Гадаад харилцааны яам (Монгол)

Монгол Улсын Гадаад харилцааны яам- (англи:- Ministry of Foreign Affairs of Mongolia)- Монгол Улсын Гадаад харилцаа эрхэлсэн Төрийн төв байууллага.   

Монгол Улсын Гадаад харилцаа эрт дээр үеэс уламжлагдан хөгжиж ирсэн төрийн чухал салбар юм. Монголчуудын өвөг, анхны төрт улс Хүннү гүрэн нүүдэлчдийн тусгаар тогтнол, иргэншлийг хамгаалах их хэргийг үүсгэн сэдэж байх цаг дор гадаад харилцаанд онцгой ач холбогдол өгч, хялбар зохион байгуулалттай боловч төрийн хэмжээнд журамлагдсан гадаад харилцааны албыг ажиллуулж байжээ.  Чингис хааны нэгдсэн Их Монгол улс, эзэнт гүрний үед «Төрийн хэрэг эрхлэх газар» зэрэг байгууллагыг үүсгэн байгуулж гадаад дахинтай харилцах асуудлыг «төрийн алтан аргамж» хэмээн онцгойлон үзэж шийтгэн эрхлүүлж байжээ. Монголын Юань гүрний үед «Нууц бичгийн яам» гэдэгт хааны бие ба ордонд шадар цэрэг суулгах, их цэрэг хөдөлгөх, гадагш дайтах, элч довтолгох, бусад олон улс лугаа харилцан найрамдах зэрэг гадаад харилцааны хэргийг удирдан явуулж байсан нь төрийн байгууллага, яамдын анхны хэлбэрүүд байсан гэж үздэг.

Эзэн Богд Чингис хаан «Элчин харилцаа бол төрийн алтан аргамж мөн» гэж хэлсэн байдаг. Бидний үед уламжлан ирсэн, нандигнан шүтдэг Алтан гэрэгэ, Мөнгөн гэрэгэ бол төрийн элчийн өндөр хүнд, халдашгүй эрхийн нотолгооны бэлгэдэл бөгөөд эдгээр нь Гадаад харилцаа идэвхитэй эрхэлж байсныг харуулж байгаа юм.

ХХ зууны эхэнд Манж чин улс Монголыг 200 гаруй жил колончилж түүнийг улс төр, эдийн засгийн хувьд эрхшээлдээ бүрэн гүйцэд оруулахад чиглэсэн “Шинэ Засгийн бодлого” гэгчийг явуулах болсон нь Монголын тухайн үеийн нийгмийн, дээр дооргүй бүх давхаргын дургүйцлийг туйлд нь хүргэж Манжаас салан тусгаарлах хөдөлгөөн хүчтэй өрнөж эхэлсэн юм. Энэ үед Монгол орны гадаад орчин ихээхэн ээдрээтэй байсан юм.

Орчин үеийн Монгол улсын Гадаад харилцаа түүний дотор дипломат алба нь монголчууд Манж Чин улсаас тусгаар тогтнож өөрсдийн төрт улс болох Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улс байгуулагдсанаар эхэлсэн юм. Монголын түр Засгийн газар байгуулагдаж таван яамтай болсны нэг нь “Гадаад Хэргийг Бүгд Эрхлэн Шийтгэх Яам” байжээ. Энэхүү яамыг байгуулснаар Богд хаант Монгол улсаас гадаад дахинтай харилцах асуудлыг журамлан явуулах болсноор орчин цагийн дипломат албаны үндэс суурь тавигдсан гэж үзэх бүрэн үндэстэй юм.

1921 онд Монгол оронд ялсан үндэсний ардчилсан хувьсгал нь 1911-1912 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын шууд үргэлжлэл, түүний үр дүнд бий болсон гэдэгтээ маргалдах хүн үгүй билээ.

Монголын хувьсгалчдын 1921 оны 3-р сарын 13-ны өдрийн зөвлөлгөөнөөр Ардын түр Засгийн газрыг байгуулахад Дотоод яамны бүрэлдэхүүнд Гадаад хэргийн хэлтэс байгуулагдаж даргаар нь Догсомын Бодоо, эрхэлсэн түшмэлээр бэйл Балингийн Цэрэндорж, Хэрэг эрхлэх газрын даргаар Эрдэнэбатхаан нарыг томилж, Яамдын сайд, дэд сайд нарыг Засгийн газрын гишүүн болгож байжээ. Гадаад яамны тэргүүн сайдыг Ерөнхий сайдад хавсарган, дэд сайдад эрхэлсэн түшмэл бэйл Б.Цэрэндорж, гүн Н.Жигмэддорж нарыг хавсарган томилж, туслах, орчуулагч, бичээч зэрэг яамны орон тоог 28-аар тогтоожээ. Гадаад хэлтсийг бусад хэлтсээс илүү чухалд тооцогдож байсан учир ихэнх албан бичигт «Гадаад яам» хэмээн нэрлэсэн байдаг. Чухамхүү энэ үеэс орчин цагийн Монгол Улсын Дипломат алба шинээр зохион байгуулагдах эхлэл тавигдаж Төрийн Гадаад харилцаа эрхэлсэн яам хөгжин өргөжсөн байна.

