НКВД
Дотоод Хэргийн Ардын Комиссариат буюу НКВД (Орос: Народный комиссариат внутренних дел). ЧК, ГПУ, ОГПУ-г залгамжилсан нууц цагдаагийн залхаан цээрлүүлэх газар бөгөөд Иосиф Сталин засгийн эрхэнд байх үед улс төрийн гэмт хэрэгтнүүдийг үй олноор нь шийтгэдэг байсан. НКВД нь ЗХУ-ын замын цагдаа, гал команд, хилийн цэрэг, архивын үйл ажиллагаа хариуцсан цагдаагийн байгууллага ч гэлээ Гулагт явуулж байсан үйл ажиллагаагаараа зартай байв. Энэхүү байгууллага нь гэмт хэрэгтнүүдийг цаазаар авах, Гулагт хорьж хөдөлмөр эрхлүүлэх, эсэргүүцлийг нухчин дарах, тус улсын бүрэлдэхүүнд багтах үндэстнүүдийг хүн ам суурьшаагүй нутаг руу албадан нүүлгэх, хилийн зурвасыг хамгаалах, тагнуулын үйл ажиллагаа явуулж хилийн чанадад улс төрийн аллага үйлдэх, гадаад орны засгийн газруудад нөлөөлөх, бусад улс орнуудад Сталины бодлогыг коммунист арга барилаар хүргэх зэрэг үүрэгтэй байлаа.
Түүх ба бүтэц зохион байгуулалт
засварлах1917 оны Октябрийн хувьсгалын дараа Түр Засгийн газар Хаант засаглалыг түлхэн унагаж, Ард Түмний Цагдаагийн газрыг байгуулсан. Октябрийн хувьсгалын үр дүнд засгийн эрхэнд Оросын Ажилчны Социал Демократ Нам (ОАСДН) буюу большевикуудын дэглэм тогтож, Дотоод хэргийн яамыг (ДХЯ) Ардын Комиссиарын доор хамаарах НКВД болгон байгуулжээ. Хэдий тийм ч НКВД-ийн аппарат нь ДХЯ-ны салбаруудыг хянадаг байв. Хамгаалалт сайнгүй байгааг ухаарсан ОАСДН-ын Ардын комиссарын зөвлөлөөс Феликс Держинскийгээр удирдуулсан ЧК (Чрезвычайная комиссия) хэмээх большевик залхаан цээрлүүлэх нууц цагдаагийн газрыг байгуулав. ЧК нь “хувьсгалыг хамгаалах” үүднээс гэм буруутай гэж үзсэн этгээдүүдийг ямар ч шүүх хуралдаан явуулалгүйгээр цаазаар авах ажил эрхэлнэ.
1922 онд ЧК-г шинэчлэн ГПУ (Государственное Политическое Управление) буюу Улс төрийн улсын удирдах газар болгон өөрчилснөө 1923 онд ОГПУ буюу Улс төрийн улсын нэгдсэн удирдах газар хэмээн нэрийджээ. НКВД цагдаа болон бусад салбарыг хариуцан ажиллах боллоо.
1934 онд НКВД намын мэдлээс гарч ЗХУ-ын нэгэн чухал байгууллага болоход ОГПУ түүний харъяанд багтаж ГУГБ хэмээн нэрийдэх болов. 1946 оныг хүртэл НКВД бие даасан байгууллага болоогүй юм. Энэ үедээ баривчилгаа явуулж хөдөлмөрийн лагеруудад хоригдлуудыг цөлдөг байв. 1936 оны намраас эхлэн Николай Ежов орон нутгийн цагдаагийн байгууллагуудад цэвэрлэгээ явуулахаар тус байгууллагыг эргэн сэргээсэн бөгөөд 1939 оны 5-р сар гэхэд НКВД нь төвөөс бүгдийг хянадаг цагдаагийн байгууллага болов. 1934 оноос хойш НКВД-д зохион байгуулалтын өөрчлөлт олон болсон бөгөөд 1938-1939 оны хооронд тус байгууллагын бүтцийг гурвантаа өөрчилсөн байдаг.
