Сампилын Жалан-Аажав

Сампилын Жалан-Аажав (1923 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Богдын голын хөвөөнд төрж, 2010 онд Улаанбаатар хотод нас барсан) - Монгол улсын төрийн зүтгэлтэн.

С.Жалан-Аажав айлын ууган хүү, доороо гурван дүүтэй байжээ. Тэрээр эхлээд Лодон нэртэй байхдаа хүндээр өвдөөд том лам Жалан-Аажав гэдэг нэр хайрлавал тогтох юм байна гэсэн гэдэг.

Тэрээр 1939-1943 онд Улаанбаатарт Намын дээд сургуульд, 1951-1956 онд ЗХУ /хуучин нэрээр/-д Эрхүүгийн улсын их сургуульд суралцаж хуульч мэргэжилтэй болсон. 1967 онд “БНМАУ-ын империализм, феодализмыг эсэргүүцсэн шатны ардын хувьсгалт төрийн үндсэн хууль тогтоомжийн гол чиглэлүүд” сэдвээр хууль зүйн ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ.

1938-1939 онд Төв аймгийн нутаг Шохойн цагаан булгийн шохойн үйлдвэрт ажилчин, 1943 оноос Намын дээд сургуульд багш, Монгол Улсын Прокурор, Сайд нарын Зөвлөлийн Хуулийн хорооны дарга.

Монголын Радио Телевизийн Улсын Хорооны /МРТУХ/ дарга байсан.

1971 онд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч даргаар томилогдон ажилласан байна.

Намын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж гүтгэн 1984 онд бүх ажлаас нь буулгаж Завхан аймагт нутаг зааж хэлмэгдүүлсэн бөгөөд хожим цагааджээ.

Намын дээд сургууль, МУИС-ийн хууль зүйн дээд сургуульд үндсэн болон цагийн багшаар 30-аад жил багшилжээ. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш байхдаа Гавьяат хуульч цол хүртсэн байна.

Монголын хууль цаазын шилдэг өв “Халх журам” хуулийг эрх зүйн төрөл, анги ба хуулийн зүйл ангиар ялган олон жил судалж уг хуулийг 14 бүлэг, 298 зүйл болгож эмхэтгэн худам монгол бичгээс кирилл монгол бичигт хөрвүүлэн хэвлүүлсний гадна “Арван буянт номын цагаан түүх”, Хубилай цэцэн хааны төр засах хөтөлбөрийн тухай номыг анх удаа судалж товхимол болгож, мөн Монголын шүүх практикийн тухай “Улаан хацарт” хэмээх баримт бичгийг эрүү, иргэний, захиргааны эрх зүйн төрлөөр анх удаа эмхэтгэн тус тус хэвлүүлжээ. Үүнээс гадна ардын засгийн хууль тогтоох үйл ажиллагааны үндсэн чиглэл, төр, эрх зүйн онол зэрэг 30-аад ном, товхимол хэвлүүлж, судалгаа, сурталчилгааны олон өгүүлэл бичиж нийтлүүлсэн байна.

“Туулсан замд, төрсөн бодол” гэсэн дурсамж ном бичсэн байна.

Эхнэр Ж.Ичинхорлоо 1-р сургуулийн захирал, охин Жалан-Аажавын Хандсүрэн /1954 онд төрсөн/ хуульч. Зээ охин Жалан-Аажавын Тэгшзаяа гэж хуульч мэргэжилтэй ч өөрийн сонирхлоороо англи, орос хэлнээс ном орчуулдаг.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 3 удаа, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ. 2001 оны арванхоёрдугаар сарын 21-нд Н.Багабанди Ерөнхийлөгчөөс гавьяат цол авсан.