Хөдөө аж ахуй

(ХАА-с чиглүүлэгдэв)

Хөдөө аж ахуй нь гаршуулсан амьтан болон ургамлыг тодорхой зохион байгуулалттайгаар өсгөн үржүүлэх замаар хүнс, тэжээл, цардуул болон бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх үйл явц юм. Орчин цагийн хэлэнд Хөдөө аж ахуй (ХАА) гэдэг нэр томъёонд мал амьтан өсгөн үржүүлэхээс эхлээд тэдгээрээс авч болох түүхий эдийг боловсруулах, мөн хүнс, тэжээл, цардуул үйлдвэрлэх бүхий л үйл ажиллагааг хамруулан ойлгодог. Хөдөө аж ахуй гэдэг нь мөн ХАА-н практик үйл ажиллагааны судалгаа бөгөөд үүнийг Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан гэдэг.

Хөдөө аж ахуй

Ерөнхий
Агробизнес · Хөдөө аж ахуй
Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан · Агрономи
Мал аж ахуй
Өргөтгөсөн фермийн аж ахуй
Үйлдвэржсэн фермийн аж ахуй
Аж үйлдвэржсэн хөдөө аж ахуй
Эрчимжсэн фермийн аж ахуй
Органик хөдөө аж ахуй
Тогтвортой хөдөө аж ахуй
Суурин хөдөө аж ахуй

Түүх
Хөдөө аж ахуйн түүх
Неолитийн хувьсгал
Лалын хөдөө аж ахуйн хувьсгал
Британий хөдөө аж ахуйн хувьсгал
Ногоон хувьсгал

Нарийвчилсан
Усны аж ахуй · Сүүний аж ахуй
Бэлчээрлэлт
Эрчимжсэн гахайн аж ахуй · Модны боловсруулалт
Шувууны аж ахуй · Будаа
Хонины аж ахуй
Буудай

Категориуд
Хөдөө аж ахуй
Биотехнологи

Хөдөө аж ахуй нь дэлхий нийтийн нийгэм эдийн засгийн өөрчлөлтийн гол хүчин зүйл байсаар ирсэн учир хөдөө аж ахуйн түүх нь хүний түүхийн үндсэн нэг, салшгүй бүрэлдүүлэгч хэсэг билээ.

2006 оны байдлаар дэлхийн нийт ажиллах хүчний 36 хувь нь ХАА-н салбарт ажиллаж байгаа нь[1] (1996 онд энэ үзүүлэлт 42% байсан) ХАА-г хамгийн түгээмэл ажлын байрны талбар болгож байна. Гэсэн хэдий ч фермийн аж ахуйн ач холбогдол аж үйлдвэржиж эхэлснээс хойш харьцангуйгаар нилээд унасан ба 2006 онд түүхэнд анх удаа үйлчилгээний салбар дэлхий дээр хамгийн их ажлын байр бий болгож ХАА-н салбараас давж гараад байна. Мөн ХАА-н үйлдвэрлэл нь дэлхийн нийт бүтээгдэхүүний (бүх ДНБ-үүдийн нийлбэр) 5%-иас бага байдаг.[2]

ХАА-н нэг хэсэг нь хязгаарлагдмал нөөц бололцоо бүхий жижиг хэмжээний газар ашиглан зөвхөн өрхийнхөө хүнсний хэрэгцээг хангадаг өрхийн фермер бол нөгөө хэсэг нь эрчимжсэн хөдөө аж ахуй гэх мэтийн арилжааны чиглэлийн аж үйлдвэржсэн хөдөө аж ахуй байдаг. Энэ төрлийн аж ахуй нь өргөн уудам газар, талбай ашиглаж эсвэл олон тооны өндөр ашиг шимт мал амьтан өсгөн үржүүлж мөн өндөр түвшний механикжуулалт ашигладаг. Ийм үйл ажиллагаанууд нь ерөнхийдөө эцсийн бүтээгдэхүүнээс, эсвэл түүхий эд, дайвар бүтээгдэхүүнээс хамгийн их орлого олох зорилготой байдаг. penis

Орчин үеийн ХАА нь хүний хүнсний хэрэгцээг хангах, малын тэжээл бэлтгэх уламжлалт хэв маягаас халин гарсан. Тухайлбал бусад төрлийн ХАА-н бүтээгдэхүүн гэвэл бэлэг дурсгалын цэцэг, гоёлын болон эмчилгээний ургамал, мод бэлтгэх, бордоо, амьтны арьс шир, үс ноос, аж үйлдвэрийн химийн бодис (цардуул, чихэр, этанол, спирт, хуванцар гэх мэт), нийлэг (хөвөн, ноос, олс ургамал, флакс), түлш (биомассын метан, био-дизель), мөн хууль ёсны болон хууль бус бодис (эмийн ургамал, тамхи, марихуана, хар тамхи (opium), кокаин) зэргүүдийг нэрлэж болно.

Хорьдугаар зуунд ХАА-н практикт маш их өөрчлөлт гарсан. Ялангуяа хөдөө аж ахуйн химийн салбар болон механикжуулалт. ХАА-н хими нь химийн бордоо, химийн инсектицид, пестицид, фунгицид, хөрсний нөхөн сэргээлт, ХАА-н бүтээгдэхүүний судалгаа, өндөр ашиг шимт малын тэжээлийн хэрэгцээ гэх мэтийн асуудлуудыг шийддэг.

