Цэндийн Монгол
Цэндийн Монгол нь (1948 онд төрж, 2014 нас барсан) Алтан гадас одонт уран зураач, хөрөг зураач, музейн зураач хүн юм.
Намтар
засварлахУран зураач Цэндийн Монгол нь 1948 онд Дорноговь аймгийн Алтанширээ суманд төрсөн[1] буюу (хуучнаар Сэцэн хаан аймгийн Боржигон цэцэн вангийн хошуу)-ын нутаг Тойг гэдэг газарт төржээ Тэр эцэг жинчин Сүндэвийн Цэнд, эх Борын Тамжид нарын хоёр дахь хүүхэд, ууган хүү болон мэндэлжээ.
Хүүхдийн Пионерын ордны уран зургийн дугуйланд Чүлтэмийн Бизъяа багшийн удирдлага дор дүрслэх урлагийн А үсгээ заалгажээ.
Ажилласаэн байдал
- 1967-1970 онд Дорноговь аймгийн Улаан уулын хилийн цэрэгт алба хаасан.
- 1970-1972 онд Шарын голын уурхайчдын соёлын ордон зураачаар ажиллаж байв.
- 1972-1975 онд Ардын армийн 022 дугаар ангид ахлагч цолтой зураачаар ажиллаж байжээ.
- 1975-1987 онд Сансар кино театрын зураачаар ажилласан байна.
1970-2014 онд насан эцэслэх хүртлээ соёл урлагийн байгууллагад 43 жил ажилласан байна. Зураач Ц.Монгол нь Монголын Урчуудын Эвлэлийн Хороонд мэргэжлийн уран бүтээлч, Монгол Цэргийн Музейн зураачаар ажиллаж байсан юм.
- 2009 оноос Цагдаа олон нийтийн сургалт соёлын төвийн (ЦОНССТ) зураачаар ажилласан нь амьдралын сүүлийнх нь хамт олон байлаа.
Ц.Монгол нь амьдралынхаа сүүлийн 10 гаруй жилд уран зураачийн ур авьяас, хүч чадлаа Монгол улсад музейг хөгжүүлэх үйлсэд зориулан ажилласныг дурдвал:
- Монгол Цэргийн Музей
- Г.К.Жуковын дурсгалын Музей
- Өвөрхангай аймгийн музей
- Булган аймгийн музей
- Цагдаагийн Музей
Ц.Монгол нь Монгол улсын таван музейг шинэчлэн тохижуулж үзэгчдийн хүртээл болгосон нь Монгол Улсдаа анхдагч болсон онцлогтой.
Урлаг судлаач Д.Дашбалдан:
Хүний сэтгэл зүрхэнд хоногшин үлдэх байгалийн ер бусын үзэгдэл, агшин мөчийг билгийн нүдээр харж, өнгөний яруу хослолоор нээн илэрхийлсэн "Их чулуу", "Заган дундах тэмээ", "Говийн уулс", "Өвөл" зэрэг төлөв даруу реалист бичлэгтэй олон бүтээлүүд үзэгчдийн анхаарлыг зүй ёсоор татна.
гэж тэмдэглэсэн байдаг.
Бага нас
засварлахЦэндийн Монгол нь таван хүүхэдтэй айлын хоёр дахь хүүхэд болж төрсөн. Түүнд эгч Ц.Манцийт болон хоёр эрэгтэй дүү Монгол (Дундмонгол), отгон дүү Эрэлхэгмонгол нарын ах юм. Балчир ахуй наснаасаа зураг зурах дуртай бөгөөд гуравдугаар ангийн сурагч байхдаа Монголын Урчуудын Эвлэлээс Пионер сурагчдын дунд зохион байгуулсан гар зургийн уралдаанд гутгаар байр эзэлж байв.
Найз нөхөрлөл
засварлахЦ.Монголын уран бүтээлийн, уран зургийн дотны найз нөхдөөр зураач Дэмчигийн Мягмар, Ёндонгийн Өлзийхутаг, Мижидийн Лхагвадорж зэрэг уран бүтээлч урлагийн хүмүүсийг дурдаж болно.
Ц.Монголын найзуудаас Ё.Өлзийхутаг, Д.Мягмар нар түүний гэргий Д.Нарантуяагийн хөргийг харандаагаар зурсан байдаг билээ.
Хоч нэршил
засварлахЗураач найз нөхөд нь Ц.Монголыг "Монгоо" гэж дууддаг байв. Хамаатан садан, Дорноговь аймгийнхан нь "Ихмонгол" гэж дуудацгаадаг байлаа.
