Жинчин бол тэмээн жин тээх, тэмээн жингийн цуваанд явдаг хүнийг жинчин гэдэг. Тэмээн жинг даамал удирдаж явдаг бөгөөд хамгийн хашир туршлагатай хүнээр жингийн даамал тавьдаг.

Түүхэн тойм

засварлах

Тэмээн жин, тэмээн жингийн цуваа буюу жинчин хүмүүсийн, жинчдын түүх Торгоны замын үеэс улбаатай. Тэмээн жинд 4–6 жинчин, 40–50 тэмээг хариуцдаг. Жингийн даамал нь жинчдэд зөвлөгөө өгөх, явах, буух хугацаа, ажлын цагийн хуваарийг хариуцахаас гадна тэднийг төлөөлөн гэрээ хэлэлцээ хийх, хөлс хүч тохирох ажлыг мөн хариуцдаг байна. Тэмээн жин бол атан тэмээ, эр хүн хоёрыг шалгадаг, жинчний эр зориг хүн чанарыг сорьсон залуу хүний булчин махыг задалж бяр тэнхээ суулган бялдаржуулдаг хийморьлог ажил гэж үздэг.

Жинчин хүн

засварлах

Жинчний арга ухаан

засварлах

Тэмээн жин тээх ажлын онцлогтой уялдсан янз бүрийн өвөрмөц арга ухаан олон байдаг байжээ. Жинчин хүн ганцаар ачааг ачих тохиолдолд хүн мод тээвэрлэдэг. Хүн мод гэдэг нь тэмээний буруу талын тэнг өргөж тавьдаг мод юм. Хүн мод нь ачаа ачих хоёр дахь хүнийг төлөөлдөг бөгөөд энэ нь нэг метр орчим өндөр, нэг үзүүртээ хоёр ацтай мод, энэ ацаар нь газар тулна. Уг модны ац нь 50 см орчим алцгар зайтай байна. Жинчин хүн, хүн модоо ацаар нь газар хатгаж, дээд шулуун үзүүр дэх хос оосроор нь шатны хойд урд үзүүрээс уяад ачаагаа дээр нь тавихад хөдөлдөггүй тулгуур болж өгдөг өөрөөр хэлбэл жинчин хүн буруу талын ачаа тэнг өргөж тэмээний нуруунд «хүн модоор» түшүүлэн газар тулна. Тэгээд нөгөө талд нь гарч тэнгээ өргөж холбоно. Дараа нь «хүн модоо» авч тэнгээ тэгшлэн татдаг аж. Говийн тэмээ мөсөн дээгүүр явж чаддаггүй учир шороо зөөж асгадаг. Өндөр даваанаас зарим тэмээ сүрдээд явдаггүй. Тэгэхээр нүдийг нь бооход ямар ч өндөр давааг давдаг.[1]

Жинчинд хэлэх үг

засварлах

Жин тээж яваа хүнтэй тааралдвал:

"Буйлаа хугалалгүй

Бурантгаа сунгалгүй

Ачаа хүнд

Аян зөөлөн болог" хэмээн ерөөдөг.

Тэмээн жингийн аялал

засварлах

Тэмээн жинг Халх аялал, Харчин аялал буюу Халх явалт, Харчин явалт гэж ангилдаг.

Халх аялал буюу халх явалт нь өвлийн өглөө 5–6 цагийн хооронд хөдөлж, 11–13 цаг яваад орой 16–18 цагийн үед буудаг байна. Харчин аялал буюу харчин явалт нь үдээс хойш 15–17 цагийн турш яваад шөнө 2–3 цагийн хооронд буудалладаг байна.

Уран бүтээлд

засварлах

Зураач Пунцагийн Цэгмид "Идэр жинчин" бүтээл нь олноо алдартай болсон уран зураг юм.

Б.Цэвээн "Жинчин" тууждаа алс холын аян жинд идэр залуугийн бяр чадал, золбоо хийморио бадруулж яваа жинчин эрийн амьдралыг урнаар өгүүлсэн байдаг.

Монгол орон даяар ардын дуу мэт дэлгэрсэн алдарт дуучин М.Дугаржавын "Идэр жинчин" уртын дуунд:

"...Алс холын замаар Алхлан сажлан туулж Ачаа жингийн хүндийг Амар сайнаар нэвтрүүлэгч Атан олон тэмээд минь Арын говийг бүрхжээ" гэж монгол атан тэмээний бяр чадал, монгол жинчин залуусын эрэмгий зориг, авхаалж самбаа зон олноо гэсэн эрхэм буянтай үйлсийг магтан өгүүлжээ.

Цахим холбоос

засварлах

"Жинчин" тууж

Жинчин

  1. Hovd university; Urnukhdelger, D. (2021). "Монголчуудын тэмээн жингийн соёл". Nomadic civilization: historical research. 1 (3): 41–52. doi:10.53315/2782-3377-2021-1-3-41-52. Эх хувилбараас архивласан: 2024-05-28. Татаж авсан: 2024-05-28.