1970-аад он болон түүнээс өмнө химийн бордоо болон пестицид хөрсний гадаргуугаас урсах болсон нь нэмэгдэж, улмаар үл хянаж чадах асуудал болсон. Барагцаагаар 1980 оны үед барууны олон орон байгаль орчныг хамгаалах хөдөлгөөнүүдийн шахалтаар ХАА-н гаралтай бохирдлын эсрэг хяналт тавьж, хэрэгжүүлж эхэлсэн ба энэхүү ногоон хувьсгал нь байгаль орчныг бохирдуулахгүйгээр хөдөө аж ахуйн химийн бодисын хэрэглээний олон үр ашигтай давуу талуудыг дэлхийн олон фермүүдэд тарааж эхэлсэн. 1950-аас 1984 онуудын хооронд ногоон хувьсгал нь дэлхий даяар ХАА-г өөрчилсөн ба дэлхийн хэмжээнд улаан буудайн үйлдвэрлэл 250%-иар өссөн байна.[3] Дэлхийн ихэнх бүс нутагт механикжуулалт ялангуяа трактор, пресслэгч, комбайны хэрэглээ нь ХАА-н үр ашиг, үйлдвэрлэлийг огцом нэмэгдүүлсэн (Хөдөө аж ахуйн машиныг үзнэ үү).

ХАА-д гарсан сүүлийн үеийн өөрчлөлт, ололт гэвэл гидропоник, ургамал сортлох, гибридезац, ген судлал, хөрсний тэжээлийн менежмент гэх мэт дурдаж болно. Генийн инженерчлэл нь аливаа ургамалыг байгаль дээр байгаагаас илүү үр ашигтай болгох тухайлбал өндөр ургацтай, өвчинд тэсвэртэй гэх мэт боломжтой болсон.

Инженерүүд усжуулалт, газар хатаалт, байгаль хамгаалал, эрүүл ахуйн төлөвлөгөө боловсруулах боломжтой болсон. Энэ нь ялангуяа байнгын усалгаа шаардсан хуурай, чийг багатай газар нутагт байдаг том хэмжээний фермийн хувьд маш чухал асуудал.

Мөн шинжлэх ухааны ололт амжилтууд ХАА-н бүтээгдэхүүнийг боловсруулах, савлах, зах зээлд түгээх асуудлуудад нөлөөлөх болсон. Түргэн хөлдөөх болон хатаах аргууд нь ХАА-н бүтээгдэхүүний зах зээлийн хэрэгцээг нэмэгдүүлж байна.

Адуу, луус, үхэр, тэмээ, лам гөрөөс, нохой зэрэг амьтдыг тариалангийн талбайг боловсруулах, ургац хураан авах, ХАА-н бүтээгдхүүн тээвэрлэх зэрэгт түгээмэл ашигладаг. Мал аж ахуй нь мал сүргийг өсгөн үржүүлж тогтмол хугацаанд мах, сүү, өндөг, ноос гэх мэт бүтээгдэхүүнийг гаргаж авах зорилготой. Механикжуулалт нь фермийн аж ахуйн үр ашиг, үйлдвэрлэлийг ихээхэн хэмжээгээр дээшлүүлдэг. (Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг үзнэ үү.)

Онгоц, нисдэг тэрэг, ачааны машин, трактор зэрэг техникүүдийг барууны ХАА-н үйлдвэрлэлд үр суулгац суулгах, хортон шавьж, өвчний эсрэг бодис цацах, бордоо цацах, амархан муудах бүтээгдэхүүн тээвэрлэх зорилгоор өргөн хэрэглэдэг. Фермерүүдийн хувь холбоо харилцаа нь цаг агаарын мэдээлэл, эдийн засаг зах зээлийн тойм мэдээлэл авах зэргээр ач холбогдол өндөр болсон. Фермийн менежментийг оновчтой байлгах үүднээс компьютер хэрэглэж байна.

 
Цагаан будааны суулгацны нүхийг бэлтгэж байгаа нь. Индонез.

АНУ-ын Үндэсний Инженерчлэлийн Академи нь ХАА-н механикжуулалтыг 20-р зууны инженерчлэлийн шилдэг 20 ололт амжилтын нэг гэж үзжээ. Энэ зууны эхэн үед нэг америк фермер 2.5 хүний хүнсийг үйлдвэрлэж байсан бол өнөөдөр ХАА-н технологийн хөгжил дэвшлийн ачаар нэг фермер 130 хүний хүнсийг бэлтгэдэг болж.[4]

Сүүлийн жилүүдэд эрчимжсэн ХАА-н зарим асуудал ихээр анхаарал татаж хэлэлцэгдэх болов. Асуудлын гол цөм нь томоохон ХАА-н химийн бодис үйлдвэрлэгчид, мах савлагчид, хүнс боловсруулах үйлдвэрүүдийн нөлөөлөл ихэсч буй явдал. Өөр нэгэн асуудал бол эрчимжсэн ХАА-н байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийн талаар юм. Жишээлбэл, АНУ-ын Миссисипи мөрөнд химийн бордоо олон жилийн турш урсан орж буй бөгөөд энэ нь Мексикийн булангийн дээрх мөрөн цутгадаг хэсэгт Үхлийн Бүс бий болох шалтгаан нь болж. Эрчимжсэн ХАА нь мөн газарын үржил шимийг аажмаар багасгаж яваандаа цөлжилт үүсгэх нөхцлийг бүрдүүлж байна.

