Бат хаан (1208–1255) Чингис хааны ач хүү. 1208 оны луу жил Чингис хааны ууган хүү Зүчи болон Уги/Ухаа Үжин (Хонгирад) хатнаас төрсөн. Монголын нөлөө бүхий удирдагч, Хөх Ордыг үндэслэн байгуулагч тэрээр Европ руу хийсэн Монголын эзэнт гүрний байлдан дагуулалтыг удирдсанаараа Монголын бусад хаадаас өрнө дахинд илүү алдаршсан. Энэ аян дайн түүхэнд "Ахмад хөвүүдийн дайн" гэж тэмдэглэгдсэн. Айл бүрийн ахмад хөвгүүдийг цэргийн албанд албадан татах зарлигийг Өгэдэй хаан зарлигджээ. "Түүний Хөх Орд Алтан Орд (буюу Зүчийн улс) болж, Орос болон Кавказыг 250 орчим жилийн турш захирч байсан. Түүний цэрэг Польш, Унгарын цэргийг бут цохиж байжээ.

Бат
Хаан
Шах
Царь[1]
Бат хаан Алтан Ордын хаан ширээн дээр.
Хаанчлал1227–1255
Хаан ширээнд залагдсан1224/1225 эсвэл 1227
ӨмнөхЗүчи
ДараахСартаг
Төрсөн1205 (Загвар:Four digit-12)
Монгол
Нас нөгчсөн1255 (47–48 настай)
Сарай
ХатанБорагчин хатан
Үр хүүхэдСартаг
Тогой[2]
Andewan
Улаагч (маргаантай)
Ургийн овогБоржигон
Улс гүрэнЗүчийн улс, Алтан Орд
АавЗүчи
ЭэжУхаа үжин хатан Хонгирад

Уг гарал болон амьдрал

засварлах

Чингис хааны хатан, Зүчийн эх Бөртэ Мэргэдэд олзлогдож байгаад эргэж ирснийхээ дараа удалгүй Зүчийг төрүүлсэн байдаг нь ихэнх хүмүүс Зүчийг Мэргэдийн орхидос хүүхэд хэмээн жигшихэд хүргэсэн байдаг. Харин Чингис хааны удаах хүү Цагаадай энэхүү үгэнд хэт итгэж, дараагийн хаан сонгох ёслол дээр Зүчийг доромжилж байв. Чингис хаан амьд ахуйдаа энэ асуудлыг цэгцлэн Бөртэ хатныг олзлогдохоосоо өмнө жирэмсэн байсан гэдгийг хэлж Хуагчин эмгэн ч баталсан бөгөөд энэ мэт асуудлаар хагарал үүсгэн хэлцэхийг цаашид бүрэн хориглож байжээ. Хэдийгээр Зүчи өөрийн эцэгтэй заалгаж авсан Кипчакийн талыг цэрэг дайны хөлд өртүүлэхгүй байх талаар зарим нэг саналын зөрүүтэй байсан ч насан их хааны хайртай хүү байсаар насан эцэслэжээ.

Эцгийгээ нас барахад Бат дөнгөж 19 настай байсан бөгөөд их эзэн Чингис хааны тааллаар эцгийнхээ улсыг залгамжлан Алтан Ордын улсыг байгуулжээ. Харамсалтай нь түүний бага, идэр насны талаар ямар нэгэн баримт бичиг олдоогүй аж. Бат хаан 19 настайдаа гэхэд суут өвөг эцгийнхээ аян дайн хийх стратеги, тактикийг гүнзгий судалж эзэмшсэн, их морин цэргийг захирах чадвартай цэргийн удирдагч болон төлөвшсөн байв. Түүний эцэг Зүчи хаан ууган хүүгээ цэргүүддээ үлгэр дууриалал болохуйц жинхэнэ цэрэг болгон хүмүүжүүлж их цэрэг удирдах урлаг, улам өргөжин тэлсээр байгаа улс орондоо дотоодын самуун үймээн гаргахгүй удирдаж байх чадварыг түүнд зааж сургажээ.

Бат хаан 1242 онд өөрийн улсыг ах, дүү нартаа хувааж өгөхөд Зүчийн улс гурван хэсэгт хуваагджээ. Батын ах Ордын захирсан Цагаан Орд Алтайн нуруунаас Арал нуур хүртэлх газар нутгийг, Батын дүү Шейбаны захирсан Хөх орд Арал нуурын орчим газар болон баруун Сибирийг, Батын захирсан Их Орд Ижил мөрний сав газрыг тус, тус захирч байжээ. Бат хааны захирсан Их Ордыг Оросын он тооллын бичгүүдэд Алтан орд, Орд хэмээн тэмдэглэдэг бөгөөд Их орд нь Хөх орд, Цагаан ордыг хараат улсын хувиар захирдаг байжээ.

