Судар бичгийн хүрээлэн

Судар бичгийн хүрээлэн нь Монгол улсын орчин үеийн шинжлэх ухааны анхны байгууллага юм.

1921 онд Ерөнхий сайд Д.Бодоо, Дотоод яамны сайд Т.Пунцагдорж, Х.Чойбалсан, С.Жамьян, Н.Магсаржав нар санаачлан, Ардын засгийн газрын 1921 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн тогтоолоор Судар бичгийн хүрээлэн байгуулахаар зааж улмаар уг хүрээлэнгийн үүрэг зорилго, зохион байгуулалтыг тодорхойлж засгийн газарт оруулснаар 1921 оны 11-р сарын 19-нд хүрээлэнгийн дүрмийг баталж Судар бичгийн хүрээлэнг албан ёсоор байгуулжээ. Судар бичгийн хүрээлэн байгуулагдсанаар Монгол улсад шинэ үеийн шинжлэх ухааны төв байгуулага бий болсон түүхтэй бөгөөд хожим нь Шинжлэх ухааны хүрээлэн, Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн болон өргөжин тэлсээр 1961 онд Шинжлэх Ухааны Академи болон зохион байгуулагдсан юм.

Анхны даргаар гүн Онход овогт Сангажавын Жамьян (1864-1930), нарийн бичгийн даргаар эрдэмтэн Ж.Цэвээн, гүн Д.Дашням нар ажилласан. Судар бичгийн хүрээлэн нь Монгол улсад эрдэм ухааныг дэлгэрүүлж, олон ардыг гэгээрүүлэх, улс орныхоо дорой буурай байдлыг арилгаж, бичиг үсэг соёл боловсрол, шинжлэх ухааныг зүйл бүрээр хөгжүүлэхийг зорьж байв.

Судар бичгийн хүрээлэнгийн анхны дүрмийг 15 зүйлтэйгээр боловсруулсан баталж түүндээ эх орны түүх, соёлын холбогдолтой бичмэл болон хэвлэмэл ном зохиол цуглуулах ба орчуулж олшируулах талаар заасан: “Олон улсын ном судар ба сургуулийн бичгүүдээс аль чухал хэрэглэхийг нь өөрийн хэл бичигт түүвэрлэн оруулж олон ардыг сурган боловсруулж оюуныг судлуулах гэжээ.

1924 онд Судар бичгийн хүрээлэн Эрхлэх үйлдвэрийн товчоо хэмээх зорилтот хөтөлбөрийг баталжээ. ЗХУ-ын Засгийн газрын дэргэд 1925 онд байгуулагдсан “Монголын комисс” Монголд шинжлэх ухааны олон салбарын экспедицүүдийг Судар бичгийн хүрээлэнд түшиглэн ажиллуулж байсан юм. Мөн ЗХУ-аас В.И.Лисовский, В.А.Казакевич, Н.П.Шастин, С.А.Кондратьев, Б.Ф.Смирнов нар Монголд байнга амьдран Судар бичгийн хүрээлэнд алба хааж байсан. 1929 онд номын сан, музей, Төвөд эмнэлгийн тасаг, дуу хөгжмийн тасаг, газрын зургийн тасаг, гэрэл зургийн тасаг, лаборатори, дуун ухааны тасаг, түүхийн тасаг, архив гэсэн тасаг, салбаруудтай болж өргөжсөн.

Энэхүү хүрээлэнгийн дэргэд гүн С.Жамъян, бичээч Ч.Бат-Очир, Д.Дашням, эрдэмтэн Ж.Цэвээн нар хувийнхаа номыг нийлүүлэн 2000 номтой анхны номын санг байгуулсан байна. Дээрх тогтоолд зааснаар Судар бичгийн хүрээлэнг Орос худалдаачин Козины байрлаж байсан өндөр байшинд байгуулахаар тогтож, хүрээлэнгийн албан хэрэгцээнд зориулан 3000 лан мөнгө олгосон байна.

Улмаар монгол хэлээр шинэ нэр томьёог оновчтой буулган зорилгоор “Нэр томьёоны комисс”-ыг байгуулсан. Судар бичгийн хүрээлэнгийн зөв бодлого үйл ажиллагаа нь монголчуудын уламжлалт өв соёл, хуучны ховор ном зохиол, сүм хийдийг устаж үгүй болох аюулаас авран хамгаалж өдгөө бидэнд үлдээхэд онцгой гавьяа байгуулсан.

Судар бичгийн хүрээлэн нь 1930 онд Шинжлэх ухааны хүрээлэн болон өргөжсөн. Шинжлэх ухааны хүрээлэнг Ерөнхий сайд асан А.Амар, Шүүх яамны сайд асан Л.Дэндэв нар удирдаж, Монгол улсад шинжлэх ухааныг хөгжүүлэх суурийг тавьсан. Судар бичгийн хүрээлэнгээс Монголын Үндэсний Номын сан, Үндэсний төв архив, Улсын музей, Хувьсгалын музей, Богд хааны ордон музей салбарлан хөгжсөн.

Ашигласан ном

засварлах