Монголын үнэн -сонин нь 1920 оны 11 дүгээр сарын 10-нд Зөвлөлт оросын Эрхүү хотод анх хэвлэгдэн гарч, 1921 оны 4 дүгээр сарын 19 хүртэл нийт 6 дугаар гарч байжээ. Монголын хувьсгалчид Коминтерны Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газраас тусламж авахаар Эрхүү хотод байх хугацаанд тэдний идэвхтэй тус дэмжлэгээр гаргаж байсан анхны хувьсгалт нууц сонин юм.

Энэ сонин 38х54 см-ийн хэмжээтэй, 4 нүүртэйгээр чулуун бараар дугаар бүрийг 3000 хувь хэвлэж, ардын хувьсгалын партизан цэргүүдээр дамжуулан олон түмэнд тарааж байв.

“Монголын үнэн” сонин “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн!” гэсэн уриатай, “Энэхүү Монголын үнэн хэмээх сэтгүүлийг дэлхий дахины эв хамтын интернационал намын Алс дорнодын хорооны монгол, төвдийн хэлтсээс тараана” гэсэн тайлбар бичээстэй хэвлэгдэж байжээ. Тус сонин Монголын феодалын засаг төр, түүний мөн чанарыг илчилж, харийн булаан эзлэгчдийн түрэмгий ажиллагааг эсэргүүцсэн, Монгол орны гадаад байдал, Октябрийн социалист хувьсгал болон ард түмэн эрх чөлөөгөө олж авах арга зам, шинээр байгуулах засаг төрийн мөн чанар зэрэг асуудлыг олон талаас нь тайлбарлан таниулж, гадаадын эзлэн түрэмгийлэгчид, дотоодын дарлагчдаас улс орноо чөлөөлөх, ард түмний эрх ашгийг хамгаалах, Ардын журамт цэрэг элсүүлж, зэвсэгт тэмцэлд бэлтгэх, МАН-ын бодлого зорилтыг сурталчилж, хувьсгалын үйл хэргийг зохион байгуулах чухал хэрэгсэл болж байжээ.

ХХ зууны эхэн үеийн Монгол орны түүхийн нэн эгзэгтэй үед гарч байсан энэ сонин Монголын ард түмнийг хувьсгалт тэмцэлд уриалан дуудах, хувьсгалчдын үзэл бодлыг нэгтгэх, Ардын намыг байгуулж бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд манай орны далаад жил үргэлжилсэн хувьсгалт хэвлэл, коммунист сэтгүүл зүйн эхлэлийг тавьсан юм.

Энэ сониныг Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Лосол зэрэг хувьсгалчид Алс Дорнодын коминтерны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Б.З.Шумяцкий, коминтерны төлөөлөгч С.Борисов, Э.Ринчино нарын тус дэмжлэгээр гаргаж байжээ. Мөн сонины ажилд зохиолч С.Буяннэмэх, бичээч Ч.Пүрэв, Б.Ишдорж, С.Данзан зэрэг хүмүүс оролцож байсан байна.