 
Арвайн тайлбай

Генетикийн инженерчлэлийг ашиглан шинэ төрлийн үрийг гаргаж авсан байгууллагууд патентаар өөрсдийн бүтээлийг хамгаалснаар компьютерын программ хангамжийг түрээслүүлдэг шиг өөрсдийн үрийг фермерүүдэд түрээслүүлэх замаар хэрэглэх эрхийг нь олгож байна. Энэ нь үр нийлүүлдэг компаниудын хувьд хүчний тэнцвэрийг алдагдуулж, урьд өмнө дуулдаагүй сонин нөхцөл шаардлагуудыг тавьж эхлэх болов. Энэтхэгийн эрдэмтэн, идэвхтэн Вандана Шива эдгээр компаниудыг Био-хулгайд буруутгаж байгаа юм.

Хөрс хамгаалал болон шим судлалын менежмент нь 1950-иад оноос эхлэн чухал сэдэв болж ирсэн. Гэсэн хэдий ч олон оронд усны суваг, намаг зэрэг нь азот, фосфор мэтийн шим тэжээллэг бодисоор бохирдох болж.

ХАА-н асуудлуудад хандах хэрэглэгчдийн анхаарал өсөн нэмэгдсэнээр органик хүнс гэх мэтийн уриатай хөдөлгөөнүүд төрөн гарах болов.

Үгийн гарал үүсэл

засварлах

Хөдөө аж ахуйг англиар Agriculture гэдэг. Agri нь Латин хэлний "газар, талбай" гэсэн утгатай ager, culture нь Латин хэлний cultura буюу боловсруулах (гэхдээ хөрс) гэсэн үгнүүд юм. Утгачлан орчуулбал талбайн хөрс боловсруулалт гэж болно.

 
Шавар шатааж хийсэн Шумерын гар хадуур, МЭӨ 3000 он

Эртний гарал үүсэл

засварлах

Газар зүйн хувьд алслагдмал хүн ард бие биеэсээ хамааралгүйгээр ХАА-г хөгжүүлж эхэлсэн. Эхний зохион байгуулалттай ХАА эрхэлж байсан ул мөр баруун өмнөд Азид лалар буюу Месопатамын үржил шимт хөндийд (Fertile Crescent) олддог. МЭӨ 9500 жилийн тэртээд фермерүүд тодорхой шинж чанар бүхий хүнсний ногоог сонгож аван тарьж эхэлжээ. Гэхдээ үүнээс эрт зэрлэг арвайг хэрэглэж байсан ул мөр байдаг ч анхны найман үндсэн ХАА-н ургамлыг хүмүүс тарьж эхлэхээс тийм өмнө биш юм. Анхных нь Эмер болон Ганц эвэрт буудай, дараагаар нь арвай, вандуй, сэвэг зарам, исгэлэн буурцаг, хонин вандуй, маалинга зэрэг ургамлуудыг тарьж эхэлсэн байна.

МЭӨ 7000 он гэхэд Египетэд цар хүрээ багатай хөдөө аж ахуй эрхэлж эхэлсэн байна. МЭӨ 9000 оны тэртээ Энэтхэгийн хойг дээр арвай, улаан буудай тариалж байсан археологийн олдвор Балочистаны Мергарх дахь археологийн малталтаас олджээ. МЭӨ 6000 он гэхэд дунд оврын фермийн аж ахуй нь Нил мөрний сав газар өргөн тархсан байна. Ойролцоогоор энэ үед ХАА нь Алс Дорнодод бас харилцан хамааралгүйгээр хөгжиж байсан ба тэнд улаан буудайнаас илүү цагаан будааг голлон тариалж байв. Хятад, Индонезийн фермерүүд вандуй, шар буурцаг, азуки, таро зэрэг ургамалыг тарималжуулж байв. Эдгээр нүүрс усны шинэ эх үүсвэрийг энэ бүс нутаг дахь тэнгисийн эрэг, нуур цөөрөм, гол мөрний дагуух загасчлалтай хослуулсанаар шаардлагатай амин дэм, уургийг их хэмжээгээр авах болсон. Бүхэлдээ энэхүү шинэ төрлийн хөдөө аж ахуй болон загасчлал нь хүн амын өсөлтийг огцом нэмэгдүүлэх хүчин зүйл болсон ба өнөөдөр ч үргэлжилсээр байна.

МЭӨ 5000 жилийн үед Шумерууд хөдөө аж ахуйн үндсэн цөм техникүүд болох газрыг өргөн цар хүрээтэйгээр, эрчимтэйгээр боловсруулах, нэг төрлийн ургамал тариалах, зохион байгуулалттай усжуулалт, мэргэшсэн ажиллах хүчнийг ашиглах зэргүүдийг ялангуяа Персийн булангаас Тигр, Евфратын ай сав хүртэлх одоогийн Шат ал-Арабын усан замын дагуу хөгжүүлж ирсэн байна. Зэрлэг үхэр болон аргалийг үхэр, хонь болгон гаршуулж тэдгээрийг өргөнөөр хүнс, өмсгөлийн хэрэгцээндээ болон тээвэрлэлтэнд ашиглаж байжээ.

Эрдэнэ шиш, шуулж, хулслаг харвуулын үндэс зэрэг ургамлуудыг анх Америкт МЭӨ 5200 жилийн тэртээгээс гаршуулж эхэлсэн. [1] Төмс, лооль, чинжүү, хурган гуа, бусад төрлийн буурцаг, канна, тамхи болон бусад ургамлуудыг Шинэ Ертөнцөд тариалдаг байсан бөгөөд Өмнөд Америкийн Андын нуруунд дов толгодын налууг шатлуулах маягаар тариалдаг байж.

