Жигзавын Дорждагва
Жигзавын Дорждагва (1904-1991) - БНМАУ-ын Алдарт Гавьяат дуучин, Зууны манлай Уртын эрэгтэй дуучин.
Жигзавын Дорждагва | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | Уртын дуучин |
Намтар
засварлах1904 онд Түшээт хан аймгийн Говь гүний хошуу, одоогийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг “Дэрсэн хонд” хэмээх газар төржээ. Тэрбээр ах дүү олуулаа өссөн, эцэг Жигзав нь нутагтаа сайн дууч гэгддэг, лимбэ, морин хуур тоглодог байжээ. Эцэг нь хүүхдүүддээ “Түмний эх”, “Хуурын магнай”, “Өвгөн шувуу”, “Уяхан замбуу тивийн наран” зэрэг дууг дуулж хуурддаг байсан нь Дорждагвыг дуучин болоход нөлөөлжээ. 1912 оноос Онгийн голын хийдэд шавилан сууж, 1927 он гэхэд Гандантэгчэнлин хийдийн Дашчоймболын хурлын дацангийн голч ламын үүрэг хүлээж, хурлын уншлагын оройлогч унзадын мяндагт хүрч явсан гэдэг. Мөн оноос хар болж Түүхий Эдийн Баазад эд шалгагч, Хэвлэх Үйлдвэрт хэвлэгчээр ажиллаж байжээ. 1932 оны арван сарын хорьдоор Ардын Цэнгэлдэх Хүрээлэнд ("Бөмбөгөр ногоон" буюу Улсын Төв Театрт) шалгуулан тэнцсэн тэр үеэс нэрт дуучин Магсар хурцын Дугаржав, Балингийн Лувсангомпил ("Чавганц" багш), Гэлэнхүүгийн Поврон, Самын Гомбо нарт шавь орж уртын дууны нутаг нутгийн дэг, дуулах арга барилаас сурч эзэмшсэн байна.
Ж.Дорждагва Улсын Төв Театр, УАДБЧуулгад дуучин, найрал дууны багшаар тасралтгүй 40 жил ажиллаж, Хөгжим Бүжгийн Дунд Сургуульд багшлах зэргээр амьдралынхаа 50 гаруй жилийг дууны урлагт зориулсан юм. Тэрбээр шинэ цагийн шилдэг дуунуудын анхдагчид тооцогдох “Соёл-Эрдэнэ” (Н.Наваан-Юндэнгийн шүлэг), “Шинэ сүлд” (Ц.Дамдинсүрэнгийн шүлэг), “Эх орон”, “Туулай би” (П.Хорлоогийн шүлэг) зэрэг 10 гаруй дуу, “Мандухай хатан” хөгжимт драмын жүжгийн бүүвэйн дуу, “Шарай голын гурван хаан” хөгжимт драмын жүжгийн Гэсэр мэргэний дуу, “Учиртай гурван толгой” дуурийн найрын дууг зохиожээ. Ж.Дорждагва өмнөх үеийнхээ уртын дуучдын туршлага, төв Халхын айзам урт дууны сонгодог уламжлалыг XX зууны хоёрдугаар хагастай залгуулж уламжлал, шинэчлэлийн залгамж холбоог хангахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн үндэсний соёлын гарамгай зүтгэлтэн юм. 1935-1936 онд багш М.Дугаржавынхаа удирдсан тусгай комиссын бүрэлдэхүүнд орж монгол ардын урт, богино, шинэ, хуучин зуу гаруй дууг хоёр дэвтрээр анх удаа нийтлүүлсэн бөгөөд уг дэвтэрт дөчин дуу өөрөө дуулж тэмдэглүүлсэн нь бий. Тэрхүү тусгай комиссын бүрэлдэхүүнд орж ая эгшгийн тэмдэглээг зааж, ноотолж буулгасан гайхалтай төгөлдөр хуур хөгжимчин М.Д.Берлин-Печникова бол мөн түүний багш юм. Ийнхүү 1935 онд "Монгол дуунууд" түүвэр, 1936 онд "Монгол уртын дууны түүвэр" гарахад идэвхийлэн оролцож, 1970 онд 102 уртын дуу, 6 сул аялгууг бие даан ноотолж эмхэтгэн хэвлүүлжээ. Ж.Дорждагвын урын санд “Өвгөн шувуу хоёр”, “Дуртмал сайхан”, “Цэвцгэр хурдан шарга”, “Эртний сайхан”, “Дөмөн”, “Эрдэнийн галбирваасан”, “Хоёр бор” зэрэг 200 гаруй уртын дуу байдгаас Монголын радиогийн санд түүний дуулсан 60 гаруй дуу, 30 гаруй ярилцлага хадгалагдаж байдаг. 1945 онд БНМАУ-ын Гавьяат Жүжигчин цол хүртсэн. 1999 онд манай "ХХ зууны манлай эрэгтэй уртын дуучин"-аар шалгаран өргөмжлөгдсөн.