МОНЦАМЭ агентлаг

(Монцамэ-с чиглүүлэгдэв)

МОНЦАМЭ агентлаг нь Монгол улсын үндэсний мэдээллийн төв байгууллага юм[1]. Албан ёсны түүх бичлэгээр бол 1921 онд байгуулагдсан бөгөөд Ази тивийн ууган агентлагуудын нэг[2]. Мөн Монгол улсын хамгийн анхны төрийн байгууллагуудын нэг. XX зуунд Монгол улсын талаарх мэдээ мэдээллийг олон улсад түгээх, тус улсыг гадаад ертөнцөд сурталчлахад гол үүрэг гүйцэтгэсэн нь өнөө ч хэвээр бөгөөд өдгөө гадаадын дөрвөн хэлээр сонин сэтгүүл эрхлэн гаргаж дэлхийн улс орнуудад мэдээлэл түгээхийн зэрэгцээ найман хэлээр гадаадаас мэдээлэл хүлээн авч дотоодод дамжуулж байна. Ази-Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллагын (OANA) гишүүнээр 1981 онд элссэн[3]. 2019 оны байдлаар 35 орны 44 мэдээллийн агентлагт Монгол улсын талаар мэдээ мэдээлэл дамжуулан өгч байна[4]. Орон даяар өөрийн сурвалжлагч нарыг ажиллуулан тогтмол мэдээ хүлээн авдаг Монголын цорын ганц мэдээллийн байгууллага юм. Улсын төсвөөс санхүүждэг боловч Засгийн газар болон бусад аливаа төрийн институцид одоогоор албан ёсоор харьяалагддаггүй. 1998 онд баталсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” хэмээн заасантай холбоотойгоор агентлагийн статус 2005 оноос хараахан тодорхойгүй явж ирсэн бөгөөд эрхзүйн орчныг нь тусгай хууль гарган зохицуулах хүчин чармайлт одоогоор үр дүнд хүрээгүй байна[5]. МОНЦАМЭ гэдэг нь Монголын цахилгаан мэдээ гэсэн үгийн товчлол болно[6].

"Монголын Цахилгаан Мэдээ" (МОНЦАМЭ) агентлаг
ЧиглэлМэдээллийн агентлаг
Үүсгэн байгуулагдсан1921 оны VII сарын 19
Үүсгэн байгуулагчМАН
Төв байрУлаанбаатар, Монгол
Байршлын тооЧингэлтэй дүүрэг, 1-р хороо, Б.Жигжиджавын-8
Удирдах хүмүүсЭрдэнэцогтын Содонтогос
(Дарга)
БүтээгдэхүүнБүх төрлийн мэдээ мэдээлэл, сонин, сэтгүүл, товхимол, гэрэл зураг, хэвлэлийн бүтээгдэхүүн
Ажилчид108
Цахим хуудасmontsame.mn

Нэрийн учир

засварлах

1921 оны гуравдугаар сарын 18-нд, журамт цэрэг Хиагтыг гамингаас чөлөөлсөн тухай Зөвлөлт Орос улсад илгээсэн мэдээг Монголын цахилгаан мэдээний агентлагийн анхны мэдээ байсан гэж үздэг бөгөөд "МОНТА" гэсэн нэрээр илгээжээ [7]. Энэ нь Монгольское Телеграфное Агентство (Монголын цахилгаан мэдээний агентлаг) гэсэн орос үгийн товчлол байсан болно. 1921 оны долдугаар сард Монголын цахилгаан мэдээг сурвалжлан хурааж нэвтрүүлэх газрыг албан ёсоор байгуулахад[8] [9] [10]МОНТА хэмээх нэрийг баталгаажуулсан бөгөөд үүнээс хойш уг нэр ялангуяа гадаадтай мэдээ солилцоход гол төлөв энэ хэвээр хэрэглэгдэж явсаар 1950-иад онтой золгов.

1957 онд Үндэсний мэдээний агентлагийг шинээр сэргээн байгуулахад албан ёсны нэрийг Монголын цахилгаан мэдээний газар, товчлолыг МОНЦАМЭ хэмээн тогтжээ. МОНТА нэрээр гадаадад анхны мэдээг илгээхэд агентлагийг даргалж байсан Оросын иргэн И.Г.Демко 1967 онд Монголд ирэхдээ “Анх МОНЦАМЭ нэрээр байгуулагдсан. Гадаадад МОНТА, дотооддоо бол МОНЦАМЭ гэдэг байсан” хэмээн ярьж байжээ. 1968 онд “Үнэн” сонинд Налайхын уурхайн ажилтан Монцамэ[11] гэдэг хүний тухай мэдээ гарсан бөгөөд “Уурхайн ажилтан хүн чинь дор хаяж хорин хэдэн настай байх ёстой. Тэгэхээр 1930-40 онд төрсөн байж таарна. Тэр үед хүүхдэд ийм нэр өгч байсныг бодоход МОНЦАМЭ гэдэг байгууллагыг тухайн үед олон түмэн мэддэг, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг газар байжээ гэж үзэж болохоор байна” гэж МОНЦАМЭ агентлагт олон жил удирдах ажил хийсэн Г.Адьяа дурссан бий.

Анхны мэдээ

засварлах

"МОНТА" мэдээлэв" гэсэн эх сурвалжтай анхны мэдээ 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр тухайн үеийн Алс Дорнодын Бүгд найрамдах Улсын ДАЛЬТА агентлаг руу цацагджээ. [12]. ДАЛЬТА (Дальневосточное телеграфное агентство) нь Байгалын чанад, Алс Дорнодод цагаантны хөдөлгөөн дарагдсаны дараа большевик эрх баригчдын байгуулсан, АДБНУ-ын албан ёсны мэдээний агентлаг юм. “Монголын анхны цахилгаан мэдээний агентлаг МОНТА-г ДАЛЬТА-гийн дэмжлэг хүч хөрөнгөөр үүсгэн байгуулсан” гэж Оросын судлаач Л.А.Молчанов бичсэн бий[13]. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутгаас МОНТА-гийн илгээсэн анхны мэдээ Монгол ардын журамт цэрэг Хиагтыг гамин цэргээс чөлөөлсөн тухай байсан бөгөөд ДАЛЬТА-гаас Зөвлөлт Орос Улсын мэдээний төв агентлаг РОСТА уламжилснаар "Правда" сонинд нийтлэгдэж[14], харийн түрэмгийлэгчдийн эсрэг Монголын хувьсгалчдын байгуулсан анхны томоохон ялалтыг дэлхий дахины сонорт тунхагласан байна[15]. "Монголчуудын бослого" гэсэн гарчигтай энэ мэдээг бичиж дамжуулсан хүн нь Оросын иргэн И.Г.Демко байв. Тэрбээр Ардын армийн Улс төрийн газрын зөвлөх-сургагч (Зарим эх сурвалжид, Ардын цэргийн сурган боловсруулах газрын анхны 16 зөвлөх сургагчийн нэг[16][17]) бөгөөд Монголын цахилгаан мэдээний агентлаг буюу МОНТА-гийн анхны эрхлэгчээр ажиллаж байжээ[18]. Хожим БНМАУ-ын Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн болсон. Агентлаг байгуулах, анхны мэдээ илгээх ажлыг Д.Сүхбаатарын даалгавраар гүйцэтгэсэн хэмээн тэрбээр нэг бус удаа дурссан байдаг.

2010 онд МОНЦАМЭ агентлаг санаачлан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд, Монгол ардын хувьсгалт цэргийн жанжин штаб анх байрлаж байсан байрны хананд “Монголчуудын бослого” мэдээнд зориулсан дурсгалын самбарыг байрлуулсан байна.

Албан ёсоор байгуулагдсан нь

засварлах
 
Цахилгаан мэдээний ерөнхий хорооны шийтгэх түшмэл, гүн Цэдэвсүрэн.