1941 оны 2-р сарын 3-нд НКВД-ийн тусгай салбар Армийн сөрөг тагнуулын алба Арми болон Тэнгисийн цэргийн флотын харъяанд хамаарах болов. Энэ үеэс НКВД-ийн бүрэлдэхүүнээс ГУГБ салж НКГБ гэсэн нэртэй боллоо. Герман улс хуваагдсаны дараа 1941 оны 7-р сарын 20-нд тэд эргэн нэгдэв. 1942 оны 1-р сард Армийн сөрөг тагнуулын алба эргээд НКВД-д хамаарах болсон ч дараа жил нь Ардын комиссиаратын харъяа СМЕРШ болжээ. Яг энэ үед НКВД дахин НКГБ-ээс бие даан тусгаарлалаа.
1946 онд Зөвлөлт засгийн комиссиаратуудыг яам болголоо. НКВД-г Дотоод явдлын яам (ДЯЯ) гэсэн бол НКГБ-г Улсын аюулаас хамгаалах яам (УАХЯ) хэмээн нэрийдэх болов. 1996 онд цацагдсан радио нэвтрүүлэгт УАХЯ-ыг яам бус хороо болгохоор оролдож байжээ. Учир нь Зөвлөлт засгийн удирдагч нар тус яам хэлмэгдүүлэлтийг дахин сэргээх вий гэдгээс үхтлээ айдаг байв. 1953 онд Лаврентий Берияг баривчилсны дараа УАХЯ-ыг ДЯЯ-нд нэгтгэлээ. Цагдаа болон аюулаас хамгаалахынхан 1954 онд хоёр өөр байгууллага болсон нь Дотоод явдлын яам болон КГБ байв.
НКВД-ийн үйл ажиллагаа
засварлахНКВД-ийн гол үүрэг бол ЗХУ-ыг дотоодын аюулаас хамгаалах байлаа. Энэ үүргээ тун чадварлаг биелүүлдэг байсан нь тэдний үйлдсэн улс төрийн аллага, зохион байгуулалттай гэмт хэргүүдээс нь харагддаг.
Дотооддоо явуулж байсан үйл ажиллагаа
засварлахЗөвлөлтийн нууц цагдаагийн газар гэмт хэрэгтнүүдийг хэдэн зуун мянгаар нь Гулаг руу илгээж, НКВД тэднийг цаазалсан байдаг. НКВД-ийн гурвал буюу тус байгууллагыг төлөөлөх эрхтэй дарга, туслах мөрдөгч нараас бүрдсэн “гурвал” нь улсынхаа ямар ч иргэнийг шүүлгүйгээр буудан алах эрхийнхээ дагуу цаазлуулсан хүмүүсийн дийлэнхийг алж байв. Гэмт хэрэгтнийг баривчлах арга тун энгийн. Хөндлөнгийн нэгний мэдээллийн дагуу гэмт хэрэгтэн гэгчийг баривчилна. Баривчлагчдсан хүнийг эрүүдэн шүүнэ. Ингэхдээ тухайн хүнийг огт үйлдээгүй хэрэгт нь буруутгаж, тамлаж, залхаан цээрлүүлж, айлган сүрдүүлэх замаар гэмт хэрэгтэн болгодог байлаа. Гэм буруугүй хүмүүсийг ийн хороосон нь хожим баримт нотолгоогоор ил болсон билээ. НКВД цаазаар авах ялыг нууц “төлөвлөгөө”-ний дагуу гүйцэтгэж байсан нь ч ил болжээ. Энэхүү төлөвлөгөө нь “ардын дайсан” хэмээн цоллуулсан хуучны санваартан, сурвалжит язгууртнууд, нударганчуудыг цаазлах зорилготой байлаа. Эдгээр хүмүүсийн гэр бүлийн гишүүд тэр дундаа хүүхдүүд нь хүртэл НКВД-ийн 00486-р тогтоолын дагуу гэмт хэрэгтэн болдог байв.
Их хядлагыг хэд хэдэн үе шаттайгаар явуулсан бөгөөд инженерүүдийн, нам болон цэргийнхний, эмч нарын хэрэг гэдгээрээ түүхэнд үлдсэн.