Уран бүтээл
засварлахЗураач Ц.Монголын уран бүтээлүүдээс гадаад, дотоодын уран зураг цуглуулагчдад хадгалагдаж байдаг. Түүний 200 орчим бүтээл Монгол Улсын музейн сан хөмрөгт, "Орхоны буурал хөндий" бүтээл нь Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж байна. Уран бүтээлд говийн байгаль, тэмээн сүрэг нэлээд том орон зайг эзэлнэ. Уран зураач Ц.Монгол нь усан ба тосон будгийн бүтээл туурвихаас гадна олон улсад энхийг сахиулагчдад олгодог “Энхийн төлөө” медалийн эх загварыг бүтээж байсан. Ц.Монгол нь Батлан хамгаалах яамнаас олон жил үр бүтээлтэй ажилласан цэргийн албан хаагчдад олгодог “Эх орны төлөө-1”, “Эх орны төлөө-2”, “Эх орны төлөө-3” медалийн эх загварыг гаргасан нь одоо хүмүүсийн шагналд олгогдож байна.
Хөрөг зургийн бүтээлүүд
засварлахЦ.Монголын уран бүтээлийн урын санд Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн, Хатанбаатар Магсаржав, алаг морьтой Лодонгийн Дандар баатар зэрэг түүхэн хүмүүсийн хөрөг зургууд бий. Зураач Ц.Монгол нь Монголын 100 гаруй генерал хүмүүсийн харандаан хөргийг зурж мөнхөлсөн юм. Түүний хөрөг зургийн бүтээлүүдэд харандаан болон тосон будгийн бүтээл нэлээд хувийг эзэлнэ.
Музейн уран бүтээлүүд
засварлахМонгол Цэргийн Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй зураач Ц.Монголын бүтээлүүдээс дурдвал:
- “Наху гүний тулалдаан” диарам 10x2,30 м
- Монгол Улсын генералуудын хөрөг зураг, цаас харандаа, 18x24 см, 100 гаруй
- Их, бага хаадын хөрөг 45x30 см, зотон тос, 60 ширхэг
- “Монголчууд Самаркандад” уран зураг, зотон тос, 140х 90 см, 1 ширхэг
- Чингис хааны хөрөг, зотон тос 70x50 см, 1 ширхэг
- "Зүүн сайхан уул", зотон тос, 70*100 см, 1 ширхэг Өмнөговь аймгийн музейд
- "Алаг морьтой Л.Дандар баатар", зотон тос, 1 ширхэг Булган аймгийн музейд
гэх мэт 200 орчим уран бүтээл нь хадгалагдаж байдаг.
Чимэглэлийн уран бүтээлүүд
засварлах- “Тулгар төр байгууллагдсаны 800 жилийн ойн баяр”-ын 300 хүний бүрэлдэхүүнтэй хөдөлгөөнт дэвсгэр зургийн эх загвар
- “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д тоглох уран гимнастикийн хүүхдүүдийн хувцасны эх загвар
- ЦОНССТөвд хүлээлгийн танхимын ханын чимэглэл, үзэгчдийн танхимын тайзны хөшигний эх, хувцасны эх зураг гаргах зэрэг дүрслэх урлагийн бүтээлч ажлыг хийж гүйцэтгэжээ.
Цуглуулагч дахь уран бүтээлүүд
засварлахИталийн "Imago Mundi Collection"-д "Ёлын ам" бүтээл нь хадгалагдаж байна.[2]
Үнэт уран бүтээлүүдээс
засварлахЗураач Ц.Монголын зурсан "Ардын засгийн анхны наадам" зотон тос уран бүтээл нь урлаг судлаач болоод уран зураг сонирхогч, цуглуулагчдын сонирхлыг ихээхэн татдаг бүтээл юм. Энэхүү түүхэн бүтээлд уран сайхны аргаар оруулсан хоёр дүр бий. Бүтээлийн гол төвд өөрийн гэргий Д.Нарантуяагийн дүрийг тоорцог малгайтай дүрсэлжээ. Бүтээлийн баруун талын захад өөрийн дүрийг Улаан далбааны ойролцоо шигтгэн багтааж өгсөн онцлогтой. Зургийг ажиглахад үзэгчдийн анхаарал барилдахаар өрж зогсох хоёр хүнийг харж, аажмаар засуул уруу чиглэн, ард байх хүмүүсийг нэг нэгээр танихыг оролдож үзэхээр байдаг. "Ардын засгийн анхны наадам" түүхэн уран бүтээлийг томоохон хэмжээтэй туурвисан нь үзэгч олонд тухайн цаг үеийн ардын намын амьдралд эзлэх байр суурь, халуун нар, наадам цэнгэлийг мэдрүүлэхүйц болж чадсан гэж үздэг.
Хэвлэл мэдээлэлд
засварлахМонгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч Галсангийн Жамъян "Алтанширээгийн алаг заяа" хөрөг нийтлэл "Улаанбаатар" сонинд бичсэн байдаг.
Сэтгүүлч С.Ууганбаяр "ОЛОН ӨНГӨ: Хөхрөгч тэнгэрийн орноо суудал тань бий, Ц.Монгол ах аа" нийтлэлдээ: "Авьяас билгийн туйл хэрнээ ихэрхэж ахархаад, аливаа зүйлд өөрийгөө дөвийлгөх гээд байхгүй энэ эрхэм бурхны оронд тийм л хэрэгтэй байж дээ[3]" гэж зураачийн зан араншингийн тухай өгүүлж эхэлжээ.