МОНТА-г албан ёсоор байгуулах ажил МАН-ын Төв хороо, Засгийн газрын түвшинд яригдахын зэрэгцээ улс оронд өрнөж буй үйл явдлын талаар гадаадад мэдээлэх үйл ажиллагаа тасалдахгүй явсаар 1921 оны тавдугаар сарын 19-ний өдөр хуралдсан Төв хорооны хурлаас МОНТА хэмээх нэртэй Монголын цахилгаан мэдээг сурвалжлан нэвтрүүлэх газрыг байгуулахыг дэмжиж, Засгийн газарт шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ. Монголд Ардын хувьсгал ялсныг тунхагласны дараахан буюу 1921 оны долдугаар сарын 19-нд хуралдсан Ардын засгийн газрын VI хуралдаанаас Дотоод яамны харьяанд Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороог байгуулах тогтоол гаргаж, гүн Цэдэвсүрэнг ерөнхийлөн захирах буюу шийтгэх түшмэлд (Цэдэвсүрэн нь 1911 оны хувьсгалаас өмнөхөн Өвөр Монголоос Да хүрээнд ирж суурьшсан хүн бөгөөд Монголын анхны хоршооны дарга байгаад 1922 онд Хятадад ажлаар явж ахуйдаа өвчнөөр өөд болжээ), И.С.Маслюковыг туслах түшмэлд тус тус тохоон томилсон байна. Энэ нь өнөөгийн МОНЦАМЭ агентлаг, “Монголын Цахилгаан Холбоо” ХК, “Монгол Шуудан” ХК зэрэг байгууллагын үндэс суурь тавигдсан хэрэг байв. Улмаар МОНТА-гийн ажиллах дүрмийг 1921 оны 11 дүгээр сарын нэгний өдөр болсон Засгийн газрын 21 дүгээр хуралдаанаар баталж, агентлагийг Гадаад явдлын яаманд харьяалуулсан бол 1922 оны хоёрдугаар сарын гурваны өдрийн Засгийн газрын тогтоолоор Цэргийн яамны сурган боловсруулах хэлтэст шилжүүлжээ.

Гадаадад хүлээн зөвшөөрүүлсэн нь

засварлах

МОНТА агентлагийг хүлээн зөвшөөрсөн анхны гадаад улс бол АДБНУ байв. Монголын тал тус улсын Шуудан, төмөр утасны хэрэг эрхлэх газартай харилцан мэдээ солилцох тухай 14 зүйлт гэрээ байгуулж, Цэдэн-Иш тэргүүтэй Монголын Засгийн газрын төлөөлөгчид гарын үсэг зураад Дээд-Үд хотод буцаж ирсэн тухай ДАЛЬТА агентлаг 1922 оны эхээр мэдээлж байжээ.

Тоног төхөөрөмж

засварлах

Тухайн үед Монголд радио холбоо гэж бараг байхгүй, зөвхөн утсан харилцаа байв. Засгийн газрын хуралдаанд Гадаад яамнаас оруулсан нэгэн бичигт, Нийслэл хүрээний зүүн хойд дэнжид гамин цэргийн үед босгосон У шян дян хэмээх нэртэй, радио долгион цацах гурван өндөр багана бүхий антентай станцын тухай дурдахдаа “... утасгүй цахилгаан мэдээний хороог Цэргийн яаманд шилжүүлэх тухай” заасан нь МОНТА-гийн техник, тоног төхөөрөмжийн анхдагч байсан байж болох юм. Энэ нь Хятадын цэрэг 1919 онд Нийслэл хүрээг эзлэхэд генерал Сюй Шүжан Англи улсаас захиалан авчруулж, суурилуулан хэрэглэж байсан цахилгаан мэдээ дамжуулах радио станц байв[19]. 1919-1922 онд Монголын говьд ажилласан Америкийн судлаач Р.Эндрюсийн экспедицийнхэн энэ станцыг ашиглаж байжээ[20]. Тэрхүү гурван антенын үлдэц одоо ч бий[21]. Үүнээс гадна Хаант засгийн газраас Нийслэл хүрээнд байгуулсан холбооны хэрэгсэл, шугам, утас, байшин барилга зэргийг Монгол-Зөвлөлт Орос улсын хооронд найрамдалт харилцаа тогтоох тухай гэрээний дагуу манай улсад үнэ төлбөргүй шилжүүлсэн байв. 1922 оноос гаргаж эхэлсэн “Бюллетень МОНТА” сонины 1922 оны №11-д бичихдээ, "Өргөө дэх радио станц Францын Бордо, Ноуэн, Оросын Москвагаас ирүүлж буй мэдээг өдөрт нь хүлээж авч чадаж буй" хэмээсэн бий.

Үйл ажиллагаа

засварлах

Агентлаг 1922 оноос товч мэдээний “Бюллетень МОНТА” сониныг орос хэлээр, “Хураангуй сэтгүүл” сониныг монгол хэлээр тус тус эрхлэн гаргаж, дотоод гадаадад болж буй үйл явдлын мэдээг олон нийтэд хүргэж байв. "Бюллетень МОНТА”, “Хураангуй сэтгүүл” сонины мэдээнүүд нь Монголд цахилгаан мэдээний агентлагийн цоо шинэ хэв маягийн үндэс суурийг тавьсан төдийгүй Монголын сэтгүүлзүйд мэдээ мэдээллийн товч тодорхой хэлбэрийг үүсгэн бий болгож, хөгжүүлсэн” хэмээн судлаачид тэмдэглэжээ. Эдгээр хоёр сониныг эрхлэн гаргахын зэрэгцээ МОНТА агентлаг Монгол улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын талаарх цахилгаан мэдээг гадаадад байнга илгээж байжээ. “Бюллетень МОНТА” сонины 1923 оны 50, 51 дугаарт хэвлэгдсэн “МОНТА-гийн үйл ажиллагааны тайлан”-д дурдсаныг үзвэл 1922 оны 6-12 дугаар сард гэхэд “... 3206 үг бүхий 25 багц мэдээллийг гадагш илгээсэн бөгөөд эдгээр мэдээ нь Москва, Чита, Эрхүү болон Новониколаевскийн чиглэлд гарсан” байна.

“Бюллетень МОНТА”

засварлах
 
"Бюллетень МОНТА" сонины 1922 оны дугаар.
 
"Хураангуй сэтгүүл" сонины 1922 оны дугаар.

"Бюллетень МОНТА" сониныг 1922 оны тавдугаар сарын 25-наас эхлэн долоо хоногт хоёр удаа гаргаж байв. Монголд оршин сууж байсан орос хүмүүс болон Зөвлөлт Орос, АДБНУ-ын иргэдэд Монгол орон, ард иргэдийн аж байдлыг танилцуулах зорилготой, нэг дугаар нь 150-300 хувь хэвлэгддэг байжээ. Тэргүүн өгүүлэл, “Орон нутгийн үйл явдал”, “Юм юмнаас” зэрэг хэд хэдэн булантай, тухайлбал “Монгол орноор” (По Монголий) хэмээх булан бараг дугаар бүрт гарч байв. Гадаад мэдээг “Орос орноор”, “Европоор”, “Алс Дорнодод”, “Хятад орноор”, “Япон орноор” гэх зэргээр ангилан нийтэлж байжээ. Зарим үед тодорхой нэг сэдэвт бүтэн дугаараа зориулж байсны жишээ нь, 1923 оны №54-т Монгол дахь худалдааны танхимын үйл ажиллагааны талаар дагнан бичжээ. “МОНТА-гийн үйл ажиллагааны тайлан”-д дурдсанаар 1922 оны 6-12 дугаар сард “... орос хэлээр 51 дугаарыг 9845 ш, монгол хэлээр 47 дугаарыг 22500 ш” хэвлүүлсэн байна. 1923 оны зургадугаар сар хүртэл 92 дугаар гарчээ. Нэг сонины үнэ 10 копейк байв. Эрхлэн гаргагч нь Улс төрийн газар, эрхлэгчийг В.Дадиани гэсэн байдаг. Энэ хүний жинхэнэ нэр Иосиф Исаевич Генкин (Иосиф Израилевич Шаевич) бөгөөд 1922 онд ТАСС-ын сурвалжлагчаар Монголд ирсэн. Өргөө хот дахь Зөвлөлт Оросын төлөөлөгчийн газрын мэдээллийн албыг даргалж байгаад 1926 онд Их Британид Зөвлөлтийн төлөөлөгчийн газрын мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга, 1927-1929 онд Нью-Йорк томилогдон ажилласан байна[22].

