Төрийн шагнал
Түүх
засварлахБНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1945 оны II сарын 7-ны 06 дугаар тогтоолоор соёл урлаг, утга зохиолын шилдэг бүтээл, шинжлэх ухааны гарамгай нээлт, гарамгай бүтээл туурвисан хүмүүст Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал олгох болжээ.
"БНМАУ-ын төрийн шагнал тогтоох тухай" Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 07 дугаар сарын 07-ны 362 дугаар тогтоол гарч "Шинжлэх ухаан, техник, урлаг, утга зохиолын талаар онцгой сайн бүтээл гарган, улс ардын аж ахуй, соёлын байгуулалтад үнэт хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнаж байх БНМАУ-ын төрийн шагналыг бий болгож, хойшид Чойбалсангийн нэрэмжит шагнал олгох явдлыг зогсоосугай” гэж зааж, 1962 оноос БНМАУ-ын Төрийн шагнал гэх болсон. Мөн Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 294 дүгээр тогтоолоор Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Төрийн шагнал эрхлэх хорооны дүрмийг баталсан байна. Төрийн шагналын энгэрийн тусгай тэмдэг 1962 онд бий болжээ.
Төрийн шагналыг 1991 оноос Төрийн соёрхол гэж нэрлэж байснаа 1997 оноос дахин Төрийн шагнал гэж нэрлэх болжээ.
Одоо
засварлах1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 19 дүгээр зарлиг гарч Монгол Улсын Төрийн шагналын тухай дүрмийг баталсан ба уг дүрмийг 2002 оны 40 дүгээр зарлигаар шинэчлэн баталжээ. Уг дүрэмд Монгол Улсын иргэдийн авьяас билэг, оюуны бүтээлийг төрөөс шалгаруулан үнэлж Монгол Улсын Төрийн шагнал олгож байна гээд түүнийг шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ онцгой туурвил, анхдагч шинэ техник, технологи, урлаг, утга зохиолын гоц содон нэгэн цогц, дан бүтээлд олгоно гэж заажээ.
Төрийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хуртээх бөгөөд үүний тулд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд Төрийн шагналд нэр дэвшсэн бүтээлээс сонгон тодруулах ажлын хэсэг, Сонгон тодруулсан бүтээлд хянан магадлагаа хийх шинжээчдийн ажлын хэсгийг тус тус томилон ажиллуулдаг байна. Мөн энэ дүрэмд зааснаар Төрийн шагналыг нэг жилд 5 хүртэл бүтээлд хүртээж болох бөгөөд хэрэв хамтын бүтээл нэр дэвшиж байгаа бол нэр дэвшигчдийн бүрэлдэхүүн нь уг бүтээлийг туурвихад голлох үүрэгтэй оролцсон 3 хүртэл хүнтэй байж болох ажээ.
Төрийн шагналыг тухайн жилийн намрын дунд сарын шинийн 17-ны билэг дэмбэрэлтэй өдөр Төрийн хүндэтгэлийн өргөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч ёс төгөлдөр гардуулж, энгэрийн тусгай тэмдэг, Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий төрийн шагналтны үнэмлэх, дагалдах мөнгөний хамт олгож байхаар дээр дурдсан дүрэмд заасан байна.
Анх хүртэгсэд
засварлах- Ц.Дамдинсүрэн "Зөвлөлтийн ард түмэнд зориулсан ерөөл"-өөр
- Б.Ринчен "Цогт тайж" кино зохиолоор
- Э.Оюун "Ах дүү нар" жүжгээр
- Ш.Нацагдорж "Д.Сүхбаатарын намтар" зохиолоор 1946 онд анхлан хүртэцгээжээ.
3 удаагийн шагналтнууд
засварлах- Эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн - 1946, 1947, 1951
Хошой шагналтнууд
засварлах- Зураач О.Цэвэгжав - 1945, 1947
- Хөгжмийн зохиолч Л.Мөрдорж - 1946, 1951
- Хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн - 1949, 1951
- Яруу найрагч Д.Сэнгээ - 1947, 1954
- Зохиолч Ч.Лодойдамба - 1954, 1971
- Зохиолч Д.Намдаг - 1962, 1983
- Түүхч Ш.Нацагдорж - 1946, 1989
- Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров - 1989, 2000
Сонирхолтой баримтууд
засварлах- Гадаадын /ЗХУ-ын/ 8 иргэнд хүртээсэн байна.
- 300 орчим хүн хүртсэнээс зуу гаруй нь зохиолч, жүжигчин, зураач зэрэг урлаг, соёлын ажилтан, 40 гаран хүний их, бага эмч, эрүүлийг хамгаалахын ажилтан, 33 нь малын эмч, мал зүйч, малчид, 35 нь аж үйлдвэр, геологийн салбарын инженер, техникийн ажилтан, ажилчид, 22 нь эрдэм шинжилгээний ажилтан, багш нар, 9 нь агрономич зэрэг газар тариалангийн салбарт ажиллагсад, 5 нь архитекторчид, барилгачид, үлдсэн хүмүүс нь бусад салбарын ажиллагсад байна. Гэхдээ дээр дурдсан салбараар ангилсан хүмүүсийн дотор тухайн салбарын эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд орсон болно.
- 17 жилд нь буюу 1949, 1950, 1952, 1953, 1955, 1956, 1958, 1960, 1968, 1970, 1972, 1974, 1977, 1979, 1987, 1995, 1999 онд уг шагналыг олгоогүй байна.
- Нэг жилд төрийн шагнал хүртээсэн хүний тоог харьцуулж үзэхэд хамгийн цөөн нь 1965, 2002 онд тус бүр нэг хүнд, хамгийн олон нь 1990 онд 27 хүнд хүртээсэн байна.
Эх сурвалж
засварлахМэдээллийг www.ardtur.pms.mn/ сайт болон Хүүхэд Залуучуудын Нэвтэрхий толь-ноос авав.