Ромчууд болон Грекүүд сүүлд нь Шумеруудын буй болгосон техникүүдийг арай боловсронгуй болгон ашиглаж эхэлжээ.

Дундад зууны үеийн ХАА

засварлах

Дундад зууны үед Хойд Африкийн болон Ойрх Дорнодын Исламын фермерүүд гидролик болон гидростатик зарчим дээр үндэслэн усжуулалтын систем, далан зэргийг ашиглан усны нөөцийг бий болгох, ус дамжуулах хүрдэн машин зэрэг ХАА-н технологиудыг бий болгосон байна. Муслимууд мөн газар тариалангийн гарын авлага бичиж энэ нь чихрийн нишингэ, цагаан будаа, жүржийн төрлийн жимс, гүйлс, хөвөн зэрэг ургамлыг гаршуулан ургуулах суурь нь болж өгчээ. Муслимууд анх Испанид нимбэг, жүрж, хөвөн, бүйлс, гадил зэрэг жимс ногоог авчирсан байна.

Сэргэн мандалтын үеэс өнөөг хүртэл

засварлах
 
Трактороор царгасын талбайг хагалж байгаа нь

Дундад зууны үед сэлгэцийг анх бодон олж, Хятадуудын зохион бүтээсэн анжисыг авч хэрэглэснээр ХАА-н үйлдвэрлэл үлэмж нэмэгдсэн.

 
Хөдөө аж ахуйд чиглэсэн ажиллах хүчиний хэмжээ багасах хандлагатай байна

1492 оноос хойш мал амьтан, шинэ сортын үр тариа, ногоог тив дамжуулан солилцож өсгөн үржүүлэх болсон. Тухайн үед шинэ тивээс хуучин руу орж ирсэн ХАА-н гол бүтээгдэхүүнүүд гэвэл лооль, эрдэнэ шиш, төмс, какао, тамхи, харин хуучин тивээс шинэ тив рүү чинжүү, кофе, чихрийн нишингэ зэрэг байсан. Хуучин тивээс шинэ тив рүү аваачсан чухал амьтад гэвэл адуу, нохой зэрэг болно (Нохой хэдий Колумбаас өмнөх Америкт байсан ч гэсэн хөдөө аж ахуйд ашиглахад тохирохгүй үүлдэр угсааных байв). Адууг хүнсний хэрэгцээнд өргөн хэрэглэдэггүй байсан ч адуу, илжиг, пони болон нохой зэрэг амьтад нь дэлхийн хойд хагаст фермийн аж ахуйд ихээр хэрэглэгдэх болсон.

 
2005 оны ХАА-н үйлдвэрлэл

1800-аад оны эхний үед ХАА-н практикт сайжруулсан сорт, үрийг сонгон хэрэглэх болсноор дундад зууны үеийн ургацаас хэд дахин илүүг хураах болов. 19-р зууны сүүл, 20-р зуунд механикжуулалт хөгжиж түүнийг ХАА-н практикт ашигласнаар фермийн аж ахуй хурдацтай, өргөн цар хүрээтэй үйлдвэрлэл болон хувирав. Энэхүү давуу тал нь өнөөгийн АНУ, Аргентин, Израйль, Герман болон бусад цөөн хэдэн оронд газрын хязгаарлагдмал нөөц бололцоог ашиглан өндөр үр ашигтай фермийн аж ахуйг бий болгосон.

Олон улсын валютын сангийн тооцоолсноор 2005 онд Хятадын хөдөө аж ахуйн бүтээмж дэлхийд хамгийн томд тооцогдож байсан ба Европын Холбоо, Энэтхэг, АНУ-ууд удаалсан байна.


ХАА-н бүтээгдэхүүн

засварлах

2004 оны дэлхийн ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэл

засварлах

Тодорхой зүйлийн үр тариа, ногоо нь дэлхийн тодорхой бүс нутгуудад тариалагддаг. Дэлхийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагын үнэлгээг сая тонноор доор илэрхийлэв.

Гол нэрийн ХАА-н бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний төрлөөр нь
(сая тоннооор) 2004 он
Үр тариа 2,263
Ногоо болон амтат гуа 866
Үндэс үрт ургамал болон Булцуут ногоо 715
Сүү 619
Жимс 503
Мах 259
Тосны ургамал 133
Загас (2001 оны байдлаар) 130
Өндөг 63
Буурцагт ургамал 60
Нийлэг 30
Эх сурвалж:
Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ)
[5]
Гол нэрийн ХАА-н бүтээгдэхүүнүүд, бүтээгдэхүүн бүрээр
(сая тонноор) 2004 он
Чихрийн нишингэ 1,324
Эрдэн шиш 721
Улаан буудай 627
Цагаан будаа 605
Төмс 328
Чихрийн манжин 249
Шар буурцаг 204
Дал модны тос Жимс 162
Арвай 154
Лооль 120
Эх сурвалж:
Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ)
[5]


