Тагнуулын ерөнхий газар (Монгол)
Монгол улсын Тагнуулын ерөнхий газар нь тагнуулын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах бодлого боловсруулж хэрэгжүүлэх зорилго бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг мөн.[1] Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй гадаад, дотоод хүчин зүйлийг тагнуулын аргаар илрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх замаар Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах таатай нөхцөлийг бүрдүүлэх явдал мөн.
Үндсэн чиг үүрэг
засварлахТагнуулын ерөнхий газар нь гадаад тагнуул, сөрөх тагнуул, цэрэг-стратегийн тагнуул, хилийн тагнуул, тэдгээрт дэмжлэг үзүүлэх, мэдээллийн дүн шинжилгээ хийх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мөрдөн байцаах, дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах болон захиргаа, удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх үндсэн бүтэцтэй байна гэжээ.[1]
Тагнуулын ерөнхий газрын харьяанд сургууль, сургалт, эрдэм шинжилгээ, төрөлжсөн архив, аж ахуй, хангалт үйлчилгээний байгууллага, харуул хамгаалалтын болон тусгай бэлтгэл, зориулалт бүхий нэгж, тусгай сургалтын болон спорт-нөхөн сэргээх төв байгуулж болно гэж заажээ.
Түүхэн замнал
засварлахМонголчуудын тагнуулын хөгжлийн түүх нь эдүгээгээс 2200-аад жилийн тэртээд буюу монгол угсааны анхны төрт улс болох Хүннү улсын үеэс эхлэлтэй. Монголын анхны төрт улс болох Хүннүчүүд эртний соёл иргэншилт хөрш хятадуудыг хэрмээр хаалт барих хүртэл чичрээж явснаас үзэхэд байлдааны өвөрмөц урлагтай, түүнийгээ тагнуулын арга, ов мэхтэй хослуулан чадварлагаар хэрэглэж байжээ. Хүннү гүрний тагнуулын үйл ажиллагааны арга, тактикийг дараагийн улсууд нь өвлөн авч улам боловсронгуй болгон хөгжүүлж байсан байна. Хүннү, Сяньби нартай түүх, соёлын залгамж холбоотой, Нирунчуудын үгийн санд “алгинч, харгулсан“ зэрэг хэллэг байжээ. Алгинч гэдэг нь мэдээ авагч, туршуулч, мэдээ чимээг сураглах хүн, тагнуул, хаймсуур, харуул гэсэн утгатай.
Тэмүжин Чингис хаан, 1206 онд Их Монгол Улсын хаанаар өргөмжлөгдсөнийхөө дараахан тагнуулын ажил эрхлэх туршуулч хэмээх тушаалыг буй болгож, монголын тулгар төрийн улс төрийн тагнуулын байгууллагын зохион байгуулалтын суурийг тавьжээ. Чингис хаанаас нэгдсэн Монгол Улсыг байгуулах зорилгоо биелүүлснийхээ дараа засаглалын тогтолцоогоо зохион байгуулахдаа тагнуулын ажлыг цэрэг, улс төр, эрүүгийн чиглэлээр төрөлжүүлж, улс төрийн гадаад тагнуулын үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн нэгжид, улс төрийн сөрөх тагнуулыг хишигтэнд, цэргийн тагнуулыг цэргийн бодлогын газарт, эрүүгийн чиглэлээр зохиох гүйцэтгэх ажлыг улсын дээд заргачийн эрх, үүрэгт хамааруулсан байна.
Тэрхүү тагнуулын тогтолцоог Хубилай хаан, 1271 онд өөрчилж, цэргийн болон улс төр, эрүүгийн чиглэлээр зохиох тагнуулын ажил, үүргийг Нууц бичгийн яаманд төвлөрүүлжээ. Чингис хаан, түүнийг залгамжлагчид төрийн аюулгүй байдалд их анхаарал тавьж байсны зэрэгцээ гадаад орнууд руу хийсэн аян дайны амжилт нь байлдах тухайн газар, орны тухай урьдчилсан судалгаа, нутаг орны ард иргэдийн дунд өөрсдийг нь дэмжих, туслах хүчнийг буй болгох үйл ажиллагаанаас хамаарч байв. Энэ нь уг ажлыг эрхэлдэг тагнуулын нарийн зохион байгуулалттай хүчтэй эрх мэдэл бүхий байгууллага байсныг гэрчилнэ.
