Баримтат кино (англи. Documentary film, орос. документальный фильм) -кино урлагийн нэг төрөл юм. Амьдралын бодит баримт, болсон үйл явдал, үзэгдэлд түшиглэн хийсэн богино болон бүрэн хэмжээний баримтат кино байдаг. Баримтат киног улс орны дотоодод болон гадаадад болж байгаа чухал үйл явдлыг үзэгчдэд шуурхай мэдээлэх зорилго бүхий кино мэдээлэл, кино нийтлэлийн хэлбэрээр дүрийг тодруулж хийсэн бүрэн хэмжээний баримтат кино гэж хоёр ангилдаг. Баримтат кино нь кино мэдээлэлтэй харьцуулахад өргөн цар хүрээтэй, бодит материалыг дүрээр гаргах аргыг хэрэглэсэн байдаг. Баримтат кинонд жүжигчид оролцдоггүй, тайзны засал чимэглэл болон уран сайхны кино бүтээдэг элдэв арга барилыг хэрэглэдэггүй.

Баримтат киноны зураг авалт, Намиби 2011 он

Кино урлагийн эх үүсвэр 1895 онд Францын иргэд ах дүү Люмьерүүд хөдөлгөөнт дүрсийг дэлгэцэнд гарган үзүүлэх аппарат бүтээж, Парисын “Гран – Кафе”-д кино үзлэгийг зохион байгуулснаар тавигдсан гэж үздэг. Манайд 1935 онд Улаанбаатарт “Монгол кино” студи байгуулагдаж, 1936 онд “Майн нэгний 47 жилийн ой”, “Октябрийн хувьсгалын 19 жилийн ой”, “Улсын баяр наадам” зэрэг баримтат кино мэдээгээр гараагаа эхэлжээ.

Монгол баримтат кино

засварлах

1947 оноос “Манай оронд” гэсэн сар тутмын баримтат кино сэтгүүл гаргаж эхэлсэн бөгөөд 1954 оноос “Кино мэдээ” гэж нэрлэх болжээ.

Монголын баримтат киноны хөгжилд Цэвээний Зандраа, Жамьянгийн Бунтар, Ойдовын Уртнасан, Бадрахын Сумхүү, Равжаагийн Доржпалам, Цэвэлмаагийн Наваан, Дэмидийн Хишигт, Дагвын Содном зэрэг кино урлагийн нэрт уран бүтээлчид томоохон хувь нэмэр оруулсан байна. Манай киноны уран бүтээлчид 2000 он хүртэлх 60 гаруй жилд нийтдээ 700 гаруй баримтат кино бүтээж байжээ.

Баримтат кино бусад Олон нийтийн Мэдээллийн хэргэслүүдийн нэгэн адил олон түмэнд мэдээлэл хүргэх, сурталчлах зорилгоор амьдралын бодит байдлыг баримтаар үзүүлэх бөгөөд түүгээр дамжуулан олон нийтийн ухамсарт нөлөөлдөг байна. Ингэхдээ шинэ мэдээлэл агуулж, танин мэдэхүйн чиглэлийг түлхүү баримталдаг. Баримтат кино бодит байдлыг урлаг шиг уран сайхны аргаар дамжуулан тусгах бус нийгмийн амьдралд шууд орж, бодит баримт, нөхцөл байдал зэрэгт тулгуурлан гаргадаг онцлогтой. Асуудлыг гоо зүйн үүднээс биш, нийгэм-улс төрийн талаас нь үзүүлдэг юм. Баримтат кино бодит баримтыг дуу чимээ, дүрсийн тусламжтайгаар гол төлөв телевизээр дамжуулан олон түмэнд хүргэж байсан учир радио, телевизийн сэтгүүл зүйн олон шинжийг давхар агуулдаг, сэдэв баримт сонголт, боловсруулалтын хувьд илүү чанартай байх тохиолдол элбэг юм. Энэ бүхэн нь баримтат киног ОНМХ-ийн системд оруулдаг үндэслэл болдог. Баримтат киноны танин мэдүүлэх ач холбогдол өндөр, түүхийн болон судалгааны чухал бодит эх сурвалж болон үлддэг, мэдээллийн шинэлэг тал, олон уран бүтээлчийн хөдөлмөрийг шингээсэн байдаг учир агуулга хэлбэрийн нэгдлийг өндөр төвшинд хангасан, ур чадвар сайтай байдаг зэрэг олон давуу талтай юм. Баримтат кино, кино мэдээ, кино сурвалжлага, кино сэтгүүл, кино нийтлэл, кино хөрөг, кино найруулал, кино судалбар, кино танилцуулга, кино өгүүллэг зэрэг дотроо төрөлтэй байдаг.

Цахим холбоос

засварлах
  Commons: Баримтат кино – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Баримтат кино – Энэ үгийг тайлбар толиос харна уу

 

Энэ нэвтрүүлгийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.