Манлайбаатар Дамдинсүрэн
Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэн нь (1871 оны 3 сарын 13 - 1921 оны 1 сарын 27) нь Богд хаант Монгол улсын цэргийн жанжин, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байв. Түүний эцгийн нэр нь Жамсран.
Манлайбаатар Дамдинсүрэн | |
---|---|
1871 оны 3 сарын 13 – January 27, 1921 (49 насалсан) | |
Төрсөн газар | Манж Чин гүрэн Шинэ Баргын Шулуун цагаан хошуу |
Нас барсан газар | Богд Хаант Монгол Улс, Нийслэл хүрээ |
Эх орон | Богд Хаант Монгол Улс |
Ажиллагаа/салбар | Богд Хаант Монгол Улсын арми |
Албан үүргийн он жилүүд | 1911–1920 он |
Цол | Богд Хаант Монгол Улсын Манлайбаатар |
Цэргийн удирдах албан тушаал | Ховдыг чөлөөлөх байлдаан, Таван замын байлдааны ерөнхий командлагч жанжин болон бусад |
Тулалдаанууд/дайнууд | Өвөр Монголд гарсан 1911 оны бослогууд, Ховдыг чөлөөлөх байлдаан, Таван замын байлдаан |
Шагналууд | Богд Хаант Монгол Улсын Манлайбаатар «Эрдэнийн очир» одон бусад |
Намтар
засварлахДамдинсүрэн нь Хөлөнбуйр нутгийн уугуул Барга Монгол хүн бөгөөд Шинэ Баргын Шулуун цагаан хошууны суман занги хүн байсан. 7-8 наснаасаа нутгийн бичээч хүнээр манж, монгол бичиг заалгаж сураад туслах бичээчийн ажил хийх болжээ. Удалгүй авъяаслаг залуу Дамдинсүрэн сумын жинхэнэ занги болон дэвшиж улмаар Манжийн Хаанд 1908 онд бараалхахаар очжээ. Тэр үед Бээжинд ирээд байсан Халхын Түшээт Хан Аймгийн ханжин Ханддоржтой танилцан дотно нөхөр бололцож Манжийн төрийн ялзарч буй байдлыг шүүмжлэн ийм үед бидний Монголчууд олон ширхэгийг нийлүүлэн түмэн жингийн хүндийг өргөхтэй адил хүчин чадлаа нэгтгэн нэгэн зэрэг хөдлөхгүй ямар цагийн хүлээнэ. хэмээн ярилцжээ. Дамдинсүрэн нутагтаа буцаж ирээд Ханддоржтой ийнхүү танилцсанаа итгэлтэй хүмүүстээ ярьж байсан гэнэ.Дамдинсүрэн Манж Чин Улсын Шинэ Засгийн Бодлогых колоничлох шинж чанарыг гүнзгий ойлгож байсан тул түүнийг эсэргүүцэж байсан бөгөөд Баргад тэр үед өрнөсөн улс төрийн үйл явдал нь Их Хүрээнд Монголын тусгаар тогтнолыг сэргээх санаачлагыг бүрэн дэмжиж байлаа. 1911 оны есдүгээр сард Баргын ноёдын нууц хуралдаан болж манж, хятадаас салан тусгаарлах асуудлыг хэлэлцэж, зэвсэгт бослогод бэлтгэх шийдвэр гаргаж, цэрэг элсүүлэн зохион байгуулж 1912 оны эхээр зэвсэгт бослого гаргаж, түүнийг толгойлогчдын нэг Дамдинсүрэн тэргүүтэй долоон хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг нийслэл Хүрээ рүү томилон явуулсан.
1912 онд Ховдын байлдаанд Дамдинсүрэнгээр удирдуулсан цэрэг ялалт байгуулсныг хөхүүлэн Богд хааны зарлигаар Дамдинсүрэн нь үе улиран залгамжлах засаг төрийн бэйл, цэргийн жанжин, Манлайбаатар цолоор шагнагдсан. 1913 оны Өвөр Монголыг чөлөөлөх Таван замын байлдааныг ерөнхийд нь удирдсан ерөнхий командлагч жанжин нь Дамдинсүрэн байсан.
