Шарын голын нүүрсний уурхай

Шарын голын нүүрсний ил уурхай нь Хэнтийн нурууны салбар Дархан уулын өвөрт далайн түвшнээс дээш 920 м-ийн өндөрт Дархан-Уул аймгийн Шарынгол сумын нутагт, мөн Улаанбаатар хотоос 240 км, Дархан хотоос 50 км-ийн зайтай оршино. Шарын голын уурхай нь Улаанбаатар-Дархан хоттой төмөр зам, авто замаар холбогдоно.

Дарханы эрчим хүчний системтэй 110 кв-ийн шугамаар холбогдсон. Уурхай нь карьер, үйлдвэрийн талбай инженерийн барилга байгууламж төмөр замын болон авто бульдозерийн овоолго, ус шүүрүүлэлтийн гүний уурхай зэрэг үндсэн хэсэг объектуудаас бүрдсэн 1826.18 га лицензийн талбайд байрласан.

Нүүрсний агууламж ба уурхайн хүчин чадал

засварлах

Шарын голын нүүрс нь хүрэн нүүрснээс чулуун нүүрсэнд шилжих үеийн нягт бат бэх барьцалдсан хар өнгийн агаарт сайн хадгалагддаг өөрөө шатамхай нүүрс бөгөөд Б-3 маркад хамаарна. Нүүрсний уурхайн барилга байгууламжийг ЗХУ-ын (хуучин нэрээр) техник эдийн засгийн тусламжтайгаар барьж байгуулан 1965 оны 4-р сарын 6-нд жилдээ 1.1 сая тонн нүүрс олборлож, 5.0 сая шоо метр хөрс хуулах хүчин чадалтайгаар анх ашиглалтанд оруулсан байна. 1981 оноос хүчин чадлыг өргөтгөн жилдээ 10000 мян.шоо метр хөрс хуулан, 2000-2500 мян.тн нүүрс олборлохоор шинэ техник тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан.

Шарын гол ХК

засварлах

Хувьцаа эзэмшигчдийн 1995 оны 1-р сарын 21-ний өдрийн хуралдаанаар 723,138.9 мянган төгрөгийн дүрмийн сантайгаар “Шарын гол” ХК болон зохион байгуулагдсан юм. Нийт хөрөнгийн 80 хувь буюу 578,511.1 мянган төгрөгийн хөрөнгийг төрийн өмчийн харьяалалд үлдээж 20 хувь буюу 144,627.8 мянган төгрөгийн хөрөнгөнд ноогдох 1 446 278 ширхэг хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалуулсныг 3738 хувьцаа эзэмшигч худалдан авч тус компанийн хувьцаа эзэмшигчид болцгоосон билээ. Ингэж тус уурхай нь хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдсанаар удирдлага, зохион байгуулалтын хувьд ч эзэмшигчдийн бүтцийн хувьд ч өөрчлөгдсөн юм. Улмаар төрийн өмчийн компаний үнэт цаасыг 2003 оны 11 дүгээр сард дахин хувьчилж, түүний өмчлөл хувийн эзэмшилд 100% шилжсэн. 2011 онд Санхүүгийн Зохицуулах Хорооны 2011 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 27-р тогтоолоор тодорхой хэмжээний энгийн хувьцааг нэмж гаргасан юм.

Өнөөдөр 10,170,242 ширхэг хувьцааг 1055 хувьцаа эзэмшигч эзэмшиж байна. “Шарын гол” ХК-ийн хувьцаа нь “Би Ди Сек”, “MWTS”, “Булган брокер” зэрэг брокер диллерийн компаниудад төвлөрсөн байна.

2001-2005 болон 2007-2015 онуудад “Шарын гол” ХК нь Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас шалгаруулан явуулдаг “Үндэсний ТОП-100 аж ахуйн нэгж”-ээр, 2009, 2010, 2011 онуудад “Найдвартай татвар төлөгч байгууллага”, “ENTREPRENEUR-2010, 2011”-д “Шилдэгийн шилдэг байгууллага”, 2011 онд Дархан-Уул аймгийн “Шилдэг шимтгэл төлөгч” байгууллага, 2010 онд “Хамгийн хамгийн ил тод байдлыг эрхэмлэгч хувьцаат компани”, 2012 онд НДЕГазраас “Шилдэг шимтгэл төлөгч” байгууллага, 2013 онд Уул уурхайн яам, АМГазраас “Шилдэг хөрөнгө оруулагчтай байгууллага” 2013 онд “Entrepreneur-2013” Санхүүгийн шилдэг менежменттэй байгууллага”, 2013 онд Монголын нүүрс ассоциациас Шилдэг компанийн засаглалтай ХК-иар шалгарч байсан.

2015 онд “Уул уурхайн салбарын оны онцлох энтрепренер”-ээр шалгарснаас гадна Шарын голын уурхай үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдсан байна.

Цахим холбоос

засварлах

Албан ёсны цахим хуудас