Сугунчаг (?-1251?) нь Их Монгол Улсын дөрөв дэх үеийн улсын ван юм. Тэрбээр жалайр аймгаас жат овгоос гаралтай Мухулайн хөвүүн Булугийн хоёр дахь хөвүүн. Түүний нэрийг Юань улсын сударт 速渾察 (sùhúnchá) хэмээн тэмдэглэжээ.

Сугунчаг нь го ван болохоос өмнө Өгэдэй хааны үед Алтан улсын эсрэг дайнд зүтгэхдээ, Фэншян фу, Тунгуан боомтыг эзлэх тулаанд оролцож байсан. Алтан улсыг мөхөөсний дараа хан хөвүүн Хүчүгийн удирдлаган доор Сун улсын Заоян, Инжоу зэрэг хот балгадыг байлдан эзлэсэн. 1239 онд го ван Тас хорин найман насандаа нас барсны дараа ахынх нь хөвүүд балчир байсан тул Сугунчаг ноёныг дараагийн го вангаар өргөмжилж, Жунду хотоор төвлөрсөн монголын жалайр, хонгирад, ихирэс, уруд, мангуд гэх таван түшээ аймаг, хятад цэргийн ерөнхий захирагчаар томилогдсон. Юань улсын сударт өгүүлснээр түүний шагнах шийтгэх нь хатуу чанга, хууль ёсыг чанга баримтлах тул хэрэг зөрчил гаргах хүн үгүй гэжээ.[1] Тэрбээр Мөнх хааны засаглалын эхэн үед нас нөгчсөн бололтой.

Үр хойчис

засварлах

Тэрбээр Хурумши, Наян, Сянвэй, Саман гэх дөрвөн хөвүүнтэй байснаас түүний го ван цолыг ууган хөвүүн Хурумши залгамжилсан ч, Мөнх хааны үед хятад дахь монгол хятад цэргийн ерөнхий захирагчийн эрх мэдлээ алдаж, зөвхөн түмтийн ноёны хэмжээнд нөлөө нь буурсан. 1257-1259 онд Сүн улсыг дайлахад цэрэг удирдан оролцсон. Удаах хөвүүн Наянг Мөнх хаан го ван болгохыг хүссэн ч, өөрөө татгалзан, ахдаа найр тавьсан. Хожим нь Хубилай хааны цэргийн албанд зүтгэж байсан. Гутгаар хөвүүн Сянвэй нь Хубилайг хаан болох үйлсэд зүтгэж, өмнөд Сун улсыг эзлэх дайн таван түшээ аймгийн цэргийг удирдаж, дараа нь зарга шийтгэх яамны сайдын албан тушаалыг хашиж байсан. Харин отгон хөвүүний тухай мэдээлэл хомс.

  1. https://zh.wikisource.org/wiki/%E5%85%83%E5%8F%B2/%E5%8D%B7119#%E5%AD%9B%E9%AD%AF%E5%AD%90_%E5%A1%94%E6%80%9D