1924 оны Улсын анхдугаар Их хурал анхдугаар Үндсэн хуулийг баталж, Засгийн газрын бүтцийг шинэчлэхэд Гадаад Явдлын Яамны орон тоог нэмж бэхжүүлжээ.

Анхны Үндсэн хуульд «...бидний Ардын Бүгд Найрамдах Улсаас гадаадтай харилцах засгийн бодлогыг бүх дэлхийн бага буурай улс ба жинхэнэ хувьсгалт ард түмний ашиг тус, үндсэн зорилготой нийцүүлэн явуулбал зохино» гэж заажээ. 1926 онд БНМАУ-аас ЗХУ-д суугаа Бүрэн эрхт Элчин төлөөлөгчийн газрын дүрэм, 1927 онд ГЯЯ-ны даган мөрдөх түр дүрэм, 1931 оны Засгийн газрын 48 дугаар тогтоолоор ГЯЯ-ны анхны Дүрэм, 1929 онд Консулын дүрмийг тус тус анх удаа боловсруулан төр, засгийн удирдах байгууллагуудаар батлуулж мөрдөх болсон байна.

Ард төрийн дипломатын түүхэнд 1921 оны арванэгдүгээр сарын 5-нд Москвад «Монгол, Оросын хооронд найрамдлын барилдлага байгуулах тухай Гэрээ бичиг»-т гарын үсэг зурж  Монгол Улсын анхны Бүрэн эрх барих Элчин төлөөлөгч түшээ гүн Жамсрангийн Даваа 1922 оны 6-р сарын 2-нд  Бүх Оросын Төвийн Гүйцэтгэх Хорооны дарга Михаил Калинин-д Итгэмжлэх жуух бичгээ барьсан түүхтэй.

1929 оны 8-р сард Тува Улстай "Найрамдлын гэрээ" байгуулж, Элчин төлөөлөгчөө Улаанбаатар, Кызыл хотуудад харилцан солилцож байжээ.

1945 оны наймдугаар сарын 1-ний өдөр  ЗХУ ба Дундад иргэн улсын (ДИУ) хооронд БНМАУ-ын тусгаар тогтнол хийгээд газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх тухай ноот бичиг солилцжээ. Хятадын талын ноотод “Японыг дарсны дараа Монголын ард түмний нийтийн хүсэл, эрмэлзлэлээ батлах ахул Дундад улсын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

1946 оны 2 дугаар сард Ерөнхий сайд Х.Чойбалсан тэргүүтэй Засгийн газрын /Ю.Цэдэнбал/ төлөөлөгчид ЗХУ-д албан ёсны айлчлал хийж хоёр орны хооронд 20 жилийн хугацаатай “Нөхөрлөл ба харилцан туслалцах тухай Гэрээ”, “Эдийн засаг ба Соёлын хамтын ажиллагааны тухай Хэлэлцээр” 2-р сарын 27-нд байгуулжээ. Энэ үеэс Монгол Улс олон улсын харилцааны бүрэн эрхт субъект болох улс төр, эрх зүйн үндэс тавигдсан гэж хэлж болох юм.

1945-1960 онуудын үе шатанд манай улсын гадаад харилцаа, дипломат ажиллагаа өргөжин тэлсэн үйл явцыг зүй ёсоор дагалдан дипломат алба нь бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчний хувьд урьд үеийнхтэй харьцуулахад мэдэгдэхүйц өргөжин бэхжсэн байна. Анхны мэрэгжлийн дипломатууд ЗХУ-д 1946 онд суралцаж эхэлсэн юм.

1961 онд Монгол Улс НҮБ-д гүшүүнээр элссэхэд Гадаад явдлын яам голлох үүрэг гүйцэтгэсэн байна.

1962 онд Хятадтай хилийн гэрээ байгуулж, газар дээр нь тэмдэглэн тогтоох ажлыг 1964 онд дуусгасан. 1976-1979 онуудад ЗХУ-тай залгасан улсын хилийн талаар Гэрээ байгуулав.

1959 онд ГЯЯ-ны бүтэц нь:

  • • Сайдын аппарат,
  • • Ерөнхий канцеляр,
  • • Өрнөд ба Дорнодын уламжлалт хоёр хэлтэс
  • • Гэрээ эрхийн хэлтэс,
  • • Хэвлэл мэдээллийн хэлтэс,
  • • Ёслолын хэлтэс,
  • • Консулын хэлтэс,

Архивын хэлтсүүд зэрэг нийт 10 үндсэн нэгжээс бүрэлдэж байв.

Орчин үеийн Гадаад харилцааны яам

засварлах

1990 оноос Монгол улсад Ардчилсан хувьсгал гарснаар гадаад бодлогыг тодорхойлох, чиглэл, шийдвэр гаргах эрхийг МАХН эрхэлж байсныг хуулиар өөрчилж Төр, засгийн дээд байгууллагуудын энэ талын бүрэн эрхийг сэргээсэн нь зарчмын чанартай түүхэн шинэчлэл болсон юм.

