Лувсанжамбын Мөрдорж

Лувсанжамбын Мөрдорж (1919 - 1996) нь Монгол улсын XX зууны манлай хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин юм. Тэрээр Монгол улсын төрийн дууллын аяыг Билэгийн Дамдинсүрэнгийн хамт зохиожээ.

Лувсанжамбын Мөрдорж
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилхөгжмийн зохиолч

Л.Мөрдорж 1919 оны 9 сарын 15-нд одоогийн Улаанбаатар (Өргөө) хотноо төрсөн. Бага насанд эх эцгээс өнчирч, сэвлэг даахьтай байхдаа Богд хаан, Дондогдулам хатан нарт үрчлэгджээ. 1923 онд хатан, 1924 онд Богд хаан нас барсан тул есөн эрдэнийн бэлэгтэй төрөл төрөгсдөд нь буцаажээ.

1924-1929 он, 5 настайгаас нь номтой багш нарт шавь оруулсанд бурхны ном үзэж "...уншлага, нэрийн номын өмнөх шат жүдийн ном дуусгасан". Түүнийг лам багш нь "ой тогтоолт сайтай хүүхэд" гээд жасаанд дагуулж явдаг байсан хэмээн тэрээр дурссан байдаг.

1929-1932 он, Хүрээ орж ирж бага сургуульд сурчээ. Түүний эгч Цэвэгжав шанзчин, эгчийн нөхөр Чүлтэм дуу хуурт дуртай хүн байсан, авга ах Лувсан-Иш лимбэчин, дүү Дашдулам шанзчин, мөн тэднийхээр Гоож-Анаа, Лувсан (Ө.Лувсан) зэрэг хуурчид ирж хуурддаг байв. Бага сургууль төгсөхөд нь Гандантэгчэнлин хийдэд суулгаж лам болгох гэсэн боловч тэрээр дуу хөгжимд дурлан орой үдшийн цагаар клубүүдээр эргэлдэх болсонд "хойт эцэг" болох Чүлтэм өөрийн адил мэргэжилтэй болгохоор санхүүгийн түр сургуульд суулгав.

1932-1933 он, Санхүү нягтлан бодохын зургаан сарын курст сурав. Хуучир худалдан авч "Шивээ хиагт", "Гандий мод", "Хүмүүн төрөлхтөн", Гоож-Анаагийн "Сагсгар самбай"-г тоглож сурав. Нэмж хуур сурав. Санхүүгийн сургууль төгсөхөд нь Завхан аймагт хуваарилсныг гэрийнхэндээ хэлэлгүй хуучраа авч Төв театрт шалгуулахаар очжээ.

1933-1936 он, Улсын Төв Театр (УТТ)-т шалгуулж тэнцснээр Түдэв (Д.Түдэв), Түвдэн, Алтангэрэл нарын алдар цуутай хуурчдын эрдэм чадвараас суралцав. Сул дагалдангаас эхэлж 75 төгрөгний цалин авдаг (1-р зэргийн хөгжимчин) болж тайзан дээр гарч Түдэв багштайгаа "Шидун хуар", "Дүйнхэр да лам"-ыг хамтран хөгжимддөг, Дорждагва (Ж.Дорждагва) багшийгаа "Түмний эх", "Эртний сайхан", "Дөрвөн цаг" зэрэг дуу дуулахад дагаж хуурддаг болов. Тухайн үед (1930-1936 онд) манай оронд ирж ажиллаж байсан тахлын эмч-орос докторын гэргий гарамгай төгөлдөр хуурч М.Д.Берлин-Печниковад мөн давхар шавилан ая дууг тэмдэглэн ноотолж бичих арга ухаанд суралцжээ. Орчин цагийн дуу хөгжмийг үндэслэгч М.Дугаржав удирдан, УТТ-ын уран бүтээлчид М.Д.Берлин-Печниковатай хамтран 1934-1936 онд монгол үндэсний (ардын урт, богино) дууг эмхэтгэн гаргасан. Ирээдүй хойч үедээ үндэсний дуу хөгжмөө өвлүүлэн үлдээх ажилд Л.Мөрдорж идэвхийлэн оролцсныг М.Д.Берлин-Печникова түүврийн оршилд дурджээ. Жич: М.Д.Берлин-Печниковагийн охин "Мөрдорж ... ээжийн сурагчдын нэг ... тэр “Харц Дамдин хатан Долгор” (цомнол Ши.Аюуш) гэдэг үндэсний дуурь зохиосон” хэмээжээ. Нэрт зохиолч Э.Оюун "Монголын театрын түүхэн замнал" номдоо түүнийг дуутай жүжгийн аялгуу зохиож байсан тухай дурдсан байдаг байна.

1936-1939 он, Цэрэгт явж цэргийн алба хаав. 1936 оны 1-р сарын 28-нд Монгол улсын хил дээр халдлага гарсан жил цэрэг татлага орон даяар өргөн явагдсан байдаг. Тэрээр насаа нэмж (18-тай гэж) хэлээд цэрэгт явжээ. Цэрэгт байхдаа Ардын хувьсгалын 15 жилийн ойн баяр наадмаар үндэсний хөгжмийн тэмцээнд (16 настай) хуучир хөгжмөөр түрүүлэн Улсын алдарт гавъяат хөгжимчин (Монгол улсын гавъяат зүтгэлтэн) цол хүртэж, Жанжны тушаалаар Цэргийн Төв Клубт хөгжимчнөөр шилжиж цэргийн албаа хаав. Цэрэгт байхдаа жүжигт тоглож, "Партизан Чойбалсан" (1937), "Сүхбаатар" (1938) зэрэг дуугаа зохиов.