Бат хаан нь алтан ургийнхантай цусан өшөөтэй мэргэдийнхэн, тэднийг өмгөөлөлдөө авсан куманчууд половчуудыг аль болох монголын хилээс хол байлгах, тэднийг сэхэх боломжгүй болтол нь дарах, Монгол нутгаас холдуулах үүргийг хүлээн Европд тэднийг мөшгин дарах дайныг удирдсан гарамгай удирдагч юм. Мөн оросын алдарт Невийн Александр хүртэл түүний хүү Сартагтай анд барилцан Бат хааны хуурай хүү нь болж байжээ. Хааны суу алдар, цэрэг армийн дэмжлэгээр Орос орныг нэгтгэж бусад улс орнуудын довтолгооноос хамгаалж байжээ. 1255 онд Бат нас нь өөд болох үест түүний угсаа залгамжлагчаар нэрлэгдсэн ханхүү Сартаг Их Монголоос авга ах Бэрхийн хамт буцах замдаа гэнэт нас барахад, Батын дүү Бэрх Алтан Ордыг залгамжлан авчээ.

Бат хаан бусад хаадын адил их хатан Хонгирадын Борогчин, бага хатад болон татвар эмстэй байсан бөгөөд түүхэнд бичигдэж үлдсэн эх сурвалжаар хөвүүд нь их хатнаас мэндэлсэн ханхүү Сартаг болон Тогоон (Тогохануолцоу) нар гэдэг юм.

Оросыг дайлсан нь

засварлах
Гол өгүүллүүд: Монголчууд Русийг дайлсан нь, Монголчууд Ижил мөрний Булгарчуудыг дайлсан нь.

Өмнө нь Крымын хойгийн байлдан дагуулалтыг удирдсан Батад 1235 онд 130000 орчим цэрэг олгож, Европ руу хийх дайныг удирдах үүрэг өгчээ. Үнэндээ бол Сүбэдэйн жанжин захирч байсан энэ их цэрэг Ижил мөрнийг гаталж, 1236 онд Ижил мөрний Булгар руу довтолжээ. Ижил мөрний Булгар, Кипчак, Аланчуудын эсэргүүцлийг дарахад нэг жилийн хугацаа зарцуулсан.

1237 оны 11-р сард Бат хан элчээ Владимирийн II Юрий руу довтолгож, дагаар орохыг шаарджээ. Нэг сарын дараа Батын цэрэг Рязань хотыг бүсэлсэн байна. Зургаан өдөр цус урсган тулалдсаны эцэст хотыг бүрэн устгасан бөгөөд тус хот дахин хуучин шигээ цэцэглээгүй юм. Энэ мэдээг сонсож түгшсэн II Юрий Монголчуудын эсрэг цэрэг хөвгүүдээ хөдөлгөсөн боловч тэд бут ниргүүлжээ. Монголчууд Коломна, Москва тосгоныг шатаасныхаа дараа 1238 оны хоёрдугаар сарын 4-нд Владимир хотыг бүслэн авчээ. Гурван өдрийн дараа Владимир-Суздалийн нийслэлийг эзлэн авч, юу ч үгүй галдан шатаажээ. Вангийн гэр бүл галд шатах энэ үед II Юрий хойд зүг рүү яаран сандран ухарсан юм. Ижил мөрнийг гатлаад тэр шинэ арми байгуулсан боловч, энэ армийг нь Монголчууд гуравдугаар сарын 4-нд Сить гол дээр юу ч үгүй хүйс тэмтэрчээ.

Бат хан их цэргээ хэд хэд хувааж, Оросын 14 хотыг, тухайлбал Ростов, Углич, Ярославль, Кострома, Кашин, Кснятин, Городец, Галич, Переславль-Залесский, Юриев-Польский, Дмитров, Волоколамск, Тверь, Торжок хотуудыг дайлжээ. Эзлэн авахад хамгийн хэцүү байсан хот нь Козельск хэмээх жижиг хот байсан бөгөөд тэр хотын насанд хүрээгүй хунтайж Титус оршин суугчдынхаа хамтаар Монголчуудын довтолгоог долоон долоо хоног эсэргүүцэн тулалдсан байна. Ам дамжин ярьсан түүхэнд өгүүлснээр Монголчууд ойртож явааг дуулсан Китеж хотынхон бүгд нууранд живцгээсэн нь өнөөг хүртэл харагддаг гэлцдэг ажээ. Монголчуудад дагаар орж, алба гувчуур өргөхийг зөвшөөрсөн Смоленск, алслагдсан байрлал, өвлийн цаг агаарын улмаас Монголчуудын хүрч чадаагүй Новгород, Псков хотууд томуухан хотуудаас устгуулалгүй үлджээ.