НКВД-ийн явуулж байсан ажиллагаа нь ЗХУ-ын бүх үндэстэн, ястныг хамарсан. Жижиг үндэстнүүдийг хүчээр нутаг заан цөлж байв. Гадаадын иргэд ч бас үүнд өртсөн. Зөвлөлтөд амьдрахаар ирсэн Америкийн иргэдийг бүртгэл хийх нэрийдлээр паспортыг нь хураан авч байлаа. Нутаг руугаа буцахаар Москва дахь АНУ-ын ЭСЯ-ны гадаа багшралдан зогсох иргэдийг баривчлан Любянка шорон руу илгээж буудаж алдаг байв. Зөвлөлтийн Форд гэж нэрлэгддэг ГАЗ машины үйлдвэрийн америк ажилтнуудыг барууны нөлөөнд автсан хэмээн буруутгаж бусад ажилчдын хамт мөн Любянка шорон руу илгээж, эрүүдэн шүүж, дийлэнх нь цаазаар авахуулж үлдсэн нь хорих лагерт нас барцгаасан. Москвагийн ойролцоо орших Южное Бутово дүүрэгт олон тооны америкчуудын цогцсыг булшилжээ. Гэсэн ч ардын гэмт хэрэгтнүүдийн дийлэнхийг оросууд бүрдүүлж байв.
Үүнийхээ хажуугаар НКВД жүүдийн, үнэн алдартны, католикийн, мусулманы шашныг хавчин устгах ажиллагааг Евгений Тучковын удирдлагаар гүйцэтгэдэг байжээ.
Гадаад орнуудад явуулж байсан ажиллагаа, хүний хулгай, улс төрийн аллагууд
засварлах1930-аад оны үед Сталины эсрэг хэмээн сэжиглэгдсэн хүмүүсийг НКВД улс төрийн гэмт хэрэгтнээр зарлаж алах үүрэгтэй байв. АНУ зэрэг Барууны томоохон улсуудад НКВД-ийн офицерууд өөрсдийн туршуул, тагнуулуудыг эртнээс илгээсэн байлаа. НКВД-ийн тагнуулын эгнээнд Марк Зборовски зэрэг ажилгүй сэхээтнээс авахуулаад язгууртан сурвалжит гаралтай Марта Додд нарын хүмүүс багтана. Гадаад орнууд дахь тагнуул туршуулууд нь тагнуулын мэдээлэл цуглуулахын зэрэгцээ Зөвлөлт засгийн болон Коммунист намын итгэл алдсан гишүүдийг баривчлах сүлжээ болж байв.
Зөвлөлт засгийг дэмжигч Шэн Шицай 1937 онд Сталины явуулсан Их хядлагыг Шинжаанд үргэлжлүүлэх заавар зөвлөгөө авчээ. Зөвлөлт засгийг унагахаар зэхэж байсан гэх “Фашист Троцкийн бүлэг”-ийг Шэн ийнхүү илрүүлэв. Энэхүү нууц хуйвалдаанд Зөвлөлтийн консул генерал Гагерин Апресофф, генерал Ма Хушан, Ма Шаову, Махмуд Сижан, Шинжаан мужийн тэргүүн Хуан Хан-чан болон Хожа-Нияаз нарын 435 хүн багтжээ. Шинжаан ийнхүү Зөвлөлтийн зааврыг дагах болов. Сталин Хятадын Коммунист намын эсрэг зогсож байлаа
НКВД-ийн тагнуулын болон тусгай ажиллагаа нь Зөвлөлтөөс зугтсан хүмүүс, Зөвлөлтийн хуучин тагнуул туршуулууд, Коммунист намын тэрс үзэлт гишүүд гээд Иосиф Сталины нэрлэсэн ЗХУ-ын дайсан хэмээгдэх гадаад дотоодын иргэдийг гадаад орнуудад алах ажиллагааг эрхэлдэг байв. Ийнхүү алуулсан хүмүүсээс дурдвал:
- Лион Троцкий, Сталины улс төрийн гол өрсөлдөгч байсан бөгөөд 1940 онд Мехикод алуулсан.
- Борис Савинков, Оросын хувьсгалч бөгөөд алан хядагч. Түүнийг 1924 онд ГПУ Орост хууран аваачиж алсан.
- Сиднэй Райлли, Британийн тагнуул бөгөөд аялагч. Савинковын дотны анд тэрээр 1925 онд Савинковын үхлийг илчлэхээр Орост очиж алуулсан.
- Евхен Коновалец, Украины цуутай улс төрч, цэргийн дарга.
- Гай Леланд, Зөвлөлт засгийг эсэргүүцэгч Францын яруу найрагч.
- Волтер Кривицки, НКВД-ээс урвасан.
- Игнас Райс, Зөвлөлтийн ГПУ-аас урвасан.
Тэднээс гадна маш олон тэрс үзэлт улс төрийн зүтгэлтнүүдийг хулгайлж, албадан ЗХУ руу буцааж эсвэл алах ажиллагааг НКВД гүйцэтгэж байв.