1937 оны "Намын үнэн" сонинд "Партизан Батхүүгийн зам дээр" (А.Санжидын цомнол) дуулалт жүжгийн хөгжмийн найруулгыг хөгжмийн ахлах сургагч В.А.Лялин, хөгжмийн II зэргийн удирдаач Г.Балданцэрэн нар бичиж, алдарт гавьяат хөгжимчин Ө.Лувсан, улсын алдарт гавьяат хөгжимчин Л.Мөрдорж нарын цэргийн 20 гаруй шилдэг уран бүтээлч чадварлаг хөгжимдлөө" гэж бичжээ.

1939 онд цэргээс халагдан Улсын Төв Театртаа (УТТ) эргэн ирэв. Халх голын дайны үед Театрын уран бүтээлчдээ удирдан Цагаан даваа хүртэл концерт тавьж явснаа дурсан ярьсан нь хальсанд үлджээ. Монгол Улсын "гарамгай" баатар Л.Дандар “Гал дөлөн дунд” дурсамж номдоо Халх голын дайны гал дөнгөж зогсож манай дивизийн ангиуд байлдааны байдлаас түр гарч бэлэн байдалд тушаал аваад Халхын голын зүүн эрэгт байрласан үед манай цэргийн ахмад Л.Мөрдоржийн захирсан дуу бүжгийн Ансамблийн жүжигчид ирж өөрсдийн дэлгэрэнгүй программ концертоо сонирхуулж бас дайчидтай хамтарсан үдэшлэг зохиож "Хүмүүн төрөлхтөн", "Задгай цагаан"-ы аянд бүжиглэдэг байлаа гэжээ. Л.Мөрдорж тэр үед (19-20 настай байхдаа) цэрэг эх орны сэдэвтэй арваад дуу зохиосны дотор З.Пунцагийн шүлэг, алдарт "Түүхт хил" дуу нь байдаг. “Түүхт хил бол миний хайртай дуу. Монгол төр, монгол түмэн олон дайны хэцүү Цагт хил хязгаараа баталгаажуулах, түүнийгээ хамгаалж ирсэн түүхтэй. Энэ эх оронд гадны этгээдийн саврыг хүргэхгүй юмсан гэдэг үйл хэргийн төлөө монгол түмэн үеийн үед тэмцэж ирсэн. Үүний дотор хилчдийн гавъяаг юутай ч зүйрлэмгүй агуу юм” хэмээн тэрээр найз АЖ Г.Хайдавт дурдаж байжээ. "Түүхт хил" дуу нийтийн дуунд шинэчлэл авчирсан гэж судлаачид үздэг байна. Нийтийн дууны дахилттай бадагчилсан дууны шинэ хэлбэрийг бий болгож “Үүл нүүж цахилгаан бадарсан тал” бадгийг хүүрнэл, өгүүлэмжээр “Энэ бол миний эх орон, эзэн бидний өлгий нутаг” гэсэн дахилтаар оргил хийж маршийн сүрлэг хэвээр бүтээсэн нь нийтийн дууны шинэ хэлбэр байлаа. “Түүхт хил” дуу эх орны сэдэвт дуунд баатарлаг өнгө аясыг нэмж, эрчимт хэмнэлийг тогтоосон нь манай дууны урлагт шинэчлэл болжээ.

1940 оны 1-р сарын 1-нд дэлгэцэнд гарсан БНМАУ-ын анхны баатар Ш.Гонгорын тухай "Анхдугаар хичээл" баримтат урансайхны киноны хөгжим бичсэн нь монгол хүн анх киноны хөгжим бичсэн үйл явдал болсон байна. Хөгжмийн зохиолч Т.Чимэддорж Зөвлөлтийн мэргэжилтэн Р.И.Решетняк, Л.Мөрдорж нарын хамт гитар, мандолин, балалайкаар хөгжимдөж энэхүү кинонд дуу оруулалцсан хэмээн дурссан байдаг юм. (Жич: 1984 оны байдлаар Л.Мөрдорж баримтат болон уран сайхны 27 киноны хөгжим бичсэн хэмээн нэрт найруулагч Д.Жигжид дурдсан нь хальсанд үлджээ)

1940 оны эхээр УТТ-т ирж ажилласан Б.Ф.Смирновын "Композиторуудын семинар"-т хамрагдаж хөгжмийн боловсролоо дээшлүүлж, ноотоор хэрхэн хөгжимдөх арга ухааныг заалгаж сурчээ.

1940 оны 8-р сард Улсын циркт шилжиж саксофон хөгжимчнөөр ажиллав. Тэрээр хөгжмийн урлагийн олон байгууллага үүсгэн байгуулагдах болон анхны тоглолтоо тавихад томилогдон очиж ажиллаж байв.

1941 онд Монгол Ардын Хувьсгалт Цэргийн Дуу Бүжгийн Ансамбль байгуулагдахад анхны даргаар томилогдон очиж анхны концертыг найруулан тавьж, удирджээ.