Таримал ургамлын шинэчлэл

засварлах
 
Трактор болон ачааны чиргүүл
 
Хөдөө аж ахуйн мэргэжилтэн эрдэнэ шишийн өсөлтийг тэмдэглэн авч байна
 
Усан үзмийг шувуунаас хамгаалах тор

Зэрлэг ургамлыг гаршуулан тариалах болсон шалтгаан нь мэдээж арвин их ургац авах, өвчин болоод хортон шавьжны эсрэг тэсвэртэй, ган хуурай нөхцөлд мөн тэсвэртэй, тэжээллэг чанар болоод амт чанар сайтай ургамлыг гаргаж авах болон өөр олон шалтгаан байдаг. Олон зууны туршид явагдсан эрлийзжүүлэх, сонгон сайжруулах үйл явц нь тариа, ногооны ургамлын шинж чанарт ихээхэн өөрчлөлтийг авчирсан. Шинэ сортын ургамал гаргаж авдаг хүмүүс өнөөдөр хүлэмж болон өөр бусад технологиудыг ашиглан нэг жилийн дотор ургамлын гурваас дээшх үе удмыг гарган ажиллаж байгаа нь дээрх сайжруулах, сортлох явцыг улам хурдлуулж байна. 1920 болон 30-аад онд Шинэ Зеландад шинэ сорт гаргаж авснаар бэлчээрийн чанар эрс сайжирсан. 1950-аад оны үед мутагенийг ашиглан өнөөгийн бидний хэрэглэж буй (арилжааны зорилгоор) үр тариануудын сорт бий болсон юм. Тухайлбал, улаан буудай, эрдэнэ шиш, арвай зэрэг үр тариаг дурдаж болно.[6][7]

1900 оны орчимд АНУ-д нэг гектар газраас авах эрдэнэ шишийн хэмжээ 2.5 тонн байсан бол 2001 оны байдлаар 9.4 тонныг 1 гектараас авсан байна. Үүнтэй адилаар 1900 оны үеийн улаан буудайн дэлхийн дундаж хэмжээ 1 гектарт 1 тонноос ихгүй байсан бол 1990 онд 2.5 тонноос илүү болсон байна. Өмнөд Америкийн улаан буудайн дундаж хэмжээ 1 гектарт 2 тонн орчим, Африкт 1 тонноос бага, харин Египет болон Арабт усжуулалтын систем ашиглан 3.5-аас 4 тонн хүртэл улаан буудайг хураан авч байна. Франц мэтийн орнуудад бол 1 гектараас 8-аас дээш тонн улаан буудай хураан авдаг. Ургацын гарц нь олон янзын хэмжээтэй байгаа нь цаг уур, тухайн ургамлын сорт, эрчимжсэн фермийн техник технологийг ашиглаж буй эсэх зэргээс хамааран янз бүр байдаг.[8][9][10]

ХАА нь аж үйлдвэржсэн орнуудад, үйлдвэрлэгчийн сонирхлыг хангах үүднээс тариа ногооны ургацыг сайжруулснаар (ургац арвин болсоноор) тухай тариа ногооны тэжээллэг чанар болон бусад ашигтай чанарууд нь харин эсрэгээр багасч ирсэн. 60-аад оны эхэн үед механик улаан лооль хураагч машин гарсанаар ХАА-н эрдэмтэд арай хатуу, тэжээллэг багатай лоолийн сортыг гаргаж эхэлсэн (Фридланд ба Бартон 1975). Үнэндээ сүүлийн 50 жилд маш олон хүнсний ногооны тэжээллэг багассаныг судалгаагаар гаргасан байна. Жишээлбэл АНУ-д тарьж буй хүнсний ногоонд агуулагдах B2 витамины агууламж дундажаар 38%-аар, С витамины агууламж 15%-аар багассан байна (Дэвис, Риордан 2004).

Сүүлийн хэдэн жилд дэлхийн зарим орнуудад генийн инженерчлэлийг шинэ сорт гаргаж авах тал дээр эрчимтэй ашиглаж байна. Хортон ургамалын эсрэг тэсвэр сайтай ген бүхий сортуудыг гаргаж авах тал дээр анхаарч байна.

Зарим хүмүүс нийтлэг биш амьтад, ургамлыг мөн өсгөн үржүүлдэг.

ХАА-тай холбоотой өөр нэгэн аж ахуй бол загас, сам хорхой болон замаг үржүүлэх үйл ажиллагаа бөгөөд үүнийг загасны аж ахуй гэдэг (Aquaculture).

Уламжлалт зөгийн бал гаргаж авдаг байсан зөгийн аж ахуйг сүүлийн үед таримал ургамлын үржилд ихээр ашиглах болов.

Мөн үзэх : Ургамал судлал, Гаршуулсан ургамлын төрлүүд, Хүнсний ногооны төрлүүд, Эмийн ургамлын төрлүүд, Жимсний төрлүүд

Мал аж ахуйн дадал нь дэлхий даяар өөр өөр мал амьтан өсгөн үржүүлдэг учраас янз бүр байдаг. Малыг ерөнхийдөө хашаа, саравч, хороонд байлгадаг бөгөөд хүмүүсийн бэлтгэсэн тэжээлээр хооллож, тэдгээрийг зориудаар эрлийзжүүлдэг бол зарим газар малыг чөлөөтэй байлгаж бэлчээрийн байдлаар тэжээдэг, улмаар чөлөөтэй эвцэлдүүлдэг. Хөдөө аж ахуйд ашиглагдаж буй нийт газрын ойролцоогоор 68%-ийг малын байнгын бэлчээр байдлаар ашиглаж байна.[11]

Байгаль орчны асуудал

засварлах
 
Вашингтон мужийн их сургуулийн ойролцоох улаан буудайн талбай дахь хөрсний элэгдэл. АНУ (c.2005)