XIV зууны II хагасаас XIX зууны үед монголчууд нь тагнуул, сөрөх тагнуулын ажлыг хэрхэн зохион явуулж байсан нь тодорхойгүй бөгөөд харин XYII зууны үед Зүүн гарын Галдан бошгот хаан Манж чин улсын нийслэл Бээжинд 200 орчим хүнтэй суурин тагнуулчдыг ажиллуулж байсан байдаг. Тухайн үед тагнуулын ажлыг цэргийн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн нэгж зонхилон гүйцэтгэж байжээ.
1911 оноос хойшх үе
засварлахОлноо Өргөгдсөн Монгол Улсын үе буюу 1911 оны үед тагнуул, сөрөх тагнуулын ажлыг Гадаад, Дотоод, Цэргийн, Шанзудбагийн яамд, хязгаарын сайдын газрууд хариуцаж байжээ. Мөн Жибзундамба хутагтын дэргэд тагнуулын мэдээлэл дүн шинжилгээний ажил эрхэлсэн тусгай нэгжийг ажиллуулж байсан байна. Богд Хаант Монгол Улсын үед тагнуулын ажлыг хаан эзний мэдэл дор явуулдаг байсан бөгөөд шаардлагатай үед Улсын дээд хурлаар хэлэлцэж байжээ. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа Монгол орны гадаад, дотоод нөхцөл байдал туйлын хүнд байсан үед өөрийн засаглалын тогтолцоогоо буй болгохын хамт гадаад орны тагнуул, туршуул, эдийн засгийг шулан мөлжигчтэй тэмцэх ажлыг эрчимтэй явуулж байсны дийлэнхийг Монгол орны тусгаар тогтнол, эдийн засагт аюул занал учруулж байсан хятадын цагаачид, банк, худалдааны байгууллагынхантай хийсэн тэмцэл эзэлдэг. Түүнчлэн Монгол орны аюулгүй байдлыг хангах үүднээс хөрш орноос эхлээд бусад улс орны тухай гадаад мэдээ олох тагнуулын ажлыг зохион байгуулж байсан байна. Энэ үед гадаад тагнуулын ажил явуулах гол хэлбэр нь бадарчингаар тэнүүчлэн явах, шашны томоохон хуралд оролцох, мөргөл үйлдэх, хийдэд шавилан суух халхавчийг ашигладаг байжээ. Тухайлбал, хүрээний лам Д.Чагдаржав Орос, Польш, Итали, Франц, Энэтхэгээр, Б.Данзан Япон, Хятадаар, Ц.Лувсанням Хятад, Төвдөөр, “Цагаан” хэмээх хочтой лам Данзан Ил тарвагатай болон Шинжаан нутгаар хэдэн жилээр явж байжээ.
