Эфү Цэрэн
Эфү Цэрэн бол Халхын Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошууны засаг ноёдын дээд өвөг юм. XVIII зууны үеийн Халхын туслагч жанжин, улс төр, цэргийн зүтгэлтэн.
Намтар
засварлахЦэрэн 1692 онд эмэг эх Гэцэл хатны хамт Тамирын газраас Манжид дагаар орсонд Цэрэнг гутгаар зэрэг ташилсан түшмэл болгож, Бээжинд суулгажээ. Цэрэнгийн харьяат ардыг сум зохиож, Цахарын хөвөөт шар хошуунд хавсарган суулгав. 1706 онд Цэрэнг хошой шулуун чин үнэмлэт гүнжтэй гэрлүүлж хошой эфү болгов. Тэгээд бэйсийн зэрэг олгож харьяат ардын нь хамт Тамирын газарт буцаажээ.
1715 онд Цэрэн Түйн голд одож, Зүүнгарын Цэвээнравданыг сэргийлэн суув. 1720 онд Цэрэн жанжин Фүрданыг дагалдаж, Зүүнгарын эсрэг тулалджээ. 1721 онд Цэрэнг засаг болгов. 1723 онд төрийн жүн ван өргөмжлөгджээ. 1724 онд Цэрэнг Түшээт хан аймгийн чин ван Данзандорж, Засагт хан аймгийн Бүвэй нарын хамт Халхын туслагч жанжин болгов.
1727 онд Цэрэн Манж-Оросын хилийг тогтоохоор Цөх голд одож Оросын төлөөлөгчтэй хил тогтоож, овоо тэмдэг босгох ажлыг зохион байгуулжээ. 1731 онд Зүүнгарын цэрэг Халхад довтлоход Цэрэн Сүх алдах гэдэг газарт байлдаж ялсан учир түүнийг Халхын их засаг болгов. 1732 онд Зүүнгарын жанжин Бага Цэрэндондовын цэрэг Халхад довтлохдоо Цэрэнгийн хошуу нутгийг уулгалж, хоёр хөвгүүнийг нь олзлон, адуу мал олныг дээрэмдэн авч оджээ. Цэрэн Зүүнгарын цэргийг Хэрсэн чулуу, Эрдэнэзуугийн орчимд тулалдаж буруулуулсан учир түүнд “Шалгарсан баатар” цол шагнаж, удалгүй улсын эфү болгов.
1733 онд Цэрэн хязгаар дахиныг тогтоох зүүн этгээдийн туслагч жанжны тамгыг авч, Ховдод суужээ. Удалгүй түүнийг чуулганы дарга болгов. 1734 онд Бээжинд одож цэргийн хэргийг хэлэлцжээ. 1735 онд Цэрэн Зүүнгарын Галданцэрэнтэй найрамдах, Халх-Зүүнгарын хилийг тогтоох асуудлыг хариуцав. 1736 онд Цэрэн Халхын 1500 цэргийг авч Улиастай, Орхоны газарт суужээ. 1737 онд Зүүнгарын Галданцэрэн Цэрэнд захидал илгээхдээ түүнийг “Сэцэн хан” гэж нэрлээд, ойрадуудыг Алтайн газарт нутаглуулах санал тавьжээ. Мөн онд Цэрэн Бээжин хотод очиж Зүүнгарын элчтэй хилийн асуудлыг хэлэлцжээ. 1739 онд бас Зүүнгарын элч Халиутай хилийн асуудлыг хэлэлцэн тогтжээ.
1740 онд Цэрэн зөвхөн Халхын цэргээр хилийн харуул тавихыг гуйсанд Манжийн хаан зөвшөөрчээ. 1741 онд Цэрэнг нас өндөр болов хэмээн түүний цэргийн хүрээг Тамирт нүүлгэв. Цэрэн 1750 онд нас барсанд ахмад хөвгүүн Цэнгүнжав нь түүний хэргэмийг залгамжилжээ.