Богд хааны ордон музей

Богд хааны ордон музей нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын Ногоон ордонд байрлах музейн цогцолбор юм. Монгол улсын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий музейн нэг. 1924 онд байгуулагдсан Монгол улсын анхны музейг 1926 оны Засгийн газрын тогтоолоор Богд хааны Өвлийн ордонд шилжүүлэн байрлуулж[1], уг ордонд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейн үзмэртэй нэгтгэснээр уг музейн үндэс суурь буй болжээ. 1954 оноос Улсын төв музейн харьяа болж байгаад 1961 онд бие даасан музейн статустай болсон. Найдан сүм, Махранзын сүм, Номын сангийн сүм тэргүүтэй долоон сүм, Өвлийн ордон, Амгалан энхийн хаалга, Сэрүүн асар зэрэг 20 шахам байгууламжаас бүрдсэн цогцолбор юм. Музей 8600 гаруй үзмэртэй, жилд 40 мянга гаруй үзэгч хүлээн авдаг. Эдүгээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд харьяалагддаг.

Богд хааны ордон музей
Ногоон ордон
Амгалан энхийн хаалга
Байгуулагдсан1903, 1924 он (музей болсон)
БайршилМонгол Улс, Улаанбаатар хот
Цуглуулгын хэмжээ8600 үзмэртэй
Үзэгчдийн тоо40000 (жилд дунджаар)
ЗахиралЦ.Эрдэнэбаатар
Цахим хуудасbogdkhaanpalace.mn

Нэрийн учир

засварлах

Туул голын хойд талд, Дунд голын өмнүүрх Богд хааны өндгөн сүргийн бэлчээрт Жавзандамба хутагтын гурван ордон байжээ. Зүүн талд нь (одоогийн I цахилгаан станцын орчим) Гунгаадэжидлин (Цагаан ордон), баруун талд нь Хайстай лаврин (Хүрэн ордон) тус тус байсан ба дунд нь Билгийг хөгжүүлэн бадруулагч хийд буюу төвдөөр Шаравпэлжээлин хийд байрлаж байжээ[2]. Иймээс энэ ордныг хүмүүс Голын сүм, зарим бүтээлд Дээд сүм гэхчлэн тэмдэглэсэн байхаас гадна уг ордны дээвэр нэлэнхүйдээ ногоон вааран дээвэртэй байсан учраас ард олны дунд Богдын ногоон ордон хэмээн нэрлэгдэж заншжээ. Музей болсноос хойш Улсын музей, Орон нутаг судлах музей нэртэй байгаад 1961 онд албан ёсоор Богд хааны ордон музей гэгдэх болсон байна.

Ордон анх байгуулагдсан нь

засварлах
 
Богдын ногоон ордон, 1920 оны орчим.

1893 онд Дэчингалбын хашаанд байсан Богдын ордон шатахад VIII Богд Жавзандамба Туул голын хойд хөвөөн дэх Ногоон ордныг 1893-1903 онд бариулжээ[3]. Ногоон ордны урд талын гурван асарт үүдэн дээрх Манжийн хаанаас олгосон илэрхийлэх бичиг хэмээх есөн луугаар тойруулан чимсэн хөх модон самбар дээр баруун талд нь“Бадаргуулт төрийн гучин гуравдугаар оны гурван сард”, зүүн талд нь “Наймдугаар үеийн Жавзандамба хутагт”, гол дээд талд нь “Зарлигаар шагнасан” гэж монгол бичгээр, мөн түүний доохно томоор “Сайныг цэнгэлдэн хүртээхүйеэ дуртай” хэмээн монгол, манж, төвд, хятад дөрвөн үсгээр бичжээ. Билгийг хөгжүүлэн бадруулагч хийдийг барихад түмэн шар тэрэг мод орсон. Модыг хаалгач лам Жанчив, зайсан лам Жанцан нар хариуцаж, Дархан чин ван Пунцагцэрэнгийн хошуу нутаг Зүүнбаянгаас, шохойг мөн хошууны Цагаанбулаг хэмээх газраас бэлтгэжээ. Сүмийн барилгыг Тэжаан зайсангийн пүүс голлон, туйпуу будгийн ажлыг Амгалангийн Хан овогтын пүүс хариуцан барьжээ. Мөн 1903-1905 онд Өвлийн ордон буюу европ маягийн хоёр давхар цагаан байшинг Оросын II Николай хааны бэлэглэсэн зураг төслийн дагуу Их хүрээн дэх Оросын консулын газраас эрхлэн Цэцэн хан аймгийн буриад барилгачдаар бариулсан байна. Энэ байшиндаа VIII Богд Жавзандамба, хатан Дондогдуламын хамт 20 орчим жил өвлийн цагт амьдарч байжээ.

Ногоон ордныг хэд хэдэн удаа өргөтгөн шинэ барилга байгууламжууд нэмж барьсан. Тухайлбал 1911 онд VIII Богд Жавзандамбыг Богд Хаант Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн түүхэн үйл явдалд зориулж 1912-1919 онд Амгалан энхийн хаалгыг бариулжээ. Хаалганы зураг төслийг уран барилгач “Зоригт” цолтой Баажав тэргүүтэй Санжид, Тэжаан нар зохиожээ. 1913 онд Өвлийн ордонтой залгуулан хувцасны сангийн барилга, мөн Богдын бор зааны өвлийн байшинг хашааны баруун хэсэгт тус тус бариулсан байна. Энд бас мухар тэрэгний граж байсан тухай мэдээ бий.

1921 оноос хойш

засварлах
 
Богд хааны ордон музей. 1930-аад он.

1921 оны 11 дүгээр сарын 19-нд Монгол улсын Засгийн газар Судар бичгийн хүрээлэнг байгуулсан бөгөөд хүрээлэнгийн олон талт үйл ажиллагааны дотор музей байгуулах асуудал чухал байр эзэлж байжээ. Энэ тухай Засгийн газрын 1921 оны 11-р сарын 22-ны өдрийн хуралдаанаар баталсан Судар бичгийн хүрээлэнгийн анхны дүрмийн нэгдүгээр зүйлд "Хүрээлэнгийн газраа музей хэмээх зүйл бүрийн сонин зүйлийг хураан олон хүн үзэж танихуйд тус болгоно[4]" гэж заасан байна. Энэ нь Монголын музейн тухай өгүүлсэн анхны түүхэн баримт бичиг юм.