1921 оны Ардын хувьсгалын ялалтын дараа хувьсгалын удирдагчдын нэг жанжин Д.Сүхбаатар, Зөвлөлт Орос улсын улаан армийн тагнуулын аргыг заалган Хиагт хотноо Ардын түр Засгийн газрыг байгуулмагц /1921 оны 3 дугаар сарын 21/ Цэргийн явдлын яаманд цэргийн тагнуулын албыг санаачлан байгуулж, өөрөө биечлэн удирдаж байснаас гадна ЗОУ-ын туршлага болон Богд Хаант Монгол Улсын тагнуулын ажлын өв уламжлал дээр тулгуурлан Дотоодыг хамгаалах газрыг 1922 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Засгийн газрын 28 дугаар хурлын шийдвэрээр байгуулж, 1 хэлтэс, 3 тасаг, 14 ажилтантайгаар зохион байгуулагдаж, газрын даргаар Д.Балдандорж, хэлтсийн даргаар К.К.Баторун нар томилогдсон. Дотоодыг хамгаалах газрыг байгуулахаас өмнө улс төрийн тагнуулын зарим ажил, үүргийг Цэргийн тагнуулын хэлтэс, хотын комендант, Засгийн газрын төлөөний түшмэл, хязгаарын сайдуудаас тус тусын чиглэлээр эрхлэн гүйцэтгэж байжээ. Тус газар байгуулагдсан цагаасаа улс орны аюулгүй байдлыг хангах үүднээс гадаадын тусгай албадын тагнуул, туршуул, гамин бароны цэрэгт алба хааж байсан дайсагнасан ажиллагаа явуулж байгаа хүмүүсийг бүртгэн хянаж, үйлдлийг илрүүлэн таслан зогсоох, гадаадын иргэд, байгууллага, пүүсүүд болон тус улсад орж гарагсдад хяналт тавьж паспорт виз олгох, буу зэвсэг, дарь, тэсрэх, дэлбэрэх зүйл, хар тамхи худалдах, дээрэм, мөрийтэй тоглоом, албан тушаалын ба улсын хөрөнгө идэж ашиглах, үрэгдүүлэх зэрэг эрүүгийн ноцтой гэмт хэрэгтэй тэмцэж, таслан зогсоож байв. Ингэж ажиллахдаа гадаадын тагнуул туршуул, төрийн эсрэг хуйвалдааныг илрүүлж байжээ.
Тухайлбал:
- 1922 онд Монгол орны хязгаар нутгийг салгаж тусгаарлах гэсэн Дамбийжанцангийн хэрэг;
- 1923 онд Манжуураас нууцаар орж ирж цагааны цэргийн үлдэгдлийг цуглуулан төрийн эргэлт хийх гэсэн Очиров, Туванов нарын хэрэг;
- 1923 онд Японоос цэрэг, зэвсгийн тусламж авч ардын засгийг устгахаар санаархсан Цэрэнпил нарын хэрэг;
- 1924 онд Хан Хэнтий уулын аймгийн Шилийн худаг хэмээх газар байрлаж байсан гоминданы хятадын тагнуул Ван Кү Во, Жан Си Ли; Хан Хува Син, Шэн Иван Гүн нарын хэргүүдийг дурьдаж болно.
Түүнчлэн хөрш орнуудын байдал, тэдний тусгай албадаас манай орны эсрэг чиглүүлж буй үйл ажиллагааны тухай мэдээлэл авахад чиглүүлж, хувьсгалын дараагаар хятад руу нилээд олон хүнийг янз бүрийн халхавчаар мэдээлэл олох зорилгоор Ц.Ширнэндамдин, Ц.Дамбадорж, Д.Балдандорж, Н.Насанбат зэрэг төр, нийгмийн зүтгэлтнүүдийг явуулж байжээ.
1924 онд ДХГ-ыг Засгийн газрын харъяанд шилжүүлж, 1926 онд “Гадаад хэлтэс”-ийг байгуулж, тагнуулын эрх, үүргийг нь өргөтгөн бэхжүүлснээр ардчилсан төрт ёст Монгол Улсад нэгдмэл удирдлага, тогтолцоо бүхий тагнуулын байгууллага хэлбэршлээ бүрэн олж тогтсон билээ.
1920-иод оны үеэс манай улсын гадаад дотоод байдал хурцадсан тул УАХБ-ын эрх, үүргийг боловсронгуй болгох, удирдлагыг төвлөрүүлэн нэгтгэх зарим зохион байгуулалтыг арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.
Энэ үед гадаад тагнуулын чиглэлээр бусад байгууллагын нэрийн дор гадаадад гарган ажиллуулагсдаас үүргээ амжилттай биелүүлж байсан олон шилдэг ажилтнуудын үйл ажиллагаа тагнуулын байгууллагын түүхэнд мөнхрөн үлдсэн юм. Тухайлбал, Доржийн Давааг 1926 онд Монгол тээхийн байгууллагад шилжүүлэн ажиллуулж улмаар Жанчхүү дэх Харилцан туслалцах хоршооны салбарт ажиллуулсан зэргийг дурьдаж болно.
