Владимир-Суздалийн Вант Улс

Владимир-Суздалийн Вант Улс (Орос: Владимиро-Суздальское княжество) мөн өөрөөр Владимирын Русь (Орос: Владимирская Русь) нь Киевийн Русийн залгамж вант улс байсан бөгөөд 12-р зууны хоёр дахь хагасаас 14-р зууныг хүртэл зүүн славын хүчирхэг улс байв.[2] Вант улс цэцэглэн хөгжиж их вант улс болсны дараа хэд хэдэн жижиг вант улсад хуваагдав. Их Монгол Улсын эсрэг цэрэг хөдөлгөсний уршгаар эзлэгдсэн, Монголын дагуул улс болж хувирав. Ингээд улсын ванг зөвхөн Алтан Ордны хааны зарлигаар томилдог болсон ажээ.[3]

Владимиро-Суздальское княжество
Владимир-Суздалийн Вант Улс
1125[1] — 1389 он
Невийн Александрын тамга
Невийн Александрын тамга
Он цагийн хэлхээс
Албан хэл Эртний орос хэл ба сүмийн слав хэл
Нийслэл
– 1125—1157 он
– 1157—1389 он

Суздаль
Владимир
Төрийн хэлбэр Хаант Улс (Вант Улс)
Үүсэл
– 1125 он
– 1157 он
– 1389 он

Вант Улс байгуулагдсан
Нийслэл Владимирт шилжсэн
Москвагийн Их Вант Улсад нэгдсэн
Шашин Үнэн Алдартны Сүм
Газрын зураг
1237 онд Монголчуудын довтлохоос өмнөх үеийн Владимир-Суздалийн Их Вант Улсын газрын зураг (ягаан)
1237 онд Монголчуудын довтлохоос өмнөх үеийн Владимир-Суздалийн Их Вант Улсын газрын зураг (ягаан)

Владимир-Суздалийг их оросын хэл болон соёлын өлгий гэж үздэг. Тус вант улс нь цаг хугацааны эрхэнд Москвагийн Их Вант Улсад уусан алга болжээ.

Ростовын Вант Улс

засварлах
Үндсэн өгүүлэл: Ростовын Вант Улс

988 оны орчим Ростовын Вант Улс байгуулагдав. Ростов бол Киевийн Русийн хамгийн эртний бөгөөд чухал цайзуудын нэг байсан аж. Анхны ван нь Цэцэн Ярослав байв. Нутаг дэвсгэрийн хувьд Ижил мөрөн, Ока гол, Хойд Двина голуудын хооронд сунан оршиж байв. Хамгийн чухал цайзуудын тоонд Суздаль, Белозерск, Ярославль ордог байв. Өмнийн хээр тал газраас нэлээд өргөн ойн зурвасаар тусгаарлагджээ. Энэ вант улс нь Киев ба Новгородоос алслагдсан байв. 1015 онд Борис ван алуулснаар тусгаар байдлаа алджээ.

1113 онд Юрий Долгорукий Ростовын шинэ ван болов.

Суздалийн Вант Улс

засварлах

1125 онд Юрий Долгорукий нийслэлээ Суздаль руу нүүлгэв. 15 жилийн хойно тэрбээр Суздалиас өмнө зүгт 31 км-ийн зайд Владимир хотыг Клязьма голын эрэг дээр байгуулжээ.

Владимирын Вант Улс

засварлах

1157 онд Долгорикийн хүү Андрей Боголюбский Владимир хотыг нийслэлээ болгов. Гэвч Ростов болон Суздалийн боярууд өөрсдийн эрх мэдлээ зүгээр өгөхийг хүсээгүй учир үүнээс шалтгаалсан богино хугацааны иргэний дайн гарсан байна.

