Аланчууд

(Алан-с чиглүүлэгдэв)

Аланууд бол Дорнод Европт оршин сууж байсан нүүдэлчин аймаг юм. Дорнод Европын тал нутагт сууж байсан сарматууд готуудад бут цохиулсаны дараа Сарматын удам болох аланууд нь түүхийн тавцанд гарч иржээ. Аланууд Готын хараат аймаг байв. Төв Ази, Уралын нурууны орчмоос нүүж ирсэн гунну нар алануудыг цохин эрхшээлдээ оруулсан ба улмаар тэдний хамтарсан хүчин готуудыг бут цохижээ. Харин готуудын зарим хэсэг (цаашид вестготууд гэгдэх болсон) гунну нараас зугтан нүүхэд нэлээд олон аланууд хамт явсан байна. Тэд вестготуудын хамт Испанид очиж суужээ. Зарим аланууд тэндээсээ вандалуудын хамт Умард Африкт очсон болой. Нутагтаа үлдсэн аланууд нь Гуннугийн захиргаанд байж байгаад Аттила хаан нас барсны дараа Гуннугийн эзэнт улс задрахад тусгаар тогтнож, томоохон хэсэг нь Кавказын хойд талд нутаглан суув. XIII зууны үед Монголын байлдан дагуулалтын үед Монголын эзэнт гүрэнд эзлэгдэж, Алтан Ордны Улсын захиргаанд оржээ. Алануудын зарим хэсгийг Монгол руу илгээсэн бөгөөд тэд Өвөр Монголын Асуд аймгийн өвөг дээдэс болжээ. Нутагтаа үлдсэн аланууд нь осетин үндэстний өвөг дээдэс болсон байна.