“Хураангуй сэтгүүл”

засварлах

1922 оны зургадугаар сарын 22-ноос гарч эхэлсэн “”Хураангуй сэтгүүл” нь нэг талаараа “Бюллетень МОНТА” сонины монгол орчуулга байв. Улс оронд өрнөсөн дотоод үйл явдлыг мэдээлэхийн зэрэгцээ олон улсын байдал, тэр дундаа Зөвлөлт Орос, Хятад, Япон, Америк, Англи, Франц, Герман зэрэг орны тухай мэдээллийг монголчууддаа түлхүү хүргэдэг байсан нь өнөөгийн МОНЦАМЭ агентлагийн дотоод болон гадаад мэдээний албаны үүргийг хариуцаж байсан хэрэг юм. Нэг дугаар нь 500-1000 хувиар хэвлэгдэн тардаг[23], 1923 оны зургадугаар сар хүртэл 100 гаруй дугаар хэвлэгджээ.

“Нийслэлийн шинэ сонин”

засварлах

1923 оны зургадугаар сард хуралдсан МАН-ын II их хурлын тогтоолоор “Бюллетень МОНТА”, “Хураангуй сэтгүүл” сонины үйл ажиллагааг зогсоов[24]. Улмаар “Уриа” сониныг МОНТА-д хавсруулан “Хураангуй сэтгүүл”-ийн суурин дээр “Нийслэлийн шинэ сонин”-ыг гаргахаар шийдвэрлэсэн байна[25]. 1923 оны долдугаар сараас эхлэн гарсан энэ сониныг Монгол Ардын Намын Төв хороо, Цэргийн яамны хэвлэл болгон, эрхлэгчээр нь Б.Намсрай ажиллаж байжээ[26]. Сониныг долоо хоногт нэг удаа 38х60 см хэмжээтэй, 2-4 нүүртэйгээр 300-500 хувь хэвлэн, олон нийтэд үнэ төлбөргүй тарааж байв[27]. 1924 оны хоёрдугаар сар хүртэл 22 дугаар гарчээ[28]. Үүний дараа “Ардын эрх”, улмаар “Үнэн” сонин болж зохион байгуулагдсан[29].

1930-1957 он

засварлах

1930-аад оны эхээр “Радиобюро” хэмээх жижиг тасаг улсын холбоонд буй болж, агаарын долгион ашиглан нарийн цаасан лент дээр орос хэлээр, морз үсгээр бичигдсэн Зөвлөлтийн ТАСС агентлагийн мэдээг трансметр хэмээх хүлээн авагчаар 24 цагийн турш авдаг болжээ. Улмаар холбооны радио операторч нар бичгийн машинд орос хэлээр буулгаж, хортой цаасаар олшруулан машиндаад Намын төв хороо, Засгийн газар, “Үнэн” сонин, Гадаад яам зэрэг газруудад тогтмол хувилан тарааж байв. Энэ нь МОНТА агентлагийн үйл ажиллагаа үргэлжилсээр байсан хэрэг юм. Тухайн үед МАХН-ын Төв хорооны Ухуулан боловсруулах хэлтсийн дэргэд “Орчуулгын товчоо” нэртэй байв. 1933 онд Улаанбаатар хотод Радио товчоо гэдэг цахилгаан мэдээ нэвтрүүлэх ба хүлээн авах тоног төхөөрөмж бүхий газрыг ЗХУ-ын тусламжтайгаар Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороонд шинээр байгуулжээ. Тэр нь 1935 оны үеэс ТАСС-ын мэдээг хүлээн авах болов. Тэр мэдээг “Бюллетень ТАСС” буюу “ТАСС-ын сонсгол мэдээ” гэдэг, Монголын сонин хэвлэлүүд авч ашигладаг болсон байна. 1935 онд Монголд баримтат кино, гэрэл зургийн албыг анх байгуулжээ.

1945 оны байдлаар МОНТА нь “Үнэн” сонины дэргэд ТАСС агентлагийн мэдээг хүлээн авч орчуулах маягаар ажиллаж байв. “Өдөр бүр сонины бүтэн хагас нүүрийн хэмжээтэй мэдээг Нацагдорж, Хаян нар морзоор хүлээн авдаг байсан” гэж ахмад ажилтнуудын дурсамжид бий. Ийнхүү 1957 онд орчин үеийн мэдээллийн агентлаг болж дахин шинээр зохион байгуулагдах хүртлээ улс орны үйл явдлыг дотоод, гадаадад мэдээлэх үүргээ гүйцэтгэсээр иржээ. Өөрөөр хэлбэл, 1950-аад оны дунд үе хүртэл МОНТА хэмээх нэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд гадаад мэдээг тэр үеийн ЗХУ-ын Элчин сайдын яам болон Монголын холбоогоор дамжуулан авч, Монголын нийгмийн амьдралын тухай мэдээг Чита, Эрхүү, Москва руу дамжуулдаг байв. 1956 онд ТАСС-ын анхны байнгын сурвалжлагч А.Денисович Монголд ирэв.

Монголын цахилгаан мэдээний газар буюу МОНЦАМЭ

засварлах

XX зууны 60-аад оны босгон дээр Монгол улсад социалист бүтээн байгуулалт эрчимжиж, аж үйлдвэр хөгжин, хөдөө аж ахуйд үндсэн өөрчлөлт гарч, бүх нийтээр нэгдэлжих хөдөлгөөн өрнөв. Ард нийтийг соёлжуулах зорилт биелж, насанд хүрсэн бүх хүн бичиг үсэг мэддэг болов. Ингэснээр олон улсын байдлыг нийтэд цаг алдалгүй мэдээлэх, улс түмний энх тайвны төлөөх үйлсэд БНМАУ-ын оруулж буй хувь нэмэр, социалист бүтээн байгуулалтдаа олж буй амжилтыг ах дүү орнууд болон дэлхий дахинд сурталчлах явдал нэн шаардлагатай болжээ.

Энэ шаардлагын үүднээс мэдээллийн хамгийн идэвхтэй, шуурхай хэрэгсэл болох Үндэсний мэдээллийн агентлаг байгуулахыг төр засгаас чухалчлан үзээд “Монголын цахилгаан мэдээний газар байгуулах бэлтгэл ажлын тухай” МАХН-ын Төв хорооны УТТ-ын 68 дугаар тогтоол 1957 оны хоёрдугаар сард гарав. Уг тогтоолоор цахилгаан мэдээний газар байгуулах бэлтгэл ажлыг эрхлэх хороог долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

Улмаар ЗХУ-аас мэргэжилтэн ирүүлж зөвлөгөө авах, агентлагийн байр, боловсон хүчин бэлтгэх, холбооны тоног төхөөрөмж гадаадад захиалах, орон тоо, дүрэм боловсруулах зэргээр бэлтгэл хангажээ. Ингээд 1957 оны долдугаар сарын 29-нд Монголын цахилгаан мэдээний газрыг “Үнэн” сонины дэргэд байгуулах шийдвэр гарч, даргаар нь Ж.Зундуйг томилов[30]. Улмаар 10 дугаар сарын нэгэнд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэд тусгай газар болгож, товчилсон нэрийг МОНЦАМЭ гэж байхаар тогтжээ[31].

Анхны мэдээ

засварлах

Монголын цахилгаан мэдээний газрын анхны мэдээнүүд “Үнэн” сонины 1958 оны нэгдүгээр сарын 28-ны дугаарт МОНЦАМЭ гэсэн нэртэйгээр нийтлэгджээ. Тэргүүн нүүрний “Манай оронд” буланд хэвлэгдсэн тэдгээр мэдээ “Гутлын фабрикт”, “Цахилгаан лантуу”, “Хийн гагнуур”, “Шаазангийн үйлдвэрийнхний идэвх”, “100.000 төгрөг хэмнэнэ” гэсэн гарчигтай байв. Харин маргаашийн дугаарт анхны гадаад мэдээнүүд нийтлэгдсэн бол анхны тайлбар өгүүлэл 10 дугаар сарын гурваны өдрийн дугаарт “Кипрт юу болж байна?” гарчигтайгаар гарчээ.

БНМАУ-ын Засгийн газрын байр суурийг олон улсад анх удаа уламжилсан нь 1958 оны гуравдугаар сарын 16 бөгөөд энэ нь Хоёр Вьетнамыг нэгтгэх БНАВУ-ын (Хойд Вьетнам) санал санаачилгыг дэмжиж хийсэн албан ёсны мэдэгдэл байв.

