Кирилл Мерецков

Кирилл Афанасьевич Мерецков (1897 оны зургаадугаар сарын 7 - 1968 оны арванхоёрдугаар сарын 30) нь Зөвлөлтийн цэргийн командлагч юм.

Кирилл Мерецков
1897 оны 6 сарын 71968 оны 12 сарын 30

Төрсөн газар Рязань муж, Оросын Хаант Улс
Нас барсан газар Москва хот, Зөвлөлт Холбоот Улс
Эх орон  Зөвлөлт Холбоот Улс
Ажиллагаа/салбар Ленинградын цэргийн тойрог
7-р арми
Волховын фронт
Алс Дорнодын I фронт
Албан үүргийн он жилүүд 1916 — 1964
Цол Зөвлөлт Холбоот Улсын Маршал
Тулалдаанууд/дайнууд Оросын Иргэний дайн
Өвлийн дайн
Агуу их орны дайн
  • Ленинградын бэхлэт
  • Выборг-Петрозаводскийн давшилт
  • Петсамо-Киркенесын давшилт
  • Манжуурын давшилт
Шагналууд Зөвлөлт Холбоот Улсын Баатар
Ялалтын одон
Ленины одон (7)
Улаан тугийн одон (4)
Суворовын I зэргийн одон
Кутузовын I зэргийн одон
Октябрийн хувьсгалын одон

Бага нас болон ажлын гараа

засварлах

Тэр Москвагийн зүүн урд нутаг Рязань мужид(одоогийн Москва муж) мэндэлжээ. Түүний аав хөдөө нутгийн тариачин нэгэн байв. Мерецков Эзэн хааны армийн эгнээнд 1916 оны зургаадугаар сард элсэн орж, үйлдвэрийн засварчингаар ажиллах болсон байна.

1917 оны наймдугаар сард Мерецков Большевикуудын (хожмоо Зөвлөлт Холбоот Улсын Коммунист нам) намд гишүүнээр элсэж, Улаан Гвардын дивизийг удирдах болов. Тэр Оросын Иргэний дайны үеүүдэд цэргийн академид суралцаж байхдаа хэд хэдэн тулалдаанд оролцсон ажээ. Тэр 1921 онд сургуулиа төгссөн байна. 1924-1931 оны хооронд Москвагийн цэргийн тойрогт ажиллаж байлаа.

1936 онд Мерецков «Испанийн Иргэний дайн»-д Зөвлөлтийн цэргийн зөвлөхөөр оролцсон ба 1937 онд ялалт байгуулан гэртээ эргэн ирсэн юм. 1939 оноос Ленинградын цэргийн тойргийн командлагчаар томилогдсон түүхтэй.

1939 оны өвлийн дайн

засварлах

1939 оны арваннэгдүгээр сарын 30-нд Зөвлөлт Холбоот Улс Финландтай дайтсанаар зарлаагүй дайн хэмээн нэршсэн «Өвлийн дайн» эхэлсэн юм. Уг дайнд Мерецков Ленинградын цэргийн тойргийг гарамгай удирдан хүн хүчний хүнд гарз хохиролгүй ялалт байгуулсан бөгөөд удалгүй түүний оронд Маршал Семён Тимошенко томилогдон ирж, Мерецков өөрөө Батлан Хамгаалах ардын комиссар Климент Ворошиловын орлогчоор томилогдсон байна.

Удалгүй Сталин Мерецковыг «Петрозаводскийн тулалдаан»-ыг удирдуулахаар Карелийн фронт руу 7 арми руу илгээсэн байна. 1940 оны хоёрдугаар сард томилогдон ирсэн түүний хувьд өмнө нь Финландтай хийсэн дайнд оролцож байсан гэдгээрээ онцлогтой. Дээрх тулалдаанд гарамгай гавъяа байгуулсныхаа төлөө Зөвлөлт Холбоот Улсын Баатар цолоор шагнагдаж, армийн генерал болж байсан билээ.

