Жарууд
Жарууд (монгол бичиг:ᠵᠠᠷᠤᠤᠨ) нь XVI-XX зууны үеийн өмнөд Монголын отог, хошууны нэр. Даян хааны үеэс эхлэн халх түмний доторх өвөр таван халхын нэг отог байснаа, Чин гүрний үед Зуу Удын чуулганы зүүн, баруун Жарууд хошуу болсон.
Түүхийн тойм
засварлахЭнэ аймгийн нэр 13-14 дүгээр зууны “Монголын нууц товчоон”, “Судрын чуулган” зэрэг сурвалжид нэр байдаггүй, харин зарим эрдэмтний үзэхээр үгийн язгуурыг зар, зар тунхагтай холбон тайлбарласан байдаг. Харин урианхайн жарчигуд овог, жарчигудай дархан гэсэн нэртэй холбож тайлбарладаг үзэл байдаг. Энэ үгийн язгуур нь “Зарчи” болно, “-ууд” буюу “-гууд” бол олон тооны дагавар болох юм. Бидний бодлоор зарууд буюу, зарчигууд бол язгуур нэгтэй үг бололтой.
Жарууд хошууны Дарма гүүшийн 1739 онд зохиосон "Есөн зүйл бүлэгт алтан урагтны дөт түүх алтан ястны сэтгэлийн цэнгэл Алтан Хүрдэн Мянган Хигээст Бичиг" гэдэг номондоо “Жаруудын Баасан тавнан, монголын 9 өрлөгийн нэг Зэлэмийн үр удамчар”[1] гэсэн тэмдэглэл байдаг нь энэ аймгийн үүслийг урианхай аймагтай холбодог. Жаруудын Баасан тавнан болбоос Даян хааны төлөө баруун гурван түмний бослогыг дарсан Далан тэргүүний тулалдаан, монголжин аймгийн бослогыг дарсан Түргэний голын тулалдаан, урианхайн бослогыг дарсан хэд хэдэн дайн байлдаанд идэвхтэй оролцож, гавьяа байгуулсан учраас Даян хаанаас дай дарх, ал улаан жуух хүртэж, Мандухай сэцэн хатнаас төрсөн ганц охин Төрөлт гүнжийг гэргий болгожээ.
Батмөнх Даян хааны үед 12 отог Халх түмний нэгэн отог байснаа, сүүлдээ Алчуболдын харьяан дахь 5 отог Өвөр Халхын бүрэлдэхүүнд багтаж, 1548 онд Дарайсүн гүдэн хааныг даган зүүн өмнө зүгт нүүдэллэн Мүгдэн хотын араар нутаглав. Алчуболдын хүү Хурхач Хасар ноён таван хүүдээ таван отог халхыг хуваан өгснөөс жаруудыг ахмад хүү Убаш үйзэнд өмч болгож өгсөн. Тухайн үеийн өвөр халхын таван отог нь цахарт төвлөрсөн монголын хааны гол холбоотон байж, том жижиг бүхий дайн байлдаанд идэвхтэй оролцож явсан. 1619 онд Лигдэн хааны зарлигаар Өвөр Халхын Хонгирадын Зайсай ноён, Жаруудын Бах, Сабун тайж, Хорчины Сангаржай тайж нар түм илүү цэрэг дайчлан Мин улсын цэрэгт туслахаар очсон боловч Тиелин хотыг нэгэнт эзлээд байсан Манжийн цэргийн давуу хүчинд цохигдон, Зайсай ноён тэргүүтэй олон тайж нар олзлогдсон байна.[2] Лигдэн хааны үеийн өвөр халх тэр дундаас жарууд отог нь хааны зарлигаар манжтай дайтаж, ялагдсны дараа олзлогдсон ноёдоо суллуулахын тулд элч солилцохдоо Мин улстай хамтран холбоотон болж дайтах сонирхолоо илэрхийлсэнд манж нар тангараг тавилцаж, олзлогдсон ноёдоос Зайсай тайжаас бусдыг суллан тавьж явуулсан.
Лигдэн хаан өөрийнх нь харьяат ноёдын дундаас манжтай холбоо тогтоосныг мэдэж, өвөр халхын ноёдыг шийтгэхээр оролдох болсноор 1621-1622 онд өвөр халхын зарим тайж ноёд албатаа авч Чин гүрэнд дагаар оржээ.
Гэвч энэ тангарагаа халхын ноёд таслан манжийг дайрч түйвээх болсон тул 1623 онд манжийн Абахай, Дэгэлэй нарын удирдсан 3000 цэрэг Жаруудын Ананд тайжийг довтлон талан дээрэмдэв. 1626 онд Лигдэн хаан цэргээ удирдан хорчины Ууба тайжийн хот хүрээг бүслэн байлдаад, манжийн туслахаар ирсэн цэрэгт цохигдон ухарсанд манж нар Жарууд, Баарин аймгийг довтлон мал сүргийг тонон дээрэмдэв.[3]
Тухайн үед Жарууд аймаг 5000 цэрэгтэй хүчирхэг аймаг байсан бөгөөд 1628 онд Манжийг дагажээ.[4] 1648 онд Эеэр засагч хааны зарлигаар Жаруудыг зүүн, баруун хоёр хошуу болгон хуваажээ. Хожим нь Жиримийн чуулганд захируулжээ. Эдүгээ Өвөр Монголын Тунляо хотын харьяанд захирагдаж байна.
Жаруудын ноёд
засварлахЖаруудын хоёр хошууны ноёд нь Даян хааны хүү Алчуболдын шууд удам Убаш үйзэн ноёноос салбарладаг. 1628-1629 онд Чин гүрэнд дагаар орсон ч, шууд хошуу болголгүй 1648 онд Эеэр засагч хааны үед зүүн, баруун хоёр хошуу болгон хувааж, Зуу Удын чуулганд харьяалуулжээ.
- Жарууд зүүн хошууг байгуулахад Убаш үйзэн ноёны том хүү Баяндар илдэнгийн ач Абатай Найчи ханы хүү Чингэбуу (?-1653) нь Тэнгэрийн сэцэний 3-р он буюу 1629 онд дагаар орж,[5] 1648 онд засаг ноён, төрийн бэйл болов.
- Убаш үйзэн ноёны отгон хүү Тоти дуралын 3-р хүү Сабун дархан баатар 1628 онд Чин гүрэнд дагаар орж, 1648 онд жарууд баруун хошууг байгуулахад 2 дахь хүү Сангарыг (?-1666) нь засаг ноён, төрийн дархан бэйл өргөмжлөв.
Холбоотой мэдээлэл
засварлахЭшлэл
засварлах- ↑ Д, Гонгор (1970). Халх товчоон. Vol. 1 (1 ed.). Улаанбаатар. p. 166.
- ↑ Монгол Улсын түүх. Vol. 4. Улаанбаатар. 2003. p. 60.
- ↑ Монгол Улсын түүх. Vol. 4. Улаанбаатар. 2003. pp. 62–63.
- ↑ https://mongoltoli.mn/history/h/397
- ↑ "欽定外藩蒙古回部王公表傳 (四庫全書本)/卷之029 - 维基文库,自由的图书馆". zh.wikisource.org (хятад хэлээр). Татаж авсан: 2025-04-03.