Манжийн эсрэг монголчуудын тэмцэл

17-р зуунд Айсингиоро овгийн Нурхач зүрчидийг нэгтгэн 1616 онд Хожуу Алтан улс (манжаар Амага айшин гүрүн)-ыг байгуулж хаан хэмээгдэх үеэс эхэлжээ. Тэрээр 2 жилийн дараа “долоон өшил гомдол” гээчийг зарлан хятадын Мин улсын холбоо харъяанд байх бусад жүрчин аймгуудтай хэдэн удаагийн амжилттай байлдаанаар Ляодунгийг эзэлж 1625 онд Мүгдэнг эзлэн нийслэл хэмээн зарлажээ. Ингэснээр тэрээр эдийн засаг хүн хүчний нөөцөөр хүчирхэгжин Монголтой шууд хиллэн харилцах болжээ. Тэр үед Монголчууд хэдий тархай бутархай ч бүс нутагтаа хүчирхэг улс төр цэргийн байгуулалтай байв. Нурхач Монголчуудыг Мингийн эсрэг холбоотноо болгох бодлогыг амжилттай хэгэгжүүлэн язгууртнуудаа монголтой худ ураг болгон дээр дурдсанчлан монгол бичгийг авч хэрэглэсэн байна. 1624 онд зүүн монголын Харчин, Дөрвөд, Жалайд, Горлос аймгууд манжид дагаар оров. Үүнийг Монголын сүүлчийн нэр төдий бага хаан Лигдэн тэргүүтэй ноёд язгууртнууд эсэргүүцэн манжтай байлдсан боловч төдий л амжилт олоогүй юм. 1626 онд Найман, Бааран, Огниуд, Горлос аймгууд манжид дагав.

Манжуурын тэлэлт

Сүүлчийн хаан Лигдэн нас барав

1630 онд Хорчин, Түмэд, Юншээбүү, Ордос, Авга зэрэг аймгууд, 1631 онд манж нар Харчин, Асуд, Найман, Жарууд, аймгуудтай нийлэн түүний эсрэг байлдан 1632 онд Цахарт цөмрөн Лигдэний цэргийг цохижээ. XVII зууны эхэн болоход Лигдэн хаан Монголын их хааны сууринд сууж бусад аймгуудын талаар засаг захиргаагаа бэхжүүлж, бүх Монголыг нэгтгэн захирахын төлөө зүтгэх болжээ. Энэ үед Лигдэн “Цахар хаан” гэж нэрлэгдэх болсон нь түүний эрх нөлөө суларсныг харуулдаг.

Лигдэн нэг талаар Монголыг нэгтгэн захирах бодлого явуулж, нөгөө талаар тухайн үед шинээр мандсан Хожуу Алтан улстай зөрчилдөн тэмцэлдэх болов. Лигдэн өөрөөс нь урван тэрсэлж Хожуу Алтан улсад дагаар орсон Хорчин гэх мэт монгол аймгууд болон Хожуу Алтан улсын эсрэг тэмцсэн билээ. Эцсийн дүнд Хожуу Алтан улсын Хун тайж Лигдэн хааныг өөрийн биеэр дайлаар ирсэнд 1634 онд Лигдэн Хөх нуурын зүг ухарч яваад өвчнөөр нас барав. Лигдэн Хөх нуурт зугтан ирж халхын Цогт хунтайжийг хүлээх зуураа тэнгэрт хальжээ. Түүний хатад балчир хөвгүүнийг нь авч Хожуу Алтан улсад дагаар орсон бөгөөд удалгүй 1635 онд Лигдэний ширээ залгамжлах хунтайж Эжэй хонгор Хожуу Алтан улсын цэрэгт буун өгчээ. Хожуу Алтан улсын Дээд эрдэмт хаан (Хун тайж) түүнд охиноо гэргий болгон өгч хүргэнээ болгов.

Монголын бусад овог аймгууд

 
Монголын төрт ёс алдагдсан (1634-1758)

1646 онд Сөнөдийн Тэнгис хэмээгч манжийг эсэргүүцэн босч албат иргэдээ аван халхад нүүж ирэн удаах он нь халхын ноёд Тэнгисийг өмгөөлөн манжтай тэмцэж байв.

Ойрад Монгол Галдан бошигт хааны засаглал дор хүчирхэгжин “Зүүнгарын хаант улс” хэмээгдсэн ойрад монгол 1640 оны “Дөчин дөрвөн хоёрын их цааз”-ыг зөрчин халх ойрад хоёр монгол 1673-74 онуудад хоорондоо дайтаж эвдрэлцэх болов. Галдан бошогт хаан 1676-86 онуудад бүх ойрадыг нэгтгээд зогссонгүй Хөх нуур, дорнод Тургестан, Хами, Турфан, Кашгар, Яркенд, Сайрам, Ферганы хөндий, Бухар, Самарканд хотууд руу довтлон эзэлжээ. Үүний зэрэгцээ манж болон оростой худалдаа хийж байв. Тэрээр 1687 онд цэргийн хүчээр халхыг нэгтгэх оролдлого хийсэн нь амжилтанд хүрээгүй юм. Халх ойрдын дайнд халхууд ялагдан зугтаж Чуулалт Хаалган хүрч буудалсан болон манжийн цэргийн хүчин Улхын голд Галдантай байлдсан нь 1690 оны явдал болно. 1691 онд Долоннуурын чуулганд халхын 4 аймгийн ноёд манж Чин улсад дагаар оров. 1696 онд манж халхын цэрэг Галданг Тэрэлжийн зуунмодонд байлдан цохижээ. 1697 онд Ойрдын хаанаар Цэвээнравдан тодорч Галдан бошогт хаан тэнгэрт халивай.

