Бохеми (германаар Böhmen → [ˈbøːmən], чехээр Čechy → [ˈt͡ʃɛxɪ], оросоор Богемия) — чех үндэстний түүхэн нутаг буюу Чех улсын ихэнх баруун хэсгийг хамаарсан түүхэн газар орон байв. Одоо ч мөн тус нутгийг албан бусаар, уламжлал ёсоор Бохеми гэдэг. Өргөн утгаар Бохемийн вангийн нэр хүнд өндөр байсан тул Морави, Чехийн Силезийг оруулан бүх чех нутгийг Бохеми гэдэг байв.

Чех улсын газрын зурагт Бохеми нутгийг хар ногоон өнгөөр тэмдэглэв.
Бохемийн хил ягаан, Моравынх шар,
Австрийн Силезийн хил улбар шар

9-10-р зуунд Их Моравийн хүрээнд Бохеми нь эхлээд бейст нутаг байснаа 11-19-р зуунд найман зууны турш Ариун Ромын Эзэнт Гүрний харьяанд Бохемийн Хант Улс байв. Дараа нь Хабсбургийн улс, Австрийн Хаант Улсын харьяанд оржээ. 1914-1918 оны хооронд болсон Дэлхийн нэгдүгээр дайны дараа тусгаар Чехословак улс байгуулагдахад дотор нь багтсан. 1938-1945 онд Нацист Германы эрхэнд орсон. 1969 онд Бохемыг хамарсан чех нутаг Чехословакийн харьяанд өөртөө засах эрхтэй Бүгд Найрамдах Социалист Чех Улс болжээ. 1990 онд Чехословак хуваагдахад тусгаар улс буюу өнөөгийн Бүгд Найрамдах Чех Улс болон тогтжээ.

1948 он хүртэл Бохеми нь Чехословакийн засаг захиргааны нэгж болох нутаг (земе)-нд хуваагдаж байсан. Засаг захиргааны шинэчлэлээр өөртөө засах аймаг (край) болж, өмнөх түүхийн хил хязгаарыг дагахгүй болжээ. Чех улсын үндсэн хуулинд "Бохеми, Морави, Силези дахь Бүгд Найрамдах Чех Улсын иргэд бид" гэж гурван нутгийг дурдан өгүүлсэн байдаг. Бохеми нутгийг багцаалвал 52,065 хавтгай дөрвөлжин километр газар болох бөгөөд өнөөгийн байдлаар Чех улсын 10.5 сая хүний ихэнх буюу 6.5 сая оршин сууж байгаа.

Бохеми нутаг өмнөд талаараа Дээд, Доод Австри (хоёул Австрийн нутаг), өрнөд талаараа Бавари, умард талаараа Саксон, Лусат (энэ гурав бол Германы нутаг), дорно умард талаараа Силези (Польшийн нутаг), дорнод талаараа Морави (Чехийн нутаг) нутгуудтай хил залгадаг уламжлалтай. Бохеми хил хязгаар ихэвчлэн уулын нуруу, уулсаар тогтсон байдаг. Үүнд Бохемийн ой, Оре нуруу, Крконоке, Судетын нуруу зэрэг байна. Бохеми-Моравийн хил хязгаар болж Элбэ, Дунай мөрөн урсдаг.

Нэрийн гарал

засварлах

НТӨ 2-р зуунд Ромын эзэнт гүрэн Италийн хойд хэсэгт ноёрхлоо тогтоохын тулд галь,кельтүүдтэй тэмцэлдэж байлаа. НТӨ 194 оны Плацент дахь, НТӨ 193 оны Мутин дахь тулалдаануудад тэд дээрх кельтийн Бой аймгийг дийлжээ. Бой аймаг түүнээс Альпийн нурууг давж нутагласныг Ромын бичиг сударт “Бойхаэмум” (Boiohaemum) гэж тэмдэглэжээ. Энэ нь “Бойн цөл” гэсэн утга болно. 7-р зуунд тус нутагт слав угсааны чехүүд нутагласан ба нутгаа “Чехи” (Čechy) гэж нэрийдсэн.

Эртний үе

засварлах

Бохемид хөрш нутаг Баварийн адилаар Бой хэмээх кельт аймаг Италийн умард нутгаас шахагдан нүүж нутагласан. Хелвет болон Бой аймгийг НТӨ 58 онд Юлий Цезарийн аян дайнаар Францын өмнөд хэсэгт нүүлгэсэн. Түүнээс Бохеми нутаг хүн бага суурьшсан цөл маягтай байсан бөгөөд герман угсааны суеб аймгийнхан нутаглажээ.