1942-1951 онд Улсын циркт джаз хөгжмийн удирдаачаар томилогдон ажилласан байна. Дэлхийн II дайн эхлэхэд Зөвлөлтийн ард түмэнд, фронтод тулалдаж яваа цэрэг эрсийн ар гэр, ар талд сэтгэлийн дэм үзүүлэхээр циркийн үзүүлбэртэй тоглолтын хөтөлбөр боловсруулах, концерт тавих зорилго агуулж байв.

1944 он, Д.Сэнгээгийн шүлгээр "Эх орон" дуугаа (24-25 настайдаа) бичсэн. Дэлхийн II дайны төгсгөлд дорно зүгт чөлөөлөх дайнд оролцохдоо цэргүүд энэ дууг их дуулдаг байсан тул зохиогчийг олж тогтоон, 1946 онд (26-27 настайд нь) түүнд Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал буюу Төрийн шагнал хүртээв. Энэ нь түүний хувьд төдийгүй манай хөгжмийн салбарт олгогдсон анхны Төрийн шагнал байлаа. Энэ хөгжмийн эхний ноотууд 1946 оноос Монгол орон даяар Радио өргөн нэвтрүүлэг эхлүүлэх "Радио дохио" болон эгшиглэсээр иржээ.

1947 онд Дэлхийн залуучууд оюутны анхдугаар их наадамд хөгжимчнөөр оролцов. Түүний "Торгууд танц", "Эртний Монголын ээрэнцэг бүжиг" тус наадамд тоглогджээ.

1949 онд Монголын ард түмэн анхны галт тэргээ түүний "Ган зам" дуугаар угтан авсан. Анхны галт тэргийг угтан авах дууны уралдаанд хоёрдугаар байрт орсон ч нийтийн дунд илүүтэй түгэн дэлгэрсэн тул энэ дуугаар манай ард түмэн анхны галт тэргээ угтан авчээ.

1949-1950 онд БНМАУ-ийн Төрийн дуулал бичих шүлгийн уралдаан зарлагдаж, түрүүлсэн Ц.Дамдинсүрэнгийн шүлгэнд хийсэн хөгжмийг шалгаруулах ажил хоёр жил орчим үргэлжилж, эцсийн хувилбараар Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын хөгжмийг нийлүүлэхээр шалгалтын комисс шийдвэр гаргажээ. Ийнхүү манай Төрийн дуулал 1950 оноос эхлэн энэ аяар эгшиглэж ирсэн. 1951 онд (хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэнгийн хамт) БНМАУ-ын Төрийн дууллаар Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналыг хоёр дахь удаагаа хүртэж (31-32 настай) Төрийн хошой шагналтан болжээ.

1951-1956 онд Москвагийн хөгжмийн их сургуульд (багш нь Е.К.Голобеев, В.Г.Фере) суралцан төгсөхдөө бичсэн түүний дипломын ажил болох их орксетрт зориулсан 4 ангит "Миний эх орон" I симфони нь манай улсын анхны симфони болсон юм. 1956 оны хавар Монголын ард түмэн үндэсний анхны симфонио Радиогоор сонсож байжээ.

1956-1969 онд Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгад хөгжмийн зохиолчоор томилогдон ажиллав. Тэрээр "Надад тус чуулгын оркестрыг жинхэнэ хөгжмийн оркестр яаж болгох вэ? гэж бодогдлоо" хэмээсэн нь түүний дурсамжид тэмдэглэгдэн үлджээ. УАДБЧ-д ажиллаж байхдаа тэрээр хөгжмийн зэмсгийг олон болгох гэж түүх судлан их бүрээ, бага бүрээ, үелэх бишгүүр мэт өтгөн дуутай, суурь хөгжмийг шинээр зохиож нэмж хэрэглэн, үндэсний хөгжмийн оркестрт зориулсан бүтээл туурвиж, 1962 онд оркестрын бүрэн зэмсэгтэй концерт тавьж, 1967 онд "жинхэнэ хөгжмийн оркестр"-ын их бүрэлдхүүний анхны концертыг найруулан тавьж, үндэсний хөгжмийн их найрлын анхны бүтээл болох "Цэнгэлийн эгшиг"-ээ эгшиглүүлжээ. Дэлхийн сонгодог хөгжмөөс Францын хөгжмийн зохиолч Бизегийн "Кармен" дуурийн алдарт оршил, Оросын нэрт хөгжмийн зохиолч Глинкийн испани үндэсний аялгуугаар хийсэн удиртгал зэргийг үндэсний хөгжимд найруулан бичиж, монгол үндэснийхээ хөгжмийн урлагийг дэлхийн олон улсын хөгжмийн урлагтай мөр зэрэгцэн хөгжихөд асар их санаа, хичээл зүтгэл гаргаж амжилт олсон юм. Жич: УАДБЧ-ын найрал 2005 онд МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар "МОНГОЛ ТӨРИЙН ҮНДЭСНИЙ ХӨГЖМИЙН ИХ НАЙРАЛ" болж өдгөө үйл ажиллагаагаа явуулж байна.

1961 онд тоглогдсон Л.Мөрдоржийн "Хөхөө Намжил" дуурь нэн чухал түүхэн ач холбогдолтой бүтээл юм. Морьтон монголчуудын аж амьдрал, ахуй байдалтай салшгүй холбоотой үүсч бий болсон манай үндэсний хөгжмийн зэмсэг болох "Морин хуур" хөгжмийн үүсэл гарлын тухай домгийг тэрбээр анх олон улсын жишигт нийцсэн үндэсний бүрэн хэмжээний сонгодог бүтээл болгосон. Монгол түмний уртын дууг морин хуур хөгжим үеийн үед эгшиглүүлсээр ирсэн билээ. Жич: Зөвлөлтийн нэрт удирдаач, хөгжмийн зохиолч Ниязи нэгэнтээ "Хөхөө Намжил" дуурийн хөгжмийг 'чадварлаг сайхан' хэмээгээд 'Европын аль ч театрт тоглоход амжилттай үнэлгээ авна' гэжээ.