Гадаадын мэдээллийн агентлагуудаас хамтран ажиллах, мэдээлэл солилцох гэрээг анх ЗХУ-ын ТАСС агентлагтай 1957 оны 10 дугаар сарын зургаанд байгуулж Москва хотод гарын үсэг зуржээ. Мөн оны 12 дугаар сарын 31-нд ТАСС агентлагтай анх удаа телетайпаар холбоо барин, мэдээлэл солилцов. 1958 оны нэгдүгээр сард агентлагийн хэвлэх тасаг байгуулагдаж, Засгийн газар, яамд, төрийн бусад байгууллагуудыг албан хэрэгцээний нууц мэдээгээр шуурхай хангаж эхлэв. Агентлаг “өөрийн бүрэн эрхийнхээ ёсоор” гэсэн тодотголтой анхны мэдэгдлийг 1958 оны 12 дугаар сарын 12-нд гаргасныг “Үнэн” сонин маргааш нь 290 дугаартаа нийтэлжээ.

1957 оны 11 дүгээр сарын нэгний өдөр шинэ тутам МОНЦАМЭ агентлаг бие даасан байранд оров. Тухайн үеийн Лениний өргөн чөлөө, Энхтайваны гудамжны уулзвар дахь хоёр давхар энэ байр нь эдүгээгийн “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн замын чанх өмнө, С.Зоригийн хөшөөний урд буй Нийслэлийн Ардчилсан намын байр юм. Энд анх 1930-аад онд Мал ба газар тариалангийн яам байрлаж, сайдын албыг давхар хашиж байсан Х.Чойбалсан үе үе ирж ажилладаг байжээ. Түүнээс хожим, МОНЦАМЭ агентлаг орохоос өмнө Багшийн дээд сургуулийн оюутны дотуур байр байжээ. 1959 онд тухайн үеийн Радио хороог МОНЦАМЭ агентлагт нэгтгэснээр тус хороо байсан, эдүгээгийн “Зориг” сангийн хоёр давхар байшинд агентлагийн зарим ажилтнууд шилжин байрлажээ.

Тоног төхөөрөмж

засварлах

ЗХУ-д үйлдвэрлэсэн алсын холбооны утсан ба цахилгаан холбооны нягтруулгын төхөөрөмж буюу телетайп Т-63 хэмээх аппарат МОНЦАМЭ-гийн хэрэглээнд зориулагдан Монголд анх нэвтэрчээ. 1957 онд МОНЦАМЭ-г шинээр байгуулахад 20 гаруй телетайп суурилуулсан байна. Монголоор алсаас бичигч хэмээн нэрлэж байсан энэ аппарат өргөн рулонтой туузан дээр кирилл бичгээр, орос хэлээр бичигдсэн ТАСС-ын мэдээг 24 цагаар автоматаар хүлээн авдаг байв. Мөн гадаадад нэвтрүүлэх мэдээг кирилл үсгээс морз үсэг рүү шууд цоолборлон гаргаж нэвтрүүлэх төхөөрөмж байжээ. Гадаадын агентлагуудын мэдээг хүлээн авах тусгай чихэвч бүхий богино долгионы ПТ-6 маркийн жижгэвтэр хүлээн авагч дээр англи хэлтэй орос мэргэжилтнүүд ажиллаж “Америкийн дуу хоолой” зэрэг радио станцуудын мэдээг стенограмм буюу түргэн бичлэгээр хүлээн авдаг байсан байна.

Удирдлага, бүтэц

засварлах

Агентлагийн ерөнхий захирал Жамбалын Зундуй[32], орлогч захирал Очирын Цэрэндорж. Мөн дотоод болон гадаад мэдээний хэлтэс, гадаад хэл дээрх сонин сэтгүүлийн нэгдсэн редакци, гэрэл зургийн газар гэсэн үндсэн бүтэцтэй байжээ.

1958-1990 он

засварлах

Хэвлэлүүд

засварлах

“Үнэн” сонины дэргэд байсан “Новости Монголий” сониныг орос хэлээр үргэлжлүүлэн гаргах болов. Мөн 1956 оноос монгол, орос хэлээр гарч байсан “Орчин үеийн Монгол улс” сэтгүүлийг Энэтхэг улсад суугаа ЭСЯ-ыг түшиглэн 1959 оноос англи хэлээр гаргаж эхэлжээ. 1929 онд анх гарсан хятад хэлээрх “Ажилчны зам” сониныг “Мөнгү Шяоши Бао” нэртэйгээр 1964 оноос гаргаж эхлэв. Албан хэрэгцээнд зориулсан “МОНЦАМЭ-гийн ногоон мэдээ” хэмээх өдөр тутмын мэдээний хураангуйг 1960 оноос, гадаадын уншигчдад зориулсан “Монголын мэдээ” бюллетенийг англи, франц хэлээр 1985 оноос, “Цаг үе” сэтгүүлийг 1986 оноос гаргажээ. 1968 онд агентлагийн фото редакцийг анх байгуулсан бол 1979 онд Улсын гэрэл зургийн газар Соёлын яамнаас МОНЦАМЭ-гийн бүтцэд шилжиж МРТУХ-ны харьяа Улсын гэрэл зургийн газар болж өргөжин улсын гэрэл зургийн гадаад, дотоод дахь сурталчилгаа нэг газар төвлөрөв.

Гадаад харилцаа

засварлах

Шинэ агентлаг юуны түрүүнд гадаад орнуудын мэдээний төв агентлагуудтай хамтран ажиллах, мэдээ солилцох гэрээ хэлэлцээрийг эрчимтэй байгуулж эхлэв. ТАСС-ын дараа 1958 онд БНХАУ-ын “Синьхуа” агентлагтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Улмаар Польш, Ардчилсан Герман, Чехословак, Унгар, Румын, Болгар, Албани, Вьетнам, Ардчилсан Солонгос улсын агентлагуудтай хамтран ажиллахаар тохиролцов. 1962 онд Африк тивээс, тухайн үед социалист чиг баримжаатай болоод байсан Гвиней улстай анх түрүүн харилцаа тогтоосон байдаг. Хөрөнгөтөн орнуудаас анх Японы “Киодо Цүүшин” агентлагтай 1983 онд холбоо тогтоов. Улмаар 1989 онд Английн “Ройтерс”, 1990 онд Өмнөд Солонгосын “Ренхап” агентлагтай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Монгол улсаас анх удаа гадаадад суух МОНЦАМЭ агентлаг ба “Үнэн” сонины сурвалжлагчаар дипломатч Б.Дашцэрэн томилогдож, 1963 онд Москвад хүрэлцэн очив. 1981 онд Ази, Номхон далайн бүс нутгийн мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллагад (OANA) гишүүнээр элсэв.

Тоног төхөөрөмж

засварлах

1970-аад оноос мэдээ, мэдээлэл хүлээн авах ажиллагаанд БНАГУ-д үйлдвэрлэсэн Т-51, Т-63, ХБНГУ-ын “Lorentz”, “Siemens” компанийн алсаас бичигч аппаратууд, ЗХУ-д үйлдвэрлэсэн “Газета-М” ИСУТА, ТУВ-61 зэрэг холбооны сувгийн төхөөрөмжүүд ашиглаж байв. 1978 оноос Чехословак улсын Т-100 телеграфын аппаратыг ашиглаж эхэлжээ. 1984 онд ЗХУ-ын тусламжаар олон сувгийн холбоо тавигдаж шинэ сувгаар ТАСС, OANA, МОНЦАМЭ-гийн хооронд нэгэн зэрэг мэдээ солилцох боломжтой болов. ЗХУ, БНАГУ-ын гэрэл зургийн газруудад фото зураг дамжуулахдаа Их Британийн “Muirhead” компанийн телефаксимилийн аппарат хэрэглэж байжээ. 1986 онд “Ройтерс” агентлагийн тусламжаар, олон суваг үүсгэх ТСР-16 мультиплексорын төхөөрөмж суурилуулснаар компьютерийн хэрэглээнд шилжих эхлэл тавигдсан байна. 1990 оны нэгдүгээр сард агентлагийн Москва дахь сурвалжлагч П.Шагдар төвтэйгөө анх удаа компьютерээр харилцав.