ХАА нь гол төлөв байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, үйлдвэрлэн гаргаж буй дайвар бүтээгдэхүүнүүд нь байгаль орчинд халгаатай байдаг учраас байгаль орчны асуудлуудыг бий болгодог. Зарим сөрөг нөлөөллийг дурьдвал:

ХАА-н үйл ажиллагаанаас болж ой мод багасч, оршин суугчид шинэ газрыг фермийн аж ахуйн хэрэгцээт газар болгон хувиргаж байгаа нь олон орны биологийн төрөл зүйлд (biodiversity) мэдэгдэхүйц таагүй нөлөө үзүүлж байна гэж тухайн орнуудын Биологийн төрөл зүйлийг хамгаалах үйл ажиллагааны хөтөлбөрт дурдагдсан байна. Зарим шүүмжлэгчид ХАА нь өнөөгийн дэлхийн цаг агаарын өөрчлөлтөд нөлөөлж байна гэж үзжээ.

НҮБ-ийн тайланд дурдсанаар манай дэлхийн хүрээлэн байгаа орчинд орон нутгийн түвшнээс эхлээд дэлхийн түвшинд хамгийн сөргөөр нөлөөлж буй хоёроос гурван хүчин зүйлийн нэг нь мал аж ахуйн (голдуу үхэр, тахиа болон гахайн аж ахуй) сектор хэмээжээ. Мал аж ахуйн үйлдвэрлэл нь ХАА-д ашиглагдаж буй нийт газрын 70%-ийг эзэлдэг, харин манай гаригийн хуурай газрын 30%-ийг эзэлдэг байна.[12] Энэ аж ахуй нь хүлэмжийн хий ялгаруулж буй хамгийн том эх сурвалжуудын нэг юм байна. СО2 эквивалентаар хэмжихэд дэлхийн нийт ялгаруулж буй хүлэмжийн хийн 18%-ийг дангаараа бүрдүүлж байна. Бусад эх сурвалжаас дурдвал зам тээвэр нийт хүлэмжийн хийн ердөө 13.5%-ийг хувийг ялгаруулдаг. Мал аж ахуйн сектор нь мөн хүний үйлтэй холбогдон ялгарч буй азотын оксидын 65%-ийг дангаараа, хүний оролцоотой ялгарч буй метаны 37%-ийг агаар мандалд ялгаруулж байна. 64%-ийн аммиакийг ялгаруулж байгаа явдал нь хүчиллэг бороо орох болон экосистемийн хүчиллэгжилтийг нэмэгдүүлж байдаг.[13]

Хөдөө аж ахуйн болон мал амьтны биологийн төрөл зүйлийн тархац дахь генетик нөөцийн хомсдол

засварлах

Хөдөө аж ахуйн болон мал амьтаны биологийн төрөл зүйлийн тархац дахь генетикийн элэгдэл гэдэг нь генетикийн төрөл зүйл устаж үгүй болохыг хэлнэ. Үүнд тодорхой хувь ген устах, тодорхой генүүдийн хослол үгүй болохыг буюу тухайлбал орчиндоо дасан зохицож бий болсон гаршуулсан амьтдын үүлдрүүд, тухайн байгальдаа дасан зохицож буй болсон ургамлуудыг нэрлэж болно. Генетикийн элэгдэл гэдэг нэр томъёо нь явцуу хүрээнд ашиглагдах бөгөөд үүнд жишээлбэл генүүдийн эсвэл аллелуудын алдагдал, эс бөгөөс арай өргөн хүрээнд төрөл эсвэл бүр зүйлийн алдагдлыг ойлгож болно. Ургамлын генетикийн элэгдлийн ард буй томоохон нөлөөлөх хүчин зүйлс нь төрөл зүйлийг өөрчлөх, газрын цэвэрлэгээ, зүйлүүдийн хэт их тариалалт, ургамлын тоо хэмжээний дарамт, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдал алдагдах, хэт их бэлчээрийн талбайг бий болгох бодлого болон ХАА-н системүүдийн өөрчлөлт зэрэг байдаг.

Гэхдээ хамгийн голлох хүчин зүйл нь тухайн орчны амьтан, ургамлуудыг өндөр шимт эсвэл ашигтай төрөл, зүйлүүдээр сольж байгаа явдал юм. Амьтан, ургамлын төрөл зүйлийн тоо нь маш ихээр байнга багасч буй явдал нь арилжааны шинжтэй төрөл зүйлүүд уламжлалт хөдөө аж ахуйн системд орж ирж буйтай холбоотой юм (үүнд нь ГХО орно). Олон судлаачид агро-экосистемийн менежменттэй холбоотой гол бэрхшээл нь орчин үеийн ХАА-н хөгжлийн үр дүнд бий болж буй генетикийн болон экологийн түгээмэл байдал руу шилжих хандлага юм гэж үзэж байна.

Өндөр ашиг шимт мал амьтан, ургамал гаргаж авах уламжлалт эрлийзжүүлэлт, генетик инженерчлэл болон үүдэх биологийн төрөл зүйлийн хорогдол, хүнсний аюулгүй байдалд учруулж буй хор хохирол

засварлах

Хөдөө аж ахуй болон мал аж ахуйн салбарт ногоон хувьсгал нь өндөр ашиг шимт төрлүүдийг бий болгох замаар малын ашиг шимийг хэд дахин ихэсгэх уламжлалт эрлийзжүүлэх аргыг түгээмэл болгосон. Хөгжсөн орнуудад гол төлөв амьтан болон ургамлын олон үүлдрийг ихээр эрлийзжүүлж эхэлсэн бөгөөд бусад хөгжиж буй орнуудад тухайн бүс нутгийн байгаль цаг уур, өвчин эмгэгт тэсвэртэй төрөл зүйлүүдтэй эрлийзжүүлэх замаар өндөр ашиг шимт төрөл зүйлүүдийг гарган авч байна.