Юрий Долгорукий вангийн үед вант улс эдийн засаг болон соёлын хөгжлийг эхлүүлжээ. Тэр өвлөгдөн ирсэн, хүн сийрэг суурьшсан, ой бүхий нутгийг олон хот бүхий нутаг болгон цэцэглүүлэв. Үүнийг бүтээн байгуулах ажилчдыг Русийн өмнө талаас ирсэн цагаачид бүрдүүлж байв. 12-р зууны дундаас Киевийг тойрсон русийн нутаг дэвсгэрт түрэгүүдийн дайралт нэмэгдсэнээс шалтгаалан улсын нутаг дэвсгэрийн зүүн хойд зүгийг чиглэсэн цагаачдын хөдөлгөөн улам нэмэгдэв.[4] Урьд нь хүн сийрэг суурьшсан залесье (монг. ойн арын нутаг) гэгдэх газар хүртэл олон тооны хотууд бий болсны тоонд Переславль-Залесский, Кострома, Дмитров, Москва, Юрьев-Польский, Углич, Тверь байв. Эдгээр хотуудыг үндэслэн байгуулагчаар алс холын Киевийн улс төрд удаан хугацаанд нөлөөлөх авьяас билигтэй хэмээн хочлогдсон Юрий Долгорукийг хэмээн тооцдог аж.

Андрей Боголюбский вангийн үед Владимир-Суздаль эрх мэдлийнхээ оргилд хүрчээ. Андрей бол Киев шиг хуучин эрх мэдлийн төвүүдийг нэг их тоодоггүй, овсгоотой удирдагч байсан аж. 1169 онд тэр Киевийг эзлэн авч, шатаасныхаа дараа тэрбээр их вангийн хэргэмийг авч ийшээ нүүж ирэхээс ч татгалзсан байдаг. Ингээд тэр Киевээс их ван цолноос чөлөөлж, өөрийн дүүгээ ван ширээнд залав. Үүгээр Валидимир хот Русийн эрх мэдлийг Киевээс бүрмөсөн салган авчээ. Андрей Боголюбский олон тооны сүм хийд, цогчин дуган, бэхлэлтийг цагаан өнгийн чулуугаар бүтээлгэсэн байна. Гэвч боярууд хуйвалдан түүнийг хотын гадна орших ордонд нь хөнөөсөн аж.

Төрийн эрх богино хугацаанд шилжсэн байсны дараа Андрейн дүү том үүр хочит III Всеволод улсын эзэн суудалд залрав. Всеволод ахынхаа төрийн бодлогыг үргэлжлүүлсэн бөгөөд 1203 онд Киевийг дахин нэг удаа дайлжээ.[5] Всеволодын хамгийн хүчирхэг өрсөлдөгчдөд өмнө зүгт орших Рязанийн Вант Улс болон дорно талд хиллэх Ижилийн Булгарчууд байв. Хэд хэдэн аян дайны дараа Рязанийг галдан шатааж, Ижилийн Булгарчуудаас алба гувчуур авах болжээ.[6]

1212 онд Всеволод нас нөгчсөний дараа өв залгамжлалын мөргөлдөөн гарав. Всеволод нас барахынхаа өмнөхөн буюу 1211 онд түүний эзэмшлийн нутаг дэвсгэрийг хүүхдүүддээ хуваан өгөхийг гэрээслэсэн аж. Энэ дагуу бол том хүү Константинд нийслэл Владимир хот, удаах хүү Юрийд Ростов, гурав дахь хүү Ярославт Переславль оногдов.

Ростовын бояруудын дэмжлэгийг авсан Константин, Киевийн Мстислав нар зүй ёсны хаан ширээ залгамжлагч дүү Юрийг хөөн эзэн суусан ч зургаан жилийн дараа нас нөгчсөнөөр Юрий буцан иржээ. Юрий эрэмгий удирдагч болохоо батлан Ижилийн Булгарчуудыг шийдвэрлэх тулаанд ялсан байдаг.[7] Мөн тэрбээр өөрийн дүү Александр Невийн эцэг Ярославыг Новгородын Бүгд Найрамдах Улсын ван болгосон тул энд ч бас нөлөөтэй болжээ. Гэвч 1238 онд Бат хааны удирдсан монголчууд Владимирыг эзлэн сүйрүүлснээр түүний ноёрхол гамшгаар төгсгөл болох нь тэр. Үүнтэй ижилхэн хувь тавилантай Владимир-Суздалийн Вант Улсын ихэнх хотууд учирсан юм.

