Гомбодорж Түшээт хан
Гомбодорж бол Халхын зүүнгарын хошууны тэргүүн, түшээт хан. Тэрээр 1594 онд Эрээхий мэргэн ханы Бинт хатнаас төрсөн.
Тойм Засварлах
1550-1630-аад оны үед Ар Халхыг Гэрсэнз жалайр хунтайжийн 7 хөвгүүдийн үр удам баруун гарын 4 хошуу, зүүн гарын 3 хошуунд хуваан тус бүрт эзэгнэн захирч байжээ. Халхын зүүнгарын нэгэн хошууг захирч байсан Гэрсэнзийн 3-р хүү Онохуй Үйзэн ноёны хүү Абтай тайж 1577 онд 3-р Далай ламаас Хан цол авснаас эхлэн халхын анхны хан болжээ. Абтай сайн ханы хөвгүүн Эрээхий нь Мэргэн хан цолтойгоор угсаа залгамжлан, 1610-аад оны үед Гомбодорж эцгийн хан цолыг залгамжлан, Халхын зүүнгарыг Сэцэн хан Шолойгийн хамтаар тэргүүлж байлаа.
1635 онд Манжийн түрэмгийлэл өмнөд Монголыг эзлэн, Халхын Мин улстай хийж байсан гадаад худалдааг зогсоож, бүрэн хяналтандаа авч, Халхыг Чин улсад дагаар оруулахыг хичээж эхэлсэн. Гомбодорж 1637 оны үеэс Манж улстай харилцах болсон ч, Манжийн талаас жил бүр Есөн цагааны алба өргөх зарлиг буулгаж, Халхын хаад ноёдын элчийг хүлээн авалгүй буцааж байсан нь Халхын ноёдыг бусад монгол аймгуудтай эв холбоо тогтоох, манжийн эсрэг хамтаар тэмцэх, шашин сүсэгээр нэгдэх бодлого хэрэгжүүлж байв. Өвөр Монголын ноёдыг өөртөө урвуулах, Дөрвөн Ойрадтай хүчээ нэгтгэн Манжийн түрэмгийллээс сэргийлэх арга замыг эрж хайх болжээ.
Халхыг шашны тугийн доор нэгтгэх зорилгоор 1639 онд Халхын зүүн гарын хан ноёд Ширээт цагаан нуур хэмээх газар чуулган хийж, Түшээт хан Гомбодоржийн хөвгүүн Занабазарыг Жибзун дарнатын хувилгаанаар өргөмжилсөн нь хожим түүнийг Халхын бурхны шашны тэргүүн болохын эхлэл байв.
1640 онд Тарвагатайн Улаан бураад Ойрад-Халхын чуулган хуралдуулж, “Дөчин дөрвөн хоёрын их цааз”-ыг батлахад Гомбодорж оролцжээ. 1646 онд Өвөр Монголын Сөнөд аймгийн ноён Тэнгис мэргэн ван Манжийн эсрэг бослого гарган, Халхад дутаан ирэхэд Гомбодорж өөрийн төрлийн Рахули далай ноёны хамт 2 түмэн цэргээр Зажибулаг гэдэг газарт угтан тулалдсан боловч ялагджээ. Түүний дараахан Гомбодоржийн харьяат Эрх Цөхүр гэгч ноён Баарин аймгийг уулгалж, хүн малыг олзолсноос үүдэн Манж Чин улстай таарамжгүй харилцаатай болжээ. 1655 онд нас баржээ.
Гэр бүл Засварлах
- Эцэг: Эрээхий мэргэн хан
- Эх: Бинт хатан
- Ах дүүс: Намжав дайчин ноён[1], Лабдар холч дархан хунтайж[2], Дорж дүүргэч ноён[3]
- Хатан: Дөрвөдийн Далай баатар тайшийн охин Ханджамц хатан
- Хөвгүүд: Чахундорж хан, Занабазар, Шидишири Баатар хунтайж[4], Дорж бинт дайчин[5]
Өмнөх Эрээхий мэргэн хан |
Халхын Түшээт хан ?-1655 |
Дараах Чахундорж хан |