Улмаар 1924 оны эцсээр Монголын шинэ цагийн анхны музей үүдээ нээсэн бөгөөд тэр үед улсын Анхдугаар их хурлын төлөөлөгчид сонирхон үзсэн байна. Шинэ тулгар музейн сан хөмрөг өдөр ирэх тусам өргөжиж байр сав нь хүрэлцэхээ больсон тул 1926 онд Ардын Намын Төв Хороо, Засгийн газар Улсын музейг үүсгэн тохижуулах товчоог байгуулж, VIII Богд Жавзандамбын эзэмшилд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейд шилжүүлэн улмаар Богдын Өвлийн ордонд музейг өргөтгөн байгуулах шийдвэрийг гаргав. Уг шийдвэрийн дагуу музей Монгол улсын Боловсролын их сургуулийн орчим байсан таглагар дээвэртэй, төвд дуганын загвартай жижиг дүнзэн байшингаас Өвлийн ордон уруу нүүжээ. Улмаар Өвлийн ордны барилгын өнгө будаг, өрөө тасалгааг музейн зохион байгуулалтанд тохируулан засч янзалсны дараа үзмэрээ төрөлжүүлэн ангилах журмаар дэлгэн тавьсан байна. Музейг байгуулах, үзмэр цуглуулах, дэглэх нүсэр ажилд Н.Дэндэв, Зөвлөлтийн эрдэмтэн Пётр Козлов, М.И.Лисовский, Борис Владимирцов нар оролцож анхны тасгийг нээжээ. Дараа жил нь музей орон тооны ажилчидтай болсон байна. Мөн музейн үзмэрийн бүртгэлийг анх хөтөлж монгол, орос хэлээр бичсэн баримтуудыг цэгцлэв.

Музейн үзмэрийн анхны тооллогыг 1936 онд хийжээ. Музейн үзмэр, дэглэлтийг өргөтгөж байгаль, газарзүйн олдвороор баяжуулан Орон нутаг судлах музей нэртэй болсон бөгөөд 1940-өөд оноос орон тоо, боловсон хүчний хувьд нэлээд бэхжив. 1954 онд МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Улсын Төв музей байгуулах шийдвэр гарч[5], тус музейд байрлаж байсан Улсын музейг нүүлгэн, хааны ордонд Богд хааны ордон музей байгуулах болж, үзмэр дэглэлтийг өөрчлөх, Өвлийн ордныг уугуул төрхөнд нь оруулах ажил эхэлжээ. Энэ үеэс Улсын төв музейн харьяа болж байв.

1961 онд Богд хааны ордон музей хэмээгдэх болж үзмэрийг шинээр дэглэснээс гадна зуны мөргөлийн сүмүүдийг сэргээн засварлав. 1969, 1980 онд сан хөмрөгийг тоолж бүртгэж авчээ. Тухайн үед Музей удирдах газрын харьяанд байв.

1990-ээд оноос өнөө үе

засварлах
 
Эрдэнэ итгэмжит сүм

1990 онд Музей удирдах газар татан буугдсанаар музей тэр үеийн Соёл, урлагийн хороонд харьяалагдах болов. 1992 онд Чойжин ламын сүм музейтэй нэгтгэн Шашны түүхийн музей нэртэй болгосны зэрэгцээ музейн өмнөх үеийн тайлбар сурталчилгааг түүхэн бодит баримтад тулгуурлан явуулах болжээ. Музейг үзэх гадаадын жуулчдын тоо эрс нэмэгдсэнд АНУ, Японы жуулчид зонхилж байв. Монгол улсаас гадаадад гаргах үзэсгэлэнгүүдэд тус музей шилдэг үзмэрүүдээ оролцуулах болсон бөгөөд 1993 онд Францад, 1995-1996 онд АНУ-ын Сан-Франциско, Вашингтон, Денвер хотуудад, 1996 онд БНСУ-ын Сөүл хотод, 1998 онд Японд, 1999 онд Нидерланд, 1999-2000 онд Австралид гарсан үзэсгэлэнд үзмэрүүдээ оролцуулсан байна. 1997-1998 онд музейн үзмэрийн улсын ээлжит тооллого явагдав. 2000 онд Шашны түүхийн музей татан буугдаж Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей тус тусдаа бие даажээ. Гадаад харилцаа улам бүр өргөжиж 2002 онд Дэлхийн хөшөө дурсгалын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Номын сангийн сүмийг сэргээн засварласан бол мөн онд Английн Төвдийн сангийн төсөлд хамрагдсан байна. 2005 онд хосгүй үнэт үзмэрийн зэрэглэл тогтоох ажил эхэлжээ. 2005-2007 ондЧингис хаан ба түүний залгамжлагчид” нэртэйгээр ХБНГУ, Австри, Турк, Унгар улсад гарсан үзэсгэлэнд тус шилдэг хосгүй үнэт үзмэрүүдээ оролцуулсан байна.

Сүүлийн жилүүдэд орчин үеийн техник технологийн дэвшлийг музейн үйл ажиллагаанд идэвхтэй нэвтрүүлж байна. Тухайлбал 2016 онд “Google” компанийн Соёлын хүрээлэнгийн (Google Cultural Institute) төсөлд нэгдсэнээр, энэ төслийн хүрээнд музей нь дижитал үзэсгэлэнгээ гаргасан дэлхийн 60 орны нэг нь Монгол болов[6]. Улмаар музейн гадаад дотоод виртуал зураглалыг Google Street View-гээр үзэх боломжтой болжээ. Мөн “Богд хааны ордон музей” ухаалаг гар утасны аппликэйшнийг гаргаж App store, Play store дээр байршуулсан байна.

Биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлыг тус музейгээс санаачилж ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр 2014 онд Хаан туульсийн өргөөг музейд албан ёсоор нээсэн бөгөөд 2015 оноос эхлэн жил бүрийн өвлийн саруудад тууль хайлах уламжлалт зан үйлийг зохион байгуулж байна[7]. Мөн цэцэрлэгийн насны хүүхдүүд, сургуулийн бага, дунд, ахлах ангийнхан, оюутан залуус, идэр дунд, ахмад настнуудад зориулсан боловсролын хөтөлбөрүүдийг улирал бүр тогтмол зохион байгуулах болов. Түүнчлэн жил бүрийн Цагаан сарын шинийн найманд нэг өдөртөө багтаан Цагаан дарь эх бурхан бүтээх уламжлалт үйл ажиллагааг сэргээн зохиох болжээ[8]. Мөн музей судалгаа шинжилгээний төв болох зорилтын хүрээнд төрөл бүрийн эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулж олон нийтэд судалгааны сүүлийн үеийн хамгийн шинэлэг үр дүнг танилцуулах зэрэг олон чиглэлд үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж байна.

Байгууламжууд

засварлах

Ёслол хүндэтгэлийн талбай

засварлах

Зуны ордны үүдний хэсгийг ёслол хүндэтгэлийн талбай хэмээн нэрийддэг. Уг хэсэгт хаант төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд зориулсан цогц дурсгал байрлана. Үүнд халхавч хаалга, асарт гурван хаалга, чаган, Амгалан энхийн хаалга зэрэг багтдаг. Уг талбайд төрийн чухал ёслол арга хэмжээний үеэр Богд хаан болон Улсын эх дагиныг угтах, үдэх зэрэг ёслолыг зохион байгуулдаг байжээ.

