Халхын голд байгуулсан гавьяа
Халхын голд байгуулсан гавьяа Баримтат кино нь Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан 2019 онд МҮОНРТ ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран бүтээсэн. Тус киног бүтээхэд Монгол, ОХУ-ын 35 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй хамтарсан баг таван хэсэгт хуваагдан 11 хоногийн зураг авалт хийсэн байна. Тухайлбал, Халх голын тухай баримтат, уран сайхны киноны баг хамт олон буюу Монгол, Оросын уран бүтээлчид 21 хоногийн хугацаанд Улаанбаатар - Хэнтий - Баян-Овоо - Талын хөндлөн - Баян-Овоо - Чингис хот - Баянтүмэн - Дорнод - Буйр нуур –Халх гол –Чойбалсан хот – Чингис хот- Улаанбаатар чиглэлд нийтдээ 3300 орчим км зам туулж, баримтат болон уран сайхны зураг авалт хийсэн. Хамтарсан, түүхэн, цуврал баримтат кино төслийн постпродакшны ажлууд ОХУ-ын нийслэл Москва хотноо хийгдсэн бөгөөд орчуулга болон дуу оруулалт МҮОНРТ-д хийгдсэн байна. Хоёр улсын хамтарсан баг 2019 оны зургаадугаар сард зураг авалтаа эхлүүлсэн бөгөөд таван хэсэгт хуваагдан 3,300 км зам туулан баримтат ба уран сайхны зураг авалтаа хийжээ. Монгол Улсын хилийн зурвас, Халх гол сум, Дорнод, Хэнтий болон ОХУ, БНХАУ-ын нутагт уран сайхны зураг авалтуудаа хийж, 98 хувийг нь кинондоо ашигласан байна.
Энэ төсөлд МҮОНРТ-ийг төлөөлж 35 уран бүтээлч оролцсон. ОХУ-ын Зэвсэгт хүчний “Звезда” телевизээс 39 хүн ажилласан. Тухайлбал, Монголын талаас МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц санаачилж, Ерөнхий продюсерын үүрэг гүйцэтгэлээ. Харин продюсероор Д.Ганчимэг, Д.Цэцэгдэлгэр, гүйцэтгэх продюсероор О.Отгонжаргал, зургийн дарга, хилийн зөвлөхөөр Хил хамгаалах ерөнхий газрын зөвлөх, хурандаа Д.Баасанжаргал, түүхийн зөвлөхөөр Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатар, зураачаар А.Баяраа, хувцасны зураачаар Д.Батмөнх, зураглаачаар Б.Чинбат, тайзны зураачаар М.Даваасүрэн, Э.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй уран бүтээлч ажиллалаа. Харин хойд хөршөөс зэвсэгт хүчний “Звезда” телевизийн ерөнхий найруулагч А.И.Кременецкий, найруулагч А.Ю.Архипов, гүйцэтгэх продюсероор Ю.А.Замоложинская, А.В.Корчагина, зохиолчоор А.С.Зацепина, ерөнхий зураглаачаар А.А.Оганесян, ерөнхий зураачаар Т.Асатуров нарын уран бүтээлч оролцсон.
“Халхын голд байгуулсан гавьяа” киноны нэг анги ойролцоогоор 40 минут үргэлжилж байгаа. Эхний ангид Халхын голын байлдаан эхлэхийн өмнөх үеийн дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн улс төр эдийн засгийн ашиг сонирхол, геополитик, Японы Алс Дорнодод довтлон орох нууц төлөвлөгөө, Баргууд болон хятадууд, атаман Семёновын цагаантны үлдэгдлийг Япончууд тагнан турших, хорлон сүйтгэх ажиллагаандаа хэрхэн ашигласан зэргийг өгүүлнэ. Харин дараагийн ангид дайны эхэн үеийн Монгол, Зөвлөлтийн цэргүүдийн байдал үйл ажиллагаа, Халхын гол, Буйр нуурын агаарын тулалдааны нөхцөл байдал, Баянцагааны нуруун дахь танкийн тулалдаан, ЗХУ-ын баатар Яковлёвын тухай, шархтнуудыг хэрхэн эмчилсэн талаар гарна. Түүнчлэн сүүлийн хоёр ангид Халхын голын шийдвэрлэх тулалдааны тухай, дайралтыг хэрхэн амжилттай болсон хийгээд цус асгаруулсан тулалдаан, Монгол, Зөвлөлтийн цэргүүдийн байгуулсан баатарлаг гавьяа, дайнаас төрсөн баатрууд, Халхын голын дайн дэлхийн хоёрдугаар дайнтай хэрхэн холбогдож байгааг харуулсан.