Георгий Жуков

Георгий Константинович Жуков (1896 оны 12 сарын 26 - 1974 оны 6 сарын 18) нь ЗХУ-ын дөрвөн удаагийн Баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ -ын Эх орны их дайны цуут жанжин, ЗХУ-ын маршал юм. Дайны хатуу ширүүн, аюул гамшигт үед Зөвлөлтийн ард түмэн дотроосоо олон авьяаслаг жанжныг төрүүлсэн билээ. Зөвлөлт Холбоот Улсын маршал Георгий Жуков тэдэн дотроос хамгийн гарамгай нь мөн. Ядуу тариачин гэр бүлээс гарч, жагсаалын цэргээс маршал болтлоо түмэн бэршээлт, мянган адармаат зам туулсан тэрээр ард түмэн цэрэг армийн дотор маш алдартай байлаа.

Георгий Жуков
1896 оны 12 сарын 1 (1896-12-01)1974 оны 6 сарын 18 (77 насалсан)
RIAN archive 2410 Marshal Zhukov speaking.jpg

Төрсөн газар Стрелковка, Калугийн губерн, Оросын Хаант Улс
Нас барсан газар Москва, Зөвлөлт Холбоот Улс
Эх орон Flag of Russia.svg Оросын Хаант Улс (1915–1917)
Flag of the Soviet Union 1955.svg Зөвлөлт Холбоот Улс (1917–1957)
Ажиллагаа/салбар Оросын Холбооны Улс Хаант Оросын арми
Red Army flag.svg Улаан Арми
Албан үүргийн он жилүүд 19151957
Цол Зөвлөлт Холбоот Улсын Маршал
Цэргийн удирдах албан тушаал Ленинградын фронт, Баруун фронт, Украины 1 дүгээр фронт, Беларуссын 1 дүгээр фронт болон бусад
Тулалдаанууд/дайнууд Дэлхийн нэгдүгээр дайн
Оросын иргэний дайн
Халхын голын байлдаан (Номунхан)
Эх орны дайн
Шагналууд Зөвлөлт Холбоот Улсын Баатар (4)
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар (2)Лениний одон (6)
Улаан тугийн одон
Октябрийн хувьсгалын одон (3)
Суворовын 1-р зэргийн одон (2)
Ялалтын одон (2)
Хүндэт Легион
Virtuti Militari
Хүндэт Легион
Жоржийн Загалмай одон (2)
бусад
Бусад үйл хэрэг "Дурдатгал, бодол" ном, 1969 он.

АмьдралЗасварлах

 
Г.Жуков. Хаант оросын армин цэрэгт. 1916 он

Георгий Константинович Жуков 1896 оны 12-р сарын 26-ны өдөр тариачин гаралтай Константин Артемьевич Жуковын хоёрдугаар хөвгүүн болон төржээ. Бага залуу насандаа ядуу зүдүүгийн зовлон гамшгийг амсаж, нагац ахындаа зарагдаж байжээ. Дэлхийн нэгдүгээр дайн эхэлсэн ба 1915 оны наймдугаар сард хаант засгийн армид татагдаж, Баруун –Өмнөд фронтод байлдаж гарамгай гавьяа байгуулсн тул Георгийн 2 загалмайгаар шагнагджээ. 1917 оны 2-р сарын Хувьсгалын үед түүнийг сумангийн цэргийн хорооны даргаар сонгожээ. Октябрийн хувьсгалын дараа Улаан Армид элсэн иргэний дайнд оролцож улаан тугийн одонгоор шагнагджээ.

 
Г.Жуков. Цэргийн курст. 1925 он

Тэрээр иргэний дайны үед улаан цэрэг, дараа нь улааны дарга болж явлаа. Хувьсгалын дайсны эсрэг цэргийн хөдөлмөрийн жинхэнэ утга учрыг ойлгосон билээ. Иргэний дайны дараа Жуков Тамбовд гарсан Антоновын тариачны бослогыг дарах ажиллагаанд Тухачевскийн удирдлаган доор батальон захиран оролцсон байна.