Ямпай буюу халхавч хаалгыг Манжийн хаанаас зарлигаар зөвшөөрсөн сүмд байгуулдаг байжээ. Ногоон ордны халхавчийг Билгийг хөгжүүлэн бадруулагч хийдийн өмнө талд хөх тоосгоор босгож, хээ чимэглэлийг ингэмэл баримлаар урлажээ. Дээр нь хос луу дүрсэлж, уул ус, амьтдын дүрслэлийг ингэмэл баримлын аргаар чимэглэсэн байна. Ямпай нь дөрвөн цагийн турш ордон руу халдах ад зэтгэр, өвчин тахал, дажин самууны аюулаас хамгаалах бэлгэдэлтэй юм. Хуучин цагт хаалганы баруун, зүүн хойд хажууд "Олон ван, засаг, тайж, түшмэд нараас доош иргэд мориноос буу" гэсэн бичээс бүхий пайлуур хөшөөг байрлуулж байжээ.

Асарт гурван хаалга

засварлах
 
Махранзын сүмийн үүдэн дэх Билгийг хөгжүүлэн бадруулагч хийдийн илэрхийлэх бичиг

Голын хаалгаар Хаан хатан хоёр, хажуугийн хаалгаар шадар бараа бологсод нь орж ирдэг байв. Хорвоогийн сайн сайхан, зол жаргал бүхэн энэхүү хаалгаар орж ирэхийн бэлгэдэлтэй учир хаалт хавтасгүй байдаг. Гол хаалганы дээд талын, баясгалант есөн луу тойруулан чимсэн хөх модон самбар дээр баруун талд нь “Бадаргуулт төрийн гучин гуравдугаар оны гурван сард”, зүүн талд нь “Наймдугаар үеийн Жавзандамба хутагт” гол дээд талд нь “Зарлигаар шагнасан” гэж монгол бичгээр, мөн түүний доохно томоор “Сайныг цэнгэлдэн хүртээхүйеэ дуртай” хэмээн монгол, манж, төвд, хятад дөрвөн хэлээр алтан үсгээр бичжээ. Асарт гурван хаалганы зүүн талд байх бичээст чулуун хөшөөний нүүрэн талд “Цаглашгүй ганганасан хумхын ертөнцийн буян шүтээн олон түмэн галавтаа энх амгалан мөнх бататгахын өлзий хутаг оршвой” хэмээн монгол бичгээр, ар талд нь төвд үсгээр бичжээ. Баруун талын чулуун хөшөөний нүүрэн талд Бурхан багш, хоёр шавийг хамтад нь дүрсэлсэн дурсгал байна. Ар талыг нь хоёр луу ороосон байдлаар урлажээ.

Чаган багана

засварлах

Амгалан энхийн хаалганы урд, баруун, зүүн талд нь босгосон хоёр баганыг чаган гэдэг. Богд Хаант Монгол Улс тунхаглахаас өмнө уг хоёр баганан дээр шашны жанцан намируулдаг байсан байна. Харин улс тунхагласны дараагаар баруун талын багананд Богд Хаант Монгол Улсын төрийн туг, зүүн талын багананд шажныг мандуулагч жанцан тэмдэгт шар тугийг хийсгэж байжээ.

Амгалан энхийн хаалга

засварлах

Манжийн ноёрхлыг эсэргүүцсэн монголчуудын тэмцэл ялалтаар төгсөж VIII Богд гэгээнийг Монгол улсын шашин төрийг хослон баригч хэмжээгүй эрхт эзэн хаанаар өргөмжилсөн явдалд зориулж 1912-1919 онд уг хаалгыг бариулжээ. Хаалганы зураг төслийг уран барилгач “Зоригт” цолтой Баажав тэргүүтэй Санжид, Тэжаан нар зохион бүтээсэн аж[9].

Хаалга барих ажилд Халх дөрвөн аймаг, шавь таван газраас таван хүнийг томилжээ. Үүнд: Их шавийн донир Баажав, Түшээт хан аймгаас Сандаг, Сайн ноён хан аймгаас Адъяа, Засагт хан аймгаас Далхжав, Сэцэн хан аймгаас нэг хүн тус тус томилсон байна. Мөн мэргэжлийн мужаан, төмөрчин, барималч, зураачдыг залж авч ирж ажиллуулж байсны дотор Дайчин чин вангийн хошууны Буянтогтох, Баяраа, чин ван Наянтын Юндэндорж, Цэдэн, гүн Намсрайжавын хошууны Рэнцэнзоригт нарын аймаг хошуундаа алдартай урчууд оролцжээ. Хаалгыг бариулахад ард түмнээс 280 мянган лан буюу 175 кг мөнгөтэй тэнцэх хөрөнгийг өргөл барьц хэлбэрээр татаж хуримтуулан зарцуулжээ[10]. Онь углуургын аргаар нэг ч хадаас оруулалгүй бүтээсэн энэ хаалга нь найман үндсэн тулгуур багана, долоон үетэй дээврээс бүрдэнэ[11]. Хээ угалз, сийлбэр, амьтдын дүрсээр чимэглэснээс гадна Буддын шашинт дорно дахины улс орнуудад дэлгэрсэн үлгэр домог, Гэсэр, Тансан ламын туужуудаас харуулсан уран зургууд, дөрвөн махранз, эвт ба хүчит дөрвөн амьтан, урт наст зургаа, төрийн долоон эрдэнэ, өлзийт найман тахил зэргийг өнгө будаг тохируулан зурж урласан нь Монголын дүрслэх урлагийн өвөрмөц онцлогийг тусган харуулжээ.

Зуны ордон

засварлах

Шаравпэлжээлинг байгуулахад анх түрүүнд барьсан VIII Богд Жавзандамба хутагтын зуны мөргөлийн ордон. Ордны бүрэлдэхүүнд Махранзын, Зээгт наамлын, Шүтээн зургийн, Эрдэм итгэмжит, Олон бурхдын, Номын сангийн, Лавиран гэсэн долоон сүм багтдаг.

