Зуунмод-Тэрэлжийн тулалдаан

Манжийн хаан Галданд өөрийн элч төлөөлөгчөө довтолгон захиа ирүүлж өөртөө татахыг зорьж байв. Гэвч Галдан дөнгөж эзлээд буй халхыг манжид алдахгүйн тулд 1696 онд цэрэг, албат иргэдээ нүүлгэн Хэрлэн, Туул голын саваар цэргийн хүрээгээ засчээ. Тэрээр Хөлөнбуйрын нутгагт үе үе уулгалан мал сүрэг дээрэмдэн барга үзэмчний зарим ноёдтой холбоо тогтоон хүчээ зузаатгахыг эрмэлзэж байв. Галдан халхын нутгийг эзэлж, гол удирдагчдыг гартаа оруулах зорилготой байсан ч чадсангүй. Халхын удирдагчид Манжийн хаанд итгэл олж, нэгдсэн цэргийн хүчээр алдагдсан нутгаа Галдангаас чөлөөлж авахыг хүсэж байв.

Зуунмод-Тэрэлжийн тулалдаан
Хамаарах дайн: Зүүнгар-Чин улсын дайн
Огноо1696 оны 5 дугаар сарын 13
Байршил
Зуунмод, Тэрэлж
Үр дүн Манжийн ялалт
Нутаг дэвсгэрийн
өөрчлөлт
Халхын нутаг Манжид эзлэгдсэн
Байлдагч талууд
Зүүнгарын хаант улс Манж Чин гүрэн
вассал Өвөр-Монгол, Халхын ханлигууд
Командлагч болон удирдагчид
Галдан бошигт хаан Энх амгалан хаан
Цэргийн хүч
30 000 цэрэг 50 000 цэрэг
Хохирол
5000 алагдсан, 3000 олзлогдсон 100 алагдсан, 50 олзлогдсон

Энэ үед Галдан Ар халхын зарим ноёдыг элсүүлэн хүчээ зузаатгаж авчээ. Энэ мэдээг сонссон Манжийн хаан Галданг даран сөнөөхөөр яаравчилж, ингэхдээ халхын ноёдын хүчийг ашиглахаар шийдэв. Тэрээр их цэргээ Бээжингээс хэдийнээ хөдөлгөжээ. Тэдний дунд Халхын ноёд, цэргүүд олноор нэмэгджээ. Гэвч хугацаа хожих, хууран мэхлэх зорилгоор Манжийн Энх амгалан хаан, Галданд 200 лан мөнгө, хэлхээтэй зоос, алтан хуяг, магнаг дээл, булган малгай зэрэг ховор нандин бэлэг хүргүүлсэн байна. Мөн худ ургийн барилдлага тогтоох үүднээс Манжийн хааны гүнж Түвэ Цэнг авчирснаа айлтгажээ.[баримт хэрэгтэй]

Галдан захидал, бэлэг сэлт, хааны гүнжээс татгалзсангүй хүлээн авч, элч төлөөлөгчийг буцаажээ.[баримт хэрэгтэй] Тэрбээр Өвөрмонголын зарим ноёдоор дамжуулан Манжийн их цэрэг ирснийг мэдсэн тул Манжийн зүүн замын цэргийг угтуулан хамгаалалтын зуутуудыг үлдээгээд гол хүчээ Хэрлэнгээс Туулын сав, Тэрэлж, Зуун модны орчим нүүлгэжээ. Хүч тэнцвэргүй хамгийн том шийдвэрлэх тулаан нь Зуун модонд болжээ. Энэ бол Халхын нутгийн төв хэсэг байлаа. Манжийн түүхэнд зөвхөн Манжийн цэрэг тулалдсан мэтээр бичдэг боловч үнэндээ Манжаас гадна халхын ноёдын цэрэг тулаанд гол үүрэгтэй байсан түүхэн баримт нилээд бий.

Зуун модны тулаанд Галдангийн нэг цэрэгт Манж-Халхын 10 цэрэг ноогдож байв. Тулааны эхний хоёр хоногт аль аль талаасаа ихээхэн хохирол амсчээ. Гурав дахь өдрөөс Манжийн тал Галданг гурван талаас нь бүслэн хүнд байдалд оруулав. Халхын ноёдын газар орноо мэдэх давуу тал үүнд нөлөөлсөн байж болох юм. Иймд Галдан хаан Ану хатан нар нөөц мянгатаа өөрсдөө толгойлон байлдааны талбарт оржээ. Ану хатан хүнд шарх авч, Галдан цэргүүдтэйгээ Туул өгсөн ухарч гурван газраар Манжийн цэргийн бүслэлтийг сэтлэн гарчээ.

Энэ дайнд ойрадууд гурван мянган хүнээ олзлуулж, таван мянган хүнээ алуулж, бие биенээсээ сарнин салжээ. Үлдсэн хэсэг нь Тамирын голд цугларан яах ийх тухайгаа зөвлөлдсөн байна. Гэвч Галдангийн гол жанжин болох Данзан-Омбо, Дугарравдан зэрэг хүмүүс өөр өөрийн албатаа дагуулан Алтай, Завхан, Хүнгүй тийш салан оджээ.

Зуун модны байлдаанаас Галданг зугтаалган алдсандаа Манжийн хаан ихэд харамсаж, Галдангийн толгойг даруй авч ирсэн хүнд “нэг лан маханд нэг лан мөнгө, нэг лан ясанд нэг лан алт тус тус олгоно”[баримт хэрэгтэй] хэмээн зар тарааж байв. Зуун модны дайнд хүнд шархадсан Ану хатан замдаа өөд болжээ.