Улс орны гадаад, дотоод нөхцөл байдалд нийцүүлэн Сайд нарын Зөвлөлийн 1933 оны 21 дүгээр хурлаар тус газрын дүрмийг шинэчлэн баталж “Дотоодыг хамгаалах ерөнхий газар” гэж нэрлэн СнЗ-ийн дэргэд яам эрхтэй байж, тус зөвлөлд шууд захирагдах ба газрын даргыг Улсын Бага Хурлаас сонгох, орлогч дарга нарыг мөнхүү хурлаас томилох, албан хаагчид нь цэргийн байх, мөрдөн байцаалтын ажилд нь прокуророос хяналт тавихаар болгожээ.
1932 онд тус газарт цагдан сэргийлэх байгууллагыг харъяалуулж, улсын хилийн хамгаалалтыг 1933 оноос хариуцуулав. Түүнчлэн тус газрыг 1936 онд Дотоод Явдлын Яам болгож, Улсыг аюулаас сахиж хамгаалах хэргийг удирдах ерөнхий газар, Хил хязгаарын ба Дотоодын цэргийн хэргийг удирдах газар, Улсын цагдан сэргийлэх газар, Засан хүмүүжүүлэх лагерь хийгээд гяндангуудыг удирдах газар, захиргаа аж ахуйн хэрэг эрхлэх газар, Санхүүгийн хэрэг эрхлэх газартай болгожээ. Эдгээр байгууллагуудыг нэгэн удирдлагад төвлөрүүлснээр нийгмийн аюулгүй байдлыг сахиулах байгууллагуудын нэгдсэн систем бүрдсэн байна. Үүний зэрэгцээ УАХБ нь хуулийн байгууллагуудтай хамтран гаргасан эрх зүйн акт, зөвлөх сургагч нарын оролцоотойгоор боловсруулан гаргасан 10 гаруй заавраар үйл ажиллагаагаа зохицуулж байв.
1930-аад оны сүүл үед тагнуулын байгууллагын ажлын амжилт, үйл ажиллагааны үр дүн удаан үргэлжилж чадсангүй, иргэдийг үй олноор баривчлах, хорих зэргээр их хэлмэгдүүлэлтийн ажлыг эхлүүлжээ. Энэ нь юуны өмнө Монголын төр засгийн эрхийг гартаа авсан зүүнтний алдаатай бодлого, ДЯЯ-д ажиллаж байсан Зөвлөлтийн Аюулаас хамгаалах байгууллагын сургагч, зөвлөхийн оролцоо эрх мэдэл ихсэж тус газрын ажлыг өөрсдийн арга барилаар явуулж ирсэнтэй шууд холбоотой юм.
Хэдийгээр 1930-1940 онд хууль ёс, хүний эрхийг бүдүүлгээр зөрчин хэлмэгдүүлэх ажлыг хийж байсан боловч тухайн үед баруун, зүүн хязгаараар япон, гоминданы эзлэн түрэмгийлэх гэсэн аюул заналыг арилгахад гавъяатай үйлс бүтээснийг тус байгууллагын түүхээс тодорхой харагддаг. Тухайлбал, хилийн цаана Японы тусгай албадын байгуулсан тагнах, хорлон сүйтгэх олон арван салбар байгууллагуудын үйл ажиллагааг илрүүлэн, үйл ажиллагааг нь таслан зогсоож байв.
Энэ үед Гоминданы болон Японы цэрэг зэвсгийн байдал, манай улсын эсрэг ухуулга сурталчилгаа, дээрэм тонуул, тагнуулын ажил эрхэлдэг хүмүүс, байгууллага, түүнчлэн дүрвэн гарсан иргэдийг буцаан авчруулах зэрэг ажлаар хилийн цаана гарч эрэлхэг зориг, итгэл үнэмшил, авхаалж самбааны хүчээр амь өрссөн хүнд бэрхшээлийг даван туулж эх орныхоо энхийн үйлсийн төлөө далд фронтод тулалдаж явсан ахмад тагнуулчин Б.Дүгэр, Б.Сахаан, Б.Уртнасан, Б.Чилхаа нарын байгуулсан гавъяа тагнуулын байгууллагын түүхэнд мөнхөрөн үлдсэн юм.