1238 оны зун Бат хан Крымын хойгийг дайлж, Мордовыг номхотгожээ. 1239 оны өвөл, тэрбээр Чернигов, Переяславыг дайлав. Монголын цэрэг Киевийг хэдэн сар бүсэлсний эцэст 1239 оны арванхоёрдугаар сард эзлэн авлаа. Галичийн Данило шургуу эсэргүүцэн тулалдсан боловч, Бат хан түүний газар нутгийн хоёр гол нийслэл Галич, Володимир-Волиньский хотуудыг эзлэн авч чаджээ. Гэхдээ Оросын улсуудыг төв Азийн эзэнт улсад нэгтгэлгүй харин вассал улс болгожээ.

Төв Европыг дайлсан нь

засварлах

Үүний дараа Бат хан Монгол морины туурай хүрэх газар хүртэл аян дайн хийж "далайг цаад эрэгийг үзэх"-ээр шийджээ. Орчин үеийн зарим түүхчид Бат хан хожим Европчуудын зүгээс жигүүрүүд рүү нь халдан довтлохоос сэргийлж, бас зарим талаараа цаашдын байлдан дагууллынхаа угтвар дохио болгохыг зорьж энэ дайныг хийсэн гэж таамагладаг. Гэхдээ ихэнх түүхчид түүнийг жигүүрүүд нь аюулгүй болж, цэрэг бэлэн болсон үед бүх Европыг байлдан дагуулах санаатай байсан гэдэгт итгэдэг.

Монголчууд төв Европ руу гурван замаар цэрэг хөдөлгөсөн байдаг. Нэг замын цэрэг нь Легницад Хуурмаг Хенри, Силезийн гүн, Тевтоны их мастерийн цэргийн нэгдсэн хүчийг бутцохиж Польшийг эзэлжээ. Хоёрдахь замын цэрэг нь Карпатын нурууг давж, гуравдахь чиглэл нь Дунай мөрний дагуу аялжээ. Гурван чиглэлийн замын цэргээ дахин нэгтгэж, 1241 оны дөрөвдүгээр сарын 11-нд Мохи дахь тулалдаанаар Унгарын IV Белагийн удирдсан цэргийг бут цохисноор Унгарыг номхотгожээ. Монголын цэрэг зуны турш Унгарын тал нутгаар довтолж, 1242 оны хавар хүчээ сэлбэж, Австри, Далмац хүртэл нутгаа тэлж, Бохемийг довтлов.

Европ руу хийсэн энэхүү довтолгооныг Батын удирдлага дор гарамгай цэргийн жанжин Сүбэдэй төлөвлөж хэрэгжүүлжээ. Сүбэдэй Европт хийсэн ялалтуудаараа өөрийн алдар нэрийн оргилд хүрсэн. Оросын янз бүрийн вант улсуудыг ээлж дараагаар дайлж дууссаныхаа дараа, тэр Европын төв хэсэг рүү довтлох довтолгоондоо бэлтгэн Польш, Унгар, бүр Австри хүртэл тагнуул илгээж байв. Европын вант улсуудын талаар тодорхой дүр зурагтай болсон Сүбэдэй Бат хан ба түүнтэй цус нэг өөр хоёр ханхүүгийн удирдсан довтолгооныг гоц ухаантай төлөвлөжээ. Зүчийн хүү Бат хан ерөнхийлөн захирагч байсан боловч Сүбэдэй Оросын хойд, өмнөд хэсгийг дайлсан Монголын аян дайныг газар дээр нь удирдаж байсан шигээ Европын аян дайныг мөн удирджээ. Хайдугийн хойд замын хүч Легницийн тулалдаанд ялалт байгуулж, Хаданы цэрэг Трансильванид амжилттай дайтаж байхад, Сүбэдэй тэднийг Унгарын тал нутагт хүлээж байлаа. Дахин нэгдсэн их цэрэг Сайо гол руу буцаж Мохи дахь тулалдаанаар Унгарын IV Белаг бут ниргэжээ.