1969 онд найз мэргэжлийн дуучин Г.Хайдавын хамт хөгжмийн зохиолчдыг Монголдоо бэлтгэхийг санаачлан дотоод гадаадын мэргэжлийн хөгжмийн зохиолч мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлж, Улсын Багшийн Дээд сургуулийн хөгжмийн зохиолчийн салбарт (нэг удаагийн элсэлт авсан) онол, зохиомжийн багшаар ажилласан.

1974 оноос бие даасан мэргэжлийн хөгжмийн зохиолчоор ажиллаж байв.

1975 онд Ардын Жүжигчин цол хүртсэн.

1999 онд манай "ХХ Зууны манлай хөгжмийн зохиолч"-оор шалгарав.

2001 онд Монгол Улсын Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулга Л.Мөрдоржийн нэрэмжит болов.

2008 он, "Үндэсний хөгжимчдийн улсын уралдаан"-ыг Л.Мөрдоржийн нэрэмжит болгов. Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр, "Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрал"-ын хүрсэн өнөөгийн төвшин Л.Мөрдоржийн нөр их хөдөлмөр, зүтгэлтэй салшгүй холбоотой тул 2008 онд "Үндэсний хөгжимчдийн улсын уралдаан"-ыг анх зохион байгуулахдаа "Л.Мөрдоржийн нэрэмжит" болгож, үндэсний урлагийн хөгжилд түүний оруулсан гарамгай зүтгэлийг тийнхүү мөнхлөн алдаршуулжээ.

2019 он, түүний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэв.

30-аад оны төгсгөлд Халх голд харийн дайсантай тулалдаж монгол хөвгүүдийн цус асгарсан тэр үед Л.Мөрдоржийн бичсэн "Партизан Чойбалсан" /1937/, “Сүхбаатар” /1938/, "Байлдагч" /1939/, “Байлдаанч суман” /1939 он/, З.Пунцагийн шүлэг “Түүхт хил” /1939/, “Хилийн цэрэг” /1939/, "Хилчин" /1939/, "Их буучин" /1939/, "Нисгэгч" /1939/ зэрэг олон сайхан дуу нь цэрэг эрийн жавхаа сүрийг магтан итгэл зориг нэмж байлаа. Л.Мөрдорж жараад жил дуу, хөгжим туурвисан дуунууд нь манай хагас зуун жилийн аж төрөл, сэтгэл зүтгэлийн толь болж байсан юм. Л.Мөрдоржийн анхны дуунууд гарч ирмэгц л бүх нийтээр дуулдаг байсан гэдэг. Энэ нь тухайн цаг үе, нөхцөл байдлыг мэдэрснээ гоц хурдтайгаар хүмүүний сэтгэлд хүртэл аялгуулан илэрхийлдэг түүний төрөлх чадамжтай нь холбоотой. Л.Мөрдорж 1944 онд Д.Сэнгээгийн шүлгээр “Эх орон” дуугаа зохиосон ба энэ дууны бадрангуй жавхлант өнгө аяс нь манай эх орны сэдэвтэй дуунуудын манлай нь болж үлдсэн юм. Л.Мөрдорж, Д.Сэнгээ, Ц.Цэдэнжав, Д.Тарваа, Ло.Цэнд-Очир, Б.Бааст, Ч.Чимэд, Ц.Гайтав, Ч.Лхамсүрэн, М.Цэдэндорж зэрэг яруу найрагчдын шүлгээр олон (1963 оны байдлаар 280 орчим) дуу бүтээсэн байна. Л.Мөрдоржийн дуунууд өргөн уужуу аялгуу, тэнцвэрт яруу хөг, дуулалт шинж, тодорхой хэлбэр, ончтой энгийн байдгаараа бүхний сэтгэлд дотно байдаг билээ.

Л.Мөрдорж монголын орчин цагийн хөгжмийн гол нэг “багана” болох нь түүний симфонийн томоохон бүтээлүүдээр тодорхойлогддог. 1956 онд түүний туурвиж дуусгасан “Миний эх орон” симфони монголын симфони урлагийн түүхэн хуудсанд алтан үсгээр бичигдэнэ.

Лувсанжамбын Мөрдоржийн хичээл зүтгэлийн нэг чухал хэсэг нь монгол ардын хөгжмийн зэмсгээр хөгжимдөх бүтээлийг олшруулах, хөгжимдөх боломжийг нэмэгдүүлэх, хөг зохирлын хувьд баяжуулан өргөжүүлэх явдал байлаа. Хөгжмийн их сургууль төгсөөд УАДБЧ-д томилогдон очиж "Ардын дуу бүжгийн Улсын чуулга"-ын хөгжим ангийн найрал хөгжмийн зэмсгийн бүрэлдхүүнийг өргөжүүлэх, үндэснийхээ хөгжмийн урлагийг цэцэглүүлэн хөгжүүлэх, хөгжлийн шинэ шатанд гаргаж ирэх ажилд орсон юм.