Бодлого

засварлах

ХАА-н бодлого нь ХАА-н үйлдвэрлэлийн зорилго болон арга технологи дээр анхаардаг. Бодлогын түвшинд дараах ХАА-н нийтлэг зорилгыг хэрэгжүүлдэг:

  • Хүнсний эрүүл ахуй: Хүнсний нийлүүлэлт хүний биед хор хохирол учруулахаас сэргийлэх.
  • Хүнсний аюулгүй байдал: Хүнсний нийлүүлэлт хүн амын шаардлага хангах.[14][15]
  • Хүнсний чанар: Хүнсний нийлүүлэлтийн чанарыг таниулж түүнийг тогтвортой үргэлжлүүлэх.
  • Ядуурлыг бууруулах
  • Байгаль орчны хамгаалал
  • Байгаль орчны нөлөөлөл
  • Эдийн засгийн тогтвортой байдал

Хөдөө аж ахуй дахь аюулгүй байдал болон эрүүл мэндийн асуудлууд

засварлах
 
2001 оны 7-р сарын сүүлээр авсан Канзас муж улсын Хаскел тойрог дахь эргэлдэгч усалгааны систем бүхий газар тариалангийн дугариг хэлбэрийн талбайнуудын хиймэл дагуулын зураг. Эрүүл ургаж буй тариан талбай ногоон харагдаж байна. Эрдэнэ шиш навчин ногоон өнгөтэй харагдаж буй бол харин соргум (Sorghum) эрдэнэ шишийг бодвол удаан ургадаг, жижиг учраас арай цайвар харагдаж байна. Улаан буудай 7-р сард боловсордог учраас алтан шаргал өнгөтэй байна. Хүрэн талбайнууд нь ургацыг нь хураасан эсвэл жилийн турш тариалаагүй хэсэг.
 
Бразил улс - Минас Жерайс муж - Сро Хоро до Манхуасу хот дахь Кофены тариалан.

Америкийн Нэгдсэн Улс ХАА нь хамгийн аюултай аж үйлдвэрүүдийн жагсаалтанд багтдаг.[16] Фермерүүд нь аминд хүрэх болон үл хүрэх гэмтэл авах, ажлын гаралтай уушигны өвчлөлт, чимээ шуугианаас үүдэлтэй дүлийрэл, арьсны өвчин, урт хугацаанд наранд ажилласнаас болон химийн бодистой ажилласнаас үүдэх тодорхой төрлийн хорт хавдруудад нэрвэгдэх өндөр эрсдэлтэй байдаг. Фермийн аж ахуй нь гэр бүлээрээ (ихэвчлэн гэр бүлээрээ ажилладаг бөгөөд ферм дээрээ амьдардаг) гэмтэл бэртэл авах, өвчин тусах, үхэх эрсдэлтэй цөөхөн аж үйлдвэрүүдийн нэг юм.

  • АНУ-д жил бүр дунджаар 516 ажилчин фермийн ажлаас болон нас бардаг байна (1992-2005). Эдгээр нас баралтуудын 101 нь трактортой болгоомжгүй харьцсанаас үүдэлтэй юм байна.
  • Өдөр бүр ойролцоогоор 243 ХАА-н ажилчин ажлын үеийн гэмтэл бэртэлд нэрвэгдэж байна. Үүний 5% нь байнгын хөгжлийн бэрхшээлтэй болж байна.[17]

Залуу ажилчид

ХАА нь залуу ажилчдын хувьд хамгийн аюултай үйлдвэрлэл юм. АНУ-д 1992 оноос 2000 оны хооронд залуу ажилчдын авсан нийт бэртэл гэмтлийн 42% нь ХАА-н салбарт ноогдож байна. Бусад аж үйлдвэрүүдтэй адилгүйгээр эдгээр залуу хохирогчдын тал хувь нь 15 наснаас доош насныхан байдаг.[18]

ХАА дахь 15-аас 17 насны залуу ажилчдын аминд халгаатай гэмтэл бэртэл авах эрсдэл нь бусад ажлын талбар дахь залуу ажилчдын ийм төрлийн бэртэл авах эрсдэлээс 4 дахин их байдаг байна.[19] ХАА-д залуу ажилчид нь машинтай харьцах, хязгаарлагдмал орон зай, цахилгаан шат, мал амьтантай харьцсанаас үүдэх гэмтэл бэртэлд өртдөг.