Ахмад зохиолч, сэтгүүлч Б.Өвгөнхүү "Хатанбаатар Магсаржавын намтарт нэг сонин юм байдаг" ярилцлагад: "2008 онд Булган аймгийн 70 жилийн ойгоор аймгийн музейг орчин үеийн болгон тохижуулах ажлаар эрдэм шинжилгээний нэг ажилтан, нэг мужаантай, би зураачаар Булганд очоод музейг шинэчлэн дэглэж янзалсан. Ер нь их хуучирсан байсан даа. Тэгтэл нэг өдөр Хатанбаатар Магсаржавын гэр Бунханг янзалмаар байна. Уулан дээр байдаг гэр музей. Та түүнийг очоод нэг үзээч гэсэн" гэж Ардын Хатанбаатар Магсаржавын гэр музейг шинэчилсэн болоод хөрөг зургийг нь зурсан тухайгаа ярьжээ.
Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт зураач Содномын Төгс-Оюун зураач Ц.Монголын тухай "Их-Монголын “Эх орон" хөрөг нийтлэл 2014 оны 3 сарын 28-нд бичсэн байдаг. Тэрхүү хөрөгт "Зураач Монгол уран бүтээлүүд өөрийн эх орны Уран зургийн галерей, музейн сан хөмрөгт болон Монгол, Герман, Япон, Англи, Америк, Орос, Энэтхэг, Польш, Солонгос зэрэг олон орны уран зураг сонирхон цуглуулагчдын хувийн цуглуулганд түүний бүтээлүүд хүндтэй байраа эзлэн хадгалагдан байдаг юм."[4] гээд цааш бичихдээ:
"Шандад биднийг очиход Монголыг гэртээ байлгах гэсэн их олон айл байсан би ихэд гайхан учрыг асуутал, түүний аав Цэнд гуай хилийн урд зүгээс нүүж ирсэн хэд хэдэн айлыг сэтгэл санаа эд зүйлээр ихэд дэмжиж, тэтгэн тусалж байсныг мартаагүй явдаг хүмүүсийн үр сад байсныг мэдэж билээ. Үүний учир эдгээр хүмүүс түүнд ингэж төрсөн ах дүү шигээ дотно хандаж байсан даа. Монголыг гэрийнхэн нь Их-Монгол гэж дуудна, түүнд бас Дунд-Монгол, Бага-Монгол гэдэг дүү нар бий." [4]гэжээ.
Уран бүтээлийн үзэсгэлэн
засварлахЦ.Монгол нь 1986 оноос эхлэн Монголын урчуудын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хавар", "Намар" ээлжит үзэсгэлэнгүүдэд 1989-2014 оны хооронд тасралтгүй оролцож иржээ.
- 1993 он Улаанбаатар хот "Говийн уянга" бие даасан
- 1994 он Нийгата хот, Япон улс зураач М.Лхагвадоржтой хамтарсан
- 1994 он Алтанширээ сум, бие даасан
- 2010 он "Говийн уянга-2" зураач МУСГЗ Ч.Базарваан, Нүрзэдийн Оросоо нартай хамтарсан
- 2012 он "Дорнын говь" Дорноговь аймгийн зураач Л.Халзан, Г.Цагаандэрэм нартай хамтарсан
- 2013 он Улаанбаатар хот "Хил, хилчид, эх орон" хамтарсан
- 2014 он "Эх орон" Улаанбаатар хот бие даасан
- 2014 он Алтанширээ сум, хамтарсан
Гавьяа Шагнал
засварлах- 1993 онд ЮНЕСКО-гийн олон улсын мэргэжлийн уран бүтээлч үнэмлэх /UNESCO international identity card for professional artists/
- 1995 онд "Монголын сайхан орон" уран бүтээлийн уралдаанд оролцож, "Говь гурван сайхан" бүтээлээрээ шагналт байр
- 2003 он Батлан хамгаалах яамны жуух бичиг
- 2004 он Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан
- 2008 он Алтан гадас одон
Цахим холбоос
засварлахЭх сурвалж
засварлах- ↑ Ц, Наранзул нар (2014). Алтан нутгийн мөнгөн судар (1 ed.). Монгол: Тоонотпринт ХХК. p. 30.
- ↑ "Imago Mundi Collection". imagomundicollection.org. Татаж авсан: 2024-07-23.
- ↑ Санзайгалсан, Ууганбаяр (2016). Алаг толгодын хууч (1 ed.). Улаанбаатар: Жиком Пресс ХХК. p. 93. ISBN 978-99973-87-19-6.
- ↑ 4.0 4.1 Содном, Төгс-Оюун (2017). Гэрэлт хөргүүд (1 ed.). Улаанбаатар: Адмон ХХК. p. 342. ISBN 978-99978-86-10-1.