1755 онд Монголын тусгаар тогтнолын сүүлчийн голомт ойрад түмэн маань дотоодын зөрчлийн улмаас манж нарт эзлэгдэн алж хядуулах, нутаг заагдан цөлөгдөх, зугтан одох зэргээр таран бутарчээ.1755-1758 онуудад хотгойдын Чингүнжав, Хойтын Амарсанаа нар халх ойрадын бослогыг эхлүүлж манжийн эсрэг тэмцсэн боловч нэгдмэл удирдлагагүй алаг цоог гарсан бослого тэмцлүүд санасан үр дүнд хүрээгүй билээ. 1745 онд манж нар Монголчуудын угийн бичиг, түүхийг Бээжинд хэвлэх нэрээр хураан авч устгаж эхэлсэн (магадгүй Монголын Нууц Товчоо ч байсан эсэхийг хэн мэдлээ) ба 1753 онд Дөрвөд Далай хан аймаг манжийн захиргаанд орж, 1755 онд Ойрад эзлэгдэн талуулж, 1757-1758 онд олон эх оронч Монголчууд хордуулагдан болон цаацлагдан хороолгуулж, шашны тэргүүнийг Түвдээс тодруулах болсон, халх ойрад дайны хөл татвар дайчилгаанд туйлдан доройтсон зэргээс үүдэн Тэнгэрийн тэтгэсний он жилүүд Монголд хүндээр туссан гэх бүрэн үндэстэй билээ.

1853 онд Баруун Түмэдэд Найман сумын тэмцэл өрнөжээ. 1858 онд Үүшин хошууны дугуйлангууд үүсч, 1891 он гартал идэвхитэй байв. 1859 онд Зуу-Уд, Зостод манжийн эсрэг бослого гарчээ. 1863-1864 онд Зост, Зүүн Түмэдэд, 1864 онд Харчинд бослого гарав.

1866 онд Ордост дугуйлангийн хөдөлгөөн эрчимжиж, зэвсэгт тэмцэл ч гарав. 1868 онд Байлингаагийн бослого гарлаа. Монгол оронд 1870 онд Их хүрээнд манжийг эсэргүүцсэн ардын хөдөлгөөн ба Өвөр Монголд хаа сайгүй Манжийн эсрэг эсэргүүцэл өрнөв. 1873 онд Далай лам Манжаас нэлээд тусгаар байдалтай болсон нь Монголд нөлөөлөл үзүүллээ. 1877 онд Цагаан малгайтны бослогыг дарахад монголчуудаас хүн хүч дайчлав. 1880 онд Халхад ард Онолтийн удирдлагаар Улиастайн цэргийн бослого ба Ордосын дугуйлангийн хөдөлгөө. 1881 онд оросууд Тувад онцгой эрхтэй болсон бол, 1883 онд тувачууд үүнийг эсэргүүцэн Алтан Майдарын бослогыг дэгдээлээ. 1889 онд Жирэм чуулганд бослого дэгдэв.

1891 онд аймшигт тэсрэлт болов. Улаан малгайтны урвалгаан, Хятад тариачин Ян Ей Чуаний самуун, Жиньдандаогийн үймээн гэж янз бүрээр нэрлэгдэх, монголчуудын түүхэнд учирсан хамгийн том гэноцидүүдийн нэг тохиов. Нангиад нар “Монгол хүнийг нь алж, газрыг нь булаая!” гэж уулгалан, Чин улсын засагтай сүлбээцэлдэн Зостын чуулганд (Одоо Улаанхад), Харчин гурван хошуунд 48 өдөрт 150 мянган монголчуудыг хяджээ.

1900 онд Улиастайд манжийн эсрэг монгол цэргийн бослого, 1906 онд Их хүрээнд хятадын мөнгө хүүлэгч худалдаачдын эсрэг ардын хөдөлгөөн зэрэг бослого хөдөлгөөнүүд гарч байв.

Монголд том ноёд лам нарын удирдлагаар Үндэсний эрх чөлөөний хувьсгал эрчимтэй өрнөн 1910 онд Их хүрээнд манжийн эсрэг ардын хөдөлгөөн гарч бүх нийтийн дэмжлэгийг хүлээн Хүрээний Сандо амбан, Улиастайн жанжин нарыг хөөж 1911 оны 12 сард Олноо Өргөгдсөн Монгол Улсыг байгуулан Богд Жавзандамба хутагтыг хаанаар өргөмжлөн олноо тунхаглав. Манжийн эсрэг тэмцэл гагц халх төдийгүй нийт Монголыг хамарч байсны нэг нь Барга хошууны Дамдинсүрэнгийн удирдсан манжийн эсрэг ардын тэмцэл болно. Тэрээр Богд Хаант Монгол Улсын төрд зүтгэж Манлай баатар цолтойгоор Хатанбаатар Магсаржавын хамт 1912 онд Ховдоос манжийн цэргийг хөөснөөр Монголын 150- 200 орчим жил манжаас хараат байсан байдлыг эцэс болгосон билээ.

Ном зүй

  • Манжийн эрхшээлд байсан үеийн Монголын төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжил
  • Б. Сумъяабаатар, „Манжийг сөрж хэлмэгдсэн Чингисийн удмынхан", 2019.09.13, "Монголын 1911 оны Үндэсний хувьсгал ба хошой Чин Ван М. Ханддорж" сэдэвт эрдэм шинжилгээний хурлын илтгэл, [1]