Чин ван Цэнгүнжав

Цэнгүнжав нь Халхын Сайн ноён аймгийн Дундад зүүн этгээдийн адгийн хошууны засгийн хошой чин ван бөгөөд түүний эцэг Цэрэн, Түмэнхэн хөндлөн цөөхөрийн (цоохор) наймдугаар хөвгүүн Бамжуур эрх зайсан (Данжин тойн) –гийн ач юм. Аймгийн нэр нь болсон Сайн ноён бол Түмэнхэний ахмад хөвгүүн Данжин ламын хойчис байжээ. “Илтгэл шастир”-ын мэдээгээр Цэрэнгийн эмэг эх Гэцүл хатан, Энх-Амгалангийн 31-р (1692) онд ач хүү Цэрэн болон Гүнгээравданыг авч Тамираас Манжид дагаж оржээ. Цэнгүнжав бол эфү Цэрэнгийн хүү бөгөөд залуу цагаасаа дайн тулалдаанд оролцож явжээ. 1720 онд Манжийн цэргийг дагалдаж Зүүнгарын зайсан Бүйхүнийг барьжээ. 1732 онд Эрдэнэ зуугийн хавьд Зүүнгарын цэргийг дарахад оролцсон учир тэргүүн зэрэг тайж болгожээ.

1736 онд Цэнгүнжавыг бэйс өргөмжилж, аймгийн туслагч жанжин болгов. 1739 онд Цэнгүнжавыг шицзы өргөмжилжээ. 1743 онд Манжийн хаанд бараалхахаар Мүгдэнд очжээ. 1750 онд эцгийнхээ засаг хошой чин ван залгамжилж, хязгаар дахиныг тогтоох зүүн этгээдийн туслагч жанжин болов.

1753 онд Дөрвөдийн гурван Цэрэн дагаар ирэхэд тэднийг нэхэн Халхын хязгаарт нэвтэрсэн Захчины зайсан Мамудыг Цэнгүнжав баривчилж чадаагүй учир Манжийн хаан түүнийг донгоджээ.

1754 онд Урианхайн эсрэг дайлаар одохоос татгалзсан өөрийн харьяат ноёдыг өмгөөлж хаацайлсан хэмээн Цэнгүнжавыг хязгаар дахиныг тогтоох зүүн этгээдийн туслагч жанжны тушаалаас огцруулж, Эрчист илгээж албаны тариа тарих хэргийг захируулжээ. 1755 онд Манжийн их цэрэг Зүүнгарыг дайлаар мордоход Цэнгүнжавыг түр Улиастайд сууж албаны тариа тарих хэргийг захируулахаар Эрчис рүү явуулжээ. Илийг эзэлсний дараа албаны тариа тарих цэргийг нутгийн гүн рүү татав.

1756 онд Хотогойдын ван Чингүнжав бослого гаргасанд Цэнгүнжавыг дахиж хязгаар дахиныг тогтоох зүүн этгээдийн туслагч жанжин болгож, цэрэг авч Чингүнжавыг барихыг тушаав. 1757 оны эхээр Чингүнжав хуувийн сайд Намжил нарт баригдсаны дараа Цэнгүнжавт улбар шар өнгөт бүс шагнажээ.

1757 оны хавар Цэнгүнжавыг хязгаар дахиныг тогтоогч жанжнаар томилж, цэрэг авч Барс хөлд байсан Хойдын хан Баярыг дайлуулахаар илгээжээ. Гэвч Цэнгүнжавыг дайны газар удаан суулгах хэрэггүй гэж Манжийн хаан зааварлаж байв. Удалгүй түүнийг хязгаар дахиныг тогтоогч жанжнаас байлгаж, Чжаохуйг томилжээ.

1758 оны намар Цэнгүнжавыг Улиастайд шилжүүлэн суулгав. 1759 онд шинээр дагаж орсон Урианхайн хэргийг шийтгүүлжээ. 1761 онд Цэнгүнжав Захчин, Урианхай, Халх нарын харуулын газрыг баруун зүгт тэлж өргөтгөхийг гуйжээ.

1764 онд Улиастайн хуучин хэрмийг засах нь зүйтэй хэмээн айлтгасан тул Манжийн хаан зөвшөөрчээ. Цэнгүнжав 1771 онд нас барсанд түүний хөвгүүн Лавандорж засаг чин вангийн хэргэмийг залгамжилжээ[1].

  1. Цэрэндорж Ц., Сайн ноён аймгийг хэнд зориулж байгуулсан бэ? // Acta Historica, №9, УБ., 2008, 174-180-р тал

Эх сурвалж

засварлах

Зарлигаар тогтоосон гадаад монгол, хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир, Монгол бичгээс кирилл бичигт буулгаж, тайлбар хийсэн Цэрэндорж Ц., Эрдэнэболд Л., Баржав Д., Ганбат Н., УБ., 2007

Шара туджи. Монгольская летопись XVII в., М., 1957

Ишжамц Н., Монголын ард түмний 1755- 1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл: Амарсанаа, Чингүнжав нарын бослого, УБ., 1962

Монгол улсын түүх, таван боть, УБ.2003