Жүн ван (ханз үсэг:郡王, пиньинь: Jùn wáng) заримдаа Жюнь ван хэмээх цол нь Зүүн Азийн орнуудын хааны ургийн ноёнд олгож байсан цол юм. Энэ цол анх Хятадын Хань улсын үеэс бий болж, дараах үеийн олон төрт улсууд уламжлан хэрэглэж, зүүн азийн Япон, Солонгос, Вьетнам, Манж, Монгол зэрэг оронд түүхийн өөр өөр цаг үед жүн ван гэх хятад цолыг хэрэглэх болсон.

Түүхийн тойм

засварлах

Тэр дотроос Их Монгол Улс, Юань, Мин, Чин улсын үед монголын ихэс язгууртны хүрээнд хэрэглэж байсан. Улс бүрийн үед харилцан адилгүй зэрэгт хуваагдаж байсан бөгөөд Юань улсын үед 5 эсвэл 6 дугаар дэсийн вангуудад олгож байсан. Чин улсын үед Төрийн Жүн ван (манжаар:ᡩᠣᡵᠣᡳ
ᡤᡳᠶᡡᠨ
ᠸᠠᠩ
, Доро и гиюн ван) гэж нэрлээд хошой чин вангийн дараах хоёрдугаар дэсийн цол болгож, манж, монгол ноёдод хааны зарлигаар олгох болсон.

Манжийн үеийн жүн вангийн малгайн оройд улаан эрдэнийн чулуун жинс тогтоож, дунд нь 3 тана шигтгэнэ. Зун цагийн ёст малгайн магнайвчинд 4 тана, хойд талын алтан цэцэгт 3 тана хадна. Чин вангийн адил торгон дээл, зөрүү луутай байна. Өвлийн цагт булгаар хажсан шилүүсний арьсан дэвсгэр хэрэглэнэ. Чин улсын манж жүн вангийн жилийн цалин 5000 лан, 5000 ху будаа, жүн вангийн залгамжлагчийн жилийн цалин 3000 лан, 3000 ху будаа авч байсан бол Ар, өвөр Монголын жүн вангийн жилийн цалин 1500 лан мөнгө, 20 боодол торго, 50 хамжлага захирах эрхтэй байжээ.

Мөн үзэх

засварлах