Шамба эрх дайчин, төрийн жүн ван нь 17-р зууны эцэс, 18-р зууны эхэн үеийн Ар Халхын зүүн гарын Түшээт хан аймгийн нэгэн засаг ноён, хожмын Сайн ноён аймгийн өвгийн нэг, “Асрагч нэртийн түүх”-ийг зохиогч.

Шамба 1667 онд эцэг Тасхивыг залгамжлан засаг ноён болов. Тэр үед (1682) Манжийн Энх амгалан хаанаас “Итгэмжит эетэй эрх дайчин” цол хүртжээ.[1] 1686 онд Халхын Засагт хан, Түшээт хан нарыг эвлэрүүлэх хэрэгт хүчин зүтгэв. 1688 онд Зүүнгарын Галдан бошогт Халхад довтлон ирсэнд мөн оны намар Шамба эрх дайчин, Түшээт хан Чахундоржид туслан Олгой нуурт тосон байлджээ. Шамбын цэрэг Галдан бошогтын цэргийн довтолгооныг зогсоож дийлээгүйн улмаас Түшээт ханы цэрэг ухран сарнисан гэдэг. Түүний дараа Шамба харьяатаа дагуулан Урадын хязгаарт орсонд түүнийг Холбожины газарт суулгажээ. 1689 онд Шамбын харьяат ардыг хошуу, сум болгож, түүнийг засаг болгов. 1691 онд Долооннуурын чуулганаар Шамбыг төрийн жүн ван өргөмжлөөд, түүний төрлийн бусад ноёдыг түүнд захируулжээ. 1696 онд Манжийн цэргийг дагалдан Зуун модны тулалдаанд оролцжээ. Шамба 1707 онд нас барсанд ахмад хөвгүүн Дашдондовт хэргэмийг нь залгамжлуулжээ.

Шамба улс төрийн зүтгэлтэн төдийгүй, түүхч байсан юм. Тэрээр Монголын түүхийг анхааран сонирхож, 1677 онд нэгэн түүхийн зохиол зохиосон нь хожим “Асрагч нэртийн түүх” хэмээн алдаршсан билээ. Тус зохиол нь XVII зууны Монголын түүх, нэн ялангуяа Халхын түүхэнд холбогдох ихээхэн үнэ цэнтэй мэдээ баримтыг агуулдаг.

Шамба эрх дайчин нь "...Раашдонров, Цэрэнрааш, Намжил, Содномжав..."[2] хэмээх дөрвөн хөвгүүнтэй.

  1. Шамба Монголын түүхийн тайлбар толь
  2. Жамба. Асрагч нэртийн түүх. УБ., 2006. т.78
Өмнөх
Тасхив
Сайн ноёны хошууны засаг ноён
1667-1707
Дараах
Дашдондов