Баянтүмэн сум
Баянтүмэн — Дорнод аймгийн сум. Монгол улсын харъяат Баянтүмэн сумын суурин хүн ам - 1,872[1]. Энэ тооллогын дүнгээр бол аймгийн 14 сумнаас 9-р олон хүн амтай сум юм. Сумын нутаг дэвсгэр захиргааны 4 багт хуваагддаг. Сумын төв нь Цагаандэрс. 1941 он хүртэл Чойбалсан хотыг "Баянтүмэн" гэж нэрлэдэг байв.
Баянтүмэн сум
ᠪᠠᠶ᠋ᠠᠨᠲᠦ᠋ᠮᠡᠨᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Дорнод |
Байгуулагдсан | 1959 он |
Сумын төв | Цагаандэрс |
Газар нутаг | |
• Нийт | 8,321 км2 (3,213 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 2,948 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Шуудангийн код | 21050 |
Вэб сайт | bayantumen |
Баянтүмэн сум нь 1959 онд байгуулагдаж 2009 онд түүх 50 жилийн ойгоо угтаж 50 бүтээлч ажлын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн.
Засаг захиргааны анхан шатны нэгж 4 багтай, 692 өрх, 2085 хүн амтай, 83 мянган толгой малтай, төсвийн 5 байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж 11, хоршоо 2, 23 малчдын бүлэг үйл ажиллагаагаа явуулж байна.
Ерөнхий боловсролын сургууль нь сургалтын чанарыг ахиулах, эрүүл мэндийг дээдэлсэн хүүхдэд ээлтэй сургууль болох зорилтыг дэвшүүлэн 2012-2013 оны хичээлийн жилд 103 хүүхэд, 26 багш ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Сургуулийн өмнөх боловсрол олгох хүүхдийн цэцэрлэг нь Сайн менежменттэй сургуульд бэлтгэгдсэн хүүхэд эрхэм зорилгыг тавьж Хүүхэд бүр хайр баяр баясалаар дүүрэн өдөр бүр шинийг танин мэдэхийн төлөө уриан дор, Хором бүрийг хүүхдийн төлөө зорилтыг дэвшүүлэн 2012-2013 оны хичээлийн жилд 13 багш, ажиллагсадтай, 3 бүлгийн 68 хүүхдийг хүлээн авч үйл ажиллагаагаа явуулж байна.
Сумын Эрүүл мэндийн төв нь хүн амд анхан шатны тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй чанартай үзүүлэх замаар тэдний амьдралын баталгааг сайжруулж, дундаж наслалтыг уртасгах эрхэм зорилгыг тавин 19 эмч ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
Ардын ерөөлч Жигмэдийн нэрэмжит Соёлын төв нь Чанартай үйлчилгээг танд хүргэнэ эрхэм зорилгыг дэвшүүлэн соёлын үйлчилгээг хөдөөд уриан дор 5 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Хадгаламж банкны салбар суманд шинээр байгуулагдаж 3 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Эрчим хүчний салбар нь 2 орон тоотойгоор ажиллаж, сумын хэмжээнд 5 байгууллага, 300 гаран айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна.
Шуудан холбоо нь 1 орон тоотой ажилладаг бөгөөд сумын шуудан, хэвлэл захиалга зэрэг үйлчилгээг үзүүлж байна.
Хүн ам, нийгэм эдийн засгийн байдал
Өрх, хүн ам
Тус сум нь 692 өрх, хүн ам 2085 үүнээс 52.3 % эрэгтэй, 47.7 % эмэгтэй байна. нийт хүн амын 29.3 хувийг 0-16 насны хүүхэд, 62.4 хувийг хөдөлмөрийн насны, 8.3 тэтгэврийн насныхан эзэлж байна.
Хөдөлмөр эрхлэлтийн байдал
Тус сум нь 2085 хүн амтай бөгөөд Хөдөлмөрийн насны 1210 иргэн байгаагаас төрийн байгууллагад 165, хувиараа хөдөлмөр эрхлэгч 368, нийт ажилгүйчүүд 558 иргэн үүнээс ажил хийх чадваргүй эдийн засгийн идэвхгүй хүн ам 137 иргэн зонхилж байна.
Төсөв, Санхүү
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 30 дугаар тогтоолын дагуу тус сумын орон нутгийн хөгжлийн санд 2013 оны төсөвт 275436,0 мянган төгрөг тооцогдсон байна. Энэхүү хөрөнгөөр сум орон нутгийн хөгжилд нэн тэргүүнд шаардлагатай хөрөнгө оруулалт болон хөтөлбөр төслийг санхүүжүүлэх боломжтой юм.