Бохеми дахь суеб нь Ромтой дайтдаг байсан ба нутгийн өмнөд хэсгийн уул хад, ой мод байгалийн хил болдог байв. Луги, куад зэрэг овог аймгуудтай эвсэл үүсгэх, болих зэргээр оршин байв. Дундад зууны эхэнд алеманни, бавари зэрэг суеб аймгууд дорно зүгээс ирсэн вандал, алан зэрэг аймгуудад түрэгдэн өрнө этгээд рүү Испани хүртэл нүүжээ. Зарим нь өмнө зүгт Паннон хүрчээ. Олон овог аймгууд нааш цааш нүүсний дараа 6-р зуунд дорно зүгээс слав угсаатан нүүн суурьшсан. Славын нүүдлийг хоёр хуваан үздэг. Эхнийх нь 568 онд герман угсааны ломбардууд Бохемийг орхисон бол хоёрдугаар нь 630-660 онд само аймгийн холбоо нутагт ноёрхсон үе юм. Христийн шашин 9-р зуунд дэлгэрч 10-14-р зуунд дийлэнх олонхын шашин болжээ. 9-р зуунд зэргэлдээх Баваритай овог аймгийн байдал суларсан бөгөөд нэгдсэн улс үндэстний шинжтэй болсон.

Премислийн ураг

засварлах
 
Премислийн ургийн
1260-аад оны сүлд

Их Моравийн I Свтоплук (870-894) нь Бохемийг өөртөө хамааруулж байв. Түүний дараа Их Моравийн улс төрийн байдал тогтворгүй болсон ба нүүдэлчин мажарын довтолгоонд өртсөөр байсан. Чех үндэстний Премислийн ураг төрөл Бохемийг эзэн мэдэж байв. Премислийн Бохеми дорно талын нүүдэлчдээс хилээ хамгаалахын тулд франктай холбоо тогтоож, алба барьдаг байсан ба энэ холбоо нь тэднийг христийн шашинд оруулсан. Франк улстай тогтосон харилцаа нь Ариун Ромын Эзэнт Гүрэнтэй холбогдох болсон. 955 онд Ариун Ром болон Бохемийн хамтарсан цэрэг Лехфелдын тулалдаанд мажарын довтолгоог няцаасан. Бохемийн I Болеслав гүн (935-972) Ариун Ромын герман хаан I Оттогоос Моравийг эзэн мэдэх эрх авсан ба Ариун Ромын хүрээний дотор өөртөө засах ихээхэн эрхтэй болжээ.

Бохемийн удирдагчдаас анх ван цолыг хэрэглэсэн нь II Вратислав (1058 он) байв. II Оттокар (1253-1278) вангийн үед Австри, Словенийг эзэлж Премислийн улс Адриатын тэнгис хүртэл газрыг хамаарч байв. 1241 оны монголын довтолгоонд шахагдсан германчууд нутгийн умард, өрнөд талаар суурьшсан.

Люксембургийн ураг

засварлах
 
14-р зуунд байгуу-
лагдсан Карлштейн цайз

1310 онд Люксембургийн ургийн I Жон Премислийн ургийн Элизабеттай гэрлэсэнээр Бохемийн вангийн ширээг давхар хамаарчээ. Түүний хүү IV Чарльз Бохемын ван болсон бөгөөд Праг дахь Чарльзын их сургуулийг үндэслэсэн нь Төв Европ дахь анхны их сургууль байсан. Тэрээр улс төрийн нэр хүндтэй бөгөөд Ариун Ромын Эзэнт Гүрний хаанаар сонгогдож байв. Бохемиэс гадна Морави, Силези, Дээд Лусат, Доод Лусат, Бранденбург, Нюрнберг, Люксембург гэх мэт олон газрыг хянаж байлаа.

Бохемид нутагласан германчууд Бохемийг хос хэлтэй орон болгосон. Тэдний ачаар Судетын уулархаг нутагт уул уурхай хөгжсөн. Санкт Йохимстал (өнөөгийн Яхимов) хэмээх уурхайн сууринд мөнгөн зоос үйлдвэрлэж талер, доллар хэмээжээ.

Чарльзын их сургуулийн багш Ян Хус нь шинэчлэгч, шашны зүтгэлтэн байсан бөгөөд өнөөгийн чех хэл дэлгэрэхэд хувь нэмэр оруулжээ.

Хусын Бохем

засварлах
 
Хуссын үеийн таборит нь
Табор хотод төвлөж байв

Католик шашинтны 1415 оны Констанцын зөвлөлөөр Ян Хусыг буруутган, цаазаар аваачжээ. Тэр чехийн байр суурийг илэрхийлсэн ба Хусыг дэмжигчид бослого гаргаснаас католик шашинтны нэгдсэн цэрэг тэдний эсрэг таван удаа дайтжээ.