1939 онд Японы түрэмгийлэгчид Монгол улсын хилд довтолсноор Халх голын дайныг эхлүүлжээ. УАХБ-аас дайны нөхцөлд үйл ажиллагаагаа зохион байгуулж, дайны үед зохиосон арга хэмжээ нь монгол, зөвлөлтийн армийн хамтарсан хүчний ялалтанд хувь нэмрээ оруулж, байлдааны фронтод үүргээ сайн гүйцэтгэсэн Т.Содномдаржаа, Бат-Очир, Д.Бат, Ю.Готовдорж, Д.Чүлтэмсүрэн, Ц.Мижиддорж, М.Сандагжав, Б.Дордог, Х.Дондог, Б.Дэмчиг, сургагч Ступин, орчуулагч С.О.Устаев нарын 30 гаруй ажилтан, тус байгууллагатай хамтран ажиллаж тусгай үүрэг даалгаврыг биелүүлсэн 37 хүн төрийн одон медалиар шагнагдсан байна.
1945 оны чөлөөлөх дайны өмнө гүйцэтгэх ажлын нөхцөл байдлын судлах арга хэмжээ авсан бөгөөд Сүхбаатар, Дорноговь аймгийн чиглэлээр хилийн цаана судалгаа хийх 2 группийг гаргаж, 8 дугаар сараас Улаанцав, Батхаалга, Шилийн гол, Баруун сөнөд, Долнуур, Манжуур, Хайлаарын чиглэлд тусгай хэсгүүдийг гаргаж, цэрэг армийн давшилтийн аюулгүй байдлыг хангах, дайсагнасан бүлэглэлийг устгах, нуугдан үлдсэн урвагчдыг олж илрүүлэх, ард олны санаа бодлыг судлах, ухуулга сурталчилгаа явуулах зэрэг ажлыг хийж иржээ. Дайны үед УАХБ-ын гол үүрэг зорилгын нэг нь давшиж байгаа цэргийн ангиудын аюулгүй байдлыг хангах, цэргийн удирдлагыг мэдллээр хангах, арми-ар талын холбоог найдвартай байлгах явдал байв.
Дайнд оролцсон УАХБ-ын ажилтнуудаас БНМАУ-ын Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор 6, Хөдөлмөрийн гаяъаны одонгоор 5, Алтан гадас одонгоор 26, Байлдааны медалиар 15, Хөдөлмөрийн хүндэт медалиар 3 хүн шагнагджээ.
1955 онд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 161 дүгээр тогтоолоор Цэрэг, ДЯЯ-ыг нэгтгэж Цэрэг ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яам болгов.
1950-аад онд БНХАУ-ын зүгээс социалист орнуудын эсрэг дайсагнах болсонтой холбогдуулан үндэсний аюулгүй байдлаа хамгаалах, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх, батлан хамгаалах чадавхиа нэмэгдүүлэхийн тулд 1959 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны хамтарсан хурлын 170/160 дугаар нууц тогтоолын дагуу мөн оны 6 дугаар сарын 23-ны өдөр МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 9 дүгээр хурлын тогтоолоор Ц ба НАХХЭЯ-ыг Ардын Цэргийн Хэргийг Эрхлэх Яам, Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам болгосон байна. Мөн тогтоолоор НАХЯ-ыг бүтцийн хувьд Улсыг аюулаас хамгаалах газар /УАХГ/, Улсын цагдан сэргийлэх газар /УЦСГ/, Засан хүмүүжүүлэх ерөнхий хэлтэс, Хамгаалах тусгай батальон, Хилийн байцаан өнгөрүүлэх ангиудтай байхаар тогтоожээ.