Хилийн чанадаас

засварлах

1961 оны 10 дугаар сарын 27-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 16 дугаар чуулганаар БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлсэн тухай мэдээг МОНЦАМЭ агентлаг орон даяар түгээж, төвийн сонин хэвлэлүүдэд нийтлүүлжээ. 1972 оны 8-9 дүгээр сард ХБНГУ-ын Мюнхен хотноо болсон Зуны Олимпын наадамд тус агентлагийн сурвалжлагч О.Зоригт томилогдон ажиллаж, их наадмын тухай МОНЦАМЭ-гийн мэдээ, сурвалжлага Монголын радио, “Үнэн”, “Залуучуудын үнэн” сониноор дамжин Монголын олон нийтэд хүрэв. 1981 оны гуравдугаар сард БНМАУ-ын иргэн Ж.Гүррагчаа сансарт ниссэн үйл явдлыг МОНЦАМЭ агентлагийн тусгай сурвалжлагч Т.Галдан, гэрэл зурагчин С.Батсүх нарын таван хүнтэй баг Байконурын сансрын буудал, Жезказган хотоос сурвалжилжээ[33] [34].

Харьяалал

засварлах

БНМАУ-ын СнЗ-ийн 1959 оны тавдугаар сарын зургааны өдрийн 177 дугаар тогтоолоор МОНЦАМЭ агентлаг, Улсын радио хороо, “Орчин үеийн Монгол улс” сэтгүүлийг нэгтгэн, Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын мэдээлэл ба радиогийн хэрэг эрхлэх газрыг байгуулав.

1960 онд Мэдээллийн ба радиогийн хэрэг эрхлэх газрыг мөн СнЗ-ийн дэргэдэх Мэдээлэл, радиогийн улсын хороо болгожээ [35]. 1967 онд Мэдээлэл радиогийн улсын хороог Мэдээлэл, радио, зурагт радиогийн хороо гэж нэрлэх болжээ [36]. Шинэ хороо байгуулагдсанаас долоо хоногийн дараа Монгол телевиз албан ёсоор нээлтээ хийсэн юм.

1979 онд Мэдээлэл радио, зурагт радиогийн улсын хороог Мэдээлэл, радио телевизийн улсын хороо /МРТУХ/ болгон өөрчлөв.

1990 оны есдүгээр сард шинэ тутам Улсын Бага Хурлын шийдвэрээр Засгийн газрын бүтэц дэх дөрвөн хороог татан буулгасны нэгэнд МРТУХ багтжээ [37]. Тухайн үед МРТУХ нь Монголын радио, МОНЦАМЭ агентлаг, Монгол телевиз, Телекино үйлдвэр, Улсын гэрэл зургийн газар гэсэн бүтэцтэй, томоохон аж ахуй, авто гарааштай, 1000 гаруй ажилтан, албан хаагчтай байв [38]. МРТУХ-г татан буулгаснаар МОНЦАМЭ нь бие даасан тусгай агентлаг болжээ.

Олонд нэршсэнээр Төв шуудангийн 3-4 дүгээр давхарт 1976 оноос хойш Монголын радиотой хамт байрлаж байгаад 1990 оны зургадугаар сард тухайн үеийн Хөдөлмөр, цалин хөлсний улсын хорооны байр буюу одоогийн байршилдаа (Ц.Жигжиджавын гудамж-8) нүүн иржээ. Хожим 1997 онд Төрийн өмчийн хорооны тогтоолоор уг байр агентлагийн өөрийн өмчид шилжин ирсэн байна.

Ардчилсан хувьсгалын үе

засварлах

МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд 1990 оны ардчиллын үйл явц эхлэх, улмаар амжилтад хүрэх бүхий л үйл явцыг дотоод, гадаадад мэдээлсэн бөгөөд хувьсгалд уриалсан ухуулах хуудас, цуглааны зарлал, сонин сэтгүүлийг өөрийн хэвлэх үйлдвэрт нууцаар хэвлэж байв. Ардчиллын анхны 13-ын нэрийг МОНЦАМЭ агентлагийн “Цаг үе” сэтгүүл анх удаа нийтэлж, олон нийтэд хүргэжээ. 13-ын нэг, сэтгүүлч С.Амарсанаа бичсэн номдоо “... анхны Ерөнхий зохицуулах зөвлөл 15 гишүүнтэй, хоёр орлогчтой, нийтдээ 17 хүн байх ёстой юм. “Цаг үе” сэтгүүлд 13 хүний нэр гарснаас хойш “Анхны 13” гээд хэвшчихсэн юм” хэмээн дурссан бий. Анхдагчдын тоонд ордог Д.Нинж, Д.Энхбаатар, Ц.Энхтүвшин нар МОНЦАМЭ агентлагийн Гадаадад мэдээлэх редакц, “Новости Монголий” сонинд сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байжээ.

МОНЦАМЭ өнөөдөр

засварлах

Эрхлэн гаргадаг хэвлэлүүд

засварлах

“Хүмүүн бичиг” сонин

засварлах

1992 онд, МОНЦАМЭ агентлагийн дэд даргаар ажиллаж байсан Т.Галдангийн санаачлагыг захирал Ч.Эрдэнэ дэмжсэнээр[39] монгол бичгээр сонин гаргах болж, “Үнэн” сонины дэргэдэх “Уриа” компанид эхийг бэлтгэн анхны дугаарыг 5000 хувь хэвлэжээ[40]. Анхны дугаарыг МУИС-ийн багш Ш.Чоймаа хянан тохиолдуулсан бөгөөд сонины толгойг МОНЦАМЭ агентлагийн дарга Ч.Эрдэнэ зурсан түүхтэй[41]. Сонины нэрийг яруу найрагч С.Дуламын ижил нэрт шүлгээр нэрлэсэн[42]. Анхны дугаар А3 хэмжээтэй, хар, цагаан өнгөтэй, дөрвөн нүүр бүхий, гурван төгрөгийн үнэтэйгээр мөн оны тавдугаар сарын 10-нд худалдаанд гарч байжээ[43]. Анхны эрхлэгч нь Т.Галдан бөгөөд энэ албанд тасралтгүй 18 жил ажилласан байна. 1994 оны хоёрдугаар улиралд, өнөөг хүртэлх түүхэндээ хамгийн олон буюу 20 мянган захиалагчтай болж, улсын хэмжээнд эхний тавд багтаж байв[44]. 1990-ээд оноос хойших Монголын хамгийн анхны бөгөөд цорын ганц монгол бичгээрх сонин юм. Сонинд ажиллаж байсан багш С.Цэцэгмаагийн санаачлагаар “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг 1996 онд явуулснаас хойш 20 гаруй жил тасралтгүй зохион байгуулж байна[45]. Уралдааны шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд МОНЦАМЭ агентлагт биеэр ирж гардуулдаг уламжлалтай[46].

“Мөнгү Шяоши Бао” сонин

засварлах

Анх 1928 онд “Ажилчны зам” нэртэйгээр тэр үеийн Монголын үйлдвэрчний ерөнхий зөвлөлөөс Монголд оршин суугч хятад иргэдэд зориулан гаргасан сонин бөгөөд цагаач хятад иргэд эрхэлж байв[47]. 1930-1940-өөд онд Монгол орны дотоод, гадаад байдлыг шуурхай мэдээлэхийн зэрэгцээ бүтээн байгуулалтын үйл явцыг сурталчлан таниулж, Монголд амьдарч буй хятад иргэдийг энэхүү бүтээн байгуулалтын ажилд уриалан зохион байгуулах суртал ухуулгын үүрэгтэй байжээ. Хэсэг хугацаанд завсарласны дараа 1964 оны аравдугаар сараас ”Мөнгү Шяоши Бао” (Монголын мэдээ) нэртэйгээр МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргах болсноор Монгол улсын гадаад сурталчилгааны хятад хэлээрх албан ёсны суваг нь болжээ[48]. Шинэ сонины эрхлэгч нь Д.Дүнгэр-Яйчил байв. Санхүүгийн хүндрэлээс болж 1991 онд хаагдаад, 1998 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны тусламжтайгаар дахин сэргэснээр өнөөг хүртэл тасралтгүй гарч байна[49].