Л.Мөрдорж УАДБЧ-д 1956-1969 онд урансайхны удирдагч, хөгжмийн зохиолч, найруулагчаар ажиллаж байхдаа хөгжмийн зэмсгийг олон болгох гэж түүх судлан их бүрээ, бага бүрээ, үелэх бишгүүр мэт өтгөн дуутай, суурь хөгжмийг шинээр зохиож нэмж хэрэглэн дэлхийн сонгодог хөгжмөөс үндэсний хөгжимд тоглохыг сэдэж, Францын алдарт хөгжмийн зохиолч Жорж Бизегийн "Кармен" дуурийн алдарт оршил, Оросын нэрт хөгжмийн зохиолч Михаил Глинка-гийн испани үндэсний аялгуугаар хийсэн удиртгал зэргийг үндэсний хөгжимд найруулан бичиж, монгол үндэснийхээ хөгжмийн урлагийг дэлхийн олон улсын хөгжмийн урлагтай мөр зэрэгцэн хөгжихөд асар их санаа, хичээл зүтгэл гаргаж амжилт олсон байдаг. Монгол ардын найрал хөгжмөөр орчин цагийн хүний сэтгэлийг догдлуулах бүхий л хүч бололцоог бүрдүүлэхэд энэ ажлын утга учир нь оршиж байлаа. Манай улсын ардын дуу бүжгийн чуулгын найрал хөгжмийн өнөөгийн хүрсэн төвшин чухамхүү Л.Мөрдоржийн энэхүү нөр их хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой.

Хөгжмийн театрын урлаг Мөрдоржийн арга барилаас, ерөнхий сэтгэлгээнээс нилээд хол мэт ойлгогддог боловч “Хөхөө Намжил”, “Жаргал” гэдэг хоёр дуурь бичсэн. “Хөхөө Намжил” дуурь монголын хөгжмийн урлагт үлгэр домог, аж байдлын дуурийн шинэ чиг хандлагыг хөгжүүлэн төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Л.Мөрдорж нь монголын дан хөгжмийн бүтээлүүдийн тэргүүн эгнээнд орох үндэсний шилдэг бүтээлүүдийг туурвисан ба найрал чуулга, хөг сэлгээ, зохирлын үндэсний өнгө аясыг бүрэлдүүлэн, монгол ардын найрал хөгжмийн найралжуулга хийх орчин цагийн дэг суурийг үндэслэн буй болгож батжуулсан юм. Л.Мөрдоржийн уран бүтээл манай орчин цагийн хөгжмийн хөгжлийн эхэн үед хамаарахын хувьд төдийгүй бүтээсэн уран сайхны шинэтгэл, түвшин нь яах аргагүй хөгжмийн урлагийн маань анхдагчдын нэгэн байх бүрэн эрх бүхий хөгжмийн зохиолч болохыг батлаж байгаа юм. Ийм учраас Л.Мөрдорж нь орчин цагийн монголын хөгжмийн “сонгомол” төлөөлөгчдийн нэг болон үлджээ.

Бүтээлүүд

засварлах

Тайз дэлгэцийн бүтээл

засварлах

Дуурь, хөгжимт жүжиг, бүжиг

  • "Хөхөө Намжил" дуурь (Цомнолыг Л.Ванган, Ч.Чимид) 1961 онд тоглогдсон.
  • "Жаргал" дуурь (Цомнолыг Ц.Гайтав) 1978 оны 12 сарын 29-нд анх удаа тоглогджээ.
  • "Алтан үст охин" хөгжимт жүжиг, 1966 он
  • "Шадар ван Чингүнжав" хөгжимт жүжиг, 1976 он (Л.Чойжилсүрэнгийн зохиол, Хөвсгөлийн Хөгжимт Драмын Театр)
  • "Торгууд бүжиг"-ийн аялгуу 1946 он (1947 онд Чех улсын Прага хотод болсон Дэлхийн Залуучууд Оюутны анхдугаар их наадамд шалгаран тоглогдсон)
  • "Ээрэнцэх бүжиг"-ийн аялгуу 1946 он (1947 онд Чех улсын Прага хотод болсон Дэлхийн Залуучууд Оюутны анхдугаар их наадамд шалгаран тоглогдсон)
  • "Манай нэгдэлчид" дуут бүжиг, 1962 он (Д.Нанжидын дэглэлт)
  • "Хотон" бүжгийн хөгжим (Г.Доржпаламын дэглэлт)

Симфони найрал хөгжмийн бүтээл

засварлах
  • I Симфони "Миний эх орон" 1956 он (4 ангит)
  • II Симфони "Октябрь"1967 он
  • III Симфони "Ардын наадам" 1973 он (3 ангитай: 1-р анги "Монгол морь", 2-р анги "Сур", 3-р анги "Бөх"), (Улсын Филармонийн Симфони найрал хөгжим хөгжимдснөөр Монголын Радиогийн Алтан фондод авагдсан бичлэг нь хожим 1978 оны 1-р сарын 1-нд "02957" бүртгэлийн дугаартайгаар Радиогийн Эргэлтийн Фондод оржээ)
  • IV Симфони "Залуучуудын" 1982 он
  • Симфони найраглал "Октябрийн туяа" 1957 он
  • Симфони найраглал "Нэгдлийн тухай" 1963 оноос өмнө
  • Симфони найраглал "Аз жаргалын минь орон" 1984 он
  • Симфони найраглал "Октябриар сэрсэн Монгол орон" 1987 он
  • Симфони удиртгал "Халх голын ялалт - 39 он" 1979 он
  • Симфони уран сэтгэмж 1985 он
  • Симфони чуулбар (гурван ангит) "Гурван нутаг" 1986 он
  • Симфони чуулбар 1988 он
  • Хийл найрал хөгжмийн концерт "Эх орны нар" 1968 он