Испанийн иргэний дайн
засварлахИспанийн иргэний дайны үеэр НКВД-ийн туршуулууд Испанийн Коммунист намтай хамтран Бүгд найрамдах засгийн газарт хяналтаа тогтоож, ингэхдээ Зөвлөлтийн цэргийн хүчийг ашиглаж байлаа. Мадридын ойролцоо НКВД нууц шорон олноор нь байгуулж, тэндээ НКВД-ийн эсрэг хүмүүсийг хорьж, тамлаж, алж байв. Тэд анхандаа Испанийн Католикууд болон Испанийн Үндсэрхэг үзэлтнүүд дээр анхаарлаа хандуулж байсан бол 1938 оны сүүлээс эхлэн Троцкист болон анархистуудыг голлон шийтгэх болсон. 1937 оны 6-р сард Сталиныг эсэргүүцэгч Марксист ПОУМ-ын нарийн бичиг Андрэ Нинийг шоронд тамлан алжээ.
Гестапо,НКВД-ийн хамтын ажиллагаа
засварлахГерманыг хуваагдахаас өмнө НКВД зорилгоо биелүүлэхийн тулд Германы Гестапотой яриа хэлэлцээр хийжээ. 1940 оны 3-р сард НКВД болон Гестапогийн төлөөлөгч нар Закопанед долоо хоногийн хугацаатай уулзаж Польшийг хэрхэн хуваахаа тохиролцов. Үүний дараа Зөвлөлтүүд Австри болон Германы хэдэн зуун коммунистыг Гестапод хүлээлгэн өгсөн юм.Сталины үзэж зөвшөөрсөн, Бериягийн бичсэн нэгэн материал дээр Польшийн 15000 кадр-офицерийг/тухайн үеийн Польшийн шилдэг сэхээтний давхаргын/ Катыны ойд болон ЗХУ-ын бусад газруудад буудаж алах тухай тушаасан байдаг.
Дэлхийн II дайны үеэр явуулсан үйл ажиллагаа
засварлахДэлхийн II дайны үед ухарч байгаа цэргүүдийг тогтоон барих зэрэг арын ажлыг НКВД хариуцаж байлаа. Дайны эхээр НКВД винтов бууны 15 анги байгуулсан нь 1945 онд 53 анги, 28 бригадтай болж өргөжжээ. НКВД голдуу дотоодыг аюулаас хамгаалах тал дээр голчлон анхаардаг байсан ч заримдаа фронтын шугам дээр ажиллаж байв. Энэ зорилгын үүднээс анги нэгтгэл болгонд өөрсдийн тусгай төлөөлөгчийг суулгадаг байжээ. Ахмад дайчдын дурсамжаар, тэд байлдааны ажиллагааны үед дорвитой нэмэр болдоггүй атлаа цэрэг, офицерүүдийг элдвээр оролдож, байцааж дарамт үзүүлдэг байсан ажээ.
Чөлөөлөгдсөн газруудад НКВД олныг хамарсан баривчилгаа, нутгаасаа албадан гаргах болон цаазлах ажиллагааг идэвхитэй явуулж байлаа. Ингэхдээ Германы хамсаатнууд болон коммунист бус хөдөлгөөнүүд дээр анхаарлаа төвлөрүүлжээ. НКВД 1939-1941 онд Польшийн улс төрийн хоригдлуудыг хэдэн арван мянгаар нь цаазласны нэг нь Катыны хядлага юм. 1950-иад оны эхэн хүртэл үргэлжилсэн Украйн, Балтын дайныг мөн НКВД эхлүүлсэн билээ.
Дайны дараах ажиллагаанууд
засварлахСталиныг 1953 онд нас барсны дараа Зөвлөлтийн шинэ удирдагч Никита Хрущев НКВД-ийн явуулж байсан “цэвэрлэгээг” зогсоов. 1950-1980-аад онд хэдэн мянган иргэн хууль ёсоор цагаадаж эрх чөлөөтэй болсон. Хэлмэгдсэн хүмүүсээс нэлээд нь нийгэмд хурсан айдас хүйдэс, бичиг баримтгүйгээс болж цагаадаж чадалгүй үлджээ. Цагаатгах ажил бүрэн дүүрэн хэрэгжиж чадаагүй шалтгаан нь хэлмэгдүүлсэн хэргийн нотолгоо байхгүй байсантай холбоотой. Тухайн үед Зөвлөлтөд “гэмт хэрэг гарч байсан ч бид харамсалтай нь түүнийг нотлож чадахгүй” гэсэн явган яриа хүртэл гарч байв. Цөөн тооны хүн л “бүрэн цагаадаж” чаджээ.