“Новости Монголии” сонин

засварлах

1942 онд “Үнэн” сонины дэргэд анх гарч эхэлжээ[50]. Анхны эрхлэгч нь Бямбын Ринчен байв[51]. Тухайн үед “Үнэн-Правда” нэртэйгээр гарч байгаад удалгүй “Монгольские новости”, 1973 онд “Новости Монголии” гэдэг нэртэй болсон. 1972 онд “Алтан гадас” одонгоор шагнагдав. 1980 онд буюу оргил үедээ тус сонины захиалагчийн тоо 43000-д хүрч байжээ. Энэ редакцид Монголын тухайн үеийн нийгмийн шилдэг сэхээтнүүд болох гарамгай сэтгүүлч, орчуулагч, гадаад харилцааны мэргэжилтнүүд, дипломатчид ажиллаж байсан түүхтэй. 1991 онд санхүүгийн хүндрэлээс болж хаагдсан боловч 1994 онд дахин гарч, эрхлэгчээр Ч.Түмэндэлгэр, нарийн бичгийн даргаар Б.Долгион нар ажиллав. Хэсэг хугацааны дараа сонины үйл ажиллагаа дахин саатсан боловч 2002 оноос тогтмолжиж жигдрэн өнөөг хүрчээ. Орос хэвлэлийн редакцаас мөн өдөр тутмын “Новости” товхимлыг эрхлэн гаргаж байна.

“Mongol Messenger” сонин

засварлах

Монголд англи хэлээр гарсан анхны сонин. 1991 оны долдугаар сард анх хэвлэгдсэнээс хойш тасралтгүй гарч байна. Анхны эрхлэгч нь Ч.Бүрэнбаяр байв. Монгол улс ардчилсан нийгэмд шилжих түүхэн цаг үед тус улсыг гадаадад таниулах, сурталчлахад “Mongol Messenger” сонин онцгой үүрэг гүйцэтгэжээ. 2001 онд ЮНЕСКО-гийн нэрэмжит өргөмжлөл хүртсэн. Өдгөө 21 аймгаас гадна дэлхийн 30 гаруй улсад хэвлэмэл болон онлайн хэлбэрээр захиалан уншиж байна. Монгол улсад англи хэлээр гардаг хоёр сонины нэг юм. Нэг дугаар нь дунджаар 1500 хувь хэвлэгдэж байна. Англи хэвлэлийн редакцаас мөн өдөр тутмын “Daily News” товхимлыг эрхлэн гаргаж байна.

“Монгорү Цүүшин” сонин

засварлах

“Монгорү Цүүшин” буюу “Монголын мэдээ” нь япон хэлээрх Монголын анхны төдийгүй цорын ганц сонин юм. 2003 оны 10 дугаар сард анхны дугаар нь гарсан бөгөөд эрхлэгч нь тухайн үеийн МОНЦАМЭ агентлагийн Гадаад сурталчилгааны газрын дарга Г.Пүрэвсамбуу байв. Анх дөрвөн нүүрээр хоёр долоо хоног тутам гарч байсан бол 2009 оноос найман нүүрээр долоо хоногт нэг удаа гардаг болжээ. 2013 онд Монгол улсад суугаа Японы элчин сайдын нэрэмжит шагналыг хүртсэн. Японы “Nikkei Digital” мэдээллийн санд өдөр тутам мэдээлэл нийлүүлдэг Монголын цорын ганц байгууллага юм.

“Мongolia Today” сэтгүүл

засварлах

Монгол улсыг гадаадад сурталчлах зорилгоор 1956 онд “Орчин үеийн Монгол Улс” сэтгүүлийг монгол, орос хэлээр гаргажээ (Оросоор нэгэн үе “Монголия сегодня”, улмаар “Современная Монголия”). 1959 онд уг сэтгүүлийг англи хэлээр гаргах болж, анхны дугаарыг нь Энэтхэгт суугаа ЭСЯ эрхлэн гаргажээ. Улмаар ЗХУ-ын АПН агентлаг англи хувилбарыг хамтран гаргах болов. МОНЦАМЭ-гийн сурвалжлагчаар 1970 онд Москвад ажиллаж байсан Э.Түмэнжаргал дурсахдаа “Сэтгүүлийн эхийг АПН агентлагт бэлтгэн нэг хэсэг Москвагийн ойролцоо Чехов хотод хэвлүүлдэг байлаа. Хэвлэгдсэн сэтгүүлийг ЭСЯ-нд авчирсан даруйд Ярославын галт тэрэгний буудалд би биеэр аваачин вагонд ачиж явуулдаг байв” хэмээсэн бий. 1990-ээд онд сэтгүүлийн үйл ажиллагаа зогссон боловч 2007 оноос эргэж сэргэн өдгөө Англи хэлний редакцийн бүрэлдэхүүнд улирал тутам гарч байна.

1986 онд агентлаг дэргэдээ “Монгол пресс” редакц байгуулж “Цаг үе” долоо хоног тутмын сэтгүүл гаргасан бөгөөд захиалагчийн тоо дээд тал нь 50 мянгад хүрч байв. Санхүүгийн хүндрэлийн улмаас 1992 онд хаагджээ. 1991 оноос арав хоног тутмын “Ил товчоо” сониныг эрхлэн гаргаж байгаад 1994 онд хувийн хэвшилд шилжүүлсэн байна[52]. Олон улсад болж буй үйл явдлыг мэдээлэх “Дэлхийн мэдээ” долоо хоног тутмын сониныг 1996 оноос гаргаж байгаад 2002 онд дотоод мэдээ давамгайлсан нийтлэлийн бодлого бүхий “МОНЦАМЭ мэдээ” сэтгүүлийг гаргахад нэгтгэн зохион байгуулжээ. “МОНЦАМЭ мэдээ” сэтгүүл 2008 оноос өдөр тутмын сонин болж өргөжин гарч байгаад агентлагийн вэбсайтын үйл ажиллагаа эрчимжиж, агуулгын цар хүрээ тэлсэн тул 2012 онд үйл ажиллагаагаа зогсоосон байна. Монголын тухай гадаадын хэвлэлд гарсан мэдээллийг тоймлон орчуулж Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүдийн албан хэрэгцээнд зориулан хэвлэдэг долоо хоног тутмын товхимлыг “МОНЦАМЭ мэдээ” нэрээр 2013 оноос 2016 он хүртэл гаргаж байв.

Орон нутаг болон гадаадад

засварлах

2001 он гэхэд агентлаг Монгол улсын бүх аймагт сурвалжлагчтай болжээ. Агентлагийн орон тооны сурвалжлагч ОХУ, БНХАУ-д ажиллаж эхэлсэн байна.

Цахим орчинд

засварлах

Агентлаг 1997 онд интернэтийн сүлжээнд холбогдон мөн оны хоёрдугаар сард албан ёсны цахим хуудсаа нээн ажиллуулжээ. 2014 оноос өдөр тутам монгол, англи, орос, хятад, япон таван хэлээр мэдээ, мэдээлэл цацдаг цахим хуудсыг ашиглалтад оруулав. 2016 онд болсон АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр МОНЦАМЭ-гийн цахим сайтын мэдээлэл дэлхийн 13 сая хүнд хүрсэн гэдэг тооцоо гарч байсан байна.[53].

Гадаад харилцаа

засварлах

XX зууны 90-ээд он гэхэд МОНЦАМЭ агентлаг социалист хамтын нийгэмлэгийн бүх орны агентлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан хэрэгжүүлж байв. Өнгөрсөн хугацаанд уламжлалт харилцаагаа зохих ёсоор хадгалахын хамтаар дэлхийн мэдээний томоохон агентлагуудтай мэдээлэл, гэрэл зураг солилцох, сэтгүүлч, техникийн ажилтнуудаа харилцан айлчлуулах зэргээр тогтвортой хамтран ажиллаж байна.

МОНЦАМЭ ба OANA

засварлах

ЮНЕСКО-гийн санаачлагаар 1961 онд байгуулагдсан Ази, Номхон далайн бүс нутгийн мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллагад (OANA) МОНЦАМЭ 1981 онд гишүүнээр элсчээ. OANA-гийн олон улсын бага хурал 2001 онд Улаанбаатар хотод болсон бол[54] 2010 онд МОНЦАМЭ тус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, 2013 онд улиран сонгогдов[55]. Харин 2016 онд Техникийн зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. 2019 оны 11 дүгээр сард БНСУ-ын нийслэл Сөүл хотноо болсон Ерөнхий Ассамблейн хуралд ерөнхий захирал Б.Ганчимэг тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд энэ удаа МОНЦАМЭ агентлаг тус байгууллагын Удирдах зөвлөлд дахин сонгогдсон байна[56].