 
Г.Жуков. самарын 7-р морьт дивизийн Бузулукийн 39-р хорооны захирагч. 1923 он

Георгий Жуковын цэрэг удирдах өндөр чанар, цэргийн байлдааны ба улс төрийн бэлтгэлийн түвшинг дээшлүүлэх талаар хийж байсан шаргуу чимхлүүр ажлыг ахлах дарга нар нь анхааран ажиглаж байлаа. Г.К.Жуковын командалсан 2-р бригад К.К.Рокоссовскийн Английн пролетари нарын нэрэмжит Самарын 7-р морьт дивизийн бүрэлдэхүүнд багтаж байлаа.Энэ нь түүний ажил байдлын тодорхойлолтоос тод харагддаг байна. Тэр үед дивизийн дарга байсан ирээдүйн ЗХУ-ын маршал К.К.Рокоссовский түүний ажил байдлыг тодорхойлж бичихдээ:

Зоригтой, шийдэмгий дарга. Их санаачилгатай, санаачилгаа ажилд чадамгай хэрэгжүүлдэг, сахилга баттай. Шаардлагатай, тавьсан шаардлагаа заавал биелүүлдэг гэжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны өмнө Жуков нь Белоруссын цэргийн тойргийн командлагчийн орлогч хүртлээ дэвшсэн байна. Энэ үед Сталины заавраар зохион байгуулсан Их хэлмэгдүүлэлтийн үед удаа дараа буруу үзэл бодолтой гэж хардуулж, нууц мэдээлэд орж байжээ. Георгий Жуков үүнийг мэдэж шууд Ардын комиссар Ворошиловт өөрийг нь хилсээр хардан сэжиглэж байгаа тухай захидал бичин өөрийгөө цагаатгуулан авч үлдэж чадсан байна.

Халхын голын байлдаанЗасварлах

Үндсэн өгүүлэл: Халхын голын байлдаан
 
Г.Жуков ба Х.Чойбалсан. Халхын гол. 1939 он

Халхын голын байлдааны эхний үе шатанд 57-р корпусын захирагч Фекленко захирагчтай зөвлөлтийн цэрэг газар болон агаарт болсон тулалдаануудад удаа дараа ялагдал хүлээн хүн хүч, зэвсэг техникийн хувьд хүнд хохирол учирсан байна. Үүнийг засахын тулд байдлыг газар дээр нь тодруулан яаралтай арга хэмжээ авах армийн бие төлөөлөгчөөр томилох хүнийг Иосиф Сталин тэргүүтэй зөвлөлтийн дээд удирдлага хэлэлцэх үед маршал Будённый болон Ворошиловын саналаар Белоруссын цэргийн тойргийн командлагчийн орлогч жуковыг томилсон байна. Жуковыг Монголд ирж тулалдааны байдалтай газар дээр нь танилцсаны дараа байдлыг Воршилов илтгэхэд 1939 оны 7-р сарын 11-нд түүнийг 57-р корпусын командлагчаар томилогдсон байна.

Халхын гол кино.ЦСДФ.1939 он

Халхын голын байлдааны үед Жуков эхний шатанд цэргийн байрлалыг тогтворжуулах, нэмэлт хүчийг яаралтай татах арга хэмжээнүүдийг шууд авч эхэлжээ. Түүнийг командлалыг авсаны дараахан 7 сарын эхээр генерал Комацүбара Мичитароийн захирамжаар японы эзэн хааны явган цэргийн 23-р дивиз Халхын голыг гатлан Баянцагааныг эзлэн аюултай байдал үүсгэсэн байна. Энэ үед Жуков эрс шийдэмгий арга хэмжээ авч Яковлевийн танкийн 11-р бригадыг Баянцагаан дах японы цэргийн түшиц газар луу явган цэргийн дэмжлэггүй давших тушаал гарган агаарын бүх хүч болон артиллерийн ангиудад япончуудыг буудаж бөмбөгдөх тушаал өгсөн байна. Эгзэгтэй үед үүнээс өөр бэлтгэл хүч түүнд байгаагүй бөгөөд энэ эрс шийдвэрийн ачаар япончуудыг Бяанцагаанд бут цохин тэд нарыг дахин Халхын голыг гатлах боломжгүй болгосон.

