Кофе ( араб. قهوة‎ [qahwa/gahfa], нидерл. koffie, англи. coffee) гэдэг нь кофены буурцгийг (кофены модны үр) хуурж нүдсэн нунтганд буцалсан ус, ус хийж найруулсан хар хүрэн өнгийн ундыг хэлнэ. Кофе гэдэг үг нь араб хэлний каffa хэмээх үгнээс гаралтай. Кофены ургамал нь бутлаг мод байх бөгөөд Этиопоос гаралтай. Голцуу Африк,  Өмнөд Америк, Төв Америк болон Өмнөд Азид ургадаг байна. Хүн төрөлхтний түүхэнд кофе гарч ирсэн нь архи, цайтай харьцуулахад сүүлд боловч өнөө үед дэлхий даяар хамгийн олон оронд хүмүүсийн талархан уудаг ундаа болжээ. Ихэвчлэн халуунаар нь уух ба кофейн хэмээх зөөлөн сэргээгч бодис агуулагдана. Өнөө үед кофе экспортын чухал бараа бөгөөд 2004 оны байдлаар дэлхийн 12 орны экспортын топ бүтээгдэхүүн нь болоод байна.

Кофе

Кофены ургамал ба төрлүүд

засварлах

Кофе нь кофен бүc гэж нэрлэгдэх 70 орчим оронд үйлдвэрлэгдэх бөгөөд кофены модыг дэлхий дээр нийт 10 сая гектар газарт тариалж байгаа гэсэн тооцоо бий. 2 гол төрөл байхаас нэг нь хамгийн их тархсан Арабика кофе Coffea Arabica, нөгөө нь тарьж ургуулахад арай хялбар Робуста кофе Coffea Robusta юм. Арабика нь өндөрлөг газар ургадаг бөгөөд 9 сарын дараа цэцэглэдэг, харин Робуста нь нам газар ургадаг ба 11 сарын дараа цэцэглэдэг байна.

Нийт хураан авч буй кофены 60-70 % нь Арабика, 30-40 % нь Робуста байдаг. Робуста төрөл нь харьцангуй хямд бөгөөд Арабикагаас 40-50% илүү кофейн агуулна. Сайн чанарын Робустаг зарим эспрессод хольдог аж. Дээр үед хүмүүс Арабика кофенд аль боомтоос ирж байгаагаар нь нэр өгч байв. Хамгийн хуучны 2 кофе нь Mocha болон Java юм байна.

Кофег боловсруулах явц

засварлах

Үр боловсруулах

засварлах

Хураан авсан кофены үрээс кофены буурцаг гаргаж авахыг үр боловсруулалт гэнэ. Хуурай болон угаах гэсэн 2 төрлийн арга байна. Боловсруулсан кофены үрийг "түүхий буурцаг" гэх ба хөгцөрч муудахаас хамгаалж чийгний хэмжээг 10-12% болтол хатаагаад экспортод гаргадаг аж.

  • Хуурай буюу хатаах арга. Хураасан үрээ тараан дэлгээд, наранд ээж хатаасны дараа гадуурх хальс яснаас нь салгаж цэвэрлэнэ. Бразилд ихэвчлэн энэ аргыг хэрэглэдэг.
  • Угаах арга. Үрийг гадуурх хальс, яснаас салгасны дараа устай саванд хийж 1-2 хонуулан исгээд буурцаг гаргаж авах арга юм. Колумби зэрэг Бразилаас бусад орнууд голчлон хэрэглэдэг.

Түүхий буурцгийг хуурснаар та бидний уудаг кофены амт, үнэр төрдөг байна. Ихэнх тохиолдолд хэрэглэгч оронд томоохон үйлдвэрлэгч нар хуурах явцыг хариуцаж хийх ба эсвэл жижиглэнгийн дэлгүүр, кафе зэрэг газрууд өөрсдөө хуурна. Онцын технологи шаардлагагүй бөгөөд гэртээ хайруулын тавганд хуурсан ч болохоор тул ойрын жилүүдэд түүхий буурцгийг жижиглэн зарах нь нилээд ажиглагдах болсон.

Кофе ба эрүүл мэнд

засварлах
 
Кофе тариалдаг орнууд

Өтгөн шингэлэх, шээс хөөх, эрч хүч сэргээх, шаардлагатай үед нойрмоглохоос аврах гэх мэт ач холбогдолтой зүйл энэ ундаанд бий. Гэвч их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд зүрх судасны өвчин тусах, цусан дахь холестериний хэмжээ нэмэгдэх, толгой өвдөх, ясны сийрэгжилт болж болзошгүй гэдэг. Харин бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлэх нөлөө үзүүлдэг гэдгийг судалгаагаар баталж чадсан гэнэ.

Дэлхийн кофены зах зээл

засварлах

Олон улсын кофены зах зээл 2017 онд 30.4 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн байна. Кофены хамгийн том экспортлогчид нь Бразил (4.86 тэрбум доллар), Вьетнам (3.08 тэрбум доллар), Колумби (2.7 тэрбум доллар), Герман (2.25 тэрбум доллар), Швейцар (1.74 тэрбум доллар), импортлогчид нь АНУ (6.03 тэрбум доллар), Герман (3.5 тэрбум доллар), Франц (1.94 тэрбум доллар), Итали (1.78 тэрбум доллар).

Мөн үзэх

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Кофе – Викимедиа дуу дүрсний сан
 
Wiktionary
Wiktionary: Кофе – Энэ үгийг тайлбар толиос харна уу
Wikisource: Кофе – Эх сурвалж ба бүрэн бичвэрүүд
  Wikivoyage: Кофе – Аяллын хөтөч