Бэрх хан нь Хөх Орд ба Цагаан Ордыг [1] нэгтгэсэн бөгөөд 1257-1266 онд Зүчийн улс буюу Алтан Ордыг [2] хаанчилж байсан. Тэрбээр өөрийн ах Хөх Ордын (Баруун) Бат ханаас хаан ширээг залгамжлан авч, Монголчуудын байгуулсан энэ улсад Исламын шашныг "албан ёсоор байгуулсан"[3] бөгөөд Ариун Газрыг хамгаалж буй Мамлюкуудад туслахаар Айн Жалутын тулалдаанд өөр нэг Монголын улс болох Ил Хан улсын эсрэг тулалдаж байлаа.

Удам судар

засварлах

Бэрх нь Чингис хааны ахмад хөвүүн Зүчийн нэг хүү юм. 1235 онд Бэрх ах Батын удирдлага дор Орд, Шинкур, Шибан нарын төрсөн ах дүү нар болон үеэл нартай нэгджээ. 150000 хүнээс бүрдсэн их цэрэг Сибириэс хөдөлж Лалын шашинтнуудын нутаг Ижил мөрний Булгар, Кипчакуудыг дайлж дагаар оруулав. Дараа нь тэд 1237 онд Рязань, Суздалийн вант улсуудыг дайлж, Оросын нутаг руу цөмрөн орлоо. Бэрх ахынхаа Европыг дайлах их аян дайнд оролцож, Унгарын вант улсын цэргийг хүйс тэмтэрсэн Мохийн тулалдаанд тулалджээ. Өгэдэй хааныг нас барахад, цусан төрлийн бүх хөвүүд Их хааныг сонгохоор Монгол руу дуудагдсан. Бэрх болон түүний төрсөн ах дүүс бүгд ах Батыгаа их хааны ширээнд гаргахыг дэмжиж байлаа. Энэ нь амжилтгүй болоход тэд бүгд Орос руу буцацгаажээ. Өгэдэй, Зүчийн удмынхны хооронд гарсан хагарлын улмаас Зүчийн улс Европ руу дахин хэзээ ч цэрэглэн довтлоогүй юм (Польш руу нэг дайрсан нь зөвхөн дээрмийн зорилготой байв). Европыг дайлахын оронд Зүчийн улс Орост бэхжиж, үеэлүүдийнхээ болзошгүй довтолгооноос хамгаалахаар зэхэж байлаа.

Зүчийн улсын эрх мэдлийг авсан нь

засварлах

Бат 1255 онд нас барахад, түүний хүү Сартаг богино хугацаагаар хаанчилсан. Сартаг удалгүй нас барсны дараа 1257 онд Бэрх эрх мэдлийг гартаа авчээ. Тэрбээр чадварлаг удирдагч байсан тул дөнгөж бүрэлдэн тогтсон эзэнт улс болох Хөх Ордыг амжилттай тогтоон барьж, тогтворжуулжээ. Түүний хаанчлалын хугацаанд Монголчууд Халичийн Данилог бүрмөсөн дарж, 1259 онд Литва, Польшийн эсрэг Бурундай, Ногай (Люблин, Завихост, Санмиерз, Краков, Битом хотууд сүйдсэн) нараар удирдуулан хоёрдахь удаагаа довтолжээ. 1258 онд Багдадыг тонон сүйтгэснийх нь хариуд Ил Хан улсын Хүлэгү ханы эсрэг хийх дайнаа санхүүжүүлэх зорилгоор ийнхүү Литва, Польш руу довтолсон ажээ. Сартаг мөн 1265 онд Болгар, Фракыг довтолж байв.

Исламын шашинд орсны дараа

засварлах

Бэрх Исламын шашинд орж, чин сүжигтэн боллоо. Үүний улмаас Хөх Орд үндсэндээ Исламын шашинтай болж эхэлсэн бөгөөд харъяат ардууд нь Исламын шашинд орцгоов. Халиф Аль-Мустазимийг хороосон төдийгүй Сири, Египет рүү нутгаа тэлэх санаа агуулж бусад лалын шашинтнуудыг айлгаж байсан Хүлэгүг Бэрх устгахыг зорьж байлаа.

Энэ үед Хитбухаар удирдуулсан Монголчууд Палестинийн эргийг захирч байсан загалмайтнуудтай муудалцсан тул Мамлюкууд загалмайтнуудтай эвсэж, улмаар тэдний нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч, Монгол цэргийг Айн Жалутын тулалдаанд ялах боломжтой болжээ. Хитбуха алагдав. Палестин, Сири бүрмөсөн алдагдаж, Хүлэгүгийн династийн турш Тигр мөрнөөр хиллэх болсон. Бэрх Хүлэгүгаас өс авах тангаргаа Мөнх хааныг нас барсны дараа нутагтаа эргэж ирээд хэрэгжүүлжээ.

