Дөрвөд Далай хан аймаг

Дөрвөд Далай хан аймаг буюу бүтэн нэр болох Төгс Хүлэг Далай ханы аймаг нь Зүүнгарын Дөрвөд аймгийн язгууртан Далай тайшийн 4-р үеийн ач Цэрэн нар Зүүнгарын дотоодын самуунаас дайжин 1753 онд Чин улсад дагаар оров. 1754 онд Чин улсын хаанд бараалхаар ирсэнд засаг, чин вангийн хэргэм хүртээж харьяат ардыг нэгэн хошуу болгожээ. 1755 онд Зүүнгарыг дайлаар орсон Чин улсын цэрэгт явж Даваачийг барих хэрэгт хүчин зүтгэсэн тул хаанд бараалхаар ирэх үед хошой чин вангийн хэргэм хүртээж, Төгс хүлэг далай хан цол шагнажээ. 1758 онд нас барсанд түүний хүү Сономгомбод засаг, далай ханы цолыг залгамжлуулав. Дөрвөд нарыг Чин улсад дагаар ирэхэд Түй, Байдрагийн голд түр суулгасан бөгөөд Зүүнгарыг эзлэн авсны дараа уг нутагт нь буцаахаар төлөвлөж байжээ. Ингээд Эх аралаар дамжин Эрчист нүүн очиж суусан боловч Зүүнгарт дэгдсэн бослого, дайн самууны улмаас буцан 1757 онд Ховдод нүүн ирж, 1758 оноос Улаангомын газар нутаглан суух болов. Төгс хүлэг далай ханы хошууны нутаг нь өмнө болон баруун талдаа Алтайн урианхайтай, хойш гэр харуулын нутгаар Тагна урианхайтай, зүүн болон зүүн өмнө талаараа баяд хошуудтай зах нийлнэ. 1911 онд Монгол улс тусгаар тогтноход Дөрвөд далай хан Богд хаанд дагаар оров. Хуучин Манжийн үеийн Сайн заяатын зүүн гарын чуулганыг Дөрвөдийн Төгс хүлэг далай ханы аймаг болгон өөрчлөв. 1925 оны засаг захиргааны өөрчлөлтөөр Дөрвөдийн хоёр аймгийг нэгтгэж Чандмань уулын аймаг болгон өөрчлөхөд хуучин Далай ханы хошууг, Баатар засгийн хошуутай нэгтгэн Төгсбуянт уулын хошуу хэмээн нэрийдэж Баянхайрхан, Баянзүрх, Баянмөрөн, Эрдэнэхайрхан, Эрдэнэ-Уул хэмээх 5 сумтай болгожээ. 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр тус хошууны хуучин нутаг нь одоогийн Увс аймгийн Бөхмөрөн, Сагил, Давст, Цагааннуур сумд, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт багтан оржээ.

Засаг ноёд

засварлах
  1. Цэрэн(车凌), Засаг, хошой чин ван төгс хүлэг далай хан, 1754-1758
  2. Сономгомбо, Засаг, төгс хүлэг далай хан, 1758-1769
  3. Магсаржав, Засаг, төгс хүлэг далай хан, 1769-1812
  4. Цэвээнравдан, Засаг, төгс хүлэг далай хан, 1812-1820
  5. Ламжав, Засаг, төгс хүлэг далай хан, 1820
  6. Цэвээнванчиг, Засаг, төгс хүлэг далай хан, 1821-1843
  7. Мишигдорж, Засаг, төгс хүлэг далай хан, 1843-1848
  8. Сандагдорж, Засаг, төгс хүлэг далай хан, 1848-1854
  9. Лхажалравдан-сэржид,Засаг, төгс хүлэг далай хан, 1854-1863
  10. Агваанжалцан, Засаг, төгс хүлэг далай хан,1864-1868
  11. Гомбожав, Засаг, төгс хүлэг далай хан, 1868-1870
  12. Галсаннамжил, Засаг, төгс хүлэг далай хан, 1870-1912
  13. Түмэндэлгэржав, Засаг, төгс хүлэг далай хан, 1912-1923

Засаг захиргааны нэгж

засварлах
  1. Баатар засгийн хошуу
  2. Дайчин засгийн хошуу
  3. Дөрвөд Далай ханы хошуу
  4. Жонон засгийн хошуу
  5. Мэргэн засаг улсад туслагч гүнгийн хошуу
  6. Саруул засаг улсын түшээ гүнгийн хошуу
  7. Сэцэн засаг улсын түшээ гүнгийн хошуу
  8. Үйзэн засгийн хошуу
  9. Хурц засгийн хошуу
  10. Эетэй гүнгийн хошуу
  11. Эрдэнэ гүнгийн хошуу
  12. Эрх засаг хошой чин вангийн хошуу (10 баядын 1 хошуу)