Зундуйн Пунцаг
Зундуйн Пунцаг (1917-1982) Монголын цэргийн урлагийн нэрт зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул. Цэрэг эх орны сэдэвтэй олон шүлэг бичсэн.
Түүний шүлгээр бүтсэн Л.Мөрдоржийн хөгжим "Партизан Чойбалсан", "Сүхбаатар", "Байлдаанч суман", "Түүхт хил", "Хилийн цэрэг" зэрэг цэрэг эх орны сэдэвтэй дуунууд нь 1939 онд Халх голын дайн, 1945 оны сүүлээр дорно зүгт чөлөөлөх дайнд оролцсон манай цэрэг эрсийг зоригжуулж, дархан хил, тусгаар тогтнолоо хамгаалан сахихад хувь нэмрээ оруулж ирсэн юм.
"Түүхт хил" дуу нь орчин цагийн нийтийн дуунд шинэчлэл хийсэн дуу гэж судлаачид үздэг байна.
"Түүхт хил" дууны хөгжмийг зохиосон Л.Мөрдорж “Түүхт хил бол миний хайртай дуу. Монгол төр, монгол түмэн олон дайны хэцүү Цагт хил хязгаараа баталгаажуулах, түүнийгээ хамгаалж ирсэн түүхтэй. Энэ эх оронд гадны этгээдийн саврыг хүргэхгүй юмсан гэдэг үйл хэргийн төлөө монгол түмэн үеийн үед тэмцэж ирсэн. Үүний дотор хилчдийн гавъяаг юутай ч зүйрлэмгүй агуу юм” хэмээн найз АЖ Хайдав гуайд дурдаж байжээ. З.Пунцагтай хамтарч дуу хийсэн тухай түүний яриа Радио нэвтрүүлэгт (Л.Мөрдорж; Радио найруулал, 1976) бичигдэн үлджээ.
Энэ дуунд зориулсан хөшөө өдгөө БЗД-н 4-р хороо, Б.Доржийн гудамж, Хилийн 0253 дугаар тусгай ангийн дэргэд, зүүн хойд талд нь бий.
Зохиогч Халхын голын 40 жилээр шүлэг өгүүллэгээс бүтсэн "Түүхт хил" номоо 1979 онд хэвлүүлэн гаргажээ.