Цөөхүүл хөгжим

засварлах
  • Чавхдаст хөгжмийн гурвал (Хийл, эрдүү хийл, морин хийлийн гурвал) 1953 он
  • Хийл төгөлдөр хуурын сонатина (Морин хийл, төгөлдөр хуурт зориулсан яруу найраглал) 1954 он
  • "Хаврын шувууд ирлээ" ёочингийн гоцлол 1957 он (ёочинд зориулсан анхны гоцлол)
  • "Унаган жороо" шударгын (шанзны) гоцлол 1958 он
  • Хуучир, ёочин, шударгын гурвал 1959 он
  • "Хөгжилтэй залуус" ардын үлээвэр хамтлагт зориулсан аяз 1961 он
  • "Цэнгэлийн эгшиг" ардын найрал хөгжим, төгөлдөр хуурт зориулсан удиртгал оршил 1962 он ("Үндэсний Хөгжмийн Их Найрал"-ын бүрэлдхүүнд зориулсан анхны бүтээл), (1960-аад оны эхээр Монголын Радиогийн Алтан фондод авагдсан бичлэг нь хожим 1966 оны 09-р сарын 13-нд "01227" бүртгэлийн дугаартайгаар Радиогийн Эргэлтийн Фондод оржээ), (1967 онд Октябрийн хувьсгалын 50 жилийн ойн баярын "Ахан дүүсийн дуун" тоглолтод зориулж Г.Чимэддоржийн хуулбарлаж бичсэн партитурыг зохиогч өөрөө хянаж гарын үсгээ зурсан байдаг байна. Жич: 2022-09-23, "Эгшиг бүхэн учиртай" 13:25-13:46)
  • "Говийн өглөө" лимбэний гоцлол 1963 оноос өмнө
  • "Айраг нуур" хийлийн чуулгад зориулсан аяз 1967 он
  • Хийл, төгөлдөр хуурт зориулсан уянгалаг сонатина 1969 он
  • Нарийн бүрээ, найрал хөгжимтэй гоцлох аяз 1975 он
  • Үелэх бишгүүр, найрал хөгжмийн гоцлол аяз 1975 он
  • Чавхдас хөгжмийн гурвал 1987 он
  • "Нэгдлийн тухай найраглал", "Шаргын говийн ялаа" дуут найраглал, Төгөлдөр хуурт зориулсан цуврал прелюди, Төгөлдөр хуурт зориулсан хүүхдийн 32 аяз (Монгол Улсын Консерваторын хичээлийн сургалтын программд ашиглагдаж ирсэн "Төгөлдөр хуурын гучин хоёр альбом" гэгддэг бүтээл) зэрэг хөгжмийн бүтээлүүд, Радио, Телевизийн билэгдэл хөгжим, чимэглэл, дүрслэл, найрал хөгжмийн аяз

Киноны хөгжим

засварлах
  • "Анхдугаар хичээл" уран сайхны кино 1940 он (1936 оны 1 сарын 28-нд Монгол улсын хил дээр гарсан халдлагыг таслан зогсоож 1936 оны 1 сарын 29-нд БНМАУ-ын анхны Улсын Баатар болсон Шагдарын Гонгорын тухай 1940 онд бүтсэн энэхүү киноны хөгжмийг Л.Мөрдорж 20-21 настайдаа бичжээ. Киноны дүрсэнд Улсын Баатар Ш.Гонгор орсон байна.)
  • "Цогт тайж" уран сайхны кино 1945 он (хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэнгийн хөгжмий нь бичсэн энэ киноны хоёр газар Л.Мөрдорж хөгжим бичсэн гэдэг), "Цогт тайж" кино ХХ зууны манай "Зууны манлай бүтээл"-ээр шалгарсан.
  • "Бидэнд юу саад болж байна" уран сайхны кино 1956 он
  • "Орчин үеийн Монгол" баримтат кино 1958 он
  • "Ардын элч" уран сайхны кино 1959 он
  • "Морьтой ч болоосой" уран сайхны кино 1959 он
  • "Элбэг дээл" уран сайхны кино 1960 он
  • "Алтан өргөө" уран сайхны кино 1961 он
  • "Энэ хүүхнүүд үү" уран сайхны кино 1963 он
  • "Тус биш ус" уран сайхны кино 1964 он
  • "Зэрэг нэмэхийн өмнө" уран сайхны кино 1965 он
  • "Эртний нутгийн солонго" баримтат кино 1966 он
  • "Үер" уран сайхны кино 1966 он
  • "Цэргийн хүү" уран сайхны кино 1966 он (Хөгжмийн зохиолч Н.Баньд; "Цаатан бүсгүйн дуу"-ны аяыг Л.Мөрдорж бичсэн)
  • "Төгсгөл" уран сайхны кино 1967 он (Хөгжмийн зохиолч Н.Сидельниковын хамт), Монгол Кино, Мосфильм студийн хамтын бүтээл
  • "Анхны алхам" уран сайхны кино 1969 он
  • "Миний Монгол" баримтат кино 1971 он
  • "Эхлэлт" уран сайхны кино 1972 он
  • "Хүний амь" уран сайхны кино 1976 он
  • "Хайрхан өндөр хаана байна" уран сайхны кино 1978 он (Чехийн хөгжмийн зохиолч Иржи Срнкагийн хамт), Чех улсын "Баррандов" студи
  • "Хоньчин Найдан" уран сайхны кино 1979 он
  • "Говийн хүйс" баримтат кино 1985 он
  • "Мөнгөн буйл" уран сайхны кино 1985 он
  • "Морьтой ч болоосой 2" уран сайхны кино 1993 он

гэх мэт 30 орчим баримтат болон уран сайхны киноны хөгжим, радио телевизийн нэвтрүүлгийн чимэг хөгжим зэрэг дан хөгжмийн хэдэн зуун бүтээл бий.