Дамдинсүрэн бол зөвхөн цэргийн жанжин төдийгүй Монгол улсын гадаад харилцааны нэртэй зүтгэлтэн байлаа. Тэр 1913 оны гуравдугаар сард Монгол-Төвдийн гэрээ байгуулахад, 1914 онд Монгол; Орос; Хятад гурван улсын этгээдийн гэрээ хэлэлцээ эхлэхэд Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүнд оролцож байжээ.1914 оны наймдугаар сараас 1915 оны тавдугаар сарын 25-нд явагдсан Хиагтын хэлэлцээрт Дамдинсүрэн Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж Монгол үндэстний нэгдмэл нэгэн улс байх байр суурин дээр тууштай зогсож байлаа. Энэ байр суурийг Орос, Хятадын төлөөлөгчид шүүмжлэн, хэлэлцээрээс татахыг олон удаа тулган шаардсан учир Монгол Улсын Засгийн газар арга буюу Дамдинсүрэнг хэлэлцээрийн дундуур гэдрэг татсан нь монголын төлөөлөгчдийн байр суурь эрс сулрахад хүргэсэн юм. Хэлэлцээрийн эцэст Монгол автономит улс болж, ихэнх Баргууд Дундад Иргэн Улс-ын бүрэлдэхүүнд үлдсэн. Хоёр их гүрний тулган хүлээлгэсэн гурван улсын хэлэлцээр нь Олноо Өргөгдсөн Монгол Улсын тусгаар тогтнолыг цуцалж зөвхөн Халхын дөрвөн аймаг, Ховдын хязгаарыг Гадаад Монгол гэдэг нэртэйгээр ДИУ-н харъяанд автономит эрхтэй, байлгах болсонд Дамдинсүрэн Монголын нийт ард түмний адил гүн хилэгнэж байлаа. 1915 оны зун [өмнө] Монголд ДИУ-г эсэргүүцсэн олон нийтийн бослого гарсан. Түүний гол удирдагч нь 1913 онд Манлайбаатар Дамдинсүрэнгийн удирдлагаар [Өмнө] Монголыг өмгөөлөн хамгаалах цэргийн нэгэн удирдагч байсан шударга баатар Бавуужав байлаа. Иймд Автономит Гадаад Монголын засгийн газар Дундад, Орос хоёр улсын шахалтаар жанжин Манлайбаатар Дамдинсүрэнг, 1915 оны 7 сард Зүүн Өмнө Хязгаарын түшмэл, цэргийг ятган тохинуулах сайдаар томилон хэдэн сар ажиллуулсан боловч зэвсэгт бослогыг зогсоож чадаагүй билээ.
1918 онд орон нутагтаа түр чөлөөгөөр очихдоо дээрэм тонуул хийж ард олныг айлгаж явсан хоёр хулгайчийг барьж цаазалсан тул Богд хааны зарлигаар жанжин цолыг хурааж, 3 жилийн цалин пүнлүүг хасч улмаар хошуу захирагч хүү Д.Долсоны 3 жилийн пүнлүүг хасч шийтгэсэн байна.Гэсэн ч удалгүй 1919 онд жанжин цолыг нь эргүүлэн олгож, улбар шар хүрэн цол, Богд хаан онцгой гавьяа байгуулсан хүнд соёрхдог «Эрдэнийн очир» одонгоор шагнасан. Тэр "Би Хятад, Улаан Орос 2-оос Монголыг хамгаалж чадна" гэж хэлж байжээ.
1920 оны 9-р сарын 11-нд Дамдинсүрэнг баривчлан, Хятадын шоронгийн хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөлд 107 хоног хоригдон, 1921 оны 1-р сарын 27-ны өдөр "Би эдний дэргэд хэвтээгээрээ үхэхгүй" хэмээн өгүүлж босоогоороо амьсгал хураасан ба "Төр улсын хэргийг амьд хүмүүн хөдөлгөдөг аваас тогтсон суурь ану амь бие хайр үгүй зүтгэж, үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтдог" хэмээн айлдан гэрээслэсэн байдаг.
