргийг гүйцэтгэх эсэхээс үүдэн +РНХ, -РНХ-тэй гэж рибоксивирусийг ангилна. РНХ удмын мэдээллийг хадгалахын зэрэгцээ дамжуулагч болж байвал + РНХ, РНХ-ээс мРНХ үүсэж уургийн нийлэгжил явагдаж байвал -РНХ гэнэ. Үүний зэрэгцээ эргээх транскриптаза эсгэгтэй ретровирусийн репликац дээр дурьдсан хоёр хэлбэрээс ялгаатай. Вирусийн +РНХ, ДНХ (поксвирусээс бусад тохиолдолд) халдаах чадвартай. Учир нь ДНХ-ээс РНХ үүсэх трансрипцийн явцад эсийн полимераза оролцдог бол +РНХ рибосомд шууд уураг нийлэгждэг. Хоёр утаслаг РНХ, -РНХ дангаараа халдвар үүсгэдэггүй.

Мөн үзэх

засварлах