Мөн Төсвийн тухай хуулийн дагуу Улсын төсөвт байгууллагын төсвийг эдийн засгийн ангилал бүрээр сумын ИТХ-н хуралдаанаар батлах болсонтой холбогдуулан тусгай зориулалтын шилжүүлгээр 583188,9 мянган төгрөг төсөвлөгджээ.
2012 оны эцсийн байдлаар Баянтүмэн сумын төсвийн орлогын төлөвлөгөө 40238,6 мянган төгрөг гүйцэтгэл 45224,2 мянган төгрөг байгаа нь төлөвлөгөөт орлого 110.3 хувьтай биелсэн үзүүлэлттэй байна. Орон нутгийн төсвийн орлогын гүйцэтгэл өмнөх оны мөн үетэй харьцуулвал 4000,0 мянган төгрөгөөр өссөн байна. 2012 онд сумын төсөвт 7-н нэр төрлийн орлого төсөвлөгдсөнөөс 3-н нэр төрлийн орлого биелж, орлогын биелэлт 42,8%-тай байна.
2012 оны Орон нутгийн төсвийн зарлага 127533.8 мянган төгрөг байгаа нь төсөвт зардлыг 4.3 хувиар хэмнэсэн үзүүлэлттэй байна.
2012 оны орон нутгийн төсөвт тус суманд орон нутгийн хөрөнгө оруулалтаар нийт 20,0 сая төгрөгийн санхүүжилттэй Овоотын сүлжээний цамхаг барих ажил, 15.0 сая төгрөгийн өртөг бүхий ЭМТөвийн халаалтын тогоо шинэчлэх, суурилуулах ажил тусгагдаж 100 хувийн гүйцэтгэлтэй сумын комисс хүлээж авсан байна.
Хөдөө аж ахуйн хүрээнд
Баянтүмэн сум нь нийт 82942 мянган толгой малтай бөгөөд үүнээс тэмээ 634, Адуу 12457, Үхэр 7649, Хонь 37676, Ямаа 24526 толгой байна.
Засгийн газрын шийдвэрээр суманд Мал эмнэлэг, үржлийн тасгийг 3 орон тоотойгоор байгуулж тасгийг түшиглэн 4 мал эмнэлэг, хөдөө аж ахуйн хүрээнд 1 хоршоо үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.
Тус суманд хөдөө аж ахуйн хүрээнд нэлээд олон ажил хийгдэж байгаагаас дурьдвал:
Хот орчмын бэлчээрийн төслийн хүрээнд 500 гаруй сая төгрөгийн гэрээнд гарын үсэг зурж сумын хэмжээнд 23 малчдын бүлэг байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
Жижиг дунд үйлдвэрлэлийг бий болгох, дэмжих зорилгоор 100 сая төгрөгийн бага хүүтэй зээлийг иргэдэд олгож, суманд арьс, шир, гутал, модон эдлэл, хүнсний ногоо, оёдол, суран эдлэл цагаан идээ, тоосго, хадлан, блок гэх мэт 13 төрлийн бүтээгдэхүүн өрхийн хүрээнд хийгдэж байна.
Мал эмнэлэг нь жилдээ Халдварт болон халдваргүй өвчний чиглэлээр 12 нэр төрлийн вакцин, 40 сая төгрөгийн эм бэлдмэлийг заавар журмын дагуу хугацаанд нь нийлүүлж ажилладаг бөгөөд сумын Засаг дарга, аймгийн ХХАЖДҮГ даргатай гурвалсэн гэрээ байгуулан ажиллаж байна.
Тус сум нь Тогтвортой амьжиргаа төслөөр 4 багт тус бүр мал угаалгын ванн, мал тарилгын хоолойгоор бүрэн хангагдсан.
Жил бүр малчдыг ноосны урамшуулалд хамруулах ажлыг зохион байгуулж 2012 онд 153 малчин өрхөд 50.0 сая төгрөгийн ноосны урамшуулалыг олгоод байна.
Бага малтай иргэдийг малжуулах зорилгоор 38.5 сая төгрөгийн өртөг бүхий 499 толгой малыг 11 айл өрхөд гэрээ байгуулан олгосон.
Жил бүр бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө болон төсөл хөтөлбөрийн хүрээнд усан хангамжийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Сумын хэмжээнд нийт 219 уст цэг байна.
Бэлчээрийг хамгаалах зорилгоор жил бүр бэлчээрийн мэрэгч амьтантай тэмцэх ажлыг зохион байгуулж нийт 16000 га газрыг хамруулан 16.0 сая төгрөгийг зарцуулсан.