1941 оны Германы дайралт

засварлах

1941 оны зургаадугаар сарын 21-нд Мерецков Ленинградын цэргийн тойрогтоо эргэн томилогдож, Семён Тимошенко Дээд Ерөнхий командлалд очсон юм. 6 сарын 22-нд Герман Зөвлөлт Холбоот Улс руу довтолсонтой холбогдуулан 6 сарын 23-нд «Дээд Ерөнхий командлал»-ын байнгын төлөөлөгчөөр Мерецковыг томилсон байна. 1941 оны есдүгээр сарын эхээр Сталиний гэнэтийн шийдвэрээр 7-р армийн командлагчаар томилогдов. Энэ нь туйлын эвгүй байдалд орсон фронтын армийг удирдуулах зорилготой байлаа. Түүнийг тухайн оны тав, долоодугаар сарын туршид Лаврентий Бериягийн нууц явуулгад оролцсон гэх улс төрийн хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм.

Тихвин дэх ялалт

засварлах

Мерецков дөрөвдүгээр армийн командлагчаар томилогдож генерал-фельдмаршал фон Леебийн армийн эсрэг Ленинградыг хамгаалан тулалдаж 1941 оны арванхоёрдугаар сарын 10-нд эзлэгдсэн Тихвин хотыг эргүүлэн авсан юм. «Дээд Ерөнхий командлал» үүний дараа Мерецковыг шинээр байгуулж байгаа Волховын фронтоо удирдуулахаар томилсон байна.

Мерецков Волховын фронтын командлагчаар 1941 оны 12 сараас 1944 оны 2 сар хүртэл ажиллахдаа Ленинградыг бүсэлсэн Германы цэргийн бүлэглэлийг бут цохих удирдамжийн дагуу Леонид Говоровын Ленинградын фронттой хамтран сөрөг давшилтанд орж Ленинградын бүслэлтийг сэтлэхэд оролцсон билээ. Ленинград, Волховын фронт Синявиний ойролцоо гол цохилт өгсөн нь Германы армийн цэргийн хүчийг намаг бүхий бүсэд туйлдуулж ялалтад хүрэх гол хөшүүрэг байсан байжээ. Түүний дараа 1944 оны нэгдүгээр сард Ленинград-Новгородийн дайралтад шилжсэн юм.

Карелийн фронт болон Манжуур

засварлах

Мерецковыг 1944 оны хоёрдугаар сард Карелийн фронтын командлагчаар томилов. Энд тэрээр Говоровын Ленинградын фронттой хамжин Финландыг ялж байсан аравдугаар сард Финландын хойд нутгийн Петсамо болон Норвегийн умард хэсгийг Германы армиас чөлөөлөв. Түүхэнд энэ дайралтыг Петсамо-Киркенесын операц хэмээн нэрлэдэг билээ. Дайралтын дараа Мерецков 1944 оны 10 сарын 26-нд цэргийн дээд цол Зөвлөлт Холбоот Улсын Маршал хүртсэн байна.

Мерецковын дараагийн томоохон тулалдаан 1945 оны Манжуурын дайнд Алс Дорнодын 1 дүгээр фронтын командлагчаар хувиар оролцсон явдал юм. Энд тэр Японы эзлэн түрэмгийлэгчдийг бут ниргэсэн билээ.

Командлагч болон Батлан Хамгаалах Яамны сайдын орлогч

засварлах

Дайны дараахь жилүүдэд Мерецков 1955 оныг хүртэл цэргийн тойруудыг (1947-49 оны хооронд Москвагийн цэргийн тойрог)[1] удирдаж байсан бөгөөд дараа нь Батлан Хамгаалах Яамны сайдын орлогчоор 1964 оныг хүртэл ажилласан юм. Мерецков 1968 оны арванхоёрдугаар сарын 30-нд нас нөгчсөн бөгөөд түүний шарилыг Кремлийн хананд байрлуулсан ажээ.

Мерецков Дэлхийн хоёрдугаар дайны үеийн жилүүдэд Зөвлөлтийн генералуудын шилдэг нь байсан бөгөөд хамгийн олон одон медаль авсан нэгэн ажээ. Ялалтын одон зэрэг бусад одон медалиуд, Зөвлөлт Холбоот Улсын Баатар цолоор тус тус шагнагдсан түүний нэрэмжит Благовешенскийн танкийн сургууль(ru:Благовещенское высшее танковое командное краснознамённое училище), Москва, Новгород хотын гудамжууд бий.

Цахим холбоос

засварлах
  1. Feskov et al. 2004, The Soviet Army during the Period of the Cold War