Махранзын сүм

засварлах
 
Торгон зургийн сүм

Сүмийн хаалганы дээд талд баясгалант алтан шар луугаар тойруулж чимсэн хөх модон самбарт санскрит, ланз, соёмбо, төвд, монгол, манж, хятад алтан үсгээр “Билгийг хөгжүүлэн бадруулагч сүм” хэмээн бичиж өлгөсөн байна. Шашны домог ёсоор ертөнцийн төвд Сүмбэр уул гэж байдаг бөгөөд түүний дөрвөн талд дөрвөн тив оршдог. Тив болгоныг, нүдэнд үзэгдэх хийгээд үзэгдэхгүй аюул хорлолоос дөрвөн өнгийн их хаад хамгаалдаг гэсэн домогтой ажээ. Сүмийн дотор баруун зүүн талд дөрвөн их хаадын шүтээн дүрийг хоёр хоёроор нь эгнүүлэн байрлуулсан байх ба тэдгээрийг монгол баатар эрийн хөө хуяг агссан байдалтайгаар дүрсэлжээ. Дөрвөн их хаадын нэг болор цагаан өнгийн лагшинтай Ёлхорсүрэн нь гартаа хөгжөөн баясгах хөгжмийн зэмсэг барьж, зүүн тивийг хамгаалан оршино. Шүрэн улаан өнгийн лагшинтай Жамийсан зүүн гартаа могой, баруун гартаа суварга барьж, баруун тивийг хамгаалж газар лусын хорлолоос аварна гэсэн домогтой. Номин хөх өнгийн лагшинтай Пагжийбуу гартаа сэлэм барьж дайн дажин, дайсны хорлолоос хамгаалан өмнө тивийг бэлгэдэн оршдог. Алтан шар өнгийн лагшинтай Намсрай бурхан зүүн гартаа эрдэнээр бөөлждөг эрүү цагаан хулгана барьж эд баялаг, буян хишгийг дуудан авчрах бөгөөд хойд зүгийг хамгаалан оршдог аж. Дөрвөн хааны өлмий дор тэрсүүдийн найман амьтныг номхтгосныг харуулсан баримал дүрсүүд байна.

Торгон зургийн сүм

засварлах

Зээгт наамал хэмээн алдаршсан Монголын торгон зургийн урлаг нь XIX-XX зууны эхэн үед тэргүүлэх хандлагатай хөгжиж байжээ. Тухай цагийн алдартай урлаачдын бүтээсэн зээгт наамлууд нь зохиомж, өнгө хослол, ур хийцээрээ урлаг, уран сайхны өндөр түвшинд бүтээгдсэн бөгөөд зураач хар зургаа гаргасны дараа торго, хоргойгоор өнгө тохируулан хатгаж урлах нь будгаар зурсан зургаас дутуугүй өнгөлөг, төгс болж харагддаг байна. Зээгт наамлын бүтээлүүд бол монгол үндэстний уран сайхны сэтгэлгээ, ур ухаан бурхан шүтээний урлалд хэрхэн шингэж байсны тод томруун жишээ юм.

Шүтээн зургийн сүм

засварлах
 
Хэнгэргийн асар

Энд XIX-XX зууны эхэн үеийн нэрт зураач Жүгдэр, Хасгомбо, Гэндэндамба нарын бүтээлийн зэрэгцээ Их хүрээний дэг сургуульд хамаарах нэр нь үл мэдэгдэх зураач урчуудын олон тооны бүтээл бий. Монгол шүтээн зургийн хосгүй үнэт өвд хамаарах эдгээр бүтээлүүдийг торгон дээр байгалийн эрдэс шороон будаг ашиглан урласан ба Бурханы шашны зохиол, хутагт мэргэдийн намтар, дүр зэргийг дүрслэн харуулжээ. Монгол шүтээн зургийн онцлог нь үндсэн өнгө давамгайлсан хурц тод өнгөтэй байхын зэрэгцээ ур хийцийн өндөр түвшинд бүтээгдсэн байдаг.

Эрдэм итгэмжит сүм

засварлах

Эрдэм итгэмжит буюу Найдан хэмээх энэ сүмд жил бүр зуны сүүлийн сард Шаддүвлин хийдээс 16 лам залан ирүүлж VIII Богдын нас буяны мөрд зориулан Найдан чог ном хурдаг байжээ. Баруун тасалгаанд хурал номын зүйлийг тахилчид бэлтгэдэг, сүмийн гол тасалгаанд ном хурж, харин зүүн тасалгаанд хурал номын үед Богд өөрөө суудаг байв.

Олон бурхдын сүм

засварлах

Ногоон ордон баригдсаны дараагаас VIII Богд энэ сүмд орон нутгаас ирсэн төлөөлөгчдийг хүлээн авч уулздаг байв. Богд Хаант Монгол Улсын үед Бурханы сангийн сүм гэж нэрлэх болжээ. Уг сүмд Бурханы шашны урлалын олон арга ажиллагааг ашиглан бүтээсэн бурхад, тухайлбал өнгөт металлын цутгуур, хөөмлийн арга мөн шавар баримал, модон сийлбэр, цаасан шуумлын аргаар бүтээсэн бурхдыг байрлуулжээ.

Номын сангийн сүм

засварлах
 
Эрдэнэ итгэмжит сүмийн үүдэнд Тансан ламын үлгэрийн үзэгдлийг зурсан байдал

Уг сүм нь Богд хааны номын сангийн барилга юм. Богд хаан номын сандаа хуучны ховор содон ном судрыг олноор цуглууж байснаас гадна гадаад хэл дээрх олон чухаг ном судрыг монгол хэл дээр орчуулуулж, хувилан олшруулж байснаараа өмнөх дүрийн Богдуудаас онцгой байв. Түүний эл номын санд монгол, төвд, санскрит, манж, хятад хэлээр бичигдсэн 8000 гаруй боть судар байжээ. Тэдгээр судрын ихэнх нь одоо Улсын төв номын санд хадгалагдаж байна. Энэ сүмд Богд хааны номын сангийн хөмрөгөөс үлдсэн зарим судар номыг дэлгэснээс гадна номын бар, барын зураг мөн сүсэгтэн олны хэрэгцээнд зориулж цутгадаг бурхдын шавар, гуулин хэвийг дэлгэн харуулсан байна.

Лавиран сүм

засварлах

Энэ сүмд VIII Богд Жавзандамбын гол шүтээн бурхад байсан бөгөөд зуны улиралд энд өдөр болгон мөргөл, баясалгал үйлддэг байжээ. Сүмийн голд Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын хөрөг баримал байдаг. Сүмд Занабазарын бүтээсэн Ногоон дарь эх тэргүүтэй хорин нэгэн дарь эх байдаг. Том хэмжээний хөрөг баримлуудыг хүрлээр хөндий цутгаж алтаар шарсан хийгээд хэвнээсээ их биетэйгээ хамт цутгагдаж эвлүүлж угсарсан духны чимэг, ээмэг, зүүлт, бугуйвч, шагайвч болон суурины иж бүрэн чимэглэлийг уран хөөмөл, гууль сийлбэрийн аргаар тодруулж ялангуяа тэдгээрийн нимгэн торгомсог хувцасны хээ угалз, материаллаг чанарыг тун нарийн төгс урлан гаргасан зэрэг нь соёлт хүн төрөлхтний бүтээл туурвилын түүхэнд онцгой байр эзэлдэг хосгүй үнэт бүтээлүүд болно.