НКВД-ийн цөөн хэдэн туршуул л хүмүүсийн эсрэг хийсэн хууль бус хэргийнхээ төлөө яллуулсан юм. Үнэндээ 1930-аад тэдний цаазалсан хүмүүсийн хэнийх нь ч хэргийг мөрдөн шалгаж, шүүхээр ял оноогоогүй байжээ. 1990 болон 2000-аад онд Балтийн тэнгис хавиар амьдарч байсан НКВД-ийн цөөн тооны туршуулыг баривчилж, жирийн иргэдийн эсрэг хийсэн хэргийнх нь төлөө ялласан.
Өдгөө амьдарч буй НКВД-ийн туршуулууд ЗСБНХУ-ын үед тэтгэвэртээ гарцгаасан бөгөөд хохирогч нар нь гэрчилсэн ч гэлээ тэдэнд ямар ч ял оноогоогүй юм.
Тагнуулын ажиллагаа
засварлахҮүнд дараах ажлууд багтаж байв:
- Коминтерний орнуудыг хамарсан өргөн хүрээтэй тагнуулын сүлжээ
- Дэлхийн II дайны үед тагнуулын үнэтэй мэдээлэл илгээж байсан Рихард Зорге, “Улаан Оркестр”, Вилли Лэманн болон бусад туршуулуудаас мэдээлэл авах
- 1940-өөд онд Их Британийн албаны чухал хүмүүсийг мэдээлэгчээр элсүүлэх
- Британийн тагнуулын алба МАй6 болон МАй5-д нэвтэрч мэдээлэл авах
- АНУ болон Их Британиас цөмийн бөмбөг бүтээх мэдээллийг нэг бүрчлэн цуглуулах
- Сталиныг алахаар зэхэж байсан бүлгүүдийг баривчлах
- Бүгд Найрамдах Польш Улсыг байгуулж анхны ерөнхийлөгчөөр нь НКВД-ийн туршуул Болеслав Биэрутыг тавьжээ.
Зөвлөлтийн эдийн засаг
засварлахГулагын хоригдлуудын хөдөлмөрийг ашиглах нь Зөвлөлтийн эдийн засаг болоод алслагдсан нутгуудыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байв. Сибир, Хойд болон Алс Дорнодод хөдөлмөрийн лагеруудыг үй олноор нь байгуулжээ. Уурхай, барилгын ажлууд (авто зам, төмөр зам, суваг шуудуу, далан, үйлдвэр), мод боловсруулах болон бусад ажлууд нь бүгд Зөвлөлтийн төлөвлөгөөт эдийн засгийн нэгээхэн хэсэг байсан юм.
НКВД-ийн ололтын хамгийн ер бусын зүйл нь шинжлэх ухаан, зэвсэглэлийн салбарт олсон хөгжил. Улс төрийн хэргээр баривчлагдсан олон мянган эрдэмтэн, инженер Гулагаас илүү сайн нөхцөлтэй тусгай шоронд хоригдохдоо ажлаа үргэлжлүүлэн хийж байв. Тэдний зарим нь шоронгоос суллагдсаны дараа дэлхий дахинаа алдартай эрдэмтэд болсон. Сергей Королёв, тэрээр Зөвлөлтийн сансрын хөтөлбөрийн тэргүүн зохион бүтээгч болж 1961 онд сансарт анх хүн нисгэсэн билээ. Андрей Туполев алдартай онгоцны зохион бүтээгч, Александр Солженицин хоригдож байсан талаараа Эхний Тойрог хэмээх зохиолоо бичжээ.
Дэлхийн II дайны дараа генерал Павел Судоплатовын удирдлага дор НКВД Зөвлөлтийн цөмийн зэвсгийг бүтээх ажлыг зохион байгуулсан. Бүтээсэн эрдэмтэд нь хоригдол биш байсан ч НКВД тэдний ажлыг хянаж байв. Учир нь энэ ажил маш нууц бөгөөд асар чухал ач холбогдолтой даалгавар байлаа. Цөмийн зэвсэг бүтээх мэдээллийг НКВД-ийнхэн АНУ-аас авчирсан билээ.