Тогтох (Жалайр)
Тогтох (хятадаар: 脱脱, пиньинь: Tuō tuō) нь Монголын Юань улсын түшмэл төдийгүй жалайрын гоо ван Мухулайн угсааны хүн.
Түүний элэнц өвөг нь Мухулай гоо ван, өндөр өвөг нь Булу гоо ван, өвөө нь Сугунча ноён, эцэг нь Саман ноён болой. Бага наснаас Сэцэн хааны хишигтэн цэрэгт алба хааж, төрийн түшмэл болох гараагаа эхлүүлсэн. 1287 онд Тэмүгэ отчигиний удмын Наян ван бослого гаргахад, хан хөвүүн Төмөрийг дагаж цэрэг удирдан, тулалдаж гавьяа байгуулсан. 1294 онд Төмөр хунтайж, хаан болсны дараа Тогтохыг Шанду хотын захирагч түшмэлээр томилж, өртөө хариуцсан Тунжэн хүрээлэнгийн тэргүүн түшмэл, мянгатын ноёноор томилсон. 1299 онд Тогтохыг Жяньжэ мужийн пинжан жэнши түшмэлээр томилсон. Тэрбээр уг албан тушаалд байхдаа тус мужийн түшмэл Жу Чин, Жан Сюань нарын хууль бус үйлдлийг илчлэхэд тэдгээр түшмэд 50 лан алт, их хэмжээний эд хөрөнгийг хахууль болгон өгөхийг оролдсонд эрс татгалзаж, Жу Чин, Жан Сюань нарын түшмэдийг цаазаар авсан. Уг явдалд Өлзийт хаан түүний үнэнч шудрага зан чанарыг сайшааж, 50 лан алт шагнав. 1307 онд Өлзийт хаан тэнгэрт хальсны дараа Тогтох нь 44 насандаа нас барав. Тэрээр Дорж хэмээх ганц хөвүүнтэй.