 
Ялсан жанжид. Халхын гол. 1939 он

Бэлтгэл хүчээ татсаны дараа 1939 оны 8-р сарын 20 - 31 -ны хооронд генерал Комацүбара Мичитарогийн командалсан 6 -р армийг бүрэн бүслэн бут цохисон юм. Энэхүү тулалдаанд 2 талаас олон мянган цэрэг алагдсан ба шархадсан байна. Түүнийг Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор шагнажээ. (28.8.1939 г., Алтан таван хошуу № 435) ба БНМАУ -ын улаан тугийн одон.

Аугаа Эх орны их дайн өмнөЗасварлах

Халхын голын ялалтын дараа монгол дах Зөвлөлтийн цэргийн армийн 1-р бүлэглэлийн командлагчаар түр хугацаанд ажиллсан байна. Энэ үедээ тэрээр маршал Чойбалсантай нөхөрлөсөн бөгөөд Монголчууд, монгол улсыг насан туршдаа хайрлан хүндэлж байсан юм. Үүний дараа Жуковыг Киевийн цэргийн тойргийн командлагчаар томилсон ба тэрээр Баруун Украйн, Бессарабийг чөлөөлөх аяныг амжилттай удирдсан байна.

 
Г.Жуков. Бессараби ба Умарт буковиныг чөлөөлөх аян. Кишинев хот. 1940 оны 7 сарын 4

1941 оны нэгдүгээр сард Г.К.Жуков Жанжин штабын дарга, Батлан хамгаалах ардын комиссарын орлогчоор томилогдсон байна. Энэ нь түүний хувьд нийт улс орныг батлан Хамгаалах чадлын төлөө хариуцлагатай холбоотой огт ондоо ажил байв. Тэрээр өөрийнх нь хувьд цоо шинэ ажил болох Жанжин Штабын ажилд идэвхийлэн оржээ. Г.К.Жуков оператив ажлын хувьд үнэхээр гарамгай нэгэн байсан.

Аугаа Их Эх Орны дайндЗасварлах

ЗХУ-ын Эх Орны дайн эхлэх хүртэл хороо, бригад, дивиз, корпус командалж 1939 онд Беларуссын цэргийн тойргийн орлогч командлагч, 1940 онд Киевийн цэргийн онцгой тойргийн командлагчЖанжин Штабын дарга 1941 оноос Нөөц, Ленинград, Баруун, Украйны 1, Белоруссын 1-р фронтуудыг командалж алдар цуугаа Европ даяар мандуулжээ. 1940 оны 3-р сард Г.К.Жуковт армийн генерал цол олгож Киевийн цэргийн тойргийн командлагчаар томилсон ба Беларуссын цэргийн тойргийн командлагч армийн генерал Д.Г.Павловтой нягт хамтран ажиллаж байжээ.

Эх орны дайны эхэн үед Жанжин штабын дарга Жуков нь баруун болон баруун өмнөд чиглэлд хийсэн германы давтолгоог няцаахын тулд бололцоотой бүх арга хэмжээнүүдийг авч Баруун өмнөд фронтод удаа дараа очин амжилттай сөрөг довтолгоонуудыг зохион байгуулж байжээ. Адольф Хитлер Москва руу хийх довтолгооны чиглэлийг өөрчлөн баруун өмнөд чиглэлээр гол довтолгооноо Киевийн чиглэлд хийхэд тус фронтын командлагч Кирпоносын алдаанаас уламжлан фронтын байдал хүндрэхэд Жуков Киев хотыг дайсанд алдах нь тодорхой боллоо гэж хэнээс ч айлгүй Сталин болон ЗХУКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүдэд мэдэгдсэн байна. Ингэхэд Сталин ихэд уурлан цэргийхэн ажлаа хийж чадахгүй байна гэхэд Жуков Жанжин штабын даргаас огцрох хүсэлтээ гаргажээ. Ингээд түүнийг Нөөц фронтын командлагчаар томилжээ. Жуков Нөөц фронтын командлагч байхдаа зөвлөлтийн цэргийн анхны амжилттай сөрөг давшилтыг Ельня хотын орчимд зохион байгуулан Хитлерийн Москва руу давших гол түшиц газрыг устган Ельнягийн мөргөцөгийг устган Ельня хотыг чөлөөлжээ. Үүний дараа фронтын умард чиглэлээр германчууд довтолгоогоо идэвхижүүлэн Ленинградын бүслэлт болжээ. Ленинградын чиглэлд маршал Ворошилов байлдааны ажиллагааг удирдаж чадаагүй тул түүнийг огцруулан оронд Жуковыг томилсон байна. Жуков Ленинградын фронтын командлагчаар томилогдсон өдрөө шууд Ленинград хотод нисэж очоод шаардлагатай арга хэмжээг авч эхэлжээ. Үүний үр дүнд германы Умард армийн бүлэглэлийн Ленинградыг эзлэхээр хийсэн удаа дараагийн давшилтуудыг тас цохижээ.

