Доржбал
Доржбал[1] (хятадаар: 朵爾直班) (1315-1354) нь Юань улсын төрийн сайд, бичгийн түшмэл бөгөөд жалайр аймгийн Мухулай го вангийн 6-р үеийн ач Билигтөмөрийн хөвүүн. Өргөсөн нэр Вэйжун (惟中).
Тэрбээр хятад хэлийг төгс эзэмшиж, күнзийн сургаалд нэвтэрсэн цөөхөн монгол ноёдын нэг байсан. Анх хишигтэн цэрэгт элсэж, Тугтөмөр хааны үед үйлдэх яамны жигүүрийн сайдын тушаалд томилогдсон. 1333 онд ордны хянан байцаагч түшмэлээр томилогдсон. Тухайн үед төрийн эрх барьж байсан Тэнгис ноёны өргөмөл хөвүүн Мамааш нь Шэньси мужид хууль зөрчсөн үйлдэл гаргасан тул Доржбал барьж шийтгэсэнд, Тэнгис ноён түүнийг олон удаа айлган сүрдүүлж байв. 1341 онд түүнийг бичгийн утгачийн хүрээлэнгийн эрхин сайд, жишянь асрын тэргүүн түшмэл, алтан ургийг хамаарах яамны их заргачийн тушаалд томилогдсон. 1345 онд Төвлөн засах яамны цанжэн жэнши түшмэл болсон. 1351 онд Төвлөн засах яамны пинжан жэнши түшмэл болсон. Улаан алчууртны бослого гарсны дараа дарангуйлах үйлсэд зүтгэж байхдаа 1354 онд 40 настайдаа салхин цэцэг өвчнөөр Хугуан синшэнгийн Хуанжоугийн Ланши өртөөнд нс барсан.
Доржбал нь Төгстөмөр, Дужянтөмөр гэх хоёр хөвүүнтэй.
Эшлэл
засварлах- ↑ Юань улсын судар: 119-р дэвтэр Мухалигийн шастирд 朵爾直班 - Duǒ ěr zhí bān гэж бичснийг судлаачид Доржбал хэмээн сийрүүлдэг.