Тэнгис мэргэн ван
Тэнгис мэргэн ван (ᠲᠠᠩᠭᠢᠰ,?-1648) бол 17-р зууны эхэн үеийн Монголын Сөнид аймгийн ноён, Чин гүрний Шилийн голын чуулганы Сөнид зүүн хошууны засаг ноён, төрийн жүн ван. Хиад боржигин овгийн Табахай хошууч ноёны ууган хөвгүүн. Өвөө нь Хөхэчүдэй мэргэн тайжийн хөвгүүн Бурхай цөөхүр юм. Цол нь анхандаа Мэргэн тайж байснаа Чин гүрэнд дагаар орсны дараа төрийн жүн ван болсон. 1620-иод онд Цахарын Лигдэн хааны засаглалаас зугтаж, Халхын Сэцэн хан Шолойг түшихээр очив. 1636 онд манж нар өмнөд монголыг нэгтгэсний дараа Халхын Сэцэн хан Шолой Чин гүрэнд буулт хийснээс эхлээд, түүнийг түшихээр ирсэн өмнөд монголын ноёд нутгийн зүг буцаж эхэлсний түрүүч нь Үзэмчиний Дорж сэцэн жонон, Сөнидийн Тэнгис мэргэн тайж нар байсан юм. 1639 онд албат ардаа авч Чин гүрэнд дагаар оров. 1640 онд засаг ноён, төрийн жүн ван хэргэм шагнаж, манж ноёны гэгтэй гэрлүүлж эфү болгов. 1646 онд Сэцэн хан Шолой, Түшээт хан Гомбодорж нарын ятгалгаар Халх руу албат ардаа авч оргон явсаар Туул голын орчимд Чин гүрний нэхсэн цэрэгт бүслэгдэж, дагуулж гарсан албат ардаа олзлуулж, цөөн тооны цэрэг авч Сэлэнгэ мөрөн лүү зайлан одов. 1648 онд гэмшил хүлээж, Чин гүрэнд бууж өгсөний дараа хэргэм зэргийг нь удаах дүү Тэнгидэй ноёнд шилжүүлж, хошууны засаг ноён болгов. 1648 онд нас барав.
Өмнөх Шинээр үүссэн |
Сөнид зүүн хошууны засаг ноён 1640-1646, 1648 |
Дараах Тэнгидэй |