1941 оны 9-р сарын 30-д Хитлерийн Москваг эзлэх "Тайфун" ажиллагаа эхэлж, Баруун фронтын командлагч Конев шаардлагатай арга хэмжээг авч чадалгүй байсаар зөвлөлтийн цэрэг Вязьмагийн бүслэлтэнд орж устгагджээ. Ингэж Москвагийн чиглэл дэх зөвлөлтийн цэрэг бут цохиулан Москваг хамгаалах ямар ч боломжгүй болсон үед Сталин Жуковыг бүслэлтэнд байгаа Ленинградаас дуудан байдлыг газар дээр нь үзэж шаардлагатай арга хэмжээ авахыг тушаасан байна. Улмаар Жуковыг Коневийн оронд Баруун фронтын командлагчаар томилсон байна. Жуков фронтын командлалыг авсаны дараа германы давшиж буй цэргийн эсрэг өөрт байгаа цөөн цэрэг зэвсгийн хүчээр давшилтын гол чиглэлийг эсрэг хаалт, жижиг хориглолтуудыг хийж эхэлсэн нь үр дүнгээ өгч германы давшилтын хурд саарсан байна. Хориглолтын боломжоо ашиглан гүн ар талаас ирэх нөөц хүчийг бэлтгэн германчуудыг туйлдуулах арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.

Тэр жил Москвагийн орчмоор цаг агаар таагүй болж арван нэгдүгээр сарын эхээр шөнөдөө ус зайрмагтаж, намрын бороо ялихгүй шамаргалж байв. Энэ нь дайсныг яаравчлахад хүргэжээ. Фашист моторжуулсан цуваа нийслэлийн зүг тэмүүлсээр байжээ. Дайсныг ямар ч хамаагүй аргаар зогсоох хэрэгтэй байлаа. Баруун фронтын командлагч Жуков тавьсан зорилгодоо хэлбэрэлтгүй хүрч чадсан байна.

1941 оны 11-р сарын 16-нд үдээс хойш фашистуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан 16-р арми ухрахыг хүсч маршал Б.М.Шапошниковт саналаа тавихад тэрээр зөвшөөрч, зохих заавар өгсөн байна. Энэ тухай мэдмэгц Г.К.Жуков армийн командлагчид цахилгаан утас явуулж "Фронтын цэргийг би командалж байна. Цэргийг Истрагийн усан сангийн ард татах тушаалыг хүчингүй болгож байна. Одоо эзлэн байгаа заагтаа хориглох тушаал өгч байна. Москвагийн дэргэд Германы давшилтыг цөөн цэргийн хүчээр туйлдуулан зогсоож чадсан төдийгүй германы армийг хүчээ шавхан зогссон тэр эгзэгтэй мөчид сөрөг давшилтыг эхлүүлж чаджээ. Армийн генерал Г.К.Жуков" гэжээ.

Москвагийн тулалдааны хамгийн эгзэгтэй үед хийж ялалтыг авчирсан сөрөг довтолгооны тухай "Манай сөрөх довтолгоон амжилт олсон тухайд гэвэл дайралтыг гэнэт хийсэн, тэгэхдээ дайсны хүчээс давуугүй хүчээр хийсэн юм. Байлдааны туршлагатай ч болсон байлаа." гэж хожим Г.К.Жуков номондоо дурсчээ.