Сэрүүн асар

засварлах
 
Өвлийн ордон

Сэрүүн асар буюу Равса нь Махранзын сүмийн баруун, зүүн хойд хэсэгт байрладаг. Баруун талынх нь хонхны асар, зүүн талынх нь хэнгэрэгийн асар юм. Хонх хэнгэргийг Богд хаан, Эх дагина нар ордондоо бараалхах болон гадаалах жин хонхыг цохиж, хэнгэргийг дэлдэхээс гадна төрийн хэргэм зэрэгтэй сайд ноёд, өндөр хэргэм зэрэгтэй лам хувраг ирэхэд хүндэтгэл үзүүлэн баяр ёслолын байдалтай угтан авдаг байжээ. Мөн жин хонхыг цохиж хурал ном хурах цаг болсны мэдээ дохио өгч, лам хуврагуудыг цуглуулдаг байв.

Өвлийн ордон

засварлах

Өвлийн ордон хэмээх европ маягийн хоёр давхар байшинг Оросын II Николай хааны бэлэглэсэн зураг төслийн дагуу 1903-1905 онд Их хүрээн дэх Оросын консулын газраас эрхлэн Сэцэн хан аймгийн буриад барилгачдаар бариулсан байна. Үүнд Манжийн эзэн хаан “Буруу номтны байшин бариулав” хэмээн зэм хүртээсэн тул байшингийн дээвэрт алтан ганжир байрлуулж, хананд нь бадамлянхуа цэцгэн хээ зуруулан нэмэлт засвар хийлгэж тэрхүү хэл амыг дарж байсан гэдэг[12]. Энэ байшиндаа VIII Богд Жавзандамба, хатан Дондогдуламын хамт 20 орчим жил өвлийн цагт амьдарч байжээ.

Одоо энд хаан хатан хоёрын эдэлж хэрэглэж байсан эд өлөг, хувцас өмсгөл, гоёл зүүсгэл, тэрчлэн гадаад дотоодын зочид төлөөлөгчдийн барьсан бэлэг сэлт, амьтны чихмэлүүд, ирвэсийн арьсан гэр зэрэг Олноо Өргөгдсөн Монгол Улсын үеийн олон сонирхолтой үзмэр бий.

Өвлийн ордны үзүүллэгийн танхимууд нь:

  • Хүлээлгийн танхим
  • Хүлээн авалтын танхим
  • Хаан, хатны зурагт танхим
  • Хатан хааны амралтын танхим
  • Богд хааны хувцас, хэрэглэлийн танхим
  • Алтан сангийн танхим
  • Хаан, хатны сэнтийт танхим
  • Төрийн шар ордны дурсгалын танхим
  • Хаан, хатны нойрсох танхим
  • Хаш эдлэлийн танхим

  • Хөгжимт танхим
  • Зааны өмсгөл, Б.Шаравын бүтээлтэй танхим
  • Шувууны чихмэл цуглуулгын танхим
  • Амьтны чихмэл цуглуулгын танхим
  • Амьтны чихмэл цуглуулгын танхим
  • Ирвэсийн арьсан тугдамт танхим
  • Богд хааны бага насны тоглоомт танхим
  • Сүйх тэрэгтэй танхим
  • Үүдний танхим

Үзмэр үзүүллэг

засварлах
 
Богд хааны нойрсох асар ор

1926 онд Богд хааны Өвлийн ордонд Улсын музейг нүүлгэж музейн нийт үзмэрийг байгалийн ба түүхэн гэсэн үндсэн хоёр хэсэгт төрөлжүүлэн байгуулжээ[13]. Чингэхдээ түүхийн хэсэгт урлаг, угсаатны зүйн сэдэвт үзмэрийг тусгай булан болгон үзүүлсэн байв. Энд түүх-археологийн ба гэр ахуй, гар урлалын зүйлсийг дэлгэн үзүүлсний дотор монгол дархчуудын мод, төмөр, чулуун сийлбэр, зураачдын уран зураг, Манжийн үеийн эрүү шүүлтийн хэрэгсэл, монгол үндэсний хөгжим зэрэг багтаж байжээ. Эдгээр үзмэрийг ордны хоёрдугаар давхарт байрлуулж байсан бол нэгдүгээр давхарт байгалийн хэсгийг дэглэж ан амьтан, эрдэс баялаг, ашигт малтмал, хөрс ургамал гэсэн ангиллаар үзмэрээ дэлгэж байв. Энэ хэсэгт палеонтологийн олдворын цөөн тооны үзмэрийг тусгай нэг өрөөнд байрлуулж байжээ. Дээрх үзмэрүүдийн ихэнх нь нарийн тайлбар тодорхойлолтгүй байсан ба харин П.К.Козловын экспедицээс шилжүүлсэн Ноён уулын булшны олдворуудыг эрдэм шинжилгээний тайлбартай нь нэг өрөөнд дэлгэж байв.

Богд хааны ордон музейг шинэтгэн байгуулах ажил 1926 оны сүүлчээр дууссан бөгөөд уг ажлыг Н.Дэндэв, М.И.Лисовский нар гардан хийжээ. Энэ тухай архивын баримтад “Богд хааны сонин зүйл болгож байсан юмнуудаас хэдэн тооны араатан гөрөөс, шувууны арьс зэрэг зүйлүүд ба мөнхүү гал чагда хэмээх Богд хааны сууж байсан түүх орд харш, ор сандал зэргийг маш уран сайхан хийцтэй орон сүмүүдийг их төлөв бүрэн бүтнээр хамгаалан авч, засан сэлбээд музей болгон байгуулсан” хэмээн өгүүлжээ. Энэ нь тухайн цаг үед дэвшилттэй үйл явдал байжээ.

Архивын баримтаас үзвэл 1929 онд музей нь амьтны, чулуу ба ясны, хуучны юмсын, багаж зэвсгийн, уран сайхны гэсэн таван ангитай байжээ.

1930 онд батлагдсан Судар бичгийн хүрээлэнгийн шинэ дүрмийн 3 дугаар бүлгийн 17 дугаар зүйлд заасны дагуу Улсын музей нь түүхийн ба байгалийн гэсэн үндсэн 2 хэсэгт хуваагдаж нийт 12 анги, 24 тасагтай болсон байв. Үүнд:

 
Бүрээсэнд нь 150 ирвэсийн арьс орсон, зүмбэртэй энэ гэр Богдын 25 насны ойгоор бэлгэнд иржээ.
  • Эрт галавын судлалын 2 тасаг
  • Амьтны ангийн 4 тасаг
  • Ургамлын ангийн 1 тасаг
  • Чулууны ангийн 2 тасаг
  • Уран сайхны зураг патиарын 3 тасаг
  • Гар урлалын ангийн 5 тасаг
  • Чойжин ба бөөгийн 1 тасаг
  • Эртний булш судлалын 1 тасаг
  • Эртний чулуун багаж зэвсгийн 1 тасаг
  • Манжийн үеийн эрүү шүүлтийн 1 тасаг
  • Цэргийн ангийн 1 тасаг
  • Богдын зэрэг лам, ноёд түшмэдийн ямба ёслолын хувцас хэрэглэлийн 1 тасаг байжээ.