МОНЦАМЭ ба ЮНЕСКО

засварлах

Агентлаг 1978 онд ЮНЕСКО-той өргөн хүрээнд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зуржээ. ЮНЕСКО 1991-1992 онд МОНЦАМЭ агентлагт хэвлэлийн эх бэлтгэх компьютерийн систем тэргүүтэй орчин үеийн тоног төхөөрөмж нийлүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд агентлагийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, техник хангамж сайжруулах, тоног төхөөрөмж шинэчлэх хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлжээ.

МОНЦАМЭ-гийн Алтан дүрэм

засварлах

Ерөнхий захирал Т.Баасансүрэнгийн санаачлагаар 2000 онд агентлаг өөрийн "Алтан дүрэм"-ийг бий болгон мөрдөж эхлэв. 2011 онд “Алтан дүрмийн эзэн” цол тэмдгийг батлан, агентлагийн дээд шагнал болгон олгох болжээ. Алтан дүрэм нь:

Нэг. Шуурхай, хамгийн шуурхай, бүхнээс шуурхай

Хоёр. Товчхон, аль болох товчхон, бүр товчхон

Гурав. Үнэн, бодит үнэн, гагцхүү үнэн

Дөрөв. Баталгаатай эх сурвалжтай, баримт нотолгоотой

Тав. Гарчиг содон, лид оновчтой, сэдэв шинэлэг

Зургаа. Хэл хэллэг чихнээ чимэгтэй, нүднээ тусгалтай

Долоо. Дүр дүрслэл яруу бөгөөд уран

Найм. Утга санаа тодорхой, тов тодорхой

Ес. Ойлгомжтой, ой тойнд шингэж үлдэхүйц цэгцтэй[57].

Хүндэт дэвтэр

засварлах

1991 онд агентлагийн 70 жилийн ойгоор МОНЦАМЭ-гийн Хүндэт дэвтрийг бий болгож, Техникийн албаны ажилтан Л.Содномын нэрийг анх бичин 1000 төгрөгөөр шагнажээ. Өнгөрсөн хугацаанд агентлагийг гарамгай удирдаж явсан, шат шатанд он удаан жил өндөр үр бүтээлтэй ажилласан 50 гаруй хүний нэрийг энэ дэвтэрт мөнхжүүлсэн байна. Мөн гадаад улсын дөрвөн иргэний нэр бий нь МОНЦАМЭ агентлагийг тус байгууллагын Удирдах зөвлөлд сонгуулахад ихээхэн хүчин чармайлт гаргасан тухайн үеийн OANA-гийн удирдлагууд ажээ.

Үе үеийн удирдлагууд

засварлах
Нэр Ажилласан он
1. Жамбалын Зундуй 1957-1964
2. Сампилын Жалан-Аажав 1964-1971
3. Сэрээтэрийн Пүрэвжав 1971-1982
4. Лхагважавын Зантав 1982-1989
5. Чойдорын Түмэндэлгэр 1989-1990
6. Хорлоогийн Цэвлээ 1990.05-1990.10
7. Санжаагийн Баяр 1990.10-1990.12
8. Чулуунбатын Эрдэнэ 1991-1995
9. Баарангийн Пүрэвдаш 1996.02-1996.08
10. Сүхбаатарын Амарсанаа 1996-2000
11. Тугалхүүгийн Баасансүрэн 2000-2002
12. Доржийн Ариунболд 2002-2008
13. Тугалхүүгийн Баасансүрэн 2008-2012
14. Дүгэрсүрэнгийн Ариунболд 2012.04-2012.07
15. Сүхбаатарын Алтанцэцэг 2012.07-2012.11
16. Авиан Баатархуяг 2012.11-2016
17. Бадамдоржийн Ганчимэг 2016-2022.01
18. Гомбосүрэнгийн Амартүвшин 2022.01-2022.11
19. Эрдэнэцогтын Содонтогос 2022.11-

Агентлагт ажиллаж байсан алдартнууд

засварлах
  • Сампилын Жалан-Аажав. Төр нийгмийн зүтгэлтэн. МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга асан.
  • Чойжилын Чимид. Төрийн шагналт яруу найрагч.
  • Доржийн Гомбожав. Орчуулагч, яруу найрагч. Шота Руставелийн “Барсан хэвнэгт баатар”, Уолт Уитмэний “Өвсний навч” зэрэг шүлэг найраглал орчуулсан.
  • Базарын Дашцэрэн. Орчуулагч, дипломатч. Михаил Шолоховын “Дөлгөөн Дон” тэргүүтэй олон зохиол орчуулсан.
  • Готовын Аким. Орчуулагч, сэтгүүлч. Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн. Габриэль Маркесийн “Зуун жилийн ганцаардал”, Чингиз Айтматовын “Цаазын тавцан” зэрэг олон зохиол орчуулсан.
  • Санжаагийн Баяр. Улс төрч. Монгол улсын 25 дахь ерөнхий сайд.
  • Дашдоржийн Баярхүү. Дипломатч, хятад судлаач.
  • Балчинжавын Долгион. Хөгжмийн зохиолч, продюсер. Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн.

Сонирхолтой баримтууд

засварлах
  • 60-аад онд МОНЦАМЭ-гийн ажилчдын хашаа одоогийн I дунд сургуулийн урд талд байжээ.
  • Огторгуйн нислэг, огторгуйн нисэгч гэж хэлдэг байсныг эрдэмтэн О.Намнандоржийн тайлбарлаж хэлж өгснөөр халж, сансар гэдэг үг хэрэглэдэг болсон талаар тоймч Б.Дүгэр дурссан бий. (Ахмад сэтгүүлч Г.Балдандоржийн дурссанаар бол академич Ц.Дамдинсүрэн тийн хэлж өгсөн)
  • МОНЦАМЭ-гийн анхны захирал Ж.Зундуй 1945 оны Чөлөөлөх дайнд сөнөөгч онгоцны буудагчаар оролцож явжээ.
  • 1970-аад онд олон түмний дунд “МОНЦАМЭ гэж өндөр цагаан залуу цэрэгт хамт байж билээ, үгүй мөн их юм мэддэг нөхөр шүү” гэж нэг хүн ярьсан” гэх онигоо гарч байсан гэдэг[58][59].
  • 1965 онд МОНЦАМЭ-д лавлах товчоо байгуулах СнЗ-ийн тогтоолд “...онцгой үүрэгтэйг харгалзан МОНЦАМЭ-гийн шаардсан тоо баримт, мэдээ зэргийг цаг тухайд нь саадгүй, үнэн зөвөөр гарган өгч байхыг яам, тусгай газрын дарга нарт үүрэг болгосугай” гэжээ.
  • Гол төлөв гадаад хэлтэй сэтгүүлчдийн ажилладаг байгууллага учраас боловсон хүчнийхээ нэлээдийг гадаадад бэлтгэж байсан бөгөөд 1969 оны байдлаар гадаадад нийт 74 оюутан сурч байснаас 13 нь мөн онд Москвад, Морис Торезийн нэрэмжит гадаад хэлний дээд сургуульд суралцахаар явж байжээ. (Г.Адьяагийн дурсамжаас)
  • Гэрэл зургийн газар нь аппарат хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмж сайтай, зөвхөн 1970 онд гэхэд МОНЦАМЭ-гийн шугамаар 70 мянган рублийн бараа материал гадаадад захиалж авчруулсны нэлээд хэсэг нь гэрэл зургийн редакцид оногдож байжээ. (Г.Адьяагийн дурсамжаас)
  • 1970-80-аад онд Монгол телевизээр “Алсаас бичигчийн туузнаас” хэмээх нэртэй нэвтрүүлэг гардаг байсан нь даруй МОНЦАМЭ-гийн мэдээ хүлээн авах телетайп аппаратын монгол нэрийг авч хэрэглэсэн хэрэг болно.
  • 2006 оны байдлаар тус агентлагт 30-аас дээш жил ажилласан хүн 11 байв. Дээд тал нь 41 жил ажиллажээ.
  • Агентлаг 2001 онд анх удаа “Оны хүн”-ээ шалгаруулсан бөгөөд тухайн үеийн “Mongol Messenger” сонины эрхлэгч Ч.Эрдэнийг “Математик зарчмууд ба язгуур матери” ном бичсэний учир хүртээж байв.
  • “Мөнгү Шяоши Бао” сонины анхны эрхлэгч Д.Дүнгэр-Яйчилын гэргий Надя “Новости Монголий” сонинд ажиллаж байсан бол охин Д.Солонго нь 2000-аад онд энэ сонины эрхлэгч байжээ[60].
  • “Инээмсэглэл” хамтлаг анх 1979 онд анх “МОНЦАМЭ” агентлагийн дэргэд байгуулагдаж байв[61].
  • 1989-1992 онд Агентлаг зах зээлийн шилжилтийн хүнд үед орлогч захирал Цэдэн-Ишийн Авирмэд өөрийн хичээл зүтгэлээр уг хүндрэлийг даван туулахад ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

