Амирдын Санжид
Амирдын Санжид (1911-1938) — цэргийн урлагийн нэрт зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч. БНМАУ-ын Алдарт гавъяат уран зохиолч.
1911 онд Сэцэн хан аймгийн Бишрэлт вангийн хошуу буюу одоогийн Хэнтий аймгийн Галшар сумд төрсөн. 1929 онд Залуучуудын эвлэлд элссэн. 1934 онд Зохиолчдын эвлэлд элсэх өргөдөл гаргасан. 1937 оны 8-р сарын 04-нд БНМАУ-ын Алдарт гавъяат уран зохиолч цол хүртсэн. 1937 оны сүүлээр улс төрийн хилс хэрэг тулгагдаж, цэргийн клубын мөнгө санхүүг сүйтгэсэн хэрэг нэмэгдэж 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. 1938 оны 2-р сарын 10-нд дахин баривчлагдаж 1938 оны 3-р сарын 10-нд буудан хороогдсон. Түүнд оногдуулсан хэргийг 1963 онд цагаатгасан.
Багадаа малд нүдтэй хүүхэд байсны дээр монгол бичиг үзэж сурсан. 1923 оноос хошууны тамгын газар бичээчээр ажилласан. 1929 онд Залуучуудын эвлэлийн жинхэнэ гишүүн болсон. 1930 онд сайн дураар Ардын цэргийн албанд татагдаж, улс төрийн газрын сонины бичээч, 1931 оны 12-р сарын 27-нд "Улаан одон"-ы товчооны туслах, байцаагч, бага, дунд, ахлах дарга, 1932 оны 3-р сараас дивизийн 1-р хорооны клубын дарга, 1932 оны 11-р сараас дивизионы клубын эрхлэгч, 1934 оны 3-р сараас Цэргийн театрын дарга, номын сангийн эрхлэгчийн албыг хавсран хааж, 1934 оны 12-р сараас Ардын цэргийн театр-хөгжмийн бүлгэмийг Ардын цэргийн театр болгон өргөтгөхөд Цэргийн театрын даргаар томилогджээ.
Бүх цэргийн театрын найруулагч, даргаар томилогдож цэргийн олон нийт-урлагийн ажилд зүтгэж явсан.
1933-1934 онд цэргийнхэн дотор урлаг, уран сайхан асар түргэн хөгжиж, залуу дуучид, хөгжимчид, жүжигчид олноор төрөн гарч байв.
1934 онд Зохиолчдын эвлэлд элсэх өргөдлөө шүлэглэн бичиж байжээ. Түүний "Улирал амьдрал ба хувирал", "Манай Монгол Ази тивийн хаана байна вэ", "Үргэлжлэн хөгжиж буй Үндэсний улаан цэрэг", "Хувьсгалт ардын залуу цэргийн 10 жил" зэрэг цэрэг эх орны сэдэвтэй шүлгүүд нь "Улаан одон", "Үнэн", "Үндэсний соёлын зам" зэрэг сонин хэвлэлд хэвлэгдэн, радиогоор олонтаа уншигдаж байв.
1935-1936 оноос эхэлж "Нэгтгэлд хүчин оршино", "Тэнэг засаг, сохор чавганц", "Партизан Батхүүгийн зам дээр" жүжгийн зохиолуудаа бичсэн. Жүжгүүд нь аялгуу сайтай дуулалт жүжиг болон тайзнаа тавигдав. Түүний "Харанхуй засаг", "Партизан Батхүүгийн зам дээр" дуулалт жүжгийн хөгжмийг цэргийн хөгжмийн нэрт зүтгэлтэн Т.Балданцэрэн, орос сургагч-багш В.И.Лялины хамт бичиж, анх удирджээ.
1936 онд "Ардын цэргийн ариун жагсаал" дууг үг аяын хамт зохиосон. 1937 онд "Хувьсгалт орон" магтуу бичсэн.
1937 оны сүүлээр шоронд байхдаа "Хүний зам", "Шилээс шилдэгт", "Эрүүл галзуугийн эмнэлэг", "Хутганы ирэн дээр" зэрэг жүжгийн үзэгдлүүдийг бичиж театрын бүлгэм байгуулан хөгжим хэрэгсэл хүсэн өргөдөл гаргасан нь дахин баривчлагдах шалтаг болжээ.
Суу билэгт авъяаст, дэврүүн сэтгэлт, БНМАУ-ын Алдарт гавъяат уран зохиолч А.Санжидын байгуулсан алдар гавъяа Монголын урлагийн, тэр дундаа цэргийн урлагийн түүх, монгол түмний зүрх сэтгэлд мөнхөд орших болно.