1960-1990 онд УАХБ хэдийгээр нэг намын үзэл суртлыг хамгаалах, нам улс төрийн байгууллага болон ажиллаж байсан хэдий ч төр улсынхаа аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлсээр ирснийг үгүйсгэж болохгүй. Тухайлбал, гадаадын тусгай албадын тагнан турших ажиллагааг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, зэвсэгт хүчин болон улсын онц чухал объектын аюулгүй байдлыг хангах, улсын нууцыг хамгаалах, улсын хилийг хамгаалах зэрэг үйлсэд төр улсын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байсан юм.
1990 онд Монгол оронд өөрчлөлт, шинэчлэлтийн үйл явц өрнөж, НАХЯ-ны бүтэц тогтолцоо, эрх үүргийг эргэн харах болсонтой холбогдуулан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн нууц 191 дүгээр тогтоолоор Нийгмийг аюулаас хамгаалах яамыг Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар болгон өөрчлөн байгуулжээ.
1992 онд “Монгол улсын Аюулгүй байдлыг хангах тухай” хуулийг батлуулснаар УАХБ-ын үйл ажиллагааг 1922 оноос хойш анх удаа хуульчлан тогтоосон төдийгүй тус байгууллагыг шинэ нөхцөлд нийцүүлэн өөрчлөн шинэчлэх, боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм. Энэ үеэс гадаад, сөрөх тагнуулын байгууллага зөвхөн төрийн хууль тогтоох дээд байгууллагаас баталж гаргасан хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн үндэс, таатай нөхцөл бий болжээ.
Засгийн газрын 1993 оны 12 дугаар сарын 20-ны н/57 дугаар тогтоолоор УАБХЕГ-ын бүрэлдэхүүнээс Хилийн цэргийг гаргаж, Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн нууц 11 дүгээр тогтоолоор Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрыг Тагнуулын төв газар болгож, 1996 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 290 дугаар тогтоолоор тус газрыг татан буулгаж, Улсын аюулгүй байдлыг хангах газрыг байгуулж, Монгол Улсын Их Хурлын 2000 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Улсын аюулгүй байдлыг хангах газар нь Тагнуулын ерөнхий газар болж нэр нь өөрчлөгджээ. Тагнуулын ерөнхий газар нь тагнуулын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах бодлого боловсруулж хэрэгжүүлэх зорилго бүхий төрийн захиргааны төв байгууллага юм.
Тагнуулын байгууллагын нэрийн өөрчлөлт
засварлах- Дотоодыг хамгаалах газар 1922-1933
- Дотоодыг хамгаалах ерөнхий газар 1933-1936
- Дотоод явдлын яам 1936-1955
- Цэрэг ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яам 1955-1959
- Нийгмийг аюулаас хамгаалах яам 1959-1990
- Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар 1990-1994
- Тагнуулын төв газар 1994-1996
- Улсын аюулгүй байдлыг хангах газар 1996-2000
- Тагнуулын ерөнхий газар 2000 оноос
Тагнуулын байгууллагын үйл ажиллагааг дараах Монгол Улсын хуулиудаар зохицуулдаг. Үүнд:
засварлах- Тагнуулын байгууллагын тухай
- Гүйцэтгэх ажлын тухай
- Үндэсний аюулгүй байдлын тухай
- Эрүүгийн хууль
- Эрүүгийн байцаан шийтгэх тухай
- Терроризмтой тэмцэх тухай
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай
- Төрийн нууцын тухай
- Төрийн нууцын жагсаалт батлах тухай
- Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай
- Төрийн тусгай хамгаалалтын тухай
- Төрийн албаны тухай
- Төрийн хяналт шалгалтын тухай
- Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай
- Захиргааны ерөнхий хууль
- Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай
- Зэвсэгт хүчний тухай
- Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай
- Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай
- Галт зэвсгийн тухай
- Гэрч хохирогчийг хамгаалах тухай
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай
- Цөмийн энергийн тухай
- Прокурорын байгууллагын тухай
- Онц байдлын тухай
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай
- Монгол Улсын батлан хамгаалах тухай
- Архивын тухай
- Авлигалын эсрэг
- Хилийн боомтын тухай
- Химийн хорт болон аюултай бодисын тухай
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай
- Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай[1]