Энэхүү бүтэц зохион байгуулалт үндсэндээ 1940 он хүртэл хадгалагдсаар байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд тасгуудын үзмэрийн зүйлсийг нэмж баяжуулах ажил голлон хийгдсээр иржээ. 1935 онд тус музейн Уран сайхны тасагт Богд хаан болон хатны гоёмсог сийлбэртэй суудлыг түшлэгийн хамт, Хуучны судлалын тасагт Ноён уулын булшнаас гарсан Хүннүгийн үеийн ваар, бичээст аяга, Цэргийн тасагт хуучны туг далбааг нэмж тавихын зэрэгцээ Монголын түүхэнд холбогдох уран зураг, хөрөг зургийн тасгийг шинээр байгуулжээ.

Анх 1926 онд Богд хааны ордон дээр түшиглэсэн Үндэсний музей хэлбэртэй өргөтгөсөн дэглэлттэй байсан бол 1940-1941 онд үзмэр дэглэлтээ дахин шинэчилж түүх, байгалийн үзмэрийн тогтолцоо, дэс дарааг нэлээд өөрчлөн, шинэ үзмэр нэмж байрлуулжээ. Ингэхдээ доод давхрын Байгалийн хэсгийг:

 
Богд хааны сүйх тэрэг
  • Газарзүй
  • Эрт галавын амьтны
  • Геологи
  • Ургамал ба хөрс шорооны
  • Монгол нутгийн зэрлэг амьтны тасаг
  • Гадаадын зэрлэг амьтны тасаг гэсэн 6 ангилалд хувааж дэглэжээ.

Дээд буюу хоёрдугаар давхрыг 13 тасалгаанд хувааж:

  • Хүрэл ба чулуун зэвсгийн
  • Хүннү улсын
  • Түрэг улсын
  • Их хаадын үеийн
  • Феодалын байдлын үеийн
  • Одоогийн Монголын улс төрийн аж ахуйн хөгжилтийн тасаг гэсэн 6 анги болгосон байна. Тиймээс 1940 оноос Орон нутаг судлах музей нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байжээ.

1946-1949 онд түүх, эртний судлалын олдворууд зохих хэмжээгээр арвижсанаар музейн шинэ барилгын асуудал тавигдаж эхэлжээ. 1954 онд Намын төв хороо, Сайд нарын Зөвлөлийн тогтоол гарч, Богдын ордонд байсан музейг нүүлгэснээр тус музейн үзмэр дэглэлтийг дахин шинэчилсэн байна. 1961 онд тус ордон нь Богд хааны ордон музей нэртэй болж үзмэр дэглэлтийг дөрөв дэх удаагаа өөрчилсөн байна.

Сан хөмрөг

засварлах

Богд хааны ордон музейн сан хөмрөгийн суурь нь Богд хааны цуглуулгаас үүсэлтэй. Богд хаан 1924 онд таалал төгсөхөд түүний эд хөрөнгө, орон савыг хураах комисс гарган ордон, сүмд байсан янз бүрийн амьтны чихмэл дүрс, бусад сонин эд өлгийн зүйлийг музейн үзмэр болгохоор Судар бичгийн хүрээлэнд шилжүүлсэн нь тухайн үеийн музейн үзмэрийн ихэнх хэсгийг бүрдүүлж байжээ. Мөн музей байгуулж буйтай холбогдуулан хүмүүс өөрсдийн сайн дураар өгсөн эд зүйлс, Судар бичгийн хүрээлэнгээс үзмэр цуглуулахаар илгээсэн тусгай хүнээр олж илрүүлсэн эд зүйлс, Монгол оронд судалгааны ажлаар явсан дотоод, гадаадын экспедицийн олж ирсэн эд зүйлсээр музейн үзмэрийг баяжуулж байсан нь эл музейн сан хөмрөгийн анхны бүрдэл болж байв. Эдгээр ажлын үр дүнд арвин их үзмэр хуримтлагдаад байсныг хожим Улсын музейг шинэ байранд орж нүүхэд ихэнх хэсгийг нь шилжүүлжээ. Эдүгээ тус музей нь үзмэр худалдан авах, бэлэг хандиваар үзмэр авах, хээрийн судалгааны ажил явуулах зэргээр сан хөмрөгөө баяжуулж байна.

Сан хөмрөг дэх үзмэрүүдийг:

 
Хаан хатан хоёрын сэнтий
  • Металл баримал
  • Уран зураг
  • Зээгт наамал
  • Төрөл бүрийн материалаар хийсэн баримал
  • Бурхан номын хэрэглэл
  • Өмсгөл хувцас
  • Гэр ахуйн хэрэглэл
  • Гоёл чимэглэл
  • Амьтны чихмэл
  • Цуглуулгын эд зүйлс
  • Гэрэл зураг
  • Уран барилга гэсэн төрлүүдэд ангилан хадгалж байна. Музейн нийт 4000 гаруй дэсийн 8600 гаруй үзмэрийн 13 хувийг үзмэр үзүүллэгт дэглэн олны хүртээлд хүргэдэг бол үлдсэн хувь нь сан хөмрөгт хадгалагддаг[14]. Сан хөмрөгт хадгалагддаг үзмэрийг түр үзэсгэлэнгийн үеэр сэдэв, төрлийн дагуу эргэлтэнд оруулж олон нийтэд толилуулдаг байна.

Үзэсгэлэн

засварлах

Музей нь байгууллагын жилийн ажлын төлөвлөгөө, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын ой тэмдэглэх тогтоол, бусад байгууллага болон ард иргэдийн хүсэлт, хээрийн шинжилгээний тайлан, эдийн засаг бизнесийн харилцаа, сан хөмрөг баяжуулалт, олон улсын шинжлэх ухаан технологи, соёлын талаар хамтран ажиллах гэрээ, олон улсын музейн харилцааны хүрээнд тус музейн болон хувийн цуглуулгаар жил бүр 5-8 үзэсгэлэн зохион байгуулдаг байна. Тогтмол зохион байгуулагддаг үзэсгэлэнд жил бүрийн нэгдүгээр сард Монгол уран хатгамлын үзэсгэлэн, жил бүрийн билгийн тооллын хаврын эхэн сарын шинийн найманд “Нэг өдрийн Цагаан дара эх” үзэсгэлэн, жил бүрийн тавдугаар сарын 18-нд Олон улсын музейн өдөрт зориулсан үзэсгэлэн, жил бүрийн долоодугаар сард “Даншгийн цуваа” үзэсгэлэн, жил бүрийн 12 дугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөрт зориулсан үзэсгэлэнг тогтмол зохион байгуулдаг. Түүнчлэн бусад үед өөрийн сан хөмрөгт түшиглэсэн үзэсгэлэн болон гадаад, дотоодын үзэсгэлэнг зохион байгуулдаг бөгөөд үзэсгэлэнгийн хугацаа ихэвчлэн 7-14 хоног, зарим тохиолдолд хоёр сар хүртэл хугацаагаар үргэлжилдэг байна.

