Тогоочийн Балданцэрэн
Тогоочийн Балданцэрэн (1902-1939) нь Монголын Цэргийн төв клубийн хөгжмийн даргаар ажиллаж байсан хүн юм.
Тэрээр 1902 онд Нийслэл хүрээнд мэндэлсэн. Ардын хувьсгалын үйл хэрэгт үнэнчээр зүтгэж, Д.Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэрэгт элсэн гадаадын эзлэн түрэмгийлэгчидтэй Улаан хад, Их хүрээ, Замын-Үүдэд тулалдаж явсан журамт цэрэг, ардын хувьсгалын партизан байлаа. 1922 оноос Үлээвэр хөгжимд суралцан хөгжмийн мэргэжил эзэмшиж, Хязгаарын болон төвийн цэргийн ангиудад хөгжмийн сургагч багш, удирдаачаар олон жил ажилласан туршлагатай хөгжмийн мэргэжилтэн байв. 1931 оны 12-р сарын 3-нд Бүх цэргийн зөвлөлийн 27 тоот тушаалаар Бүх улаан цэргийн хөгжмийн капельмейстрээр анх томилогдож, Цэргийн үлээвэр хөгжмийн хамтлагуудыг мэргэжлийн талаар нэгтгэн удирдаад зогсоогүй Үндэсний дуу хөгжмийн урын санг бий болгоход хувь нэмрээ оруулсан хүний нэг юм.
Тэрээр 1933 онд “Улаан наран” хэмээх Монгол ардын дуугаар сэдэвлэсэн марш бичсэн нь монгол хүний зохиосон анхны үндэсний марш болсон бөгөөд 1936 онд “Наадам” хэмээх уран сэтгэмжийн зохиол бичиж тоглуулсан нь Монголын хөгжмийн урын санд орсон анхны томоохон хэлбэрийн бүиээл байлаа. 1934-1936 онд шинээр зохион байгуулагдсан Цэргийн төв клубийн хөгжмийн анхны дарга нарын нэг байв. 1936-1937 онд Зөвлөлтийн мэргэжилтэн В.А.Лялингийн хамт Цэргийн төв театрын дарга, Улсын алдарт уран зохиолч А.Санжидын зохиосон “Партизан Батхүүнийн зам дээр” дуулалт жүжгийн хөгжмийг бичиж тоглуулсан нь ансамблийн урын санд өвлөгдөн хадгалагдаж үлджээ. Хувьсгалт улаан цэргийн хөгжмийн ерөнхий удирдаач, Цэргийн төв клубийн хөгжмийн дарга Тогоочийн Балданцэрэнг 1939 онд “олны дунд нам засаг, Зөвлөлт улсыг гүтгэсэн” хэмээн улс төрийн хилс хэрэг тулган цаазалжээ. Хожим түүний хэргийг цагаатгав.