Ашигласан ном зохиол

засварлах
  • “МОНЦАМЭ” агентлаг 80 жилийнхээ ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн нь”. 2001 он. Эмхэтгэсэн Б.Наминчимэд.
  • “Миний нэр, миний гэр МОНЦАМЭ”. 2001 он. Эмхэтгэсэн Г.Балдандорж, ерөнхий редактор Т.Баасансүрэн.
  • “Үндэсний мэдээллийн агентлаг-Тусгаар тогтнолын бэлэг тэмдэг”. Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн тухай хуулийн төсөл боловсруулж бэлтгэх ажлын хэсгээс зохион байгуулсан семинарын тэмдэглэл. 2002 он. Эмхэтгэсэн Б.Наминчимэд.
  • “МОНТА буюу МОНЦАМЭ: Түүний өнөөдөр маргааш”. 2002 он. Эмхэтгэсэн Т.Баасансүрэн.
  • Т.Баасансүрэн. “МОНЦАМЭ: Үе үеийнхэн”. 2002 он.
  • А.Л.Молчанов. “Газетная пресса России в годы революции и Гражданской войны: (окт. 1917-1920 г.г.)”. 2002 он. “Издатпрофпресс” хэвлэлийн газар. ISBN 5-85405-0133-7
  • “МОНЦАМЭ Монгол улсын нэрийн хуудас”. 2011 он. Ерөнхий редактор Т.Баасансүрэн.
  • С.Амарсанаа. “Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд”. 2011 он. ISBN 978-99962-902-1-3
  • Т.Баасансүрэн. “МОНЦАМЭ: Үе үеийнхэн”. 2011 он. ISBN 978-99962-918-0-7
  • “Монголд мэдээллийн агентлаг үүсч хөгжсөн нь”. Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын тэмдэглэл. 2011 он. Эмхэтгэсэн Б.Наминчимэд.
  • “Монголын сэтгүүлзүйн үүсэл, хөгжил”. Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлын тэмдэглэл. 2011 он. Эмхэтгэсэн Ш.Батболд.
  • “Дэлхийг Монголд, Монголыг дэлхийд”. Монгол, англи хэлээр. 2016 он. Ерөнхий редактор Ш.Батболд.

Эх сурвалж

засварлах
  1. http://www.info.mn/news/[permanent dead link]
  2. ://baabar.mn/article/5754
  3. https://www.montsame.mn/mn/read/51531
  4. ://news.mn/r/741949/
  5. https://montsame.mn/mn/read/180987
  6. https://news.mn/r/510465/
  7. https://www.montsame.mn/mn/read/195870
  8. "Archive copy". Archived from the original on 2019-12-12. Татаж авсан: 2019-12-12.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  9. "Archive copy". Archived from the original on 2019-12-12. Татаж авсан: 2019-12-12.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  10. https://news.mn/r/566817/
  11. http://itoim.mn/article/tSp6n/11939
  12. "Archive copy". Archived from the original on 2019-12-12. Татаж авсан: 2019-12-12.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  13. http://evartist.narod.ru/text9/[permanent dead link]
  14. "Archive copy". Archived from the original on 2019-12-12. Татаж авсан: 2019-12-12.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  15. "Archive copy". Archived from the original on 2019-12-12. Татаж авсан: 2019-12-12.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  16. "Archive copy". Archived from the original on 2019-02-02. Татаж авсан: 2019-12-12.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  17. http://baabar.mn/article/5901
  18. http://xn----8sbenbrquebb4afq7e.xn--p1ai/news/Redaktor---pochetnyy-partizan-[permanent dead link]
  19. http://crc.gov.mn/contents//raw/5/3/564/ppt1_[permanent dead link]
  20. http://crc.gov.mn/contents//raw/5/3/564/ppt1_[permanent dead link]
  21. http://crc.gov.mn/contents//raw/5/3/564/ppt1_[permanent dead link]
  22. http://irkipedia.ru/content/genkin_iosif_isaevich
  23. https://uyangasetguulzui.blogspot.com/
  24. https://camerazev.blogspot.com/2012/05/blog-post_5601.html
  25. https://camerazev.blogspot.com/2012/05/blog-post_5601.html
  26. https://uyangasetguulzui.blogspot.com/
  27. https://uyangasetguulzui.blogspot.com/
  28. https://camerazev.blogspot.com/2012/05/blog-post_5601.html
  29. https://uyangasetguulzui.blogspot.com/
  30. http://www.shuud.mn/a/488569
  31. https://news.mn/r/510465/
  32. "Archive copy". Archived from the original on 2019-12-14. Татаж авсан: 2019-12-14.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  33. ://montsame.mn/mn/read/48542
  34. "Archive copy". Archived from the original on 2019-12-12. Татаж авсан: 2019-12-12.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  35. http://www.mnb.mn/s/59?type_slug=i
  36. http://www.mnb.mn/s/6?type_slug=i
  37. "Archive copy". Archived from the original on 2019-12-12. Татаж авсан: 2019-12-12.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  38. https://www.biznetwork.mn/content/24877
  39. https://www.montsame.mn/mn/read/53810
  40. https://ehhelbichig.wordpress.com/2010/06/12/%D1%82-%D0%B3%D0%B0%D0%BB%D0%B4%D0%B0%D0%BD-%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD-%D1%81%D0%BE%D0%BD%D0%B8%D0%BD-%D1%85%D1%8D%D0%B2%D0%BB%D1%8D%D0%BB%D0%B8%D0%B9%D0%B3-%D0%BC%D0%BE%D0%BD/
  41. https://www.montsame.mn/mn/read/53810
  42. https://ehhelbichig.wordpress.com/2010/06/12/%D1%82-%D0%B3%D0%B0%D0%BB%D0%B4%D0%B0%D0%BD-%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD-%D1%81%D0%BE%D0%BD%D0%B8%D0%BD-%D1%85%D1%8D%D0%B2%D0%BB%D1%8D%D0%BB%D0%B8%D0%B9%D0%B3-%D0%BC%D0%BE%D0%BD/
  43. "Archive copy". Archived from the original on 2021-10-20. Татаж авсан: 2019-12-12.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  44. https://www.montsame.mn/mn/read/53810
  45. "Archive copy". Archived from the original on 2019-12-12. Татаж авсан: 2019-12-12.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  46. "Archive copy". Archived from the original on 2019-12-12. Татаж авсан: 2019-12-12.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  47. http://www.solongonews.mn/content/read/[permanent dead link]
  48. http://www.solongonews.mn/content/read/[permanent dead link]
  49. https://www.montsame.mn/mn/read/201372
  50. "Archive copy". Archived from the original on 2019-12-12. Татаж авсан: 2019-12-12.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  51. https://updown.mn/8933.html
  52. https://www.montsame.mn/mn/read/58754
  53. https://news.mn/r/741949/
  54. "Archive copy". Archived from the original on 2019-12-12. Татаж авсан: 2019-12-12.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  55. http://baabar.mn/article/5754
  56. https://montsame.mn/mn/read/206395
  57. https://documents.tips/documents/-557213c4497959fc0b92f7b6.html
  58. http://www.bolod.mn/News/114227.html
  59. "Archive copy". Archived from the original on 2021-10-27. Татаж авсан: 2019-12-12.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  60. http://www.fact.mn/3732.html
  61. https://news.mn/r/8910/