Троцновын Ян Зизкагийн удирдлагад тэд эрслэн боссон. Ян Зизкагийн удирдсан цэрэг үхэр буу, хуягт чингэлэг зэрэг олон шинэ зэвсэг техник хэрэглэсэн. Зизкагийн дараа Агуу Прокоп удирдаж, арваад жил ялагдалгүй дайтАВ. Хуссын цэрэг аажмаар каликстин, таборит гэж хоёр чиглэл болов. Каликстин нь католикуудтай эвлэрсэн бол таборит нь эвлэрээгүй. Каликстин нь 1434 онд Липанд таборитыг дийлсэнд «Бохемийг зөвхөн бохем л дийлнэ» гэдэг хэлц үүсчээ. Католикууд каликстиныг сайшаасан боловч 1458 онд ван суусан Ийржи бүх Европын Христийн холбоог үүсгэхийг зорьсон нь папын дургүйг хүргэжээ.

Хабсбургийн ураг

засварлах

1526 онд Унгар-Бохемийн II Луи ван байлдааны үеэр нас барсанд Австрийн I Фердинанд шинэ хаан болсон нь Хабсбургийн ургийн хүн байв. 1436-1620 оны ямар шашин, урсгал эрх чөлөөтэй байсан бол 1609 онд Ариун Ромын эзэнт гүрний хаан II Рудольф Бохеми дахь Прагийг эзэнт гүрний нийслэлээр тогтоож, католик шашныг тунхаглав.

II Матяс хааны дараа II Фердинанд хаан болов. Бохемид протестант шашинтны бослого гарч энэ нь 1618 оны Гучин жилийн дайнд нэгджээ. Бохемийн вангийн сууринд калвинист протестант V Фредрик суусныг "Өвлийн ван" гэж алдаршуулжээ. Фредрик 1620 онд Цагаан уулын тулалдаанд амь үрэгдэж, Бохемийн ноёд нутаг орноосоо цөлөгдөв. Бохемид шашныг шинэтгэх хөдөлгөөн төгсөж, Прага Ариун Ромын эзэнт гүрний төв байхаа болив. 1627 онд герман хэлийг чехийн хэлийн дараа хоёрдугаар албан ёсны хэл болгов. Чех хэл бүх ард түмний хэл байсан ба хаад ноёдын дунд герман болон латин хэл зонхилж байв.

18-р зууны төгсгөлд Чехийн үндэсний сэргэх хөдөлгөөн сэхээтний дунд явагдаж, чех хэл дахин удирдах түвшний хэл болов.

1861 онд шинээр Бохемийн хурал үүсэв. Улс төрийн намууд үүсчээ. 1867 онд Австри-Унгарын эзэнт гүрний Австри болон Унгарын хоёр тал нь тэнцүү эрх эдлэхээр болсон. 1871 онд чехүүд Австри-Унгар-Бохеми гэх гурвалсан холбоог үүсгэхийг зорьсон боловч няцаагдаж байв. 1918 оныг хүртэл чех намууд «улсын эрх хөтөлбөр» гол зарчим болгосон.

20-р зуун

засварлах
 
1918-1938 оны Чехословакийн өрнөд захын муж нь Бохеми байв.

Дэлхийн нэгдүгээр дайны дараа Бохеми шинээр байгуулагдсан Чехословакийн цөм хэсэг болов. Чехословакт Бохеми, Морави, Чехийн Силези, Дээд Унгар (өнөөгийн Словакт хамаарна), Карпатын Русь зэрэг нутаг багтсан. Чехословакийн нутагт нутгийн уугуул герман, унгар хүмүүс бас байсан ба тэд Герман улсад нэгдэхийн төлөө байв.

1938 оны Мюнхены хэлэлцээрээр герман үндэстэн суудаг Бохемийн хил хязгаарын нутгууд нь Нацист Германд харьяалагдав. Бохемийн үлдсэн нутаг 1939 онд мөн Германд эзлэгджээ. Энэ үед харин Словак нь тусгаар улс хэмээх нэртэй Германы хүүхэлдэй улс байдлаар оршин тогтножээ.

Германы түрэмгийллийг эсэргүйцсэнийг хүчээр нухчин дарж байв. 1942 онд Лидиц тосгоныг хүйс тэмтэрчээ.

Дэлхийн 2-р дайн төгсөхөд Бохемийн германчууд герман нутаг руу дүрвэж, Потсдамын гэрээгээр Чехословак дахин тусгаар тогтносон улс болов. Бохемийн германчуудын үлэмж хэмжээний хөрөнгө хураагдаж улсын орлого болжээ. Дайны өмнө ардчилсан дэглэмтэй байсан бол дайны дараа коммунист нам төрийн олонхын санал аван төрийн эрх барив.

1948 оноос Бохеми хэмээх түүхэн хилийг мөрдөхийг больж, шинээр засаг захиргааны хуваарь тогтоов.

1983 онд ардчилсан хувьсгал эхэлж, 1993 онд хуучин Бохемийн нутаг шинээр тусгаар тогтносон Бүгд Найрамдах Чех Улсад аймгууд болон хамаарчээ.

Цахим холбоос

засварлах
  Commons: Bohemia – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Бохеми – Энэ үгийг тайлбар толиос харна уу