Эрдэм шинжилгээ

засварлах

Музей эрдэмтэд, судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтран дараах сэдвүүдээр мэдээлэл цуглуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, судалгааны үр дүнгээс музейн сэдвийг тодорхойлох чиглэлээр ажилладаг.

  • Богдын урд 16 дүрийн сурвалж, гарал үүсэл, Монгол буддизм
  • Богдуудын үеийн хөрш зэргэлдээ орнуудын тухай
  • Ардын уламжлалт уран барилгын арга технологи, материал боловсруулалт
  • Богд Жавзандамба хутагтуудтай холбоотой барилга байгууламж, хүрээний соёлын тухай
  • Биет болон биет бус соёлын өвийн төрөл зүйл бүтээх, уламжлуулах арга ухаан, материал боловсруулалт, технологи
  • 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, хувьсгалд оролцсон хүмүүсийн түүх намтар, Богд хаантай харилцаж байсан тухай
  • Монгол нутагт байсан соёлын төвлөрлүүд
  • Богдын хувилгаадын шашны боловсрол, шашны гүн ухаан, ном бүтээл, зохиол
  • Одон орон, зурхай, ургамал судлал, амьтан судлал, математик, газарзүй, газар шинжих ойлголт арга ухаан зэрэг уламжлалт байгалийн шинжлэл
  • Өндөр гэгээн Занабазарын урлан бүтээх үйл ажиллагаа, түүний дэг сургуулийн онцлог, уламжлалт чанар
  • Анхдугаар Богдоос хойшх үеүүдэд бий болсон бүтээн байгуулалт, соёлын уламжлал, “Богдын өв” сэдэвт хөтөлбөр
  • Төрийн их хатан Дондогдуламтай холбоотой түүх, түүний гүйцэтгэсэн үүрэг
  • Богдын ордон үүсч хөгжсөн түүх
  • Их хүрээний 30 аймаг, Жавзандамба хутагтын шавь нутгийн бүсчлэл, онцлог гэх мэт. Мөн музейн дэргэд судалгааны төв байгуулан эрдэмтэн судлаачдыг урьж ажиллуулах, эрдэм шинжилгээний хурал, уулзалт, ярилцлага, лекц зохион байгуулах, сэтгүүл, каталог, ном гаргах, олон нийтэд тодорхой сэдвийн дагуу мэдээлэл, лавлагаа өгөх, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиудын багш нарт сургалт явуулах, мэдээллээр хангах гэх зэрэг олон чиглэлээр ажиллаж байна.

Сэргээн засварлалт

засварлах

Байгууламжийн сэргээн засварлалт

засварлах

Түрүү үе

засварлах

Богд хааны үед ордны барилгыг харьяат шавийн их сангаас сэлбэн зассаар ирсэн боловч Олноо өргөгдсөний 12 дугаар онд (1922) Ардын Засгийн газрын шийдвэр гарч, лам хар өглөгийн эзэд, шавь нараас хандив цуглуулан засуулахаар болжээ. Гол сүмийн алтан дээвэр, лаврин тугдам зэргийн засварт хэрэглэвэл зохих 29074 янчаан, 34 мөнгөний 24412 янчаан, 29 мөнгийг уул эздээс, дараа нь дутсан 469 янчаан 5 мөнгийг мөн тэднээс албадан гаргуулж засварт хэрэглэсэн байна.

1926-1990-ээд он

засварлах

1926 онд музей болгосонтой холбогдуулан зарим иж бүрэн барилгуудаас нурааж, зарим урлагийн чамин гоё хийцтэй хаалга, хаалга, цонх, өрөө тасалгаануудыг музейн үзмэрт тохируулан өөрчилсөн байна. 1924-1926 онуудад Өвлийн ордны өрөө тасалгаануудыг өөрчилсөн ба хаалгануудын хээг дарж цулгуй цагаан цавууны будгаар буджээ.

1936 онд Амгалан энхийн хаалганд засвар хийсэн байна. Мөн энэ үед Лаврин зэрэг сүмүүдийг засчээ. 1958 онд гол барилгууд нэлээд муудаж зайлшгүй будах засварлах шаардлагатай болсон тул бүх засварт орох барилгуудыг нэг бүрчлэн судалгааг хийж хэмжээ аваад 1960 оноос эхний барилгад засвар орсон. Музейн иж бүрэн барилгын засварт тухайн үеийн ханшаар 1042990 төгрөг 88 мөнгө заржээ. 1960-1962 онд Хятадын мэргэжилтэн, барилгачид засварлахдаа тосон будаг ер хэрэглээгүй, дан хуурай будаг хэрэглэсэн байна.

1970 онд Хотын гүйцэтгэх захиргааны засварын трест засвар хийж, дээвэр болон шалыг будсан байна. Ингэхдээ тосон будгаар гүйцэтгэжээ.

1973 онд бүх 50 баганын доороос тайрч бетон суурь дээр тавьсан.

1980-аад оны сүүлчээс 2002 оныг хүртэл музейд ямар нэг томоохон сэргээн засварлалт хийгээгүй байна.

Өвлийн ордон

засварлах

Өвлийн ордон нь анх хоёр давхар дүнзэн байшин, шавардлагагүй, пийшин халаалттай, баруун талдаа ижил зайнд саравчтай, цонхныхоо гадна талд угалзтай гоёл чимэглэл бүхий өнгө ялган будсан янз модтой байжээ.

1923 онд Тэжаан зайсангийн пүүс засвар хийхэд ордны үүдний хэсэгт шатыг шинээр засаж тавьсан. 1926 онд ордныг музей болгохтой холбогдуулж нэгдүгээр давхрын өрөөнүүдийг өөрчилж гурван том хэсэгт хуваан арк хэлбэртэй болгосон байна. Ингэснээр музейн үзмэр тавихад тохиромжтой болжээ. Мөн энэ үеэр бүх гоёмсог хаалга, цонхнуудыг цагаан өнгөөр дарж будсан байна. 1961 онд хятад дархчууд засвар хийхдээ шинээр хаалга, шат гаргах, хуучныг хаах, дотор талдаа обой цаастай байсныг хуулж шохойдон шинээр хээ угалз тавих, гадна талыг шавардаж цагаан шохойгоор шохойдох гэх зэргээр нэлээд өөрчилсөн бөгөөд энэ мэтээр 20-иод оноос хойш уг барилгыг олонтаа өөрчилснөөр хуучин байдлыг нь дарсаар ердийн хоёр давхар сууцны барилга шиг болгожээ.

