Габриель Гарсиа Маркес
Габриель Хосе де ла Конкордиа "Габо" Гарсиа Маркес (испани. Gabriel José de la Concordia García Márquez [ɡaˈβɾjel ɡarˈsia ˈmarkes] буюу испани. Gabo; 1927 оны 3-р сарын 6-нд Аракатакад төрж, 2014 оны 4 -р срын 17-нд Мехико хотод нас барсан) - Колумбийн зохиолч, сэтгүүлч, улс төрийн зүтгэлтэн. 1982 оны Нобелийн уран зохиолын шагналтан.
|
Намтар
засварлахКолумби улсын Аракатака хэмээх жижиг хотхонд (Магдалена аймаг) эцэг Габриэль Элихио Гарсиа (испани. Gabriel Eligio García), эх Луиза Сантьяга Маркес Игуаран (испани. Luisa Santiaga Márquez Iguarán) нарын гэрт төржээ. Габриелыг төрөөд удаагүй байхад эцэг нь эм зүйч болсон. 1929 оны 1-р сард түүний эцэг эх нь Сукре хот руу нүүхэд хүү эхийн талын эмэг эх Транкилина Игуаран Котес (испани. Tranquilina Iguarán Cotes), өвөг эцэг хурандаа Николас Рикардо Маркес Мехиа (испани. Nicolás Ricardo Márquez Mejía) нар дээр Аркатака хотдоо үлдсэн байна. Эмэг эх, өвөг эцэг нар нь ирээдүйн зохиолчийг ардын домог, хэл шинжлэлийн онцлог шинж чанаруудтай танилцуулсан нь хожим нь түүнд чухал нөлөө үзүүлсэн. Гарсиа Маркесыг есөн настай байхад өвөө нь нас барж, Габриель эцэг эхтэйгээ Сукре хотод нүүж очсон бөгөөд аав нь тэр үед эмийн сантай байжээ.
Габриель 1940 онд 13 настайдаа тэтгэлэг авч, Богота хотоос хойд зүгт 30 км-т орших Сипакира хотын Иезуит коллежид суралцаж эхэлжээ. 1946 онд эцэг эхийнхээ шахалтаар Колумби улсын Үндэсний их сургуулийн хуулийн ангид элсэн орсон бөгөөд энэ үеэр ирээдүйн эхнэр, эм зүйчийн охин Мерседес Барча Пардотой танилцсан ажээ.
Тэрбээр сургуулиа төгсөлгүй 1950 онд орхиод сэтгүүл зүй, уран зохиолд өөрийгөө зориулахаар шийдсэн байна. Ном унших туртай залууд Зохиолч Эрнест Хемингуэй, Уильям Фолкнер, Жеймс Жойс, Виржиниа Вулф, Франц Кафка нар их нөлөө үзүүлсэн байна.
Түүнийг Латин Америкийн шидэт реализмын (magic realism) хамгийн гарамгай төлөөлөгчдийн нэг гэж зүй ёсоор дүгнэдэг бөгөөд хүний мөн чанарыг чинээнд нь тултал тэмцэлдүүлэн, аймшигтай агаад догдлон биширмээр дотоод дүр төрхийг илэрхийлэн бичдэг нь түүний уран туурвилын онцлог юм. Их зохиолч хүмүүний дотоод ертөнц рүү гүнээ нэвтэрсэн ер бусын олон бүтээл туурвисан байна.
Билл Клинтоныг АНУ-ын Ерөнхийлөгч байх үед (1993-2001) Гарсиа Маркес Мексикийн Ерөнхийлөгч Карлос Салинас де Гортаригийн хувийн хүсэлтээр Клинтон, Кубын Ерөнхийлөгч Фидель Кастрогийн хооронд хийсэн хэлэлцээрт албан бусаар зуучилсан байдаг.
Габриель Гарсиа Маркесын бүтээлүүд монгол хэлээр
засварлахТэрээр 1982 онд утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн бөгөөд Монголын уншигчид "Зуун жилийн ганцаардал" ("Cien años de soledad"-1967) романыг нь зохиолч, орчуулагч Готовын Акимын монгол хэлнээ гайхалтай уран тансгаар орчуулсан нь уншихад дэндүү урамтай, "Мартагдсан хурандаа" туужийг нь Н.Энхбаярын, "Хурандаад хэн ч бичихгүй" (El coronel no tiene quien le escriba) (1961) туужийг нь О.Чинбаярын, "Ирендира охины эмгэнэлт түүх" зэрэг богино өгүүллэгүүдийг нь Э.Ганболдын орчуулгаар тус тус хүртсэн билээ.