Данзан лам
Данзан лам (?-1664) бол XVII зууны үеийн Ар Халхын зүүн гарын нэгэн тэргүүн, хожмын Сайн ноён аймгийн засаг ноёдын дээд өвгийн нэг. Тойн болж, Данзан гэх сахилын нэр авахаас өмнө Гэндүжав эрдэнэ үйзэн ноён[1] хэмээх нэртэй байсан.
1640 онд Түмэнхэнийг нас барсны дараа түүнийг хоёрдугаар хүү Данзан лам залгамжилжээ. Далай лам түүнд Номун хан гэдэг цол соёрхжээ. Данзан лам Онги голын Хоёрхэйн газар нутаглан сууж байв. Тэрээр 1646 онд Түшээт хан Гомбодоржийн хамт Сөнөд аймгийн Тэнгис ванг өмгөөлж, Манжийн Додо юй чин вангийн удирдсан цэрэгтэй тулалдаж, ялагдсан. 1655 онд манж нар Халхын засаг захиргааны бүтэцэд өөрчлөлт оруулж, хуучин 7 хошуу дээр нэг хошууг шинээр байгуулахдаа, Түшээт ханы хошуунаас газар таслан Данзан ламыг засаг ноён болгон өргөмжлөн, халхын зүүн гарын Түшээт ханы аймагт захируулжээ. Манжийн хаанд илгээсэн бичигтээ Данзан лам Халхын зүүн гарыг захирч байсан гэсэн бичиг байгаагаас үзэхэд тэрээр нөлөө бүхий ноён байсан ажээ. 1661 онд Манжийн хаан түүнд “Утгыг дээдлэх журмыг дагагч” цол олгов.[2] Данзан лам 1664 онд нас баржээ. Данзан ламын дараа 1664-1667 онд түүний хөвгүүн Тасхив илдэн дүүргэч залгамжлаад, 1667-1707 онд ач Шамба эрх дайчин залгамжилжээ.
Үр хойчис
засварлахДанзан лам найман хөвгүүнтэй байсан.
- Тасхив илдэн дүүргэч[3]
- Цогт илдэч[3]
- Сэржим дайчин хошууч[3]
- Цамчар эрдэнэ номч[3]
- Мэргэн дайчин[3]
- Лувсан тойн[3]
- Эрдэнэ дайчин[3]
- Гүржав эрх ахай[3]
- Тасхив илдэн дүүргэч нь эцгийн засаг ноёны албан тушаалыг залгамжлав. 1667 онд түүний гуравдугаар хүү Жамба эетэй эрх дайчин залгамжлан, засаг ноён болжээ. 1706 онд Жамбыг өөд болсны дараа хүү Дашдондов нь угсаа залгамжлан, засаг төрийн жүн ван болов. Тасхив илдэн дүүргэч ноён нь Товжав эрдэнэ илдэн ноён[3], Гавжу тэнгэр тойн[3], Жамба эрх дайчин[3], Шамбадар цогт ахай[3] гэсэн дөрвөн хөвгүүнтэй. Товжав эрдэнэ илдэн ноён нь "...Дүгэр ахай дайчин, Номч ахай, Гирди, Эрдэнэ тайж..."[3] гэх дөрвөн хөвгүүнтэй. Жамба эрх дайчин нь "...Раашдонров, Цэрэнрааш, Намжил, Содномжав[4] гэх дөрвөн хөвгүүнтэй. Шамбадар цогт ахай нь Гүржав, Ринчиндорж..."[4] гэх хоёр хөвгүүнтэй.
- Цогт илдэч ноён нь "...Цагаан бинт тайж, Будугу мэргэн дайчин, Чойжа баатар тайж, Дамба эрх тайж, Дуухай гүрү, Чомбойнамжил..."[4] гэсэн зургаан хөвгүүнтэй.
- Сэржим дайчин хошууч нь "...Чамбун зоригт тайж, Дэдээхэй мэргэн ахай, Бунтар бумжал мэргэн тайж, Шигүрчэ, Жундар, Раашдонров, Цэрэндорж..."[4] хэмээх долоон хөвгүүнтэй.
- Цамчар эрдэнэ номчийн хөвгүүн Нисухан эрх ахай[4]
- Мэргэн дайчин хөвгүүн үгүй.[4]
- Лувсан тойны хөвгүүн "...Судани бинт ахай, Шарацогт тайж, Лхарун эрдэнэ тайж, Лхажав илдэн ахай..."[4]
- Эрдэнэ дайчин үр үгүй.[4]
- Гүржав эрх ахайн хөвгүүн "...Галдан үйзэн ахай, Очир мэргэн ахай, Ванжил, Товжав, Чойжав, Бодидарма, Вандан..."[4]
Өмнөх Анхны засаг ноён |
Сайн ноёны хошууны засаг ноён 1655-1664 |
Дараах Тасхив |