  • 2004 оны байдлаар нийт 1.26 сая 20-оос доош насны хүүхэд болон насанд хүрэгч ферм дээр амьдарч байна. Үүний ойролцоогоор 699,000 нь ферм дээр ажиллаж байна. 2004 онд Ферм дээр ажиллаж буй залуучуудаас гадна 337000 хүүхэд болон насанд хүрэгч АНУ дахь фермүүд дээр гаднаас нэмж ажиллаж байна.
  • Дунджаар 1990-ээс 1996 оны хооронд 103 хүүхэд ферм дээр амь насаа алдсан байна. Ойролцоогоор 40 орчим хувь нь ажлын үүдэлтэй байна.
  • 2004 онд барагцаагаар 27,600 хүүхэд болон насанд хүрэгч ферм дээр гэмтэл бэртэл авсны 8,100 нь фермийн ажлаас үүдэлтэй байна.[17]

Мөн үзэх

засварлах
  1. International Labour Organization Key Indicators of the Labour Market 2007, chapter 4 p. 6
  2. "https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/xx.html#Econ". Archived from the original on 2010-01-05. {{cite web}}: External link in |title= (help)
  3. Can We Feed the World Without Industrial Agriculture?
  4. "http://www.greatachievements.org/greatachievements/ga_7_2.html". Archived from the original on 2004-11-23. {{cite web}}: External link in |title= (help)
  5. 5.0 5.1 "FOOD AND AGRICULTURE ORGANIZATION OF THE UNITED NATIONS (FAOSTAT)". Татаж авсан: 2007-10-11.
  6. Stadler, L. J. (1936-10-15). "Genetic Effects of Ultra-Violet Radiation in Maize. I. Unfiltered Radiation" (PDF). Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. US Department of Agriculture and Missouri Agricultural Experiment Station. 22 (10): 572–578. Татаж авсан: 2007-10-11. {{cite journal}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  7. Berg, Paul (2003-08-15). George Beadle: An Uncommon Farmer. The Emergence of Genetics in the 20th Century. Cold Springs Harbor Laboratory Press. ISBN 0-87969-688-5. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  8. Ruttan, Vernon W. (Winter 1999). "Biotechnology and Agriculture: A Skeptical Perspective". AgBioForum. 2 (1): 54–60. Татаж авсан: 2007-10-11.
  9. Cassman, K. (1998-12-05). "Ecological intensification of cereal production systems: The Challenge of increasing crop yield potential and precision agriculture". Proceedings of a National Academy of Sciences Colloquium, Irvine, California. University of Nebraska. Archived from the original on 2007-10-24. Татаж авсан: 2007-10-11. {{cite journal}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (help)
  10. Conversion note: 1 bushel of wheat = 60 pounds (lb) ≈ 27.215 kg. 1 bushel of corn = 56 pounds ≈ 25.401 kg
  11. FAO Database, 2003
  12. Food and Agricultural Organization of the U.N. retrieved 27 jun 2007
  13. "Livestock's long shadow: Environmental issues and options". Archived from the original on 2014-08-06. Татаж авсан: 2007-11-17.
  14. Rising food prices curb aid to global poor
  15. Record rise in wheat price prompts UN official to warn that surge in food prices may trigger social unrest in developing countries
  16. "NIOSH- Agriculture". United States National Institute for Occupational Safety and Health. Татаж авсан: 2007-10-10.
  17. 17.0 17.1 "NIOSH- Agriculture Injury". United States National Institute for Occupational Safety and Health. Татаж авсан: 2007-10-10.
  18. NIOSH [2003]. Unpublished analyses of the 1992–2000 Census of Fatal Occupational Injuries Special Research Files provided to NIOSH by the Bureau of Labor Statistics (includes more detailed data than the research file, but excludes data from New York City). Morgantown, WV: U.S. Department of Health and Human Services, Public Health Service, Centers for Disease Control and Prevention, National Institute for Occupational Safety and Health, Division of Safety Research, Surveillance and Field Investigations Branch, Special Studies Section. Unpublished database.
  19. BLS [2000]. Report on the youth labor force. Washington, DC: U.S. Department of Labor, Bureau of Labor Statistics, pp. 58–67.
  • Artz, F. B, (1980), ‘The Mind of the Middle Ages’; Third edition revised; The University of Chicago Press,
  • Bolens, L. (1997), `Agriculture’ in Encyclopedia of the history of Science, technology, and Medicine in Non Western Cultures, Editor: Helaine Selin; Kluwer Academic Publishers. Dordrecht/Boston/London, pp 20-2
  • Collinson, M. (editor): A History of Farming Systems Research. CABI Publishing, 2000. ISBN 0-85199-405-9
  • Crosby, Alfred W.: The Columbian Exchange : Biological and Cultural Consequences of 1492. Praeger Publishers, 2003 (30th Anniversary Edition). ISBN 0-275-98073-1
  • Davis, Donald R., and Hugh D. Riordan (2004) Changes in USDA Food Composition Data for 43 Garden Crops, 1950 to 1999. Journal of the American College of Nutrition, Vol. 23, No. 6, 669-682.
  • Friedland, William H. and Amy Barton (1975) Destalking the Wily Tomato: A Case Study of Social Consequences in California Agricultural Research. Univ. California at Sta. Cruz, Research Monograph 15.
  • Saltini A.Storia delle scienze agrarie, 4 vols, Bologna 1984-89, ISBN 88-206-2412-5, ISBN 88-206-2413-3, ISBN 88-206-2414-1, ISBN 88-206-2414-X
  • Watson, A.M (1974), ‘The Arab agricultural revolution and its diffusion’, in The Journal of Economic History, 34,
  • Watson, A.M (1983), ‘ Agricultural Innovation in the Early Islamic World’, Cambridge University Press
  • Wells, Spencer: The Journey of Man : A Genetic Odyssey. Princeton University Press, 2003. ISBN 0-691-11532-X
  • Wickens, G.M.(1976), ‘What the West borrowed from the Middle east’, in Introduction to Islamic Civilization, edited by R.M. Savory, Cambridge University Press, Cambridge

Цахим холбоос

засварлах
  Commons: Agriculture – Викимедиа зураг, бичлэг, дууны сан