 
Олзлогдсон Барс танкны дэргэд

1942 оны зун Хитлерийн дээд ерөнхий командлал Зөвлөлт-германы фронтын нийт шугамаар давшилт хийж чадахгүй болсон тул өмнөд жигүүрээр "Блау" ажиллагааг эхлүүлэн Сталинград, Кавказын нуруу хүртэл давшжээ. Ингэж фронтын байдал дахин хүндэрсэн тул Жуковыг Сталинградын чиглэлд төлөөлөгчөөр томилон явуулсан байна. Жуков Василевскийн хамт Сталинградад германы 6-р армийг бүслэн бут цохих ажиллагааг анх санаачилан төлөвлөсөн байна.

Жуков нь үүний дараа Ленинградын бүслэлтийг сэтлэх "Оч" ажиллагаа, Курскийн тулалдаан, Днепр мөрнийг гатлах, зүүн Украйныг чөлөөлөх давшилт, Беларуссыг чөлөөлөх "Багратион" ажиллагаа, Болгарыг чөлөөлөх ажиллагаа, Варшавыг чөлөөлөх, Одер мөрөн хүртэл давших ажиллагаа, Берлиныг эзлэх давшилт зэргийг төлөвлөн амжилттай хэрэгжүүлж чадсан зөвлөлтийн цэргийн гарамгай жанжин юм. Жуков нь холбоотонууд болох АНУ, Англи, Францын төлөөлөгч нарын хамт фашистын германы буууж өгөх актанд Берлин хотноо гарын үсэг зурсан гавъяатан бөгөөд 1945 оны 6-р сарын 24-д Москва хотод болсон Ялалтын ёслолын жагсаалыг хүлээж авч байжээ.

Москва. Ялалтын парад.24.06.1945

Дайны дараа Герман дахь Хяналтын Зөвлөлийн дарга, Одессын цэргийн тойргийн командлагч, Батлан хамгаалах яамны сайд зэрэг хэд хэдэн өндөр албан тушаал хашиж байгаад 1957 онд чөлөөндөө гарчээ.

Жуков нь ЗХУ-ын төрийн эрхэнд Никита Хрущевийг гарахад гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Л.Берияг баривчлах болон Булганин, Молотов нарыг Хрущевийн эсрэг хуйвалдаан зохион байгуулахад түүний эсрэг зогсон Хрущевийг байр сууриа бэхжүүлэхэд тусалсан байна.

 
Берлин. 1945 он

Маршал Жуковын нэр нөлөө өсөн нэмэгдэж байсан тул түүнээс айсан удирдагч Хрущев түүнийг Югославт албан ёсны айлчлал хийж байхад Батлан хамгаалах яамны сайд болон бусад албан тушаалаас нь зайлуулсан байна. Тэрээр ЗХУКН-ын ТХ-ны Улс төрийн товчооны гишүүнээр зургаахан сар ажилласан билээ. Тэрээр 1974 оны 6 сарын 18 -нд нас баржээ. Түүнийг Кремлийн хананд чандарлан оршуулсан юм.

Г.К.Жуковын гэр музей 1979 онд Монголд байгуулагдсан.

 
1976 онд гарсан шуудангийн марк

Сонирхолтой баримтуудЗасварлах

  • Маршал Жуковыг АНУ, Англи болон барууны орнуудад "Ялалтын маршал" гэж өргөмжилдөг байжээ.
  • Маршал Жуковын дуртгалыг ихэд Хрущев болон Брежнев нарын үед ихэд болгоомжлон хэвлүүлэхгүй байх тал дээр шахалт үзүүлж байсан байна. Брежнев маршалын дуртгалд өөрийн тухай хэсэг оруулах гэж маршалд санал тавьсан боловч маршал нэг армийн улс төрийн газрын дарга нэг хурандаагийн байлдааны ажиллагаанд нөлөөлөх боломжгүй, тэгээд ч би Брежневийг дайны үед таньдаггүй байсан гэж хэлээд засвар хийгээгүй тул редакцийн зүгээс "Бага газар" гэсэн жижиг хэсгийг оруулсан байна.
  • Түүний дуртгалын эхний хувилбарыг Зөвлөлтийн удирдлага, цэргийнхэн ихэд эмзэглэн хүлээн авч дайны эхэн үеийн ялагдлан тухай үнэнийг өгүүлсэн хэсгүүдэд цензур тавин засуулсан байна.
  • Жуков нь бага ангийн боловсролтой хүн байсан бөгөөд өөрийн төрөлх авъяас чадварын хүчээр маршал болсон хүн юм.
  • Маршал Жуковын музейг дэлхийд анх Монголд байгуулсан бөгөөд одоог хүртэл ОХУ-д түүний музей байдаггүй.
 