1905 онд Өвлийн ордныг анх барихдаа шар өнгийн будгаар хаалгыг нь буджээ. 1921-1923 онд засвар хийхдээ цагаан будгаар будсан бол 1961 онд бор хүрэн өнгөөр буджээ. 1973 онд засвар хийхдээ хаалганы будгийг улаан хүрэн өнгөтэй болгов. Музейн том хэрэм нь анх барихдаа цагаан алаг будагтай байсныг одоо хүрэн өнгийн будгаар будсан байна. 1968 онд томоохон засвар хийхэд Өвлийн ордныг халаалттай болгож, суурийн дүнз ялзарсныг шалны бүх дэр модын хамт сольсон бөгөөд хаалга, цонхыг цэнхрээр будаж, цонх нь онгойдог, хоёр хавтастай байсныг онгойдоггүй болгон бүх гадна цонхыг сольсон байна. Мөн ханыг сүрэлтэй шавраар шавардан цагаан шохойгоор шохойджээ. Доторх зарим өрөөг тосон будгаар будсан бөгөөд засварт нийтдээ тухайн үеийн ханшаар 70 мянган төгрөг зарцуулжээ. Уг засварыг Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны Барилга засварын трест хийжээ.

1973 онд ордныг дахин засахаар шийдвэрлэж анхных нь байдалд ойртуулахаар төсөв хийсэн боловч ажлын явцад гурван удаа нэмэгдэл төсөв гарч байжээ.

2000-аад он

засварлах
 
Махранзын сүмийг сэргээн засварлаж байгаа нь.

2002-2003 онд Номын сангийн сүмийг Дэлхийн хөшөө дурсгалын сан (World Monuments Fund), АНУ-ын иргэн Роберт Уилсоны тэтгэлгийн 60 мянган ам.долларын санхүүжилтээр сэргээн засварлажээ. 2006-2007 оны хооронд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Богд хааны ордон музейн төв хаалга болон Ёслол хүндэтгэлийн талбайг БНХАУ-ын Түүхэн дурсгалт зүйлийн хэрэг эрхлэх газар, Шиань хотын Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах төвөөс сэргээн засварлажээ. Өвлийн ордны залгаа Хувцасны сангийн сүмийг 2013 онд сэргээн засварлав. Энэ ажлын хүрээнд үндсэн хийцийг бүрэн буулгаж, суурийн эвдэрсэн хэсгийг нөхөн бүх хэсгээр 20 орчим см өндөрлөсөн байна. Мөн өгөршиж муудсан хана туурга, дээвэр болон цонх, хаалганы модыг сольж, дээврийг шинээр төмөрлөжээ. Өнөөдрийн байдлаар тус сүмийг музейн хүлээн авах, бэлэг дурсгалын дэлгүүр болгон ашиглаж байна. Улмаар 2013 онд хүчтэй аадар бороонд гэмтсэн Махранзын сүмийн дээврийг, 2013-2014 онд Ногоон ордны хашаа хаалгыг, 2014 онд хоёр задгай асрыг, 2015 онд Өвлийн ордны гадна тал, хэрмэн хашааны өнгө будгийг сэргээн засварлажээ[15].

Гадаад харилцаа

засварлах

Богд хааны ордон музей нь эдүгээ АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Франц, Их Британи, Канад, Япон, Солонгос, Австри, Унгар, Энэтхэг, Турк, Вьетнам, Тайвань зэрэг 20 орчим орны музей, соёлын байгууллага, шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнгүүд, их сургуулиудтай харилцаа тогтоон ажиллаж байна.

Кино урлагт

засварлах

Богд хааны ордон музейд үе үеийн олон уран сайхны болон баримтат киноны зургийг авч байв. Үүнд:

Үе үеийн удирдлагууд

засварлах

Анх байгуулагдсан 1924 оноос хойш музейн захирлаар 18 хүн ажиллаад байна.

Нэр Ажилласан он
1. Онход Жамьян 1924
2. М.И.Лисовский 1926
3. А.Д.Симуков 1927-1932
4. Н.Тубянская 1933
5. Найдангийн Дэндэв 1934-1935
6. Болдын Дамбаравжаа 1935-1952
7. Сэнгийн Чулуунбаатар 1952-1966
8. Бичээчийн Дагва 1964
9. Уртнасангийн Дүлбаа 1964-1968
10. Догсомын Ундрах 1968-1972
11. Балжиннямын Гүржав 1972-1991
12. Гаадангийн Дунбүрээ 1991-1993
13. Нямжавын Дугарсүрэн 1993-1996
14. Гомбын Төвсайхан 1996-2000
15. Сүхбаатарын Бадрал 2000-2008
16. Дамчаагийн Мягмардорж 2008-2010
17. Отгонбилэгийн Мэндсайхан 2010-2018
18. Цэвэг-Очирын Эрдэнэбаатар 2018-

Хамгаалалтын зэрэглэл

засварлах

Анх БНМАУ-ын СнЗ-ийн 1961 оны 524 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтад авсан бол хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор мөн улсын хамгаалалтад авчээ.

Ном зохиол

засварлах
  • Ө.Бүрнээ. "Монголын шинэ үеийн үндэсний музей" УБ., 1994.
  • Д.Наваан. “Өвгөн Дэндэвийн дурдатгал” УБ., 1961.
  • "Богд хаан. Амьдрал, өв" УБ., 2017.
  • МУҮТА. Ф-23, Д-1, ХН-557
  • МУҮТА. Ф-23, Д-2, ХН-113
  • МУҮТА. Ф-23, Д-2, ХН-135
  • МУҮТА. Ф-23, Д-1,0 ХН-113

Эх сурвалж

засварлах
  1. "Archive copy" (PDF). Archived from the original (PDF) on 2017-11-18. Татаж авсан: 2018-02-14.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  2. http://news.barilga.mn/r/67373
  3. "Archive copy". Archived from the original on 2018-02-23. Татаж авсан: 2018-02-14.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  4. "Archive copy". Archived from the original on 2018-04-14. Татаж авсан: 2018-02-14.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  5. "Archive copy". Archived from the original on 2016-11-13. Татаж авсан: 2018-02-14.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  6. http://ikon.mn/n/pxu
  7. https://www.news.mn/?id=173415
  8. "Archive copy". Archived from the original on 2018-08-07. Татаж авсан: 2018-02-14.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  9. http://achitmaa.blogspot.com/2017/05/blog-post_10.html
  10. http://achitmaa.blogspot.com/2017/05/blog-post_10.html
  11. http://achitmaa.blogspot.com/2017/05/blog-post_10.html
  12. http://news.barilga.mn/r/67373
  13. http://www.bolod.mn/mobile.php?nid=123864
  14. https://www.news.mn/?id=262044
  15. http://news.barilga.mn/print/n/67