Шолой сэцэн хан

Шолой сэцэн хан (1577-1655) бол Халхын дөрвөн аймгийн нэг Сэцэн хан аймгийн бүх засаг ноёдын өвөг юм. 1624 онд Лигдэн хаанаас зугтан ирсэн Авга, Сөнид хошуудын ноёд түүнийг Махасамади Гэгээн Сэцэн ханд өргөмжилсөн. Энэ үеэс түүнийг Сэцэн хан гэж нэрлээд түүний захирсан хошуу нь Сэцэн хан аймаг болжээ. 1655 онд түүний 4 дэх хүү Бабу залгамжилсан.

Сэцэн хан Шолой нь нийт арван хүүтэй байсан.

  1. Мажарай илдэн түшээт: түүний ач Дарь илдэн тайж 1691 онд Бишрэлт засгийн хошууны анхны засаг ноён болж, 1750 онд Дарийн удмаас Эрх засгийн хошуу тасран байгуулсан.
  2. Лабури эрх тайж: түүний ач хүү Сарандаш эрх тайж 1691 онд засаг, тэргүүн зэргийн тайж өргөмжлөгдөж, Мэргэн засгийн хошууны ноён болсон.
  3. Чибури эрдэнэ хунтайж: түүний хүү Чойнжуур нь 1713 онд Ахай засгийн хошууны анхны засаг, улсад туслагч гүн болсон.
  4. Бабу сэцэн хан: 1696 онд Бабу ханы хүү Мужин цөөхүрийн ач Туулай тайжд Дайчин засгийн хошуу, 1698 онд Бабу ханы хүү Буд дайчин тайжд Далай дархан засгийн хошуу, 1691 онд Бабу ханы хүү Норов ханы хүү Намжил эрдэнэд Дархан засгийн хошуу, 1701 онд Норов ханы хүү Чойжамцд Сүжигт засгийн хошуу, 1701 онд Норов ханы хүү Эрдэнэ тайжд Эрдэнэ засгийн хошуу, 1701 онд Норов ханы хүү Гэндэн тайжд Сэргэлэн засгийн хошуу, 1691 онд Норов ханы хүү Пунцагт Илдэн засгийн хошуудыг тус тус нутаг салган хошуу байгуулсан.
  5. Бумба баатар дархан хунтайж: 1695 онд ач хүү Цэвдэн гүн Эрхэмсэг засгийн хошууны анхны засаг ноён болсон.
  6. Чойжав эрдэнэ хунтайж: түүний хүү Цэрэндаш тайж 1691 онд Ёст засгийн хошууны анхны засаг ноён, улсад туслагч гүн болсон. 1691 онд ач хүү Гүржавт Хурц засгийн хошууг, 1711 онд Цэрэндашийн дүү Дорждаш Үйзэн засгийн хошууг тус тус байгуулсан.
  7. Цэвдэн сэцэн жонон: 1691 онд Жонон засгийн хошууны анхны засаг ноён, бэйс болсон. 1754 онд Цэвдэнгийн 2-р хүү Дондов Зоригт засгийн хошууг байгуулсан. 1695 онд Дондовын хүү Ванжил Сэцэн засгийн хошууг байгуулсан.
  8. Бадамдаш далай хунтайж: 1732 онд түүний ач Цэрэнвамбуугийн үед Баатар бэйлийн хошууг байгуулсан.
  9. Ананд далай жонон: 1691 онд Чин ачит засгийн хошууны анхны засаг бэйс болсон. 1697 онд түүний хүү Гончиг тайж Саруул засгийн хошууны анхны засаг ноён болжээ.
  10. Буджав эрдэнэ жонон: 1691 онд Эрдэнэ далай засгийн хошууны анхны засаг ноён, бэйс болсон.
Өмнөх
Мууру буйма
Сэцэн ханы хошууны засаг ноён
?-1655
Дараах
Бабу сэцэн хан