Дуурь нь хөгжим, дуу, шүлэг, жүжиг, бүжиг, хувцаслалт, дүрслэх урлаг, тайз чимэглэл, гэрэл чимэглэл гэх мэт урлагийн олон төрлийг өөртөө нэгтгэсэн нийлмэл урлаг юм. Дуурь нь гоцлол дуучид, цөөхүүл дуучид, найрал дуучид, симфони найрал хөгжим зэргийн хамтын хүчээр "босох" ба тэдгээрийг удирдаач нэгтгэн тоглуулдаг. Дуучдын хоолойг эр, эм хүйс болон бүдүүн нарийн өнгөөр нь ялгадаг. Үүнд: эмэгтэй хоолойг сопрано, меццо-сопрано, контральт, эрэгтэйг нь контртенор, тенор (цээл), баритон, басс (аргил). Дуурь нь бүлэг, үзэгдэл гэсэн бүтэцтэй байдаг. Мөн удиртгал, оршилтой байж болдог. Дуурьт речитатив, ариозо, дуу, ари, дуэт, трио, квартет, цөөхүүл зэрэг дуулаачийн төрлүүд хамрагдана. Үүнээс ари, монолог, каватина зэрэг төрлүүдэд нь дуурийн гол дүрүүдийн дотоод сэтгэлийг голчлон илэрхийлсэн байдаг.

Дуурь

Өрнийн хөгжим-дуулаачийн урлагийн хамгийн том төрөл болох энэхүү урлаг нь 16-р зууны сүүл үед бий болжээ. 1597 онд зохиогдсон Якоб Перигийн "Дафна" дуурийг энэ төрөлдөө анхдагч нь гэж түүхэнд бичжээ (харамсалтай нь энэ дуурь нь бичлэгээрээ үлдээгүй). 1609 онд Италийн хөгжмийн зохиолч Клаудио Монтеверди өөрийнхөө "Орфей" дуурийг бичсэн нь хөгжмийн урлагийн түүхэнд томоохон нээлт болсон гэж үздэг.

Дуурь нь анхандаа орд, харшийн хүрээнд цөөхөн язгууртнуудын зугаа цэнгэл байсан бол 1637 онд Венец хотноо анх удаа олон нийтэд зориулагдсан театр байгуулагдсанаар олны хүртээл болж эхэлжээ. Ийнхүү дуурь нь түгээмэл болж эхэлсэн ба анхны театрын барилгаас хойш 65 жилийн дотор 7 театр байгуулж түүнд нь 40 хөгжмийн зохиолчийн 357 дуурь тоглогдсон гэдэг. Энэхүү анхдагч хөгжмийн зохиолчдын тоонд Германы Хенрих Шютц («Дафна», 1627), Францын Камбер («La pastorale», 1647), Английн Пёрселл нарын нэрийг түүхэнд тэмдэглэн үлдээжээ.

Дуурь нь хөгжлийнхөө явцад "opera seria" (итал.), "tragédie lyrique" буюу сүүлд "grand-opéra"(франц.), хошин маягийн дуурь болох "semiseria", хошин дуурь: opera-buffa (итал.), "opéra-comique"(франц.), романтик дуурь, түүхэн, утга уянгын зэрэг олон төрлөөр баяжин хүрээгээ тэлжээ.

Дуурийн урлагт К.Глюк, В. Моцарт, Ж.Россини, Ж.Верди, Р.Вагнер, Ж.Пуччини, П.Чайковский, М.Мусоргский олон хөгжмийн зохиолчид авъяас, чадлаа зориулсан байдаг.

Монголын дуурийн урлаг

засварлах

1942 онд Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нар "Учиртай гурван толгой" хэмээх дуурийг (Д.Нацагдоржийн зохиол, Ц.Дамдинсүрэнгийн цомнол) зохиосон нь Монгол улсын хувьд анхдагч бүтээл болсон юм. Түүнээс хойш монголын хөгжмийн түүхэнд С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Д.Лувсаншарав, Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал зэрэг олон хөгжмийн зохиолчид дуурийн урлагт уран бүтээлээ зориулсан билээ.

Монгол улсад хамгийн анхны хөгжмийн театр 1950 оны 12-р сарын 30-ны өдөр байгуулагдсан түүхтэй. Ийнхүү монголдоо төдийгүй Азид цорын ганц “Хөгжмийн сонгодог театр” бий болсон юм.

ДБЭТ-ын урын санд дэлхийн сонгодог болон үндэсний 100 гаруй дуурь балет байдаг бөгөөд өөрийн урын санд байгаа жилдээ  26 дуурь, 21 балетаас сонгон 100 гаруй удаагийн  тоглолтыг  үзэгчдэдээ хүргэдэг.

Театрын түүхийг үзвэл Хөдөлмөрийн баатар 5, Ардын жүжигчин 29, Гавьяат цолтон 93, Чингисийн одонт урлагийн гавьяат зүтгэлтэн 1, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтан 4, Төрийн хошой шагналтан  2, төрийн шагналтан 18 төрөн гарчээ. Улмаар дуучид, хөгжимчид, балетын жүжигчид нь олон улсын нэр хүндтэй уралдаан тэмцээнд амжилттай оролцож нэр хүндтэй шагналуудыг хүртээд байна.

Монголд Ж.Верди - "Травиата", "Аида", "Трубадур", "Риголетто", Ж.Россини - "Севилийн үсчин", Ж.Пуччини - "Тоска", Ж.Пуччини - "Чио Чио Сан", Ж.Бизе - "Кармен", В.А.Моцарт - "Дон Жуан","Увидаст лимбэ", Ж.Пуччини - "Богема", П.И.Чайковский - "Евгений Онегин" зэрэг сонгодог дуурь тавьж ирсэн.