Жуковын музейн өмнө Монгол улс ба ОХУ-ын Ерөнхийлөгч нар. Улаанбаатар хот. 2009 он

Дарагдаж байсан ярилцлагаЗасварлах

Уран бүтээлийн туршилтын кино студэд 1966 онд Москвагийн дэрэгдэх тулалдааны 25 жилийн ойд зориулсан “Хэрэв чи орон гэртээ хайртай бол” гэдэг кино хийж байжээ.Уг кино 1967 онд гарсан. Энэ кинонд Конев, Рокоссовский, Жуков нарын Зөвлөлтийн алдарт маршалууд оролцон зураг авхуулсан байна. Түүнээс гадна Жуковаас зохиолч Константин Симонов нэмэлт ярилцлага авчээ. Маршал Жуковын ярилцлагын тухайд бол кинонд ороогүйгээр барахгүй Улсын киноны хэрэг эрхлэх газрын асуудлаар гарсан тогтоолд түүнийг дахиад хэзээ ч гаргахгүй байхын тулд хальснаас арчиж хаяхаар заасан байжээ. Уран бүтээлийн туршилтын студыг байгуулагч “Познерын хөтөлбөр” нэвтрүүлгийн хөтлөгч В.Познерын эцэг Владимир Александрович Познер тэр хальсийг хулгайлан авч ярилцлагыг монтаажлан өөр студэд өгч, дараа нь түүнийгээ архивт хадгалуулсан байна. Тэр тэнд өнөөг хүртэл хадгалагдажээ.

Хувийн сонирхолын талаарЗасварлах

Зөвлөлтийн жанжнууд Германы эзлэгдсэн нутаг дахь эд хөрөнгөөс өөрийн хувийн мэдэлд авсан тохиолдол баримтууд цөөнгүй байна. Энэ байдлыг Жуков тойрсонгүй. “Нөхөр Сталинд. Ягодины / Ковеля хотын ойролцоох / гааль дээр 85 хайрцаг мебель тавилга ачсан 7 вагон байна. Баримт бичгийг шалгаж үзэхэд маршал Жуковын эд зүйл гэнэ... Булганин. 1946 оны наймдугаар сарын 23” гэсэн архивын баримт үлджээ. Мөн гэрт нь хийсэн нэгжлэгийн тухай дараах баримт байдаг.