Найрал дуу

засварлах
  • "Манай нэгдлийнхэн" гоцлол, найрал дуу, найрал хөгжмийн чуулбар 1957 он
  • "Мөнгөн хүрхрээн чимээ" гоцлол дуу, найрал хөгжмийн симфони найраглал 1965 он
  • "Эх орон" хүүхдийн найрал дуунд (хоорт) зориулсан магтуу 1972 он
  • "Хилч би" (Л.Цэнд-Очирын шүлгээр)
  • "Залуучуудын дуу" (Д.Даржаагийн шүлгээр)

Алдарт бүтээл - Монгол улсын төрийн дуулал, 1950 он (Ардын Хувьсгалын 30 жилийн ойн жил 1951 онд БНМАУ-ын Маршал Х.Чойбалсангийн шагнал буюу Төрийн шагналыг хоёр дахь удаагаа хүртсэн.)

Онцгой үйл явдал:

БНМАУ-ын хамгийн залуу ГАВЪЯАТ цолтон: 1936 онд Ардын Хувьсгалын 15 жилийн ойн баяр наадмаар зохион байгуулагдсан ҮНДЭСНИЙ ХӨГЖМИЙН ТЭМЦЭЭН-д хуучир хөгжмөөр 16 настай байхдаа түрүүлж Улсын Алдарт Гавъяат Хөгжимчин (одоогийнхоор бол МУГЖ) цол хүртсэн.

Манай улсын хөгжмийн салбарын анхны Төрийн шагналтан - Д.Сэнгээгийн шүлэг, Л.Мөрдоржийн ая "Эх орон" дуу Дэлхийн II дайны төгсгөлд дорно зүгт чөлөөлөх дайнд оролцсон манай цэрэг эрсийг зоригжуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн тул хэний зохиол болохыг олж тогтоон 1946 онд Ардын Хувьсгалын 25 жилийн ойн жил БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналыг Л.Мөрдоржид олгосон нь түүний хувьд анхных байгаад зогсохгүй манай улсын хөгжмийн салбарт олгогдсон анхны Төрийн шагнал байлаа. Энэ хөгжмийн эхний ноотууд 1946 оноос Монголд Радио өргөн нэвтрүүлэг эхлүүлэх "Радио дохио" болон эгшиглэж иржээ.

  • "Партизан Чойбалсан" 1937 он (Энэ дууг 17-18 насандаа зохиожээ)
  • "Сүхбаатар" 1938 он
  • "Байлдагч" 1939 он
  • "Байлдаанч суман" 1939 он
  • "Түүхт хил" 1939 он (Зундуйн Пунцагийн шүлгээр энэхүү дууг 19-20 насандаа зохиожээ)
  • "Хилийн цэрэг" 1939 он
  • "Хилчин" 1939 он
  • "Их буучин" 1939 он
  • "Нисгэгч" 1939 он
  • "Эх орон" 1944 он (Д.Сэнгээгийн 1943 онд бичсэн "Эх орон" шүлгэнд Л.Мөрдорж 1944 онд 24-25 настайдаа ая хийжээ)
  • "Ган зам" (Ч.Лхамсүрэнгийн шүлгээр), 1949 онд БНМАУ анхны галт тэргийг угтан авахаар зарласан дууны уралдаанд II байр эзэлсэн дуу хэдий ч ард түмний дунд илүүтэй түгэн дэлгэрсэн тул 1949 оны 11 сард Улаанбаатар-Москваг холбосон төмөр замын нээлт, анхны галт тэргээ хүлээн авах ёслолын арга хэмжээн дээр дуулагдсан байдаг. Энэ дуунд зориулж хөшөө босгосон байна. АЖ Г.Хайдав, АЖ Л.Цогзолмаа, МУГЖ С.Жавхлан, СТА Т.Амина зэрэг олон дуучид уг дууг дуулжээ.)
  • "Морьтой ч болоосой" киноны Гончигийн дуу (1959 он, Д.Гармаагийн шүлгээр)
  • "Элбэг дээл" киноны жүжгийн дуу (1960 он, 1960-аад оны эхээр Монголын Радиогийн Алтан фондод авагдсан бичлэг нь хожим 1962 оны 04-р сарын 17-нд "01213" бүртгэлийн дугаартайгаар Радиогийн Эргэлтийн Фондод оржээ)
  • "Буурал ээж" (1963 он, "Энэ хүүхнүүд үү" киноны Дуламсүрэнгийн дуу; М.Цэдэндоржийн шүлгээр)
  • "Хунгийн дэгдээхэй" (1969 он, "Анхны алхам" киноны Болдын дуу; Г.Жигжидсүрэнгийн шүлгээр)
  • "Бүүвэйл хорвоо бүүвэйл" (Л.Дагвадоржийн шүлгээр)
  • "Дөрвөн цагийн тал" - Д.Пүрэвдоржийн шүлгээр (Жич: "Монгол тулгатны 100 дуу"-нд дуучин Г.Бямбажаргалын дуулснаар орсон)
  • "Зөвлөлтийн дайчдын хөшөө" (Ч.Чимэдийн шүлгээр)
  • "Намрын өнгө" (О.Цэрэндэндэвийн шүлгээр)
  • "Намуун байгаль" (1964 он, "Тус биш ус" киноны Хорлоогийн дуу, М.Цэдэндоржийн шүлгээр)
  • "Хүүхнүүдээ гэж ..." 2020 он, (шүлэг Ч.Алтантүлхүүр) зэрэг нийтэд түгсэн 300 орчим дуу, хүүрнэл дууны ая туурвисан.