 
ГХЯ-ны өнөөгийн бүтэц

Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны эрхэм зорилго бол Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчныг бүрдүүлэхэд оршино.

Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн сайдын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршиж байна.

Гадаад харилцааны яамны тэргүүлэх чиглэл бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах таатай гадаад орчныг бүрдүүлж, иргэдийн эрх ашиг, бизнесийн ашиг сонирхлыг хилийн чанадад хамгаалах явдал юм.

Монгол Улсын Гадаад харилцааны дипломат алба болон түүний тогтолцоо, хилийн чанадад явуулах үйл ажиллагаа, дипломат албанд ажиллагчдын эрх зүйн байдал зэргийг 2000 оны 10 сарын 5-ны өдөр УИХ-аас баталсан “Дипломат албаны тухай хууль”-иар зохицуулж байна.

2023 оны байдлаар Монгол Улс НҮБ-ын гишүүн 193 оронтой дипломат харилцаа тогтоогоод байна.


Гадаад харилцааны сайд нар

засварлах
  1. МИНЖИДДОРЖИЙН ХАНДДОРЖ -1911.12.29-1915.11.19
  2. БАЛИНГИЙН ЦЭРЭНДОРЖ - 1915-1919.11.17; 1922.01.07-1923.10
  3. ДА ЛАМ ДАШЖАВ - 1921.02.10-1921.07.10
  4. ДОГСОМЫН БОДОО - 1921.07.10-1922.01.07
  5. АГДАНБУУГИЙН АМАР - 1923.10.11-1924.11.29; 1936.02.20-1939.03.07
  6. САНЖИЙН ГИВААБАЛЖИР - 1924.02.26-1925.02.19
  7. ВАНЧИГИЙН ДОРЛИГЖАВ - 1925.11.19-1929.06
  8. ГАНЖУУРЫН /ЦЭЭЖИДЫН/ ГҮРСЭД - 1929.06-1930.04
  9. ХОРЛООГИЙН ЧОЙБАЛСАН - 1930.04-1931.01.01; 1939.03.07-1950.01.23
  10. ПЭЛЖИДИЙН ГЭНДЭН - 1932.07.02-1936.02.20
  11. НОМТАЙШИРЫН ЛХАМСҮРЭН - 1950.01.19-1953.06.04
  12. БАЯРЫН ЖАРГАЛСАЙХАН - 1953.06.04-1955.06.02
  13. ДАШИЙН АДИЛБИШ - 1956.04.16-1957.06.06
  14. СОНОМЫН АВАРЗЭД - 1957.06.06-1958.07.15
  15. ПУНЦАГИЙН ШАДАРСҮРЭН - 1958.08.07-1963.03.26
  16. МАНГАЛЫН ДҮГЭРСҮРЭН - 1963.03.26-1968.07.27; 1976.08.24-1988.06.22
  17. ЛУВСАНДОРЖИЙН ТОЙВ - 1968.07.27-1970.07.29
  18. ЛОДОНГИЙН РИНЧИН - 1970.11.21-1976.08.21
  19. ЦЭРЭНПИЛИЙН ГОМБОСҮРЭН - 1988.06.22-1992.07.30; 1992.07.30 1996.07.29
  20. ШҮХЭРИЙН АЛТАНГЭРЭЛ - 1996.07.29-1998.12.21
  21. РИНЧИННЯМЫН АМАРЖАРГАЛ - 1998.04.29-1998.12.21
  22. НЯМ-ОСОРЫН ТУЯА /хатагтай/ - 1998.12.21-2000.08.09
  23. ЛУВСАНГИЙН ЭРДЭНЭЧУЛУУН - 2000.08.09-2004.09.28
  24. ЦЭНДИЙН МӨНХ-ОРГИЛ - 2004.09.28-2006.01.28; 2016.07.23-2017.10.20
  25. НЯМААГИЙН ЭНХБОЛД - 2006.01.28-2007.12.05
  26. САНЖААСҮРЭНГИЙН ОЮУН - 2007.12.05-2008.09.19
  27. СҮХБААТАРЫН БАТБОЛД - 2008.09.19-2009.10.29
  28. ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР - 2009.11.12-2012.08.17
  29. ЛУВСАНВАНДАНГИЙН БОЛД - 2012.08.17-2014.12.10
  30. ЛҮНДЭГИЙН ПҮРЭВСҮРЭН - 2014.12.10-2016.07.23
  31. ДАМДИНЫ ЦОГТБААТАР - 2017.10.20-2020.07.08
  32. НЯМЦЭРЭНГИЙН ЭНХТАЙВАН - 2020.07.08-2021.01.29
  33. БАТМӨНХИЙН БАТЦЭЦЭГ /хатагтай/- 2021.01.29- өнөө хүртэл