Маш нууц. ЗХУ-ын Сайд нарын зөвлөл. Нөхөр И.В.Сталинд Таны тушаалаар нэгдүгээр сарын 5-нд маршал Жуковын Москва дахь байранд нэгжлэг хийлээ. Үзлэгийн зорилго нь энэ байранд алт эрдэнэс, үнэт зүйлс бүхий чемодан байгаа эсэхийг олох явдал байв. Үзлэгийн явцад чемодан байсангүй харин шкатулк нь унтлагын өрөөн дэх шүүгээнд байлаа. Энэ дотор “ цаг 24, байсны 17 нь алтан цаг, 3 нь чулуутай цаг байв. Алтан бөгж, хүзүүний зүүлт 15 ширхэг. Үүний 8 нь үнэт чулуун шигтгээтэй. Их хэмжэний үнэт чулуу бүхий алтан брелок Үнэт чулуун шигтгээтэй алтан ээмэг, зүүлт, бугуйвч зэрэг бусад үнэт зүйлс. Мөн төмөр шүүгээнд байсан үнэт зүйлсийн зургийг авсан ч энэ байранд чемодан байгаагүйг баталгаажуулсан болно. Чемодан төдийгүй захидал, тэмдэглэл гээд хувийн бусад зүйл огт байхгүйг бодоход энэ бүхнээ эндээс зайлуулж хаа нэг тийшээ аваачсан байна гэсэн дүгнэлтэд хүрлээ” гэсэн байна. Үүний дараахан нэгдүгээр сарын 8-9-нд Москвагийн дэргэд Рублевк сууринд байдаг Жуковын зусланд нэгжлэг хийлээ. Үзлэгийн дүнд зуслангийн байрны хоёр өрөө нь эд бараа, үнэт зүйлс агуулах байр болж хувирсан нь тодорхой байна. Энд: Ноосон болон бүс даавуу 4000 метр, төрөл бүрийн ангийн 323 арьс, дээд чанарын арьс шир 35 ширхэг. Подстам болон Германы бусад байр, орд харшаас зөөж авчирсан том хэмжээтэй хивс дэвсгэр 44 ширхэг, том жаазтай зураг, урлагийн үнэт бүтээл 55,цай хоолны шаазан болон болор иж бүрдэл, сав суулга хийсэн 7 авдар байна. Цай хоолны халбага сэрээний мөнгөн иж бүрдэл 2 авдар, тансаг хийц бүхий найраг баян хуур хөгжим 8 ширхэг, “Голанд-Голанд” болон бусад хийцийн ангийн чамин буу 20 ширхэг зэргийг 51 авдар, чемоданд хийж хадгалан зарим нь ил байлаа. Үүний зэрэгцээ зуслангийн байрны ширээ, ханын тавиур, цонхны давцан дээр хүрэл болон шаазан хийцтэй төрөл бүрийн ваар сав, баримал, урлагийн бүтээл өрөөтэй байна. Үзлэг хийсэн ажилтнууд Жуковын зуслан бол үнэт эдлэлийн дэлгүүр юм уу, музей үзмэрийн газар байна гэж дүгнэхэд хүрлээ. Гал тогоонд гэхэд л урлагийн үнэт бүтээл болох дөрвөн ч зураг өлгөөтэй байна. Энэ бүхний дотор орон байр, зусланд байх нь бүү хэл Улсын сан хөмрөгт тушааж хамгаалалтад авахаар үнэт бүтээлүүд ч байна. 20 гаруй том хивсээр бүх өрөө, хонгилын шалыг бүрэн хучжээ. Дүгнэж үзвэл мебель тавилга, сав суулга, хивс, хөшиг, чимэглэл зэрэг нь гадаад хийцийн, гэхдээ германых байна. Энэ зусланд зөвлөлтийн үйлдвэрийн нэг ч бүтээгдхүүн байхгүй байна. Энд бас зөвлөлтийн нэг ч ном байхгүй, номын шүүгээ, тавиурт байгаа алтлаг хавтас, мөртэй бүх ном герман хэл дээр байна. Ер нь энэ байшинд орсон хүн Москвад байна уу, Германд байна уу гэдгээ мэдэхгүйд хүрч байна. Үзлэгийн төгсгөлд энэ бүхнийг нэг өрөөнд нь хийж түгжээд харуул манаа тавьсан болно. ЗХУ-ын Улсыг Аюулаах хамгаалах яамны тусгай хэсэг Жуковын амьдарч байгаа байранд үзлэг хийхээр Одесс хот руу явсан. Энэ ажиллагааны дүнг таньд тусгайд нь илтгэнэ. Жуковын байрнаас олдоогүй, үнэт эдлэл бүхий чемоданыг нүүх үедээ Жуковын эхнэр өөрөө бариад явж байсан гэж баривчлагдсан Семочкин мэдүүлсэн. Жуков өнөөдөр эхнэртэйгээ Одессоос Москвад ирвэл тэр чемодан эндэх гэрт нь ирэх байх гэж бодож байна. Абакумов. 1948 оны нэгдүгээр сарын 10” гэжээ.