Хүлэгү 1262 онд нутагтаа эргэж ирсэн боловч ялагдлынхаа хариуг авахын оронд Бэрх болон түүний Хөх Ордтой хийсэн дотоодын дайнд татагдан орлоо. Бэрх хан Ислам шашинд чин сүжигтэй байсан тул Багдадыг эвдэн сүйтгэснийх нь дараа Хүлэгүг заавал устгана гэж андгайлжээ. Исламын шашинт түүхч Рашид ад-Дин Бэрх хан (Мөнх хааныг Хятадад нас барсныг мэдэлгүй) Мөнх хаанд Багдад руу хийсэн довтолгоог эсэргүүцэж байгаагаа мэдэгдэхдээ "тэр Исламын шашны бүх хотыг тонон сүйтгэж, Халифын амь насыг хороолоо. Бурхны тус дэмжлэгээр би түүнээс ийм их гэмгүй цус урсгасных нь хариуг авах болно." (Бэрх ханы мэдэгдлийг Рашид ад-Диний тэмдэглэснээс эшэлсэн The Mongol Warlords хэмээх номыг үзнэ үү; энэ эшлэлийг мөн The Mamluk-Ilkhanid War номноос харж болно) -- Хүлэгү Их хаанаар Хубилайг сонгохоор эцсийн байдлаар тохирчихоод 1262 онд нутагтаа эргэн ирээд Айн Жалутын ялагдлынхаа хариуг авахаар их цэргээ цуглуулж, Мамлюкууд руу довтлохоор бэлдэж байхад нь Бэрх хан амласнаа биелүүлж, Мамлюкуудтай эвсэж (Бэрх Хүлэгүгийн эсрэг Мамлюкийн султан Бэйбарстай эвсэхийг хүссэн) Хүлэгүгийн нутаг руу цуврал довтолгоон хийж урхидан хойд зүг рүү аваачлаа. Энэ нь Монголчуудын хоорондох анхны ил мөргөлдөөн байсан бөгөөд нэгдсэн эзэнт улсын мөхлийн дохио болсон юм.

Эцэст нь 1262 онд мөргөлдөөн ил дайн болж хувирлаа. Хүлэгү хан 1263 онд Кавказын хойд хэсгийг эзлэн авахыг оролдож байгаад хүнд ялагдал хүлээжээ. Хүлэгүгийн цэргийн хүчийг Бэрхийн ач дүү Ногай Тэрэк гол дээр бутниргэж, ухраажээ. 1265 онд Хүлэгү нас барсан.

Амьдралын төгсгөл

засварлах

Бэрх Хүлэгүгийн хүү Абаха хантай дайтаж байгаад 1266 онд амь үрэгдсэн. Түүнийг ач дүү Мөнхтөмөр нь залгамжилжээ. Мөнхтөмөр Бэрхийн Мамлюкуудтай эвсэх, Ил Хан улсыг тогтоон барих бодлогыг үргэлжлүүлж байв. Хүлэгүгийн эсрэг Бэрхийн хийсэн довтолгоо Ариун Газрын үлдсэн хотуудыг, үүний дотор Мекка, Иерусалем зэрэг хотыг Багдадтай адил сүйрэх аюулаас аварсан гэдэг дээр ихэнх түүхчид санал нэгддэг.

Нэмж үзэх өгүүллүүд

засварлах
  1. Хөх, Цагаан гэсэн эдгээр нэрийг орчин үеийн ихэнх түүхчдийн нэгэн адил Перс уламжлалыг дагаж бичсэн бөгөөд түрэгийн хэрэглээнд эдгээр нэрний байр нь солигддог учир хоёрдогч сурвалжуудад будлиан үүсгэдэг.
  2. Алтан гэдэг нэр тал нутгийн зүг чигийг бэлэгдсэн өнгөнөөс гаралтай гэж үздэг. Тухайлбал : хар — хойд, хөх — зүүн, улаан — өмнөд, цагаан — баруун, шар (буюу алтан) — төвийг тус тус бэлэгддэг ажээ.
  3. Devin De Weese, Devin A, ( DeWeese. "Islamization and Native Religion in the Golden Horde", Penn State Press, Sep 1, 1994, ISBN 0-271-01073-8 pg.3

Эх сурвалж

засварлах
  • Amitai-Preiss, Reuven. The Mamluk-Ilkhanid War, 1998
  • Chambers, James, The Devil's Horsemen: The Mongol Invasion of Europe
  • Hildinger, Eric, Warriors of the Steppe: A Military History of Central Asia, 500 B.C. to A.D. 1700
  • Morgan, David -- The Mongols, ISBN 0-631-17563-6
  • Nicolle, David, -- The Mongol Warlords Brockhampton Press, 1998
  • Reagan, Geoffry, The Guinness Book of Decisive Battles , Canopy Books, NY (1992)
  • Saunders, J.J. -- The History of the Mongol Conquests, Routledge & Kegan Paul Ltd, 1971, ISBN 0-8122-1766-7
  • Soucek, Svatopluk -- A History of Inner Asia, Cambridge, 2000
Өмнөх
Улагчи
Хөх ордын хаан
1257-1266
Дараах
Мөнхтөмөр