Мөн үзэх: Монголчуудын Русь руу хийсэн довтолгоо

Монголчуудын ноёрхол

засварлах

Владимир болон бусад эртний оросын хотуудын аль нь ч монголчуудын ноёрхлын дараа хэсэгтээ л сэргэж чадаагүй. Энэ вант улс маш богино хугацаанд олон жижиг вант улсад хуваагдан салсан ба үүнийг тоочвол Москва, Тверь, Переславль, Ростов, Ярославль, Углич, Белоозеро, Кострома, Доод Новгород, Стародуб, Юрьев-Польский.[8] Тэд Владимирын их ванг ноёрхогчоороо хүлээн зөвшөөрөх боловч түүнийг нь монголын их хаан биечлэн сонгодог байлаа. Бүр Переславлийн алдарт их ван Невийн Александр хүртэл их вангаар сонгогдохын тулд монголын нийслэл хаа холын Хархорумыг зорин очиж байв. 13-р зууны төгсгөлөөр эдгээр вант улсуудаас Москва, Тверь, Доод Новгород гэсэн гурван вант улс Владимир-Суздалийн залгамж их вант улс болохын төлөө ялгаран гарч иржээ. Тус хотуудын вангууд их ван цолны төлөө Владимир луу нүүн ирэхэд ч бэлэн байцгаасан аж. 1321 онд Москвагийн ван Иван Калита Владимирын үнэн алдартны сүмийн санваартнуудыг Владимираас Москва руу шилжин суурьшихыг зөвшөөрүүлж чадав. Энэ алхамын үр дүнд Москвагийн Их Вант Улс улс төрийн ба сэтгэл зүйн хувьд Русийн шинэ эрх мэдлийн төв болж чаджээ.

  • Петрухин В.Я. Древняя Русь, IX в. - 1263 г.. — Москва: АСТ, 2005. — 190 с. — ISBN 5-17-028246-X.

Цахим холбоос

засварлах
  1. Правители Мира. Хронологическо-генеалогические таблицы по всемирной истории в 4 тт. / Автор-составитель В. В. Эрлихман. — М., 2002.
  2. Andreas Kappeler: Russische Geschichte (= Beck’sche Reihe. C.-H.-Beck-Wissen 2076). 5., aktualisierte Auflage. Beck, München 2008, ISBN 978-3-406-47076-9, S. 17.
  3. J., Halperin, Charles (1985). Russia and the Golden Horde : the Mongol impact on medieval Russian history. Bloomington: Indiana University Press. p. 85. ISBN 0253350336. OCLC 11814554.
  4. Carsten Goehrke, Manfred Hellmann, Richard Lorenz, Peter Scheibert: Russland (= Fischer-Weltgeschichte. Bd. 31). 82. – 83. Tausend. Fischer-Taschenbuch-Verlag, Frankfurt am Main 1993, ISBN 3-596-60031-6, S. 80.
  5. Podskalsky: Christentum und theologische Literatur. 1982, S. 320.
  6. Podskalsky: Christentum und theologische Literatur. 1982, S. 307.
  7. Podskalsky: Christentum und theologische Literatur. 1982, S. 311.
  8. Andrea Hapke, Evelyn Scheer: Moskau und der Goldene Ring. Altrussische Städte an Moskva, Oka und Volga. 3. Auflage. Trescher, Berlin 2005, ISBN 3-89794-085-X, S. 19.