Үүнийгээ цагаатгахын тулд Г.К.Жуков өөрөө намын дээд байгууллагад хандан өөрийгөө зөвтгөх гэж ийм захидал илгээсэн байдаг. “Бүх холбоотын Коммунист намын Төв Хороонд. Нөхөр Андрей Александрович Ждановт. “...намайг олзны эд зүйл, үнэт зүйлсээс хувьдаа авсан гэж буруутгахыг оролдож байна. Би гэрийнхэндээ, төрөл төрөгсөддөө хэт их зүйл худалдан авч алдаа хийжээ. Энэ бүхний мөнгийг би цалингаараа төлсөн. Миний зуслан дээр 4000 метр төрөл бүрийн бүс даавуу байна гэж надад хэлсэн. Би ийм зүйл үнэндээ мэдэхгүй юм, үүнийг би итгэхгүй байна. Зураг, хивс, чийдэнгийн бүрхүүл зэрэг нь орхигдож хаягдсан шилтгээн, байрнуудаас хурааж, Улсыг аюулаас хамгаалах яамны зуслангуудад өгөх гэж байсан юм. Би энэ бүхнийг УАХЯ-ны санд тушаахаар бодож байлаа. Энэ бүгдийг би хэзээ ч өөртөө шингээхийг бодоогүй. Хэнд ч хэрэггүй энэ эд зүйлсийг ямар нэгэн агуулах руу ачуулаагүй нь миний буруу гэдгийг би ойлгож байна. Ангийн 6-7 буу бол бүр дайны өмнө надад байсан. 5-6 ширхэгийг би Германаас худалдаж авсан юм. Нэг хэсэг нь бол бэлгэнд ирсэн зүйл. Ийм олон буу эзэмшиж байсан нь миний буруу. Анд сайн буутай явах ёстой гэж боддог байсан нь миний буруу. Дайны үед би ухаангүй байдлаасаа болж зарим алдаа гаргаж байсан боловч нам, эх орон, аугаа их Сталинд хэзээ ч муу санаж, муу зүйл хийж байгаагүйг минь харгалзаж үзэхийг Намын Төв хорооноос хүсье. Би ямагт их Сталины бүхий л тушаалыг чин сэтгэлээсээ үнэнчээр биелүүлж байсаан. Ийм ч учраас энэ алдаа гэмээ давтахгүй гэдгээ большевик ёсоор тангараглаж байна. Би Эх орон, аугаа удирдагч нөхөр Сталин, намдаа цаашид ч хэрэгтэй байх болно. Намайг намд минь үлдээхийг гуйя. Энэ бүх алдаага засч чадна гэдгээ Бүх холбоотын Коммунист /большевикуудын/ намын гишүүний өндөр нэр хүндээр андгайлж байна. БХК/б/ намын гишүүн Жуков. 1948 оны нэгдүгээр сарын 12” гэжээ.

ЭшлэлЗасварлах

НамтарЗасварлах

  • (1989) Afanasiev, Yuri N.: There Is No Other Way. Social Science Publisher and Truth Publisher. 
  • Axell, Albert (2003). Marshal Zhukov. Toronto: Pearson Education Ltd.. 
  • Chaney, Otto P. (1996). Zhukov – Revised Edition. Norman, Oklahoma: University of Oklahoma Press. 
  • Coox, Alvin D. (1985). Nomonhan; Japan Against Russia, 1939 Two volumes. Stanford University Press. 
  • Isaev, Aleksey V. (2006). Георгий Жуков: Последний довод короля (Russian хэлээр). Moscow: Yauza. ISBN 5-699-16564-9. 
  • Shtemenko, Sergei M. (1989). Генеральный штаб в годы войны (Russian хэлээр). Moscow: Voenizdat. 
  • Spahr, William J. (1993). Zhukov: The Rise and Fall of a Great Captain. Novato, CA: Presidio Press. 
  • Thâm, Cố Vân. 10 Đại Tướng soái thế giới. 
  • Vasilevsky, Aleksandr M. (1978). Дело всей жизни (Russian хэлээр). Moscow: Politizdat. 
  • Zhukov, Georgy К. (1965). The Memoirs of Marshal Zhukov. 20 years of victory Jubilee edition. 

Нэмэлт материалЗасварлах

Гадаад холбоосЗасварлах

  Commons: Georgy Zhukov – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Өмнөх
Кирилл Мерецков
Улаан армийн Жанжин штабын дарга
1941
Дараах
Борис Шапошников
Өмнөх
Никола́й Булга́нин
ЗХУ-ын Батлан хамгаалахын сайд
1953—1957
Дараах
Родион Малиновский