Хүүхдүүд, тэдгээрийн тухай
засварлахДамдинсүрэн 3 хүүтэй байжээ. Гэвч тэд хэлмэгдсэн байна. Ууган хүү хошуу ноён Д.Долсонг Ёнзон хамбын «Төв» эсэргүү байгууллага гэгчийн хэргээр баривчилж, 1936 оны 12 дугаар сарын 31-нд буудан, хөрөнгийг нь хураажээ. Дунд хүү Д.Дампилыг 1938 оны 3 дугаар сарын 25-ны 11-р тогтоолоор 10 жил хорьж, хөрөнгийг нь хурааж, отгон хүү Д.Уртнасанг 1938 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор буудан алах ялаар шийтгэсэн архивын баримт байдаг. 1929 онд Манлайбаатрын ууган хүү үе улирсан хошуу ноён Д.Долсонгийн хөрөнгийг хураахад 2000 адуу, 8000 хонь ямаа, 100 үхэр, 100 гаруй тэмээг хураасан архивын мэдээ бий. Д.Долсон ноён 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ДШЦК-ын 193 дугаар тогтоолоор, дунд хүү Д,Дампил 1992 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ДШЦК-ын 145-р тогтоолоор, отгон хүү Д.Уртнасан нь 1972 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1-р тогтоолоор цагаатгагдсан байна.
Хэлсэн үг
засварлах„«Би хятадуудын гарт хэвтээгээрээ биш босоогоороо үхнэ. Хэрэв эндээс амьд гардаг юм бол Маймаа /Амгаланбаатар/ хотоос Бээжин хүртэл хүйс тэмтэрнэ»
«Зовлон тоочсон хүнийг эр хүн гэдэггүй, түүнийг ярьж биш сөрж туулдаг юм.»
«Зовж, жаргасан ч Хятадын модон анжис чирч явахгүй шүү хөө. Алдсан оносон ч ар халхынхаа нутаг, Монголынхоо гал голомтыг түшиж ясаа тавина.»[1]
«Газар оронгүй бөгөөс улс үгүй»“
Сонирхолтой баримтууд
засварлах- Богд тэргүүтэй ноёдууд хятадыг дагахаар өмнө зүгт хандаж байх үеэр, Манлай ван Дамдинсүрэн нь бие муудсан хэмээн нутгийн чөлөө авч нутаг гэртээ буцахаар зүүн зүг явахын өмнө цэргийн яамны ноёд сайдууд тусгай урьж, ёслолыг гүйцэтгэсэн баярын хадаг зэргийг барьсанд, Манлай ван Дамдинсүрэн өгсөн хадаг зэрэг зүйлүүдийг хамхин гартаа барьж, түй хэмээн нулимж тотгон дотор нь хаягаад өшгилж орхисон байна. Чингээд хэлсэн нь «намайг эргэж ирэхэд заяа бадарсан байх биз» хэмээжээ.[2]
Эх үүсвэр
засварлах- Барга судлаач Шарайд Ц. Түмэн: Монгол голомтоо гэсэн Баргын ард түмний тэмцэл, хувь заяа [1]
Эшлэл
засварлах- ↑ http://olhunud.blogspot.com/2011/02/normal-0-false-false-false-en-us-ja-he.html
- ↑ Ш.Нацагдорж “Манлай баатар Дамдинсүрэн”
Цахим холбоос
засварлах- https://web.archive.org/web/20121124084117/http://www.dnews.mn/id/9554
- https://web.archive.org/web/20180307052846/http://www.mongolinternet.com/famous/ManlaiBaatarDamdinsuren.htm
- https://web.archive.org/web/20140301021353/http://sonin.mn/news/culture/20926
- http://olhunud.blogspot.com/2011/02/normal-0-false-false-false-en-us-ja-he.html
- http://www.mass.mn/n/16646
- http://tungalag.mn/index.php/2014-06-26-10-55-24/item/136-2014-07-30-11-44-26
- http://soyombo-1911.blogspot.com/2011/05/blog-post_05.html