Хэвлэгдсэн бүтээл

засварлах
  • "Дууны түүвэр" 1947 он, УБ хот
  • "Мөнгөн хүрхрээн чимээ" дууны түүвэр 1970 он, УБ хот
  • "Эх орон та юунаас ч үнэтэй" түүвэр 1983 он, УБ хот
  • "Скерцо" /"Миний эх орон" I симфонийн III анги/ 1969 он, УБ хот
  • "Гурван аяз" удирдбар (ноот бичвэр буюу партитур) 1970 он, Москва
  • "Миний эх орон" удирдбар 2014 он
  • "Алтан өргөө" удирдбар 2014 он

Гавьяа шагнал

засварлах

Одон тэмдэг

засварлах
  • 1936 он БНМАУ-ын Алдарт гавъяат хөгжимчин
  • 1946 он БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал (Төрийн шагнал)
  • 1951 он БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал (Төрийн шагнал)
  • 1971 он "Алтан гадас" одон
  • 1975 он БНМАУ-ын Ардын жүжигчин
  • 1985 он Монголын Хөгжмийн Зохиолчдын Эвлэлийн Хорооны нэрэмжит шагнал
  • "Сүхбаатарын одон" (Хамгийн сүүлд хүртсэн энэхүү шагналдаа Л.Мөрдорж гуай хамгийн ихээр хайртай байсан гэдэг)

Медаль, 1938-1996 он

  • "Хөдөлмөрийн алдар" медаль
  • "Бид ялав" медаль
  • "Халхын голын ялалт"-ын 2 медаль
  • Монгол Ардын Армийн ойн 2 медаль

Гадаад орны хөгжмийн зохиолчдын дурсгалт медаль

  • В.Моцартын дурсгалт медаль
  • Б.Сметанагийн дурсгалт медаль
  • У.Гаджибековын дурсгалт медаль

Түүх дурсгалт хөшөө

засварлах
  • МУ-ын "Төрийн дуулал" (шүлэг Ц.Дамдинсүрэн, хөгжим Б.Дамдинсүрэнгийн хамт)
  • "Эх орон" дуу (шүлэг Д.Сэнгээ)
  • "Түүхт хил" дуу (шүлэг З.Пунцаг)
  • "Ган зам" дуу (шүлэг Ч.Лхамсүрэн)
  • "Зөвлөлтийн дайчдын хөшөө" (шүлэг Ч.Чимэд)

Нэрэмжит

засварлах
  • 2001 он, Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулга (ЗГ-ийн 2001 оны 126-р, НИТХ-ын 2001 оны 12-р сарын 07-ны өдрийн тогтоолоор ХЦДБЧ-ын 80 жилийн ойг тохиолдуулан 1940-өөд оны эхээр Монгол Хувьсгалт Цэргийн Дуу Бүжгийн Ансамблийн даргаар томилогдон тус ансамблийн анхны концертыг удирдан найруулж тавьсан хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн нэрэмжит болов.)
  • 2008 он, "Үндэсний хөгжимчдийн улсын уралдаан" анх зохион байгуулагдаж Л.Мөрдоржийн нэрэмжит болов. (Тэрээр монгол гэрийн хөгжмийг тайзан дээр "жинхэнэ хөгжмийн орксетр"-ын хэмжээнд хүртэл баяжуулж, хөгжүүлж гаргаж ирэн манай үндэсний найрал хөгжмийн их бүрэлдхүүнд зориулсан анхны бүтээл "Цэнгэлийн эгшиг"-ээ бичжээ.)

Эх сурвалж

засварлах
  • "Суут хөгжмийн зохиолч Л.Мөрдорж" хөрөг нийтлэл, 1963 он, М.Цэнджав
  • “Монголын театрын түүхэн замнал", 1989 он, Э.Оюун
  • "Справочник" (Союз композиторов Монгольской Народной Республики, автор-составитель Дарамын Батсурэн), Москва 1989
  • "90 жилийн дурсамж" гурван боть, 2016 он, Гончигийн Бирваа
  • "Монгол сонгодог" төгөлдөр хуурын хуурцаг юу өгүүлнэм... , 2017 он, Б.Батжаргал
  • "Хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдорж", 2019 он, Ж.Энэбиш (Архив амилж, дурсамж өрнүүлж, баримт хөрвүүлж, өв бялхсан намтар, I боть)
  • "XX зууны манлай хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдорж", хөрөг тэмдэглэл, 2022 он, "Соёмбо" сонин, бэлтгэлд байгаа хошууч С.Болд