Монгол мал хөтөлбөрийн хүрээнд суманд 25.747.948 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд Мал үржлийн чиглэлээр цөм сүрэг бүрдүүлэх зорилгоор 25 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж 1 иргэнд 1 бух 5 үнээг олгосон.
Мал сүргийг бүртгэлжүүлж, нэгдсэн сүлжээнд оруулах ажлыг сумын хэмжээнд зохион байгуулж нийт 205 малчин өрхийн 10124 толгой малыг бүртгэж гэрчилгээжүүллээ.
Нийт малчин өрхийн 15 хувийг малын индексжүүлсэн даатгалд хамруулахаар 4 даатгалын компанитай гэрээтэй ажиллаж байгаа бөгөөд 2012 оны байдлаар 10 малчин өрх даатгалд хамрагдсан байна.
Сумын эдийн засгийн гол үзүүлэлтийн нэг болох газар тариалангийн салбарыг хөгжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн онд 24 иргэн, 2 аж ахуй нэгж өрхийн болон үйлдвэрлэлийн зориулалтаар төмс, хүнсний ногоо тариалсан. Жил бүр иргэд ургац хураалтаараа намрын ногоон өдрүүд үзэсгэлэнд оролцож тодорхой амжилтуудыг байнга үзүүлж ирлээ. Газар тариаланг дэмжих ажлын хүрээнд жил бүр төмс, хүнсний ногооны үр, бордоог амьжиргааны түвшин доогуур өрхийг хамруулан, заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.
Сумын хэмжээнд "Чацаргана” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн жил бүр Чацаргана тарих ажлыг өрнүүлэн 7658 чацарганы суулгац 7.6 га-д тариалалт хийгээд байна.
Байгаль орчин:
Тус сум нь 832.080.0 га газар нутагтай бөгөөд хөдөө аж ахуйн газар 739.143.4 га, үүнээс тариалангийн талбай 7203.7 га, бэлчээрийн газар 644.086.9 га, хот суурин газар 3445.1 га, зам шугам сүлжээний газар 3036.0 га, усан сан бүхий газар 1651.0 га, байна.
Тус сумын 4 дүгээр багийн Хотонт нуурын орчим "Тосон хулстай” нь байгалийн нөөц газарт хамрагдсан бөгөөд Хутаг уул, Булган овоо, Буяндэлгэр овоо, Очиртын овоо, Халхын таван уул, Жамъянгүний овоог орон нутгийн тусгай хамгаалалтад авсан.
Байгалийн үзэсгэлэнт газруудаас Халхын таван уул, Хотонт нуур, Хутаг уул, Гурван булаг, Хар ямаатын хавцал, Энх толгой, Баянбулаг, Улаан эрэг зэрэг газруудыг дурьдаж болох юм.
Тус сум нь нийт 3 уул, 13 овоо, 8 булаг, 32 нуур цөөрөм, 2 рашаантай.
Байгалийн баялаг ашиглах зорилгоор ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Адуунчулуун ХК, Монголын алт МАК ХХК нь нүүрс ашиглах зориулалтаар, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй Ньювенчурс ХХК, Голденгоблет ХХК, Улиастайн тэнгэр ХХК, Баму Майнинг Монгол ХХК, Гоби Энтерпрайз ХХК, Өсөх гол ХХК, Өнө өнгөт ХХК, Рийчфийлд ХХК, Талын жигүүр ХХК, Нью эра голд ХХК нь геологи хайгуулын үйл ажиллагааг явуулж байна. Мөн 2011 оноос "Эм Пи Ай” ХХК, "Магнай трейд” ХХК-д газрын тосны хайгуулын үйл ажиллагааг явуулж байна.
Багийн нэр | Хүн ам (2010 он) | |
---|---|---|
1 | Цагаан дэрс | 330 |
2 | Жаргалант | 567 |
3 | Өлзийт | 425 |
4 | Хотонт | 566 |
- БНМАУ-ын Төрийн шагналт, Гавьяат Багш Эрдэнэбаатарын Шагдар
- МУ-ын Гавьяат багш Гэндэнгийн Бүдтуяа
- Ц.Чойжинжав МУ-ын алдарт уяач
- АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.ДУГАР
- АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ц.ОТГОНБААТАР
- АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Х.АРСЛАНБААТАР
- АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ж.ОТГОНБААТАР
- Ж.ОТГОНБААТАР нь бүс болон аймаг сумын хэмжээнд олон айраг түрүү авсан сумын сайн уяачдын нэг юм.
Эх сурвалж
засварлах- ↑ Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн (сум, дүүргийн түвшнээр)
- ↑ Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн (баг, хорооны түвшнээр)