Батын үлдээсэн өв

засварлах

1241 оны сүүлээр Бат, Сүбэдэй хоёр Австри, Итали, Германыг дайлах төлөвлөгөөгөө гаргаж дуусч байхад, Өгэдэй хаан (1241 оны 12-р сард нас барсан) тэнгэрт хальсан тухай мэдээ ирж, цусан төрлийн хөвүүд болон Сүбэдэй Хархорум руу Их Хуралдайд дуудагдсанаар 1242 оны хаврын сүүлээр Монголын цэрэг буцжээ. Бат Их хаан болох боломжтой байсан бөгөөд энэ суудлыг авч чадахгүй нь тодорхой болонгуут Ази, Уралын нуруун дахь байлдан дагуулсан нутаг орноо түвшитгэхээр буцсан байна. Тэр эргэж явахдаа Сүбэдэйг авч яваагүй бөгөөд Монголдоо үлдсэн Сүбэдэй тэндээ 1248 онд нас баржээ. Бат Гүюг хаанд дайсагнан ханддаг байсан тул Европыг цаашид байлдан дагуулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжгүй болсон. Чингис хааны ач нарын хоорондох харилцаа улам бүр муудаж Монголын Эзэнт гүрний төгсгөл ойртсон энэ үед тэр дорно зүгээс ирэх довтолгооноос сэргийлж цэргээ бэлэн байлгаж байхаас өөр аргагүй байлаа. Бат хан эргэж ирээд 1242 онд ханлигийнхаа нийслэлийг Ижил мөрний доод биед орших Сарай хотыг байгуулжээ. Гүюг хааныг нас барсны дараа тэрбээр шинэ аян дайн хийхээр төлөвлөж байсан боловч (тэр Европыг байлдан дагуулах Сүбэдэйн төлөвлөгөөг хэрэгжүүлэх санаатай байв) 1255 онд нас барж, ханлиг нь Сартагт өвлөгдлөө. Сартаг Европыг дайлах төлөвлөгөөнөөс татгалзлаа. Үүнээс хойш 230 жилийн турш Кипчакийн ханлиг Оросыг олон вангуудаар нь дамжуулан захирч байлаа.

Бэрх ч гэсэн Европыг эзлэх Батын төлөвлөгөөг сонирхоогүй юм. Харин тэр өөрийн үеэлүүд, ялангуяа Хүлэгүтай тулалдахыг илүү сонирхож байлаа. Бэрх Исламын шашны чин сүжигтэн байсан тул Хүлэгүг Багдадыг сүйтгэсэн хэмээн үзэн ядах болжээ. Хүлэгү өөрийнхөө эзгүйд Айн Жалутад ялагдсаныхаа хариуг авахаар Египет рүү цэрэг аван хөдлөхөөр зэхэж байх үед 1262 онд Бэрх хан Ил Хан улсын нутаг дэвсгэрийн нэг хэсгийг Кипчакуудаар цөлмүүлэн дээрэмдүүлжээ. Үүнд уурлан хилэгнэсэн Хүлэгү их цэргээ цуглуулан, хойд зүг рүү хөдөлсөн бөгөөд Бэрх хан түүнийг Ариун Газраас нь улам холдуулж, хойд зүг рүү аваачсаны дараа 1263 онд Хүлэгү Кавказын хойд хэсгийг эзлэн авах гэж оролдоод хүнд ялагдал амсчээ.

Кипчакын ханлигийг Орос, Европт Алтан Орд нэрээр мэддэг байсан бөгөөд зарим түүхчид энэ нэрний гарлыг Ханы гэр алтлаг өнгөтэй байсантай холбоотой гэж үздэг ажээ. "Алтан" гэдэг үг нь "ханы" гэсэнтэй адил утгатай гэж бас үздэг аж. Монголын бүх ханлигууд дундаас Алтан Орд хамгийн удаан оршин тогтносон. Юань династи задарч, Хятадаас хөөгдөн, Ойрхи Дорнодын Ил Хан улс мөхсөнөөс бүүр хойно Бат ханы удам угсаа Оросын тал нутгийг эзэгнэн суусаар байлаа.

Лавлах бичиг

засварлах
  1. Jarosław Pelensk Russia and Kazan: conquest and imperial ideology (1438-1560s), p.121
  2. David Morgan, The Mongols, p. 224.
  • Т.Сүхбаатар. Монголын Алтан ордны улсын цэргийн түүх" УБ.2019 он
  • Morgan, David. The Mongols. ISBN 0-631-17563-6.
  • Nicolle, David (1998). The Mongol Warlords. Brockhampton Press.
  • Ronay, Gabriel (1978). The Tartar Khan's Englishman. Cassel.
  • Saunders, J.J. (1971). The History of the Mongol Conquests. Routledge & Kegan Paul. ISBN 0-8122-1766-7.
  • Sicker, Martin (2000). The Islamic World in Ascendancy: From the Arab Conquests to the Siege of Vienna. Praeger Publishers.
  • Soucek, Svatopluk (2000). A History of Inner Asia. Cambridge.

Цахим холбоос

засварлах
Өмнөх
байхгүй
Хөх ордын хаан
1240–1255
Дараах
Сартаг